Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/128

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Ц.С /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ст холбогдох эрүүгийн 2029000000085 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  =

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.С нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн “Тоёота Коррола” загварын 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн 16 дугаар гудамжны цахилгаан дамжуулах агаарын шугамын дундын тулгуур шон болон Ч.Түвшинбаярын хашаа монгол гэрийг мөргөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Отгонхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ст холбогдох эрүүгийн 2029000000085 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ:

2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байхад өглөөний 10 цагийн орчимд Г.Амартайван надруу залгаж, юу хийж байна, хөдөө манай найзын машин шаварт суусан гэнэ хамт оччихоод ирэх үү гээд ярьсан. Би тэгье гээд дүүтэйгээ хамт Г.Амартайвантай очиж уулзаад хамт явсан. Хөдөө шаварт суусан машиныг шаварнаас нь гаргаж өгөөд Г.Амартайван, С.Отгонхүү гурвуулаа үлдээд миний цүнхэнд байсан 2 шил архийг хувааж уусан. 1 шил архиа уугаад 2 дахь шил архиныхаа талыг ууж байтал Г.Амартайван согтоод, тасраад унасан Г.Амартайван машины ард талд хэвтүүлээд С.Отгонхүү бас нилээн согтсон байсан. Тэгээд сум орж гэртээ харьж унтацгаая гээд С.Отгонхүүтэй ярилцаад явсан. Сумын төвийн урдуур тойроод манай гэр сумын зүүн талд байдаг болохоор зүүн талаар гэр рүүгээ орох гээд тойроод явж байгаад зүүн байрны үзүүрийн айлын хашааны ард талын элсэн дээр шарваад, зүүн талруугаа шарвахаар нь буруу тал руу нь дагуулаад, буруу талд нь шарвахаар нь зөв тал руугаа дарсан чинь утасны шон байсан. Тэр шонг хөндлөнгөөрөө жолоочийн буруу талын хаалгаараа шавхраад доороо эргээд урд талынхаа шонтой ойрхон айлын хашаа руу ороод айлын гэрийг ард талаас нь мөргөөд зогссон. Тэгсэн Отгонхүү гар өвдөөд гэхээр нь эмнэлэг явуулсан. Тэгээд би айл руу ороод айлын эзэнтэй уулзаад бэртэж гэмтсэн хүн байхгүй гэр ийм байдалтай болчлоо гэхээр нь би ямар ч хохирол гомдолгүй болгож өгнө гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө 10 цагт цагдаагийн хэлтэс дээр баригдсан. С.Отгонхүү манай дүү учир хагалгаанд орох зардлыг гэр бүлээрээ хуваагаад төлсөн, тэрээр хохирол төлбөр нэхэмжлээгүй, “ӨБЦТС” ТӨХК-д 557.000 төгрөгийг төлсөн, Ч.Түвшинбаярын эвдэрсэн эд зүйлийг авч өгсөн, “ӨБЦТС” ТӨХК болон Ч.Түвшинбаяр нь тус тус хохиролгүй болсон. Харин Ц.Хишигдэлгэрт учирсан автомашины хохирол 2.371.400 төгрөгийг төлж чадаагүй байгаа гэв.

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-12/,

 

  • Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэр зургийн үзүүлэлт /хх-13-19/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Отгонхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-42-43/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Түвшинбаярын өгсөн мэдүүлэг /хх-45-46/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ц.Хишигдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-48-50/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч “ӨБЦТС” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-52-53/,

 

- 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-56-57/,

 

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-62/,

 

- “Вендо” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-66-73/,

 

- “Вендо” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-74-81/,

 

- “Вендо” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №17280270 дугаартай автомашины үнэлгээний тайлан /хх-82/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Сын өгсөн мэдүүлэг /хх-95-97/,

 

- “ӨБЦТС” ТӨХК-ийн Тоног төхөөрөмжийн гэмтлийн №11/2020 дугаартай акт /хх-107/,

 

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-103/,

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, 557.000 төгрөг шилжүүлсэн баримт, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/97 дугаартай тогтоол /хх-102-137/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Ц.С нь 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн “Тоёота Коррола” загварын 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн 16 дугаар гудамжны цахилгаан дамжуулах агаарын шугамын дундын тулгуур шон болон Ч.Түвшинбаярын хашаа монгол гэрийг мөргөж зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчиж явсан С.Отгонхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Отгонхүүгийн өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байтал манай ах С руу Амартайван залгаад хүрээд ирээч гэсэн. Тэгээд би С ахтай хамт Амартүвшингийнд очсон. Чимэд-Очирын машин шаварт суучихсан байна ирээд гаргаад өгөөч гэж байна хамт яваад ирье гээд Амартайван 77-26 ӨМҮ улсын дугаартай саарал өнгийн машинд суугаад Амартайван, С ах цүнхнээсээ 2 шид 0.75 литрын экс нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд бид 3 тэрийг хувааж уугаад би нэлээн согтоод эхэлсэн тэгээд С ах Амартайвангийн машиныг бариад Амартайван арын суудал дээр унтаад би урд талын суудлыг хойшлуулаад хэвтээд өгсөн нэг мэдсэн түс тас гээд явсан тэгээд би сэрээд хартал айлын гэрийн араас мөргөчихсөн байсан тэгээд машинаас буугаад ирсэн чинь миний зүүн гар хөдөлж болохгүй өвдөөд байсан тэгээд би С ахаас гар хөдөлж болохгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-42-43/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Түвшинбаярын өгсөн “...би 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед гэртээ хүүхэдтэйгээ байж байсан чинь гэнэт гадаа юм дугараад тэгсэн гэрийн арын хана дотогшоогоо нурж орж ирээд зурагт, мөлхөө тавилга, ус буцалгагч газар унасан тэгээд би гялс гүйж гараад хартал манай хашааг 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж орж ирээд манай гэрийн ар лүү мөргөсөн байдалтай зогсож байсан. Тэгээд нөгөө машинаас хоёр хүн гарч ирээд нэг нь урагшаа хашааны хаалгаар гараад явж байсан...манай хашааны баруун талын цахилгаан дамжуулах шон унагаасан байсан” гэх авсан мэдүүлэг /хх-45-46/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ц.Хишигдэлгэрийн өгсөн “...12 цагт гэртээ ирэхэд миний 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байхгүй байсан тэгэхээр нь хүү Амартайван руу залгаад хаана байна машинтай явж байгаа юмуу гэсэн тэгсэн тийм би аваад явж байна Энержи отволны ард нэг машин шаварт суучихсан байна гэнэ тэрийг татаж гаргаж өгчихөөд ирье гэсэн тэгэхээр нь би за гээд орхичихсон...цагдаагаас над руу залгаад шинэ баригдаж байгаа цэцэрлэгийн ар талын гудамжид хүрээд ир гэсэн тэгээд очсон чинь миний машин хажуу талаараа юм мөргөчихсөн тэгээд бас айлын гэрийн араас мөргөчихсөн зогсож байсан. Тэгсэн миний хүү Амартайван машины арын суудал дээр согтуу аятай унтаж байсан...миний машины баруун гар талын хоёр хаалгаар бетон шон мөргөсөн байсан урд тал нь айлын гэр рүү орчихсон байсан болохоор юу нь гэмтсэнийг хараагүй үнэлгээ дээрээс харсан. Үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-48-50/

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч “ӨБЦТС” ТӨХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Алтангэрэлийн өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 30 минутын үед цагаан овоо гудамжны 16 дугаар гудамжид цахилгаан дамжуулах шугамны тулгуур баганыг 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж унагаасан байна гэж цагдаагаас хэлсэн. Тэгээд би осол болсон газарт очсон. Тэгсэн тог цахилгаан бол тасарсан гэмтэл гараагүй харин тулгуур баганыг нь мөргөж унагаад цаашаагаа айлын хашаа мөргөж ороод бас цаана нь байсан гэрийн араас нь мөргөөд унагаачихсан байсан тэгээд цагдаа үзлэг хийсэн...бусдаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-52-53/,

 

- 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн “...1.Toyota Corolla Axio маркийн 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Цэцэгжаргал овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. 2.Жолооч Цэцэгжаргал овогтой С нь BCD ангилалын №1161785 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй байна” гэсэн дүгнэлт /хх-56-57/,

 

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаартай шинжээчийн “...1.С.Отгонхүүгийн биед зүүн атгаалын далд хугарал гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-62/,

 

- “Вендо” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан “...2019 онд худалдан авсан 55 инчийн зурагт 1ш-959.940 төгрөг, мөлхөө гэрийн тавилга 1ш-192.000 төгрөг, цэвэршүүлэгчтэй хар өнгийн ус буцалгагч 1ш-168.000 төгрөг, монгол гэрийн тооно 1ш-150.000 төгрөг, монгол гэрийн хана 5 ш-400.000 төгрөг, хундага комоороо-15.000 төгрөг, монгол гэрийн гэрэл 1ш-7.200 төгрөг, 4,5 ханатай монгол гэрийн сүүдрэвч 1 ш-50.000 төгрөг, банзан хашаа 1 м.куб-72.000 төгрөг нийт 2.014.140 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-66-73/,

 

- “Вендо” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан “...шон 1ш-320.000 төгрөг, анхааруулах наалт-150.000 төгрөг, тээвэр /крантай/ хүн, цаг-120.000 төгрөг, цахилгаанчин /хүн цаг/-50.000 төгрөг нийт 505.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-74-81/,

 

- “Вендо” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №17280270 дугаартай автомашины үнэлгээний тайлан “...уг автомашинд үзлэг хийх үед баруун урд хаалга их хэмжээний чихэгдэж урагдсан, баруун хойд хаалга чихэгдэж хунирсан, баруун толь хугарсан, баруун урд крыло зурагдаж хонхойсон, баруун доод хормой хонхойсон, баруун дунд багана гулзайсан, урд буфер зурагдаж халцарсан, урд улсын дугаар болон хүрээ хагарч хонхойсон, баруун хойд крыло хонхойсон, баруун дээд мөр хунирсан, баруун хойд гэрэл хагарсан, зүүн урд крыло хонхойж хунирсан, зүүн урд хаалга шил хагарсан байдалтай байлаа. баруун урд хаалга /бүтэн/ солих-250.000 төгрөг, баруун хойд хаалга /бүтэн/ солих-250.000 төгрөг, баруун толь солих 150.000 төгрөг, баруун урд крыло засварлах-75.000 төгрөг, баруун доод хормой засварлах 120.000 төгрөг, баруун дунд багана засварлах-165.000 төгрөг, баруун дээд мөр засварлах 140.000 төгрөг, баруун хойд крыло засварлах 120.000 төгрөг, баруун хойд гэрэл солих-150.000 төгрөг, зүүн урд крыло солих 250.000 төгрөг, зүүн урд хаалга засварлах 85.000 төгрөг, зүүн урд хаалганы шил солих-50.000 төгрөг, урд буфер засварлах 80.000 төгрөг, урд улсын дугаар солих-15.000 төгрөг, урд буферын зүүн тогтоогч зам солих 35.000 төгрөг, хойд буфер засварлах 60.000 төгрөг, эд анги солих зардал 60.000 төгрөг, эд анги будах зардал /солигдсон/ 210.000 төгрөг, 700 г будаг тус мат лак 106.400 төгрөг нийт 2.371.400 төгрөгийн үнэлгээтэй” гэсэн дүгнэлт /хх-82/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Сын өгсөн “...Амартайван, Отгонхүү бид 3 үлдээд миний цүнхэнд байсан 2 шил архийг хувааж уугаад 17 цагийн үед Амартайвангийн машиныг бариад Амартайван согтоод арын суудалд унтаад Отгонхүү миний хажуу талд суугаад сумын төв рүү орж ирээд сумын ард талаар тойроод зүүн байрны үзүүрийн айлын хойд талын элсэн дээр машин зөв талдаа шарваж эхэлсэн. Тэгэхээр нь би буцааж дараад тэгсэн сүүлийн шарвалтан дээр баруун талын хаалгаараа гудамжинд байсан бетон шонг мөргөж унагаагаад яг халз урд талынх нь хашаа руу мөргөж орж цаана нь байсан таван ханатай гэрийн араас мөргөөд зогссон” гэх мэдүүлэг /хх-95-97/,

 

- “ӨБЦТС” ТӨХК-ийн Тоног төхөөрөмжийн гэмтлийн №11/2020 дугаартай акт /хх-107/,

 

- Тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/97 дугаартай тогтоол /хх-102-137/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Хяналтын прокуророос шүүгдэгч  Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

1. Хохирогч С.Отгонхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-62/-ээр нотлогдож байна.

 

Хохирогч С.Отгонхүү нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өгсөн “...хохирол бүрэн барагдуулсан болохоор уг хэрэгт яллагдагчар татагдсан С ахад минь тэнсэх шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч “ӨБЦТС” ТӨХК-ийн цахилгааны шон гэмтсэнээс 557.700 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-74-81/, “ӨБЦТС” ТӨХК-ийн Тоног төхөөрөмжийн гэмтлийн №11/2020 дугаартай акт /хх-107/-аар тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.С нь цахилгааны шон гэмтээсний хохиролд 557.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төлсөн болох нь хавтас хэргийн114 дүгээр хуудасд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бусдаас нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-52-53/-ээр тогтоогдож байна.

 

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Түвшинбаярын гэрийг мөргөснөөс түүнд 2.014.140 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-66-73/-аар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.С нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Түвшинбаярын хохирол /гэрийн эвдэрсэн зүйлийг авч өгч/-ыг барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...одоо надаас бусдаас нэхэмжлэх зүйл байхгүй, миний хохирол бүрэн төлөгдсөн” гэсэн мэдүүлэг /хх-44-46/-ээр тогтоогдож байна.

 

4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Хишигдэлгэрийн 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.371.400 төгрөгийн хохирол учирсан болох нь “Вендо” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №17280270 дугаартай автомашины үнэлгээний тайлан /хх-82/-гаар нотлогдож байна.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Хишигдэлгэрийн 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулаагүй болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Иймээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Саас “Тоёота Коррола” загварын 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 2.371.400 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Хишигдэлгэрт олгохоор, шүүгдэгч Ц.С нь “ӨБЦТС” ТӨХК-д эд хөрөнгөд учруулсан хохиролд 557.000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Түвшинбаярт хохирол төлбөрийг барагдуулсан, С.Отгонхүү нь хохирол нэхэмжлээгүй, “ӨБЦТС” ТӨХК,  Ч.Түвшинбаяр, С.Отгонхүү нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Ц.С нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.С нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан, хорих ялаа 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эдэлж дууссан, харин тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан нэмэгдэл ялаас 4 жил 6 сар 22 хоног үлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-103/ болон Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус нотлогдож байна.

 

Мөн шүүгдэгч нь согтуурсан үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг 2 удаа үйлдсэн нь түүнийг гэм буруугаа ухамсарлаагүй, гэмшээгүй байна гэж дүгнэхээр байна.

 

Иймээс  шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх 2 жилийн хугацаагаар хасах ял дээр Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялаас үлдсэн 4 жил 6 сар 22 хоногийг нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг 6 жил 6 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

 

Ялтан Ц.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоож, тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цагаадай овогт Цэцэгжаргалын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Сын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Ст оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар ялтан Ц.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх 2 жилийн хугацаагаар хасах ял дээр Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялаас үлдсэн 4 жил 6 сар 22 хоногийг нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг 6 жил 6 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жил 6 сар 22 хоногийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Саас “Тоёота Коррола” загварын 77-26 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 2.371.400 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Хишигдэлгэрт олгосугай.

 

8.  Шүүгдэгч Ц.С нь “ӨБЦТС” ТӨХК-д эд хөрөнгөд учруулсан хохиролд 557.000 төгрөг төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Түвшинбаярт хохирол төлбөрийг барагдуулсан, С.Отгонхүү нь хохирол нэхэмжлээгүй, “ӨБЦТС” ТӨХК,  Ч.Түвшинбаяр, С.Отгонхүү нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.

 

9. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН