Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                            

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Хохирогч: Д.Эрдэнэсүх,

Хохирогчийн өмгөөлөгч: Т.Дашцэрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч: Т.Д нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Дд холбогдох эрүүгийн 1929002060134 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Д  нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоогийн 7-844 тоотод иргэн Д.Эрдэнэсүхийг “гэртээ харина гэж хэлчихээд харьсангүй” гэх шалтгаанаар буюу хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь хүзүүний 5-р нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зүүн хоншоорын хөндий урд хана, зүүн нүдний ухархайн дотор ханын дээд хэсэг, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, тархины доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун ташаанд цус хуралт, цээжний ар дээд хэсэгт зүсэгдсэн шарх, баруун даланд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Дд холбогдох эрүүгийн 1929002060134 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д мэдүүлэхдээ:

“...Цэцэгтуяа гэх бүсгүй “Энержи ресурс” ХХК-д надтай хамт ажилладаг. Танилцаад нэлээдгүй хугацаа өнгөрөөд бид хоёр үерхэж байсан. Тус тусдаа амьдардаг. Би “Энержи ресурс” ХХК-аас газар хашаа аваад тэндээ байрлаж амьдардаг байсан. Амралтынхаа өдрөөр Цэцэгтуяагийнд очиж хонодог байсан. 2020 оны 07 дугаар сарын 23-ны орой 10 цаг өнгөрч байхад Цэцэгтуяа руу утсаар ярихад би гадуур найзуудтайгаа явж байна. Манайд хамаатны ах байгаа. Чи хамт байж бай гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очсон чинь Эрдэнэсүх ах сууж байсан. Би очихдоо 2 литрийн пиво аваад очсон. Тэгээд Эрдэнэсүх ахтай танилцаад пивоо хувааж уусан. Би өөрийгөө танилцуулаад Цэцэгтуяагийн найз залуу гэдгээ танилцуулсан. Эрдэнэсүх нь өөрөө Цэцэгтуяагийн хашааг нь янзалж өгч байгаагаа хэлсэн. Манай дүүгийнх эднийхээс холгүй байдаг. Би орой дүүгийндээ очоод хоночихдог гэсэн. Би гэрт нь хүлээж байя гэсэн чинь Эрдэнэсүх ах би чамайг айлд ганцааранг чинь үлдээж чадахгүй. Хоёулаа цуг гаръя гээд хамт гарсан. Орой нь 12 өнгөрч байхад би буцаад ирээд Цэцэгтуяаг хүнтэй байгааг мэдээд жоохон уур хүрсэн. Ямар хүн байгааг нь мэдмээр санагдаад хаалгыг эвдэж орсон. Эрэгтэй хүн байгааг мэдээд очоод хөл рүү нь өшиглөөд авсан. Тэгээд босч ирээд урдаас зодолдоод эхэлсэн. Харанхуйд ямар хүн байгааг нь мэдээгүй. Зодолдож байх явцад гэрэл ассан. Гэрэл ассан чинь 2 цагийн өмнө танилцсан гэртээ харилаа гээд хамтдаа гараад явсан ах байсан. Би Цэцэгтуяаг караоке-аас авахаар яваад гадаа нь очсон чинь гэртээ ирсэн байна гэсэн болохоор би буцаад гэрт нь очсон. Тэгээд энэ хүнтэй таараад зодоон хийсэн. Гэрэл асаагаад танингуутаа би зодолдохоо больсон. Та чинь энд юу хийж байгаан бэ? гэртээ харина гээд яваагүй бил үү? гэж асуусан. Ерөнхийдөө иймэрхүү зүйл болсон. Зодож гэмтэл учруулсанаа бол хүлээн зөвшөөрч байна. Эрдэнэсүх ахаас уучлалт гуйж эмчилгээнд нь 1.000.000 төгрөг өгсөн. Миний баруун гарны 5-р хуруунд үүссэн хугарал нь Д.Эрдэнэсүхийг зодох үед үүссэн гэмтэл юм” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Эрдэнэсүх мэдүүлэхдээ:

“...2019 оны 07 дугаар сарын 23-ны шөнө Цэцэгтуяагийнд ажлаа хийж дуусгачаад дүү охин хоол айраг авчирч өгөөд байж байсан чинь орой 9 цагийн үед Д хаашаа даваад орж ирсэн. Нилээн согтуу пиво барьчихсан байсан. Цэцэгтуяа хаачсан юм бэ? гэж асуусан. Би мэдэхгүй надад түлхүүрээ өгчөөд хашаа янзал гэж хэлээд орой гараад явсан гэсэн. Тэгээд Даваадорж хоёулаа танилцъя гэсэн. Танилцахдаа ах нь Дундговиос ажил хийж байгаа шөнө болохоор юу ч үздэггүй. Гэгээн цагаан өдөр ажлаа хийгээд л 3-н өнчин хүүхдээ тэжээгээд явдаг гэж хэлсэн. Тэгээд хоёул пиво уугаад би нэг аяга пиво уусан. Бусдыг нь Д бүгдийг нь уусан. Ирэхдээ нилээн согтуу ирсэн. Тэгээд Цэцэгтуяагийн гэрийн түлхүүрийн авч үлдэнэ гэсэн. Тэгэхээр нь би түлхүүрийг өгөхгүй. Танихгүй хүнд юу гэж айлын түлхүүрийг өгөх юм бэ? хоёулаа явъя би явж амармаар байна гээд гараад явсан. Гараад явтал миний байдаг айл цоожтой байсан. Тэгсэн Цэцэгтуяа над руу залгаад би гэр рүүгээ явж байна. Та ажлаа дууссан юм уу? гэсэн. Би ажлаа дууссан маргааш өглөө нутаг руугаа явна гэсэн. Тэгвэл та манайд хүрээд ир би таньтай ярилцаж цалин хөлсөө тохиръё гэсэн. Тэгээд таньд одоо өгөх мөнгө алга байна. Та манайд хүрээд ир хоёулаа ярилцъя гэсэн. Би тэгээд Цэцэгтуяагийнд ярьж сууж байгаад би таны цалинг данс руу чинь хийнэ. Харин зардлын мөнгө 20.000 төгрөг өгнө. Өөр надад өгөх мөнгө алга байна гэж хэлсэн. Би за за тэг тэг гэж хэлсэн. Тэгээд хоёул ярьж сууж байгаад би байдаг айл руугаа залгасан чинь утсаа авдаггүй. Тэгсэн Цэцэгтуяа та манайд хоночоод явахгүй юу? өглөө би таныг унаан дээр чинь хүргээд өгье гэсэн. Тэгээд шөнө унтаж байтал гэнэт хаалга үүд дуугараад хүн ороод ирсэн. Хөөе юу болж байна гээд өндийхөд миний дээр мордож байгаад намайг зодсон. Тэгээд халуун тогооны тагаар хүзүү нүүрэн дундуур цохиход таг нь хагарсан. Тэгээд би сүүлдээ юу болсныг сайн мэдээгүй. Гадаа гарч цусаа угаагаад хашаа даваад нөгөө айлдаа очиж цусаа угаагаад цагдаагийн газарт мэдэгдсэн. Тэгээд Дтой уулзъя гэсэн чинь уулзаагүй. Тэр чигээрээ яваад өгсөн. Би Доос их мөнгө нэхэж дарамталж загнаагүй. Надад 1,000,000 төгрөг өгсөн. Дахиж над руу бие чинь яаж байна гэж нэг ч удаа яриагүй. Би өөрөө эрүүл саруул явж байсан бол 3 хүүхдээ тэжээгээд ажлаа хийгээд явах байсан. Би блокны үйлдвэрт блок хийдэг. Мөн хашаа хороо янзалдаг. Өөрийнхөө чадах хэмжээнд машин тэрэг янзалдаг байсан. Ажил хийж байж 3 хүүхдээ тэжээж мөнгө төгрөг олдог байсан. Би үүнээс хойш ажил төрөл хийж чадаагүй. Би өмгөөлөгчтэйгээ нэг байр суурьтай байгаа учир миний өмнөөс өмгөөлөгч хариулт хэлж, тайлбар гаргана” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Хохирогч Д.Эрдэнэсүх, өмгөөлөгч бид хоёр байр суурь нэг байгаа учраас хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хохирлын задаргааг тайлбарлаж өгье. Хавтаст хэрэгт авагдсан эмчилгээний зардал, шатахууны зардал нийлээд 6,384,095 төгрөг, олох ёстой байсан орлогод 5.040.000 төгрөгийг нэхэмжилж байгаа ба олох байсан орлого нь хэдийгээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй ч гэсэн энэ хүн хөдөлмөр эрхэлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Олох ёстой орлогоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 жилээр тооцож гаргасан болно. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар асаргаа сувилгааны зардалд эгч Сарантуяагийн цалингийн зөрүү 1.040.548 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирогч нь хөгжлийн бэрхшээлтэй учир хүний асаргаа зайлшгүй хэрэгтэй байсан, хэрэг явдал гарснаас хойш хохирогч нь Улаанбаатар, Өмнөговь, Ханбогд руу нийт 13 удаа явсан байдаг ингэж явахад эгч Сарантуяа нь хамт явахаас гадна, эмчилгээ сувилгаа, хагалгаанд ороход нь эгч нь ажлаас чөлөө авч асарч сувилсан байдаг. Энэ талаарх ажлаас чөлөө авсан баримт, ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан болно. Хохирогч нь хөгжлийн бэрхшээлтэйгээс гадна бичиг үсэг мэддэггүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй”, 1.3-т “монгол хэл бичиг мэдэхгүй” бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулах шаардлагатай, мөн шүүгдэгч энэ хүнийг зодоогүй бол хохирогч өнөөдөр өмгөөлөгч авах шаардлага үүсэхгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нь Цоодол, Отгонжаргал, Т.Дашцэрэн гэсэн 3 өмгөөлөгч авсан. Цоодолтой өмгөөлөгчид төлсөн мөнгөний баримт хавтас хэрэгт авагдаагүй учир Цоодол өмгөөлөгчийн зардлыг нэхэмжлээгүй, харин Отгонжаргал өмгөөлөгчид өгсөн 800.000 төгрөг, Т.Дашцэрэн өмгөөлөгчид өгсөн 600.000 төгрөг нийт 1.400.000 төгрөгийг өмгөөлөгчийн хөлсөнд зайлшгүй газар зардал гэж нэхэмжилж байна. Ингээд нийт эмчилгээ, шатахууны зардалд 6.384.095 төгрөг, олох ёстой орлогод 5.040.000 төгрөг, асаргаа сувилгааны зардалд 1.040.548 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 1.400.000 төгрөг нийт 13.864.643 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

-Д.Эрдэнэсүхийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1-р хавтас хх-7/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Эрдэнэсүхийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-19-21/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цэцэгтуяагийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-25-26/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цэцэгтуяагийн өгсөн мэдүүлэг /2-р хавтас 56-57/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Дийн өгсөн мэдүүлэг /1-р хавтас хх-51-52/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №758 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-236-239/,

 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-53/,

 

- Т.Дийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын лавлагаа, хуулийн этгээдийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл /1-р хавтас хх-54-60/,

 

- Хохирогчоос хохирол нэхэмжилсэн баримтууд /1-р хавтас хх-72-114, хх-147-179, 2-р хавтас хх-33-55, 2-р хавтас хх-84-96/,

 

- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0111590 дугаартай комиссын: “...хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар хугацаагүй магадлав” гэсэн шийдвэр /2-р хавтас хх-28/,

 

- Хохирогч Д.Эрдэнэсүхийн Намуунзул, Хонгорзул, Тэмүүлэнгийн төрсний гэрчилгээ, эхнэр Д.Ганцэцэгийн 2017.03.27-ны өдөр нас барсны гэрчилгээ /2-р хавтас хх-29-32/

 

- Х.Отгонжаргал өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1-р хавтас хх-210/,

 

- Т.Дашцэрэн өмгөөлөгчтэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт /2-р хавтас хх-61-62/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоогийн 7-844 тоотод иргэн Д.Эрдэнэсүхийг “гэртээ харина гэж хэлчихээд харьсангүй” гэх шалтгаанаар буюу хардалтын улмаас зодож, эрүүл мэндэд нь дух хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор ханын дээд хэсэг, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, тархины доргилт, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, цээжний ар дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол, хүзүүний 5-р нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зүүн хоншоорын хөндийн урд ханын хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Дийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Эрдэнэсүхийн өгсөн мэдүүлэг,

 

- Д.Эрдэнэсүхийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1-р хавтас хх-7/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Эрдэнэсүхийн өгсөн “...Цэцэгтуяа гэдэг манай нутгийн танил намайг манайд ирж ажил хийх үү хашаа янзална би чамд өдрийн 40.000 төгрөгийн цалин өгье гэж хэлсэн тэгэхээр нь би 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Цэцэгтуяагийнд ажил хийхээр ирсэн тэгээд би ажлаа хийж дуусгаад 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хийж дуусгачихаад Цэцэгтуяагийн гэрт байж байхад танихгүй пиво барьсан залуу орж ирээд надтай мэндлээд бид хоёр танилцаад надад нэрээ Д гэж танилцуулсан намайг хоёулаа энэ пиво хувааж ууя нэхэд би уудаггүй гэж хэлэхэд надад пиво хийж өгөхөөр нь аяганы талаар нь уучихаад би явлаа байдаг айлдаа очиж хонолоо гэж хэлэхэд тэр залуу надад түлхүүрийг нь өгчих би энд хонолоо гэж хэлсэн тэгэхээр нь би юу гэж чамд хүний гэрийн түлхүүр өгөх юм бэ гэж хэлээд гэрээс нь цуг гараад хоёр тийшээ салаад явсан. Тэгээд би түр байж байсан айлын гэрт нь очиход тэр айл хүнгүй цоожтой байсан. Тэгээд гадаа нь зогсож байсан чинь над руу Цэцэгтуяа залгаад манайд хүрээд ир 2-лаа цалин мөнгөө ярилцья маргааш чамайг унаанд суулгаж өгье гэхээр нь би Цэцэгтуяагийн гэрт нь очоод ярилцаж дуусаад орой болчихсон болохоор Цэцэгтуяа намайг эндээ хоноод яв гэж хэлсэн тэгээд намайг тэднийд унтаж байхад шөнийн 01 цагийн үед цоожтой байсан хаалга нэг хүн эвдэж орж ирээд над руу гэрэл тусгаад над руу чиглэж ирээд намайг зодож эхэлсэн намайг зодож байхдаа чи харьлаа гэж хэлсэн биздээ гэж хэлж байсан Цэцэгтуяа гэрэл асаахад тэр хүнийг хартал надтай Цэцэгтуяагийн гэрт танилцсан Д гэх залуу байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-19-21/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цэцэгтуяагийн өгсөн “...би Эрдэнэсүхийг хоноод яв гэж хэлээд гэрээ дотроос нь цоожлоод унтаж амарч байхад Даваадорж хаалга гадна талаас эвдэлж орж ирсэн тэгээд Д Эрдэнэсүхийг чи муу явлаа гэсэн биздээ гэж хэлээд зодолдож эхэлсэн. Д цахилгаан тогооны шилэн тагаар Эрдэнэсүхийн нуруу, нүүр, толгой хэсэгт нь цохьсон би салгах гээд очсон чинь янхан минь цаашаа бай гэж хэлээд намайг түлхсэн тэгэхэд тэр үед Даваадоржоос архи үнэртэж байсан. Тэгээд зодолдохоо болчихоод гэрийн гадаа Эрдэнэсүх цусаа угааж байгаад хашаа даваад яваад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-25-26/,

  -Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цэцэгтуяагийн өгсөн “...Д Эрдэнэсүхийн биед цахилгаан тогооны тагаар мөн гараа цохиж зодсон, намайг нэг удаа цохьсон гэмтэл учраагүй учир эмнэлэгт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтас 56-57/,

 

- Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Т.Дийн өгсөн “...би 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шөнө 01 цаг болж байхад очсон тэгээд хаалгыг тогшиход хаалгаа нээхгүй байсан тэгэхэд дотор нь эрэгтэй хүний дуу гарахаар нь би хаалгыг нь эвдлээд орсон тэгээд нэг эрэгтэй хүн байхаар нь би хөл рүү нь өшиглөөд тэгээд босоод ирэхээр нь би тэр хүнтэй зодолдсон тэгээд гэрэл асаахад зодолдсон хүнээ Эрдэнэсүхийг байна гэж мэдсэн...би Д.Эрдэнэсүхийн биед гэмтэл учруулсан, би Эрдэнэсүхийг зодож байхдаа өөрийн гараа гэмтээсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-51-52/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №758 дугаартай шинжээчийн: “...1.Урьд гаргасан 452 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Дүгнэлтэнд дурьдагдсан хацар ясны хугарал гэмтэл тогтоогдохгүй байна. 2. Д.Эрдэнэсүхийн биед хүзүүний 5-р нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зүүн хоншоорын хөндийн урд хана, духны хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор ханын дээд хэсэг, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, тархины доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун ташаанд цус хуралт, цээжний ар дээд хэсэгт зүсэгдсэн шарх, баруун даланд зулгаралт гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтлүүдээс цээжний ар дээд хэсэг дэх зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. 4.дээрх гэмтлүүдээс хүзүүний 5-р нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зүүн хоншоорны хөндийн урд ханын хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, духны хөндийн урд хана, зүүн нүдний ухархайн дотор ханын дээд хэсэг, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, тархины доргилт, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, цээжний ар дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Харин баруун ташааны цус хуралт, баруун далны зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /1-р хавтас хх-236-239/,

 

Шүүгдэгч Т.Дийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Д.Эрдэнэсүхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №758 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хавтас хх-236-239/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор Д.Эрдэнэсүхийг хохирогчоор, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Хохирогч Д.Эрдэнэсүх нь “эмчилгээ, шатахуун, буудал, нотариатын зардалд 6.384.095 төгрөг, олох ёстой орлогод 5.040.000 төгрөг, асаргаа сувилгааны зардалд 1.040.548 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 1.400.000 төгрөг нийт 13.864.643 төгрөг” нэхэмжилсэн.

 

  1. Эмчилгээ, бензин шатахуун, буудал, нотариатын зардлын тухайд:

Хавтаст хэрэгт эм тариа, үзлэг оношлогоо, бензин шатахуун, буудал. Нотариатын зардалд нийт 6.868.156 төгрөгийн баримт авагдсан байна.

Үүнд: эм 3.500 төгрөг /1 хавтас хх-72/, эм 7.850 төгрөг /1 хавтас хх-73/, эм 2.400 төгрөг /1-р хавтас хх-74/, эм 1.700 төгрөг /1-р хавтас хх-75/, эм 22.000 төгрөг /1-р хавтас хх-76/, бензин 30.000 төгрөг /1-р хавтас хх-77/, бензин 10.000 төгрөг /1р хавтас хх-78/, бензин 80.000 төгрөг /1-р хавтас хх-79/, бензин 60.000 төгрөг /1-р хавтас хх-80/, бензин 30.000 төгрөг /1-р хавтас хх-81/, бензин 20.000 төгрөг /1-р хавтас хх-82/, эм 5.250 төгрөг /1-р хавтас хх-83/, үзлэгийн төлбөр 40.000 /1-р хавтас хх-84/, бензин 85.000 төгрөг /1-р хавтас хх-85/, эм 15.500 төгрөг /1-р хавтас хх-86/, үзлэгийн төлбөр 35.000 /1-р хавтас хх-87/, эм 9.600 төгрөг /1-р хавтас хх-88/, эм 5.540 төгрөг /1-р хавтас хх-89/, эм 5.000 төгрөг /1-р хавтас хх-90/, хүзүүний бэхэлгээ 42.000 төгрөг /1-р хавтас хх-91/, эм 15.100 төгрөг /1-р хавтас хх-93/, эм 54.610 төгрөг /1-р хавтас хх-94/, оношлогоо 94.500 төгрөг /1-р хавтас хх-95/, эм 25.000 төгрөг /1-р хавтас хх-96/, эм 14.500 төгрөг /1-р хавтас хх-97/, гэмтэл оношлогоо 312.240 төгрөг /1-р хавтас хх-98/, шүүхийн шинжилгээ төлбөр 8.000 төгрөг /1-р хавтас хх-99/, буудлын төлбөр 320.000 төгрөг /1-р хавтас хх-100/, эм 157.000 төгрөг /1-р хавтас хх-101/, эмнэлэг оношлогоо 140.000 төгрөг /1-р хавтас хх-102/, эмнэлэг сонсголын бичлэг 20.000 төгрөг /1-р хавтас хх-103/, бензин 30.000 төгрөг /1-р хавтас хх-104/, эмнэлэг үзлэг оношлогоо 135.000 төгрөг /1-р хавтас хх-105/, эм 13.000 төгрөг /1-р хавтас хх-106/, үзлэг оношлогоо 320.000 төгрөг /1-р хавтас хх-107/, бензин 50.000 төгрөг /1-р хавтас хх-108/, бензин 9.500 төгрөг /1-р хавтас хх-109/, бензин 19.600 төгрөг /1-р хавтас хх-110/, бензин 100.000 төгрөг /1-р хавтас хх-111/, эмнэлэгийн үзлэг 320.000 төгрөг /1-р хавтас хх-112/, буудал 320.000 төгрөг /1-р хавтас хх-113/, буудал 70.000 төгрөг /1-р хавтас хх-114/, буудал 75.000 төгрөг /1-р хавтас хх-167/, буудал 70.000 төгрөг /1-р хавтас хх-168/, бензин 121.500 төгрөг /1-р хавтас хх-169/, бензин 80.400 төгрөг /1-р хавтас хх-170/, үзлэг оношлогоо 22.600 төгрөг /1-р хавтас хх-171/, эм 18.400 төгрөг /1-р хавтас хх-172/, үзлэг оношлогоо 80.000 төгрөг /1-р хавтас хх-173/, үзлэг оношлогоо 80.000 төгрөг /1-р хавтас хх-174/, Сарантуяа хот хоорондын тээвэр /бензин/ 13.200 төгрөг /1-р хавтас хх-175/, Эрдэнэсүх хот хоорондын тээвэр 13.200 төгрөг /1-р хавтас хх-176/, Золзаяа хот хоорондын тээвэр 13.200 төгрөг /1-р хавтас хх-177/, Цэцэгдэлгэр хот хоорондын тээвэр 13.200 төгрөг /1-р хавтас хх-178/, бензин 130.000 төгрөг /2-р хавтас хх-39/, үзлэг оношлогоо 23.560 төгрөг /2-р хавтас хх-40/, бензин 111.100 төгрөг /2-р хавтас хх-41/, эм тариа 120.110 төгрөг /2-р хавтас хх-42/, эм тариа 87.950 төгрөг /2-р хавтас хх-43/, эм тариа томограф 132.200 төгрөг /2-р хавтас хх-44/, хагалгааны төлбөр 1.500.480 төгрөг /2-р хавтас хх-45/, эм 9.000 төгрөг /2-р хавтас хх-46/, эм 47.000 төгрөг /2-р хавтас хх-47/, эм тариа 22.500 төгрөг /2-р хавтас хх-48/, эм тариа 87.500 төгрөг /2-р хавтас хх-49/, эм тариа 20.880 төгрөг /2-р хавтас хх-50/, нотариат 15.000 төгрөг /2-р хавтас хх-52/, хоолны мөнгө 36.000 төгрөг /2-р хавтас хх-53/, буудал 80.000 төгрөг /2-р хавтас хх-54/, бензин 44.000 төгрөг /2-р хавтас хх-89/, бензин 110.000 төгрөг /2-р хавтас хх-90/, бензин 52.000 төгрөг /2-р хавтас хх-91/, бензин 40.000 төгрөг /2-р хавтас хх-93/, бензин 70.000 төгрөг /2-р хавтас хх-94/, бензин 106.460 төгрөг /2-р хавтас хх-95/, бензин 40.671 төгрөг /2-р хавтас хх-96/, бензин 124.000 төгрөг /2-р хавтас хх-97/, буудал 75.000 төгрөг /2-р хавтас хх-98/, бензин 67.762 төгрөг /2-р хавтас хх-101, бензин 55.893 төгрөг /2-р хавтас хх-101/ болно.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас: 107 болон 112 дугаар хуудаст авагдсан баримтууд /320.000 төгрөгийн ”Дуо” ХХК-д үзүүлсэн толгой судасны MRI хийлгэсний ебаримт, санхүүгийн баримт/ 173 болон 174, 2 хавтасны 44 баримт /80.000 төгрөгийн 2019.11.08-ны өдөр хамар дайврын оношлогоо хийлгэсэн ебаримт болон санхүүгийн баримт/ баримтууд давхардсан байсан тул 107, 173 дугаар хуудаст авагдсан баримтуудыг үнэлж, 1 дүгээр хавтасны 112, 174, 2 дугаар хавтасны 44 дүгээр баримтууд /нийт 480.000 төгрөгийн/-ыг үнэлээгүй, мөн 1-р хавтас хх-177-т авагдсан Золзаяагийн хот хоорондын тээврийн зардал 13.200 төгрөг, 1-р хавтас хх-178-т авагдсан Цэцэгдэлгэрийн хот хоорондын тээвэр 13.200 төгрөг, 1-р хавтас хх-100-т авагдсан Н.Эрдэнэбаатарын буудлын 320.000 төгрөгийг тухайн үед хохирогчтой хамт түүний эгч Д.Сарантуяа, өмгөөлөгч Цоодол нар хот хооронд зорчиж, буудалд байрласан байхад давхар дээрх хүмүүсийн буудал, хот хоорондын тээврийн зардлыг нэхэмжилсэн нь зайлшгүй гарах зардал биш гэж үзэж, нийт 826.400 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож,

 

Харин бензин шатахууны зардалд 1.704.286 төгрөг, буудлын зардалд 695.000 төгрөг, нотариатын зардалд 15.000 төгрөг нийт 2.414.286 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж, мөн эрүүл мэндэд учирсан хохиролд эм тариа, үзлэг оношлогоонд зарцуулсан зардал болох нийт 3.627.470 төгрөгийг шүүгдэгч Т.Даваадоржоос тус тус гаргуулж, хохирогч Д.Эрдэнэсүхэд олгохоор шийдвэрлэлээ.

 

  1. Өмгөөлөгчийн зардлын тухайд:    

Хохирогч Д.Эрдэнэсүх нь өмгөөлөгч Х.Отгонжаргалтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөллийн хөлсөнд 800.000 төгрөг өгсөн болох нь 1 дүгээр хавтасны 210 дугаар тал, 2 хавтасны 51 дүгээр тал, өмгөөлөгч Т.Дашцэрэнтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулaн өмгөөллийн хөлсөнд 600.000 төгрөг өгсөн болох нь 2 хавтасны хх-61, хх-62 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Д.Эрдэнэсүх нь боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар хугацаагүй тогтоосон болох нь Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0111590 дугаартай шийдвэр, хохирогчийн өөрийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймээс тэрээр зайлшгүй өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлага бий болсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс болж хохирсоноор шүүхэд хандах болсон учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хохирогчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал болох нийт 1.400.000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж шүүгдэгч Х.Даваадоржоос гаргуулж, хохирогчид олгох зүйтэй байна.

 

3. Олох ёстой орлого, асаргаа сувилгааны зардлын тухайд:

Хохирогч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 1 жилээр тооцож олох ёстой орлого гэж 5.040.000 төгрөг, эгч Д.Сарантуяагаар 11 хоног асруулж, сувилуулсаны зардалд 1.040.548 төгрөг тус тус гаргуулах шаардлага гаргасан ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 758 дугаартай шинжээчийн: “...дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт, хохирогч нь сард тогтмол хэдэн төгрөг олдог байсан нь тодорхойгүй, эгч Д.Сарантуяагаар зайлшгүй асруулах шаардлага байсан эсэх нь тодорхойгүй байх тул эдгээр шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон болно.

 

Шүүгдэгч Х.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 1.000.000 төгрөг өгсөн, үүн дээр талууд маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн байдлыг дүгнэхэд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал /бензин шатахууны зардалд 1.704.286 төгрөг, буудлын зардалд 695.000 төгрөг, нотариатын зардалд 15.000 төгрөг, өмгөөллийн зардалд 1.400.000 төгрөг/-д нийт 3.814.286 төгрөг, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3.627.470 төгрөг, нийт 7.441.756 төгрөгөөс шүүгдэгчийн хохирогчид өгсөн 1.000.000 төгрөгийг хасч үлдэх 6.441.756 төгрөгийг шүүгдэгч Х.Доос гаргуулж хохирогч Д.Эрдэнэсүхэд тус тус олгохоор, хохирлын нэхэмжлэлийн шаардлагаас нийт 6.422.887 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Эрдэнэсүх нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэсэн болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Х.Д нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Д нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-53/-аар тогтоогдож

байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх үндэслэлд хамааруулж, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, цахилгаан тогооны 1 ширхэг тагны ирмэг хүрээ, бариул, хагарсан шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд шүүгдэгч Х.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Түмэнжаргалын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд оногдуулсан 2.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3.814.286 төгрөг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд учирсан хохиролд 3.627.470 төгрөг, нийт 7.441.756 төгрөгөөс шүүгдэгчийн хохирогчид өгсөн 1.000.000 төгрөгийг хасч үлдэх 6.441.756 төгрөгийг шүүгдэгч Х.Доос гаргуулж хохирогч Д.Эрдэнэсүхэд олгохоор, хохирлын нэхэмжлэлийн шаардлагаас 6.422.887 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Хохирогч Д.Эрдэнэсүх нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, цахилгаан тогооны 1 ширхэг тагны ирмэг хүрээ, бариул, хагарсан шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ДАВААНАРАН