| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2020/0113/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/129 |
| Огноо | 2020-08-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч: Г.Ү нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Үд холбогдох эрүүгийн 2029000040075 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Ү нь 2019 оны 12 дугаар сарын 25-29-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв Баянхөөврийн 23-03 тоотод байрлах иргэн А.Даваажавын гэрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч мөнгөөр хийсэн далыг хулгайлж, бусдад 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Үд холбогдох эрүүгийн 2029000040075 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ү мэдүүлэхдээ:
“...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр А.Даваажав надтай уулзаад, надаас машины 2 дугуй авсан. Тэр өдөр мөнгөн далаа алдсан байна гэж над дээр ирээд явсан. Төд удалгүй ахмад эзэнгүй хэргийн мөрдөгч гээд М.Намхайлхагва ирж, надаас мэдүүлэг авсан, маргааш эргээд уулзая гээд маргааш 10 цагаас би очиж уулзсан. Би аваагүй, мэдэхгүй гэдгээ хэлсэн. А.Даваажав гэх айлын гэрийн хойгуур чиний мөр байсан гэсэн гол нь А.Даваажав намайг гэрийн хойгуур дагуулж яваад, дугуй байгаа үзээдэх хэр дугуй байна хэрэггүй бол хаяна гээд гэрийнхээ хойгуур урдуур дагуулж яваад, граш руугаа дагуулж оруулсан. Тэр мөрийг үзээд М.Намхайлхагва мөрдөгч намайг сэжиглэж байцаасан. Тэрнээс хойш би хөдөө яваад эргээд сум руу орох гэсэн Корона вирус гээд сум руу орж чадаагүй, сүүлд орж ирсэн. Би хөдөө мал дээрээ гарах гээд гэр орноо бэлдээд байж байхад М.Намхайлхагва машинтайгаа ирээд ажил дээрээ аваачаад “мөнгөн далыг чи авсан, чамайг авсан гэдгийг нотлох 2 гэрч байна. Хэрвээ чи хэргээ хүлээн зөвшөөрөх юм бол чамайг 400,000 төгрөгөөр торгох эсвэл 6 сарын хугацаанд тэнсэх ял авах юмуу чи өөрөө сонго гэсэн” зүйл хэлээд байхаар нь би ингэж зууралдаж байхаар хэргийг хүлээгээд салах зорилгоор би авсан гэж хэлсэн. Анх Намхайлхагва надаас мэдүүлэг авахдаа хойноос нь давж орсон байсан гэж хэлж байсан. Тэр үүднээс би хойноос давж орсон гэж хэлсэн, гэрийн үүдэнд байхад А.Даваажав ирсэн, чи хаалгыг юугаар онгойлгосон юм гэхээр нь юугаар онгойлгосон гэх вэ гэж бодож байтал эд мөрийн баримтаар хураагдсан төмрийг А.Даваажав өөрөө барьж ирсэн, тэгэхээр нь энүүгээр онгойлгосон гэж хэлсэн. Маараа ах бас намайг хэргээ хүлээчих юм бол гомдлоо буцааж авчихна гээд байхаар нь би далыг авчихсан гээд худлаа хэлсэн, би бол далыг аваагүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр суурьнаас хэлэхэд Г.Үыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг хангалттай нотолсон зүйл байхгүй гэдгийг хэлье. Мөн хэргийг хянаж байсан мөрдөгч бол хуулийн хүн учраас өөрт ашигтай байдлаар мэдүүлэг өгнө. Мөрдөгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр суурьнаас миний үйлчлүүлэгчийг хөдөлбөргүй нотлох баримтаар А.Даваажавын орон байранд нэвтэрч ороод, мөнгөн дал хулгайлсан гэх зүйл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Ерөнхий прокуророос хэлж байна гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэргээ бүрэн, дүүрэн хүлээсэн байж, өмгөөлөгч аваад мэдүүлгээ өөр байдлаар өгөөд эхэлсэн гэдэг зүйлийг ярьсан. Үүнд өөрийн зүгээс байр сууриа хэлэх ёстой. Миний хувьд үйлчлүүлэгчдээ үг зааж өгдөггүй, хэрэг хийсэн хүнийг хийгээгүй бол гэж хэлдэггүй, шударга ёсны зарчим надад хэрэгжиж явдаг. Ямар нэгэн байдлаар үг зааж өгсөн, хэн нэгэн албан тушаалтныг буруутгах гэж хэлсэн зүйл надад байхгүй. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцож, хангалттай нотлох баримт тогтоогдохгүй байгаа тул сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдэж, цагаатгаж өгнө үү. Г.Үлтаних гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна” гэв.
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-15/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Даваажавын өгсөн мэдүүлэг /хх-19-21/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-31/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Даваажаваас дахин авсан мэдүүлэг /хх-32-33/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Баярхүүгээс авсан мэдүүлэг /хх-36-37/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Сүхбатаас авсан мэдүүлэг /хх-38-39/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Ариундэлгэрээс авсан мэдүүлэг /хх-40-41/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Үаас авсан мэдүүлэг /хх-42-44/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Хишигжаргалаас авсан мэдүүлэг /хх-45-46/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Энхчимэгээс авсан мэдүүлэг, гэрэл зураг /хх-47-50/,
-“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/38 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-53/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Үлтанихаас авсан мэдүүлэг /хх-59-60/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-62/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар, мөрдөгчийн тэмдэглэл, оршин суугаа газрын тодорхойлолт, эмчлүүлэгчийн карт,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Ажрахгүйгээс авсан мэдүүлэг /хх-132-134/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Сүхбат болон Ц.Ариундэлгэр нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-135-137/,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Намхайлхагвын мэдүүлэг /хх-138-140/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Даваажав мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны үед байхаа үйл хийдэг гэртээ очиж өвөөгөө буулгасан тэгээд орой нь явсан тэгээд 12 сарын 29-ний өглөө үйл хийдэг гэртээ ирэхэд цоож нь жоохон гажаад байгаа юм шиг эвгүй онгойсон тэгээд гэртээ орж ирээд бөөгийн эд зүйлээ шалгаж байхад миний бөө мөргөлд ашигладаг мөнгөөр хийсэн дал алга болсон байсан эргэн тойронд нь байсан мөнгөн аяга байсан тэгэхээр тухайн зүйлийг мэддэг хүн авсан гэж бодож байна...Жоохноо гэх хочтой Үлтаних гэдэг байхаа тухайн хүнийг сэжиглэж байна учир нь Сүхбат гэх надтай хамт ажилладаг хүн Ариундэлгэр гэх хүн рүү Жоохноо гэх хүн утасдаад чиний алдсан мөнгөн далны талаар яриад байсан гэсэн тул сэжиглэж байна” гэж мэдүүлгийн эх сурвалжаа заасан.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Сүхбат мэдүүлэхдээ: “...2020 оны 01 сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна ямар ч байсан манай гэрт Ариук гэж дууддаг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй манай танил орж ирж хамт архи уусан тэгээд сууж байхдаа Жоохноо гэх хүнтэй өөрийнхөө утсаар ярьсан тэгж байхдаа нэг далны талаар яриад байсан чи гайгүй шиг гарч чадах нуу гээд байсан тэгэхээр нь утсаар яриад дууссан дараа нь юу болсон юм гэж асуухад жоохноо Маараагийн гэрээс мөнгөн дал авсан тэрийгээ хөдөө айлд тавьсан юм шиг байна гэж хэлсэн өөр зүйл яриагүй. Маараа гэдэг нь миний танил бөө буулгадаг Даваажав гэдэг хүн байгаа юм би тухайн хүн дээр очиж үзүүлдэг Даваажав нь бөөгийн зан үйлд ашигладаг байсан мөнгөн далаа гэрээсээ алдсан талаараа ярьж байсан учир болсон зүйлийг Даваажавд хэлсэн” /хх-38-39/ гэж,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Ариундэлгэр мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 10-нд Сүхбатын гэрт очихдоо архи уучихсан согтуу байсан болсон зүйлийн талаар бүдэг бадаг санаж байна. Сүхбатын гэрт эхнэр хүүхэдтэйгээ ярьсан, өөр хүнтэй яриагүй, би ямар нэгэн далны талаар яриагүй, худлаа ярьж байна” /хх-40-41/ гэж тус тус зөрүүтэй мэдүүлдэг ба гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгахаар гэрч нараас 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нүүрэлдүүлж мэдүүлэг авахад: “...С.Сүхбат мэдүүлэхдээ: “Ц.Ариундэлгэр бид 2 архи уугаад сууж байхад Жоохноо гэх хүн залгаад далны хэргээр явчих гээд байх шиг байна гэсэн чинь Ариук чи тэгвэл наадахыг нь өгөөд хэргээсээ салчихгүй юу гэж хэлэхийг нь сонссон өөр юм сонсоогүй, эхнэртэйгээ утсаар ярихын хувьд ярьсан. Ярих үедээ Ц.Ариундэлгэр халамцуу байсан” гэж, Ц.Ариундэлгэр мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд Сүхбаттай хамт архи ууж байхад манай эхнэр залгаад чи хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би Сүхбатын гэрт байна, одоо ингэсгээд очлоо гэж хэлээд утсаа салгасан өөр хүнтэй утсаар яриагүй, би бүх үйл явдлыг санаж байна. Шаардлагатай гэж үзвэл тухайн үед залгасан дугаараа шүүлгэж болно” гэж мөн адил дахин зөрүүтэй мэдүүлэг /хх-135-136/ өгч байгаагаас дүгнэж үзэхэд С.Сүхбат, Ц.Ариундэлгэр нарын мэдүүлгээр хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Даваажавын мэдүүлгийн эх сурвалжийг тодорхойлох боломжгүйгээс гадна гэрч нар тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, болсон үйл явдлыг бүдэг бадаг санаж байна гэж гэрч нар хэн алин нь мэдүүлж байгаа, гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Намхайлхагва мэдүүлэхдээ: “...би хэргийн газарт очиход хохирогч А.Даваажав нь мөнгөн дал алдчихлаа. Намайг хаана нуусан байсанг Үлтаних л мэднэ. Үлтаних өмнө манай гэрээс бөөгийн өргөлийн архи хулгайлж байсан гэж хэлсэн учир Үлтаних гэх хүнтэй уулзаж гэрчээр мэдүүлэг авсан. Тэгэхэд Ү юм ярихгүй 20 минут орчим сууж байгаад “би архины барьцаанд дэлгүүрт тавих гэж авсан. Дэлгүүр явах замдаа мөнгөн далыг өөрийн утасны хамт гээсэн байсан” гэж мэдүүлэг өгсөн. Би шүүгч биш болохоор ямар ял авахыг чинь мэдэхгүй. Гэхдээ Үлтаних гэдэг хүн үнэхээр аваагүй бол “би хулгайлж аваад гээсэн” гэж хэлэх ямар ч шалтгаан байгаагүй...” гэсэн мэдүүлгээр улсын яллагч шүүгдэгчийг гэм буруутай нь нотлогдож байна гэх боловч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн, мэдэх болсон мөрдөн байцаагчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
3. Улсын яллагчаас: “шүүгдэгч Г.Ү гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргээ өөрөө хүлээсэн, мөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд тэрээр хашааг хэрхэн давсан, гэр рүү хэрхэн орсон, мөнгөн далны байрлал зэргийг заадаг, сум жижиг газар учраас сургаар хохирогч А.Даваажав шүүгдэгч Г.Үыг мөнгөн далыг авсан гэж хэлээд байгаа” зэргээр шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг орон байранд хууь бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус заасан байдаг.
Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2-т “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу улсын яллагчаас шүүгдэгч Г.Үлтанихыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг нотолбол зохих байдлын хүрээнд бүрэн нотолж тогтоож мэтгэлцэж чадаагүй гэж үзэж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасны дагуу Г.Үыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг хангалттай нотолсон баримт хэрэгт байхгүй. Өөрөө энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа. Иймд шүүгдэгч Г.Үлтанихыг гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцсэн болно.
Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” 2-т “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зааснаар хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Үд холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, шүүгдэгчийг цагаатгаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Г.Үыг холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2029000040075 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 мм диаметртэй 47.5 см урттай цагаан өнгийн металлд доод хэсэгтээ DO00976-B гэсэн бичигтэй, 6.4 см өндөртэй, 7.2 см өргөн, 13.5 см урттай дунд хэсэгтээ 3.6 см*7.2 см*3.3 см хэмжээтэй зайтай, хар өнгийн будагч бодисор будсан металл төмөр /1 ширхэг/, 6.5 см*4.5 см хэмжээтэй хар өнгийн металлаар бүрсэн цоож /1 ширхэг/-ийг А.Даваажавд буцаан олгохоор тогтоов.
Г.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 5, 6 дах хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Харчин овогт Гочоосүрэнгийн Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2029000040075 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Харчин овогт Гочоосүрэнгийн Үыг цагаатгасугай.
2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 мм диаметртэй 47.5 см урттай цагаан өнгийн металлд доод хэсэгтээ DO00976-B гэсэн бичигтэй, 6.4 см өндөртэй, 7.2 см өргөн, 13.5 см урттай дунд хэсэгтээ 3.6 см*7.2 см*3.3 см хэмжээтэй зайтай, хар өнгийн будагч бодисор будсан металл төмөр /1 ширхэг/, 6.5 см*4.5 см хэмжээтэй хар өнгийн металлаар бүрсэн цоож /1 ширхэг/-ийг А.Даваажавд буцаан олгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Ү нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиололд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд Г.Үд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН