Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/125

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Б.П /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Пд холбогдох эрүүгийн 2029000370094 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.П нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 221 дүгээр километрээс урагш 700 метр зайд Тоёота Приүс 20 загварын 47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д зааснаар “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолоочийн өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 3.7а-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэснийг зөрчин М.Ганхуягийн жолоодож явсан “Норд бенз” загварын 97-52 ӨМА улсын дугаартай 90-12 ГЧ дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гарган зорчиж явсан Ц.Сансарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2029000370094 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: “Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Цагаан хад гэх газарт нүүрс тээврийн машин жолооддог байсан. 47-33 УНА улсын дугаартай машиныг Дашдорж гэдэг хүнээс зээлж авсан. Тухайн өдөр Оргилсайхан дээр очоод байж байгаад Цагаан хад руу Энержийн ар руу Сансар дээр очсон. Тэгээд Сансарын авсан 2 савтай пивоо Оюунтолгойн уулзвар орчим очиж уугаад тэндээсээ хөдлөн миний жолоодож байсан нүүрс тээврийн авто машин руу явж байгаад зам тээврийн осол гаргасан. Согтуугаар тээврийн хэрэгсэл барьж, осол гаргаснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13

25/

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-26-27/,

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/,

 

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-34-36/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Сансарын өгсөн мэдүүлэг /хх-44-46/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч “Төрийн банк”-ны хууль ёсны төлөөлөгч Б.Төрсүлдийн өгсөн мэдүүлэг /хх-49-50/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч “Хаппи Транс Групп” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Пүрэвдоржийн өгсөн мэдүүлэг /хх-54-55/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Оргилсайханы өгсөн мэдүүлэг /хх-60-61/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Бурмаагийн өгсөн мэдүүлэг /хх-63-65/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Нямтөмөрийн өгсөн мэдүүлэг /хх-66-68/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дашдоржийн өгсөн мэдүүлэг /хх-69-71/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ганхуягийн өгсөн мэдүүлэг /хх-78-80/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1910 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-83-84/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 858 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-89-91/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 1761  дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-94-96/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1881 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-98-100/, 

 

- “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №01/27 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-101/,

 

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймаг Цогтцэций сум техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 180632 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-104-107/,

 

-2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-110-112/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.П өгсөн мэдүүлэг /хх-115-119/,

 

- Барьцаат зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, иргэний нэхэмжлэгч Ч.Бурмаагийн гаргасан тодорхойлолт /хх-123-130/,

 

- Шүүгдэгч Б.П гаргасан тодорхойлолт, бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, 47-33 УНА тээврийн хэрэгслийн гэрчилгээ,  /хх-131/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-148-149/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Б.П нь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай авто замын 221 дүгээр километрээс урагш 700 метр зайд Тоёота Приүс 20 загварын 47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д зааснаар “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолоочийн өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 3.7а-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно гэснийг зөрчин М.Ганхуягийн жолоодож явсан “Норд бенз” загварын 97-52 ӨМА улсын дугаартай 90-12 ГЧ дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гарган зорчиж явсан Ц.Сансарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

- Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13

25/

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-26-27/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Сансарын өгсөн “...Оргилсайхан нь приүс-20 загварын тээврийн хэрэгсэлтэй Пүрэвдорж гэх залуутай согтуу ирсэн. Тэгээд би тэр хоёрт 2 ширхэг 2.5 литртэй пиво авч өгсөн. Тэр 2 пивоны нэгийг нь хувааж уусан. Тэгээд тэр 2 намайг Пүрэвдоржийн машин руу хамт яваад ирье гэсэн. Тэгээд хамт явж байгаа очерт зогсож байсан машины араас орчихсон...47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны ард Б.Пүрэвдорж, жолоочийн хажуу талд Оргилсайхан, би арын суудалд явсан. Өөр хүн байгаагүй. Миний нүүрний дух хэсэгт цөмөрсөн, хөмсөг задарсан, дээд доод уруул сэтэрсэн, цээж хэсэг бас өвддөг болсон...надад гаргаж өгөх баримт байхгүй, гомдол санал гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-44-46/

 

-Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Төрийн банкны хууль ёсны төлөөлөгч Б.Төрсүлдийн өгсөн  “...47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн манай банкинд бүртгэлд орох болсон байна. Чойжид овогтой Бурмаа гэх хүн уг тээврийн хэрэгслийг ахуйн хэрэглээний зээлээр авсан...сарын төлөлт нь 397.014 төгрөгийн төлөлт хийдэг. Манай банкинд зээлийн эргэн төлөлт хэвийн явж байгаа учраас гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-49-50/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч “Хаппи Транс Групп” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Пүрэвдоржийн өгсөн ”...Уг замын тээврийн ослоос манай Норд Бенз загварын 97-52 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 90-12 ГЧ дугаартай чиргүүлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Эвдрэл гэмтэл байхгүй учраас үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Манай компанийн зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-54-55/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Оргилсайханы өгсөн “...Ц.Сансар 2 ширхэг нийслэл нэртэй 2.5 литр хэмжээтэй пиво авч ирж арын суудалд суусан. Бид 3 Оюутолгой уулзварын ойролцоо Сансарын авчирсан 2 сав пивыг гурвуулаа хувааж уусан. Ууж дуусаад Пүрэвдоржийн хилээр гарах цуваанд зогсож байсан ачааны машин руу явсан. Явах үед Пүрэвдорж жолоо бариад хажууд нь би суугаад арын суудалд Сансар сууж явж байгаад гэнэт Пүрэвдорж машинтай зөрөх үед ачааны машин араас мөргөчихсөн. Тэгээд би нэг хэсэг ухаан алдаад сэрсэн. Миний нүүрээр дүүрэн шилний үүрмэг байсан, нүүрний зарим хэсэг шалбарсан байсан. Миний нүүрний хэсгүүдэд шалбарсан зулгаралт гэмтлүүд учирсан мөн хамрын яс хугарсан, чамархайн хэсэгт яс цөмөрсөн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-60-61/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Бурмаагийн өгсөн “...Би 47-33 УНА улсын дугаартай Тоёота приүс-20 загварын тээврийн хэрэгслийг Төрийн банкны Налайх дүүрэг дэх салбараас гэрээ хийж 100 хувь зээлээр 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр авч байсан. Би уг тээврийн хэрэгслийг 3 сар унасан. Би түүнээс хойш машиныхаа зээлийг төлөх боломжгүй болоод өөрийн танил Дашдоржид цаашид зээлийг хуваарийн дагуу ямар нэгэн асуудалгүй төлөлтийг хийж явахаар аман тохиролцоогоор өгсөн. Тэгээд Дашдорж нь цааш нь Пүрэвдорж гэх залууд шилжүүлэн өгсөн байсан...Би Пүрэвдоржтой банкны зээлийн эргэн төлөлтийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи төлөлтийг цаг тухайд нь төлүүлэхээр тохиролцсон. Тэгээд 4, 5, 6 сарын төлөлтийн 1.200.000 төгрөгийг би өөрийн цалингаас төлсөн. Тэрийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Мөн жил бүрийн 8 сарын төлөлт дээр машины даатгалын мөнгө болох 130.000 төгрөгийг шууд цалин дээрээс суутгадаг тэрнийг мөн тухайн үед нь төлүүлэхээр тохиролцсон” гэх мэдүүлэг /хх-64-65/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Нямтөмөрийн өгсөн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 цагийн үед Гашуун сухайт хилийн боомтын хойхон шороон зам дээр нэг хүн машин дээр нь хүргэж өгөөд буцаж явсан чинь нүүрс тээврийн авто замын 221 дэх км-т миний өмнөөс саарал өнгийн приүс-20 загварын нилээн хурдтай зөрж өнгөрсөн. Тэгээд би зөрөөд 100 орчим км явсан тас гээд мөргөлдөх дуу чимээ гарахаар нь би энэ юу болов гээд эргээд буцаад очсон чинь зогсож байсан нүүрс тээврийн машины араас нөгөө приүс-20 загварын тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан...Би машины хаалгыг онгойлгоход уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан хүмүүс машинаас өөрсдөө буусан. Тэр 3 залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...урагшаа хилээр гарах дараалалд зогсож байсан Норд бенз загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол болсон” гэх мэдүүлэг /хх-66-68/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дашдоржийн өгсөн “...Би Ч.Бурмаагаас уг тээврийн хэрэгслийг 2018 оны 10 сард авсан...би 2019 оны 11 сард уг тээврийн хэрэгслийг Б.Пүрэвдоржид хүлээлгэн өгсөн. Би Пүрэвдоржтой гэрээ хийсэн зүйл байхгүй. Би 47-33 УНА улсын дугаартай приүс-20 дугаартай тээврийн хэрэгслийг Ч.Бурмаагаас аваад банкинд эргэн төлөлтөд хийсэн мөнгөө л Б.Пүрэвдоржоос авсан. Тэрнийг нь бодоод 5.300.000 төгрөг авсан. Б.Пүрэвдорж нь Бурмаад сүүлийн 3 сарын мөнгөө өгөөгүй, тэгээд 8 сард өгөхөөр тохирсон гэсэн” гэх мэдүүлэг /хх-69-71/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ганхуягийн өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манисфистаа аваад хашаанаас гарч хил рүү явж байгаад нүүрс тээврийн хатуу хучилттай замын 221-р километрээс урагш жоохон яваад хилээр гарах дарааллын ард очин зогссон. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад машиндаа сууж байсан чинь машины араас юм мөргөх шиг болоод машин хөдлөхөөр нь гараад харсан чинь нэг приүс-20 загварын 47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан. Тэгээд машинд 3 хүн байсан. Тэр машины зүүн талын хаалгыг хөшиж нээсэн чинь урдаас нь нэг хүн бас жолооч залуу гарч ирсэн...Би хойноос урагш чиглэлд замын зорчих хэсгийн баруун талд зогсож байсан. Тэгсэн миний жолоодож явсан 97-52 ӨМА улсын дугаартай 90-12 ГЧ дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслийн араас мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-78-80/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1910 дугаартай шинжээчийн: “...1.Б.Оргилсайханы биед зүүн ухархайн дээд ханын зөрүүтэй, дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи хацар, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагданд нөлөөлхгүй” гэсэн дүгнэлт /хх-83-84/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №858 дугаартай шинжээчийн “1.Шинжилгээнд ирүүлсэн ”Б.Пүрэвдорж” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-89-91/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1761 дугаартай шинжээчийн “...1.Ц.Сансарын биед дагз ясны шугаман хугарал, дух, хамрын нуруунд шарх, дух хамрын нуруу, зүүн хацар, уруул, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, доод уруулд шарх, 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-94-96/,

 

-“Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн №01/27 дугаартай шинжээчийн “...47-33 УНА улсын дугаартай, япон улсад 2005 онд үйлдвэрлэгдсэн, Монгол улсад 2018 онд орж ирсэн хуучин “Тоёота приүс-20” маркийн тээврийн хэрэгсэл нь 10.500.000 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон” гэсэн үнэлгээ /хх-101/,

 

-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймаг Цогтцэций сум техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №180632 дугаартай шинжээчийн “...1.тухайн тээврийн бүрэн бүтэн байдал эвдрэл гэмтэл ихтэй тухайн тээврийн хэрэгсэл урд хэсгээр их хэмжээний гэмтэлтэй урд гупер хагарсан, урд хоёр их гэрэл хагарсан урд капуд нумарч хумигдсан урд хоёр карлан хонхойж цөмөрсөн, урд салхины шил хагарсан, тааз хэсэг хумигдаж урагдсан, зүүн талын хаалганы салхины шил хагарч хаалга цөмөрч эвдэрсэн, урд багана цөмөрч хумигдсан, урд салон хагарсан хөдөлгүүр урд явах эд ангийг оношлох боломжгүй, зүүн талын толь сууриараа хугарсан, AIR BAG задарсан зэрэг гэмтэлтэй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үзлэг оношлогоонд хамрагдаж тэнцсэн байна. Үзлэгээр ямар нэг эвдрэл гэмтэл тогтоогдоогүй болно. 2.Тухайн тээврийн хэрэгслийн тоормосны систем, явах эд ангид ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаа гэмтэлтэй эсэхийг тогтоон шалгах боломжгүй байна. 3.Шинжилгээ хийх явцад асуултад тусгагдаагүй ямар нэгэн зүйл байхгүй байна” гэсэн дүгнэлт /хх-104-107/

 

-2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн “...1.Ослын үед 90-12 ГЧ дугаарын чиргүүл бүхий 97-52 ӨМА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Мөнх-Эрдэнийн Ганхуяг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 1-д зааснаар урт тээврийн хэрэгсэл улаан хүрээтэй /өргөн нь 40 мм/ шар дэвсгэртэй 1200мм*200 мм хэмжээтэй тэгш өнцөгт тэмдгийг ачаатай буюу ачаагүй нийт урт нь 20 м-ээс илүү мөн 2 чиргүүлтэй тээврийн хэрэгслийн ард байрлуулна. Ийм хэмжээний тэмдгийг байрлуулах боломжгүй бол мөн ижил өнгө, хүрээтэй, 600 мм*200 мм хэмжээтэй 2 тэмдгийг тээврийн хэрэгслийн арын баруун, зүүн талд тэгш хэмтэйгээр байрлуулж болно. 2-д зааснаар харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн таних тэмдгийн өнгө, дүрслэл нь Замын хөдөлгөөнд оролцогчдод тод харагдаж байх үүднээс гэрэл ойлгох шинж чанар бүхий гадаргуутай, эсхүл гадна талаасаа буюу дотроосоо гэрэлтүүлэгтэй байвал зохино. 2. Ослын 47-33 УНА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Бишрэлтийн Пүрэвдорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т зааснаар “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн болно. 3. Бишрэлтийн Пүрэвдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” заалтыг зөрчсөн болно. Ослын 47-33 УНА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Бишрэлтийн Пүрэвдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т зааснаар Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй байна. 4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоох арга хэмжээг авна” гэсэн дүгнэлт /хх-110-112/,

 

-Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.П өгсөн “...Оргилсайхан найз Сансарын утас руу залгаад бид 3 хоорондоо утсаар яриад Сансар өөрийн байгаа газраа зааж өгөөд Оргилсайхан бид 2 “Энержи ресурс” ХХК-ийн очерт зогсож байхад очиж уулзсан. Тэгээд Сансар машинд орж ирж суугаад Цагаан хадны дэлгүүрээс Сансар 2 савтай 2.5 литрийн нийслэл гэдэг нэртэй пиво авсан. Тэгээд Оюутолгойн уулзварын орчим очин тэндээ пивоо уугаад тэндээсээ хөдлөн миний жолоодож байсан нүүрс тээврийн авто машин руу явж байгаад зам дээр осолд орсон. Би тэрнээс цааш юу болсныг санахгүй байна. Осол болох үед тоёота приүс-20 загварын 47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн би өөрөө жолоодож явсан. Би ойролцоогоор 80 орчим км цагийн хурдтай явж байсан. Би урсгал сөрөөд явж байсан чинь өмнөөс машин гарч ирэхээр нь өөрийн эгнээндээ буюу зорчих хэсгийн баруун талын эгнээнд ороход гэрэл гялбаад тэгээд зогсож байсан машиныг мөргөсөн. Би жолоо барьж явсан. Миний эсрэг талын суудал дээр Оргилсайхан сууж явсан. Харин арын суудал дээр Сансар сууж явсан. Бид 3 суудлын бүс хэрэглээгүй байсан. Би тормос гишгэсэн боловч их хурдтай явж байсан учраас тээврийн хэрэгслийг зогсоож чадаагүй” гэх мэдүүлэг /хх-115-119/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Б.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.П нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

1. Хохирогч Ц.Сансарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1761 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-94-96/-ээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.Сансар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал гэх зүйл байхгүй ээ. Нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-44-46/, 2020.08.16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн “...2020.08.16-ны өдрийн 11 цагт болох Пүрэвдоржид холбогдох хэргийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй. Пүрэвдоржид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

 

2. Иргэний нэхэмжлэгч Б.Оргилсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1910 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-83-84/-ээр тогтоогдож байна.

Хохирогч Б.Оргилсайхан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй. Би хавтаст хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх мэдүүлэг /хх-60-61/, мөрдөн байцаалтын шатанд 2020.06.26-ны өдөр гаргасан: “...Баатар овогтой Оргилсайхан миний бие цагаан хаднаас гашуун сухайт боомт хүрэх замд осолд орсонд ямар ч гомдол санал байхгүй миний бие одоо эрүүл ямар ч хохирсон зүйл байхгүй” гэсэн тайлбар бичиг /хх-172/-ээр тус тус нотлогдож байна.

 

3. Иргэний нэхэмжлэгч “Хаппи Транс Групп” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын 97-52 ӨМА улсын дугаартай 90-12 ГЧ дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгсэлд ослын улмаас ямар нэгэн гэмтэл учраагүй, нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй болох нь тус компанийн хууль ёсны төлөөлөгч О.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг зам тээврийн ослоос манай Норд бенз маркийн 97-52 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 90-12 ГЧ чиргүүлд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй, гэмтэл учраагүй учраас үнэлгээ хийлгэх шаардлагагүй, манай компанийн зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн хавтаст хэргийн 54-55 дугаар хуудаст авагдсан мэдүүлгээр нотлогдож байна.

 

4. “Тоёота Приүс 20” загварын 47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Ч.Бурмаа нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Төрийн банк /УБ Налайх дүүрэг салбар/-тай Барьцаат зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулан 13.000.000 төгрөгөөр авсан болох нь иргэний нэхэмжлэгч Ч.Бурмаа, Төрийн банкны хууль ёсны төлөөлөгч Б.Төрсүлд нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Барьцаат зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг /хх-138-144/-ээр тогтоогдож байна.

 

“Тоёота Приүс 20” загварын 47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.Бурмаа нь иргэн Д.Дашдоржид худалдсан, Д.Дашдорж нь иргэн Б.П худалдсан, Б.П нь Ч.Бурмаагийн Төрийн банканд сар бүр хуваарийн дагуу төлөх төлбөрийг төлж байгаа гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж тайлбарласан байна.

 

 “Тоёота Приүс 20” загварын 47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  “Төрийн банк” ХХК дээр бүртгэлтэй, тус банкны өмч, зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон лавлагаа, 312500629483 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 312500629483 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр тогтоогдож байгаа ба шүүгдэгч Б.Пүрэвдорж нь автомашины төлбөрийг бүрэн төлж, өөрийн өмчлөлд бичиг баримтын хувьд бүрэн шилжүүлж аваагүй байна.

 

“Тоёота Приүс 20” загварын 47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг   “10.500.000 төгрөгийн үнэлгээтэй” гэж “Хөрөнгө Эстимэйт” ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №01/27 дугаартай шинжээчийн дүгнэлтээр үнэлжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Бурмаа, Төрийн банк /УБ Налайх дүүрэг салбар/-ны “Тоёота Приүс 20” загварын 47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 10.500.000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.П нь “Тоёота Приүс 20” загварын 47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг бичиг баримтын хувьд шилжүүлэн авч өмчлөгч нь болсон тохиолдолд уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой хохирлын асуудлыг шүүгдэгч Б.П өөрөө хариуцахаас иргэний нэхэмжлэгч Ч.Бурмаа, Төрийн банк /УБ Налайх дүүрэг салбар/ түүнээс зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхгүй болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.П нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.П урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-148-149/-аар тогтоогдож байх бөгөөд түүний согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл хэдий ч урьдаас төлөвлөж зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэнд болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах зэрэг санаа зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшсэн, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.П “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын  дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх эрх хасах ялыг ...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Пийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн жолоочийн В,С ангилалын №1271979 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Б.д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч Шарнууд овогт Бишрэлтийн Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Пийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Пд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын  дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн жолоочийн В,С ангилалын №1271979 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Б.Пд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд “Тоёота Приүс 20” загварын 47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бичиг баримтын хувьд шилжиж очиж өмчлөгч болтол иргэний нэхэмжлэгч Ч.Бурмаа, Төрийн банк /Улаанбаатар хот дахь Налайх салбар/ “Тоёота Приүс 20” загварын 47-33 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 10.500.000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Ч.Бурмаа, Төрийн банк /Улаанбаатар хот дахь Налайх салбар/ нь гэм буруутай этгээд болох Б.Поос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй

 

8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Сансар, иргэний нэхэмжлэгч “Хаппи Транс Групп” ХХК, Б.Оргилсайхан нар нь шүүгдэгч Б.Пүрэвдоржоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Б.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН