| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0790/Э |
| Дугаар | 1191 |
| Огноо | 2020-12-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1191
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн /штэд-1066/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Год холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1009 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Боржигон овогт Өын Г /РД:УП93081559/.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ө.Г нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн үед тоот болох гэрт нь хонохоор ирсэн найз Б.Мгийн эзэмшлийн Самсунг Эс-8 плас маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 709 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Өмгөөлөгч Х.Даваасүрэн: Шүүгдэгчийн урьд ял шийтгэлгүй талаарх хуудас, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн “ ” ХХК-ийн тодорхойлолт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Ө.Гыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
2. Хохирогч Б.Мгийн “...2020 оны 5 дугаар сарын 20-ны өглөө би 10 цагийн үед сэрээд ор дэрээ хураагаад явахаар болсон чинь миний Самсунг Эс-8 плас маркийн гар утас алга болсон байсан юм. Тэр үед би гар утсаа Гын гэрт хаячихсан юм байлгүй гэж бодоод хайтал миний гар утас олдоогүй юм. Тэгэхээр нь би Гоос миний гар утсыг авсан уу гэж асуухад Г миний гар утсыг аваагүй гэж гүрийгээд байхаар нь би цагдаад дуудлага өгтөл цагдаагийн 3 албан хаагч ирээд албаны нохойгоор үнэрлүүлтэл Гын гэрт байсан чемоданаас миний гар утас олдсон юм...” гэсэн мэдүүлэг /хх13-14/,
3. Гэрч Б.Аийн “...Тэгээд өглөө нь буюу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг болж байхад бид нар босоод ор дэрээ хураагаад байж байтал гэнэт Б.М нь утсаа олохгүй байна гээд хайж эхэлсэн юм. Тэгээд гэр дотор байж болох бүх л газраар хайж үзсэн боловч олдохгүй байсан. Бас утас руу нь залгасан чинь гар утас нь унтраастай цэнэггүй болчихсон байсан юм. Тэгээд аргаа бараад гэрт бид 4 хамт хоносон болохоор нэгнээсээ гарцаа байхгүй гээд цагдаа дуудахаар болсон. Бүгд л санаа нэгтэйгээр цагдаа дуудаа гээд байсан. Тэгээд цагдаад мэдэгдээд цагдаа ирж бид нарыг бүгдийг нь цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн юм. Тэгээд ч Б.Мгийн утсыг хэн авсныг нь мэдэхгүй байсан тул цагдаагийн үнэрч нохойг ашиглан Гын гэрээс гар утсыг нь хайлгаж үзэхэд Ө.Г гэртээ утсыг нь нуучихсан байсныг нь олсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх39-40/,
4. “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Нийт хохирлын дүн 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож байна” гэх тайлан /хх48-49/,
5. Гэрч Х.Бийн /нохойн төлөөлөгч/ “...Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 43-2 тоот хаягт очиж нохойгоор гар утсыг хайлгахаар самнан нэгжлэг хийхээр Хөдөлгөөнт эргүүлийн хоёр алба хаагч болон хохирогч Б.М, гэрийн эзэн Ө.Г нарын хамт очсон юм. Тухайн хаягт очиход хашаан дотор нэг давхар шавар байшин байх ба байшингийн үүдний хэсэгт хөдөлгөөнтийн цагдаа болон хохирогч, гэрийн эзний хамт зогсож байгаад албаны нохойг үүдэнд суулгаж байгаад хохирогчийн амны хаалтыг үнэртүүлэн байшин дотор цагийн зүүний дагуу самналтыг хийлгэхэд байшингийн дунд хэсэгт цонхны хажууд орны дээд хэсэгт босоо байдалтай байрлуулан тавьсан байсан ягаан өнгийн цахилгаантай чирч явдаг цүнхний хамгийн урд талын жижиг цахилгаантай халаасан дотор ард талын хэсэг нь бага зэрэг цуурсан саарал өнгийн Самсунг маркийн гар утас байсныг илрүүлэн олж хөдөлгөөнт эргүүлийн офицер Х.Бд хүлээлгэн өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх54/,
6. Гэрч Х.Бын /эргүүлийн офицер/ “...2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр би дуулгат 112 чиглэлийн авто эргүүл дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 15 цаг 03 минутад 110 буюу жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 43-02 тоотод гар утас алга болсон гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад “гар утсаа алдсан хохирогч Мг байлцуулан гэрт нь орж албаны нохой ашиглан шалгахад ягаан өнгийн дугуйтай чемоданыг үнэртэж нохой хуцсан. Тэгэхээр нь чемоданы урд талын цахилгаантай хэсгийг нээж үзэхэд хохирогч Мгийн алдсан гар утас гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх61/,
7. Шүүгдэгч Ө.Гын яллагдагчаар өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх64/,
8. Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх4, 9/
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ө.Г:
Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримт, талуудын мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ө.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тоот болох гэртээ Б.Мгийн гар утсыг авч, чемодандаа нуусан, улмаар гаргаж өгөхгүй байсан учраас хохирогч цагдаагийн байгууллагад хандан, албаны нохойн тусламжтай гар утсыг олж тогтоосон үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал, хохирогч Б.Мгийн “...би цагдаад дуудлага өгтөл цагдаагийн 3 албан хаагч ирээд албаны нохойгоор үнэрлүүлтэл Гын гэрт байсан чемоданаас миний гар утас олдсон юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Аийн “...Б.Мгийн утсыг хэн авсныг нь мэдэхгүй байсан тул цагдаагийн үнэрч нохойг ашиглан Гын гэрээс гар утсыг нь хайлгаж үзэхэд Ө.Г гэртээ утсыг нь нуучихсан байсныг нь олсон байсан...” гэсэн мэдүүлэг болон цагдаагийн албан хаагч нарын мэдүүлэг, хураан авах ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.
Хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн гар утсыг шүүгдэгч нуусан, шүүгдэгч тухайн тохиолдолд гар утсыг гаргаж өгөх боломжтой байхад гаргаж өгөхгүй, улмаар цагдаагийн албан хаагч нарын ажиллагааны хүрээнд олж тогтоож байдлыг дүгнэн үзэхэд, шүүгдэгчийн сэдэлт, санаа зорилгын хувьд шунахайн сэдэлттэй бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн мэдэлд үлдээх санаа зорилготой үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Ө.Гыг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мд учирсан 350.000 төгрөгийн үнэтэй Самсунг Галакси Эс-8 маркийн гар утсыг биет байдлаар буцаан төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.
Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй бөгөөд шүүгдэгч Ө.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид учирсан хохирлыг биет байдлаар барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлж буй нь “ТНГРИ трейдинг” ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа зэргийг харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ө.Г нь хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, цаг үеийн нөхцөл байдлын хувьд /цар тахал/ нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон оногдуулах нь зохимжгүй гэж дүгнэн түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зөв байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ө.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэхүү үүргийг зөрчсөн тохиолдолд шүүх прокурорын дүгнэлтийг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч нарт анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Год хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Год оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР