Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2017/00048

 

 

 

Б.Б н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 91 дүгээр шийдвэртэй, Б.Б н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Э ХК-нд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.С, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, орчуулагч А.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Э ХК-ийн захиргааны конторын манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Монгол Улсын иргэн Б.Б би Баян-Өлгий аймгийн Э ХК-ны захирлын 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5 дугаар тушаалаар тус компани сахиулын үүрэгт ажилд томилогдсон юм. Үүнээс хойш 3 дахь жилдээ сахиул, манаачийн ажлыг хийж байсан юм.

Б.Б би тус байгууллагад ажиллаж байхад хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл ажил олгогч болох Э ХК-ны захирал М.Т ажилтан Б.Б надад огт мэдэгдэлгүйгээр 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14 дүгээр тушаалаар намайг Биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр тус компанийн захиргааны конторын манаачийн үүрэгт ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Гомдол гаргагч Б.Б би Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр тушаалыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Б.Б би одоо 54 настай бөгөөд биеийн эрүүл мэндэд ямар нэгэн өвчингүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгоогүй хүн юм. Иймд намайг биеийн эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлсөн асуудал үндэслэлгүй гэж үзэж байна.

Намайг ямар нэг өвчтэй учраас манаачийн үүргийг гүйцэтгэхэд саад болох тухай эмнэлгийн байгууллагаас шийдвэр гараагүй байна. Ажил олгогч Б.Б намайг манаачийн ажлаас чөлөөлөхөд урьдчилан мэдэгдээгүй, ямар нэгэн мэдэгдэх хуудас өгөөгүй, өвлийн улирал дөхөж байгаа үед гэнэт ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна. Иймд Баян-Өлгий аймгийн "Э" ХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14 дүгээр тушаалыг хүчингүй болгон тус компани захиргааны конторын манаачийн ажилд эгүүлэн томилж өгнө үү. Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг жич нэхэмжлэх болно. Би ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн явдалд туйлын их гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Иргэн Б.Б гаас танай шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдолтой танилцлаа. Түүний гаргасан гомдол нь үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна.

Үндэслэл нь: Б.Б г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг баримталсан. Учир нь Б.Б биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Нэгэнт Б.Б нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учир түүнийг ажлаас чөлөөлөөд компани хөдөлмөрийн дотоод журмын 3-6 дахь хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж ажлаас чөлөөлөгдөөд нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, амралтын олговрыг авсны дараа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн мэтээр гомдол гаргасныг ойлгохгүй байна. Миний хувьд зохих хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрээ гаргасан учир ямар нэгэн буруу байхгүй гэж үзэж байна.

Б.Б гомдолдоо хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгоогүй, манаачийн үүрэг гүйцэтгэхэд саад болох тухай эмнэлгийн байгууллагаас шийдвэр гараагүй гэсэн байна. Түүний энэ үндэслэл нь гаргасан тушаалтай ямар ч холбоогүй зүйл юм. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгох, манаачийн үүрэг гүйцэтгэхэд саад болох тухай эмнэлгийн байгууллагаас шийдвэр гаргуулах нь түүнтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар ажилтан эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр чөлөөлсөн тохиолдолд яригдах ёстой. Би Б.Б г ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээ цуцлах санаачилгыг өөрөө гаргаагүй, түүнийг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй. Б.Б г ажлаас чөлөөлөхдөө ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй учир түүнд мэдэгдэх хуудас өгөх шаардлага байгаагүй, түүнд мэдэгдэх хуудас өгөх тухай ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй юм. Мөн өвлийн улирал дөхөж байхад ажлаас чөлөөлөхийг хориглосон ямар нэгэн хууль тогтоомж байхгүй. Иймд түүний гомдол хууль зүйн үндэслэлгүй учир хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б гийн Б гийн "Э ХК-ийн захиргааны конторын манаачийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С, нэхэмжлэгч Ж овогт Б гын Б нар бид Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Б.Б н нэхэмжлэлтэй "Э ХК-нд холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан хэлэлцэхэд хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагчаас гаргаж өгсөн Б.Б гийн Э ХК-ийн захиргаанд гаргасан өргөдөлд миний бие Б овогтой Б би 2013 оноос хойш тасралтгүй ажиллаж ирсэн. Одооноос хойш манаач үүргийг гүйцэтгэх чадваргүй болсон тул ажлаас чөлөөлж өгөхийг хүсье" гэж бичигджээ.

Энэхүү өргөдлийн агуулгаас үзэхэд ажилтан Б нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэх агуулга харагдаж байх бөгөөд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар буюу ажилтан санаачилсан үндэслэлээр цуцалсныг буруутгах боломжгүй байна гэж дүгнэсэн байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл, зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж тайлбарласан байна.

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Б гийн үйлдсэн гэх гарын баримтыг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болгож байгаа нь үндэслэл муутай гэж үзэж байна. Учир нь Б.Б тус байгууллагад 2013 оны 01 дүгээр сараас хойш 3 дахь жилдээ тасралтгүй манаачийн ажлын хийж байсан, одоо 54 настай, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, түүний бие нь эрүүл саруул, ямар нэгэн өвчин эмгэггүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон талаар эрх бүхий байгууллагаас шийдвэр гараагүй, бичиг үсэг болон монгол хэл мэдэхгүй, зөвхөн гарын үсгээ алдаатай зурдаг, тухайн хүсэлтийг өөрийн хүсэл, зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргаагүй, тэрээр өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сайн дурын үндсэн дээр гаргасан бол иргэний шүүхэд ажилд эгүүлэн томилох тухай гомдол гаргахгүй байсан, тэрээр нэн ядуу амьдралтай, арилжааны банкинд олон сая төгрөгийн зээлтэй, өвлийн цаг ирж байхад 3 жил тасралтгүй гүйцэтгэж байсан ажлаас сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх хүсэлт гаргана гэдэг нь туйлын эргэлзээтэй зэрэг бодит нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.

Гомдол гаргагч Б.Б н нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх юм. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 91 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Баян- Өлгий аймгийн "Э" хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 14 дүгээр тушаалыг хүчингүй болгон "Э" ХК-ийн захиргааны конторын манаачийн ажилд Б.Б г эгүүлэн томилж өгөх талаар шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Монголын Хуульчдын Холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С, нэхэмжлэгч Б.Б нараас танай шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Тэдний гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б г ажлаас чөлөөлөхдөө түүний гаргасан өргөдлийг үндэслэл болгосон. Ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл үзүүлээгүй.

Нэхэмжлэгч Б.Б өөрөө анхан шатны шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Б.Б нь ажлаас чөлөөлөгдсөний дараа цалингийн олговор, тэтгэмж олгосон баримтуудад гарын үсгээ зурж хүлээн авч нийгмийн даатгалын дэвтэр, тушаалын хувийг гардан авч аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн газарт ажилгүй болсноо бүртгүүлэн ажилгүйдлийн тэтгэвэр авахаар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандсан нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар нотлогдсон. Түүний ямар үндэслэл, шаардлагаар, ямар ашиг сонирхлоор шүүхэд хандах болсныг бид мэдэхгүй. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримтуудыг зөв үнэлж хууль зүйн үндэстэй шийдвэр гаргасан учир тус шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б н "Э ХК-д холбогдуулан гаргасан "Э ХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 14 дугаартай тушаалыг хүчингүй болгож, конторын манаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Ажил олгогч Б.Б г Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.2, Компанийн дотоод журмын 3.6 дахь хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн биеийн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Б.Б г 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс тасалбар болгон захиргааны конторын манаачийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас Б.Б н "Э ХК-д ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж гаргаж өгсөн өргөдлийг ажилтан Б.Б нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэх агуулга харагдаж байна. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэргээс гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул хүсэлтээ ажилтан өөрийн сайн дурын үндсэн дээр гаргасан гэж үзэх боломжтой байна. Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар буюу ажилтан санаачилсан үндэслэлээр цуцалсныг буруутгах боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч уг өргөдлийг гаргах болсон шалтгаан, ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан байх шаардлагатай юм.

 

Ажилтан Б.Б нь "Эрчимбайн Өлгий ХК-д гаргасан гэх хүсэлтийг сайн дураараа гаргаагүй, монгол хэл, бичиг үсэг мэдэхгүй, үйлдвэрчний эвлэлийн дарга бичиж өгсөн хүсэлтэд өөрийн гарын үсгээ зурсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд Б.Б н ажлаас чөлөөлөхийг хүссэн хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр бичиж өгсөн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Хэрэгт авагдсан ажилтны ажлаас чөлөөлөх тухай хүсэлтийг Б.Б нь өөрөө бичээгүй, харин бусдын бичсэн өргөдөлд гарын үсэг зурсан гэх үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдсон ба ажилтны өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон учир шалтгааныг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан шүүхээс дүгнэлт хийх боломжгүй, уг шалтгааныг тогтоохоор ажил олгогчоос хэрэгт нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Зохигчийн тайлбараар ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай дээрх хүсэлтийг гаргахаас өмнө түүнийг ажлаас чөлөөлөх асуудал хөндөгдөж байсан талаар талууд шүүх хуралдаанд мэдүүлсэн, уг хүсэлтийг ажилтан өөрөө бичээгүй, өөр хүн бичиж, ажилтан гарын үсэг зурсан, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаагүй гэж ажилтан маргаж байгаа тохиолдолд түүнийг ажил олгогч ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангаж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Б.Б н давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Ж овогт Б гийн Б г Э ХК-ны конторын манаачийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Б.Б н гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Б.Б болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ