| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2020/0115/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/132 |
| Огноо | 2020-08-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,
Шүүгдэгч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр
Хохирогч: С.Тэмүүжин
Хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Баярсайханы Бт холбогдох 2029000000098 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХК-ийн ажилчидын амрах байранд С.Тэмүүжинтэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж, зүүн гар луу нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч С.Тэмүүжингийн хохирол болох 74,000 төгрөг төлнө. Ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна” гэв.
Шүүх хуралдаанд хохирогч С.Тэмүүжин мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гардаг өдөр болохоор 2020 оны 06 дугаар сарын 16-ний өдөр байсан Б.Б бид хоёр нэг талбай дээр ажиллаад орой тараад тус тусынхаа байр луу явж байхдаа Б.Б надаас бааранд орох уу гэж асуусан би байдлаасаа болно гэж хэлээд бид хоёр салсан. Би өрөөндөө очоод хувцсаа солиод усанд орчоод Манлайн бааранд хүрээд очсон Б.Б байхгүй байсан. Тэгээд Б.Б руу залгасан утсаа аваагүй дахин залгаад Б.Б надад Оюут бааранд ууж байна гэсэн, та ирэх юм уу гэхээр нь очлоо гэж хэлсэн. Бааранд сууж байгаад баарны хаах цаг болоод хаасан тэгээд би Б.Б руу залгаад хаана байна гэсэн 6 дугаар блокны үүдэнд Гантулга ахтай тамхилж байна хүрээд ирэх үү гээд би очсон. Гантулга ахтай юм ярьж, Бтой мөн юм ярьсан. Маргааш хоёулаа нэг талбай дээр ажиллах юм байна, надаа материал зөөж өгөөрэй гэж хэлсэн. Тэгэх шалтгаан нь Б.Б гүнд ажилладаг байсан. Шатны ажлыг хоёроос дээш хүн хийж гүйцэтгэдэг, нэг материал зөөгөөд, нөгөө нь шатаа угсардаг тийм ажил байгаа. Тухайн үед маргааш нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллах байсан, ахлах ажилтан Содхүү болон Б.Б, би Зангибазар гэх залуу болохоор үдээс өмнө сургалттай байсан, үдээс хойш сургалтаа тараад бид нартай хамт Шафт 4 дээр ажиллах байсан. Тэгээд би Б.Бын хажууд сууж байгаад маргааш надад материал зөөж өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б чи муу надаар яахаараа материал зөөлгөдөг юм гээд эхлээд цохиод мөргөсөн, тэгээд намайг үг хэлээр доромжилж эхэлсэн чи муу цагдаа байхдаа суга байсан дүүг чинь ална гэх мэтээр доромжилсон. Тэгээд би тоогоогүй Гантулга ахтай яваад өгсөн. Өрөөндөө ороод хувцасаа тайлаад орондоо эхнэртэйгээ яриад байж байхад төд удалгүй Б гаднаас орж ирээд одоо чамайг ална, одоо чамайг дуусгачье гээд чи муу яахаараа надаар материал зөөлгөдөг юм гээд над руу дайрч хэл амаар доромжлоод намайг цохисон, тэгэхээр нь би шортоо өмсөөд байдал бишдвэл зугтах бодолтой байсан, яагаад гэвэл би Оюу толгойн сайтын дотоод журмыг мэддэг, сайт дотор зодоон цохионы асуудлыг авч үздэггүй. Б.Б над руу дайраад байхаар нь хоёр гарыг нь барисан, Б.Б надаас биеэр том, өндөр тул би дийлээгүй, тэр хугацаанд Б.Б намайг ор руу шахаад, орны хана мөргүүлээд, үстэж дараад, хөлөөс татаж унагаагаад би босох гээд хөшиглөж таараад миний гарыг хугалсан. Тухайн үедээ гар хугарсан гэдгийг мэдээгүй миний гар эвгүй болсон байсан. Тэгээд би Б.Б байж бай миний гар эвгүй боллоо гэсэн цаанаас нь манай өрөөний залуу ирээд Бум-Очирыг салгасан, тэгээд этэр хоёр гараад явсан, Б.Б эргэж орж ирээд над руу дайраад миний баруун надруу цохиж, доод талын зовхийг сэтэлсэн, зураг нь хавтаст хэрэгт тусгагдсан байгаа. Би Б хандаж за Очироо би чамд үнэхээр буруу зүйл хийсэн бол уучлаарай гэж хэлсэн тэгэхэд Б.Б намайг чи муу надаар материал зөөлгүүлдэг хэн юм гээд намайг хэл амаар доромжилж, миний гэр бүлийн хүнийг оролцуулж, танай дүүг чинь ална, дүүтэй цуг ална гэж доромжилсон. Намайг биеэ хамгаалах чадваргүй болсон байхад намайг алгадсан. Чи одоо ямар байдалтай болж байгаагаа харж байна уу намайг тохуурхаж заналхийлсэн. Би үүнд маш их гомдолтой байна. Тэр тусмаа миний ганц охиныг хүртэл оролцуулсан. Чиний ганц охиныг бодож чамайг амьд үлдээлээ гэсэн. Миний охин байгаагүй байсан бол энэ хүний гарт үхэх байсан юмуу? Өрөөнд хүмүүс орж ирээд салгахад Б.Б би чамайг чирээд гарна, угаасаа би ажлаасаа гарах гэж байсан юм чамаас болж эрт гарах болчихлоо, чамайг ажилгүй болгоно гэж санаатайгаар хэлсэн. Би маш их гомдолтой байна, би энэ хүний буруугаас болж ажилгүй болсон. Би эхнэр, хүүхэд, эмээ гураваа тэжээдэг, ганц ажил хийдэг хүн нь би, Б.Бын буруутай үйлдлээс болж би болон манай гэр бүл сэтгэл санаа, биеийн хохирлыг амсаж байна. Би банкинд 8 сая гаруй төгрөгийг зээлтэй, дээр нь ажлаасаа халагдсан, гараа хугалуулаад хөдөлмөрийн чадваргүй болсон, би хагалгаанд орж гараа 7-8 шрүфээр хадуулсан, жилийн дараа оёог нь авна гэж хэлсэн. Хөдөлмөр хийх чадваргүй болсон Би их гомдолтой байна, өөрийнхөө цалингүй байх хугацааны мөнгийг Б.Боос нэхэмжилж байна” гэв.
Хохирогч С.Тэмүүжингийн: “...Б бид 2 нэг талбай дээр хуваарилагдсан тэгэхээр нь маргааш чи надад материал зөөж өгөөрэй гэж хэлсэн чинь Б гэнэт чи яахаараа надаар материал зөөлгөдөг юм гэж уурлаад цохиж авангуутаа мөргөөд чамайг цагдаа байхыг чинь мэднэ чи муу юу юм гээд доромжлоод байхаар нь би амрах байр луугаа ороод орондоо орчихсон байсан чинь араас Б орж ирээд одоо чамайг ална чи муу яахаараа надаар турба зөөлгөдөг юм дүүг чинь ч мэднэ муу суга минь гэж намайг барьж авч боонгуутаа цохихоор нь зугтах бодолтой шорт, пүүзээ өмсөөд босч ирээд хоёр гарыг нь барьж авсан тэр үед гараа салгаж аваад дахиад миний толгой руу цохиж орлуу шахаад орны хана мөргүүлээд байхаар нь өөрөөсөө салгаж холдуулах гээд түлхсэн чинь миний хөлнөөс татаж үсдэж унагаад шалтай хавсарч мөргүүлсэн тэр үед өрөөний залуу Энхбаяр босч ирээд Быг тэвэрч чи яаж байгаа юм гээд цааш нь авч явахад Б намайг өшиглөсөн тэгэхэд би унасан байсан учир босч байх таарч гар оногдсон тэгэхэд л гар эвгүй болохоор нь Очироо миний гар эвгүй болчихлоо байж бай гэсэн тэр үед Быг Энхбаяр, Гантулга ах хоёр салгачихсан байсан. Удалгүй Энхбаяр, Гантулга хоёр гараад явсан хойгуур Б дахин орж ирээд би угаасаа энэ НБИК компаниас чинь зайлж 10 сараас гарах гэж байсан харин чамаас болж эрт явах болчихлоо маргааш явах юм чинь чамайг чирч зайлна ажилгүй болгоно гэж байгаад дахиад зодсон. Тэгэхдээ гараараа баруун нүдийг цохьсон тэгэхэд баруун нүд юм харахаа болиод цус гарч байсан. Тэгэхээр нь Очироо чи намайг орхичих би буруу үг хэлсэн бол уучлаарай чи намайг орхичих гэхэд чамайг ганц охиныг чинь бодоод амьд үлдээлээ бусдаар алчихмаар л байна гэх мэтээр доромжилсон” гэх мэдүүлэг /хх-н 9-12-р хуудаст/
Гэрч Ц.Энхбаярын: “...17 цагт ажлаасаа буугаад хоолондоо орчихоод байрандаа амарч байхад 22 цагийн орчимд Тэмүүжин орж ирсэн удалгүй Б араас нь хэрүүл хийж орж ирээд орон дээрээ сууж байсан Тэмүүжингийн гар луу өшиглөх шиг болсон тэгээд тэр хоёр зодолдоод эхлэхээр нь би хорьж Быг гаргачихаад гарч тамхины цэг орж тамхи татчихаад ороод ирсэн чинь нөгөө хоёр дахиад зодолдчихсон. Тэмүүжингийн нүүр нь цус болчихсон нэг гар нь нилээд хавдчихсан байхаар нь салгах гээд дийлэхгүй Б миний өөдөөс дайрч давшлаад эхэлсэн. Тэр үед манай өрөөний Гантулга гаднаас орж ирээд бид хоёр Бум-Очирыг гаргасан. Бын биед нь гэмтэл учраагүй. Харин Тэмүүжингийн гар хугарсан, нүдний доод зовхи язарч цус гарсан байсан аль нүд байсныг нь сайн санахгүй байна. Б ажлын төмөр хамгаалалттай шар гуталтай байсан тэр гутлаараа сууж байхад нь өшиглөсөн тэгэхэд нь гар нь хугарсан байх...” гэх мэдүүлэг /хх-н 16-18-р хуудаст/
Гэрч Н.Гантулгын: “...Б Тэмүүжин 2 зодолдчихсон Энхбаяр салгах гээд байж байсан. Тэгээд Энхбаяр бид 2 Быг салгаж гаргаж явуулсан. Дараа нь харахад Тэмүүжингийн нүүр нь цус болчихсон нэг гар нь нилээд хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-21-р хуудаст/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №7422 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...С.Тэмүүжингийн биед зүүн богтос ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 27-29-р хуудаст/,
Яллагдагч Б.Бын гэрчээр болон яллагдагчаар: “...21 цагийн үед Манлай кемп дээр 6 дугаар байрны гадна байх тамхины цэг дээр ажлын ах Гантулгатай тамхи татаад байж байхад Тэмүүжин, О.Гантулгын хамт ирж ярьж байгаад надад маргааш бид хоёр нэг доор ажиллана ах нь чамайг материаланд гүйлгэнээ гэсэн. Тэгэхээр нь би чи амжихгүй шүү хүн гүйлгэдэг хэн бэ гэж хэлээд маргалдсан. Тэр үед Гантулга бид хоёрыг хорьж Тэмүүжинг аваад явсан би байр луугаа явсан. Тэмүүжин, Гантулга ах хоёр нэг өрөөнд байдаг. Нөгөө О.Гантулга нь Оюут кемп дээр байдаг тэр үед яваад өгсөн. Би байрандаа очиж байж байгаад 23 цаг өнгөрөөд Тэмүүжингийн өрөөнд орж очсон. Тэмүүжин орондоо орчихсон хэвтэж байсан. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад Тэмүүжин хоёулаа гараад эр хүн шиг үзчихье гэж хэлээд хувцсаа өмсөөд орон дээр суусан. Тэр үед нь би өшиглөөд үстэж барьж авч унагасан. Тэгсэн хажуу орон дээрээс Энхбаяр босч ирээд намайг хорьж салгаад байр луу явуулсан. Тэгээд гадаа гараад удалгүй эргэж орж ирэхэд Тэмүүжин өрөөндөө ганцаараа орон дээрээ сууж байхаар нь шууд очоод нүд рүү нь цохьсон. Би болсон зүйлийн талаар өмнө нь өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн байгаа. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж, гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 22-24, 35-38-р хуудаст/
Шүүгдэгч Б.Бын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 58-64-р хуудаст/,
Б.Бын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 77-82-р хуудаст/,
Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 76-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Б холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХК-ийн ажилчдын амрах байранд С.Тэмүүжинтэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж, зүүн гар луу нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын мэдүүлэхдээ: “Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч С.Тэмүүжингийн хохирол болох 74,000 төгрөг төлнө. Ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч С.Тэмүүжингийн: “...Б бид 2 нэг талбай дээр хуваарилагдсан тэгэхээр нь маргааш чи надад материал зөөж өгөөрэй гэж хэлсэн чинь Б гэнэт чи яахаараа надаар материал зөөлгөдөг юм гэж уурлаад цохиж авангуутаа мөргөөд чамайг цагдаа байхыг чинь мэднэ чи муу юу юм гээд доромжлоод байхаар нь би амрах байр луугаа ороод орондоо орчихсон байсан чинь араас Б орж ирээд одоо чамайг ална чи муу яахаараа надаар турба зөөлгөдөг юм дүүг чинь ч мэднэ муу суга минь гэж намайг барьж авч боонгуутаа цохихоор нь зугтах бодолтой шорт, пүүзээ өмсөөд босч ирээд хоёр гарыг нь барьж авсан тэр үед гараа салгаж аваад дахиад миний толгой руу цохиж орлуу шахаад орны хана мөргүүлээд байхаар нь өөрөөсөө салгаж холдуулах гээд түлхсэн чинь миний хөлнөөс татаж үстэж унагаад шалтай хавсарч мөргүүлсэн тэр үед өрөөний залуу Энхбаяр босч ирээд Быг тэвэрч чи яаж байгаа юм гээд цааш нь авч явахад Б намайг өшиглөсөн тэгэхэд би унасан байсан учир босч байх таарч гар оногдсон тэгэхэд л гар эвгүй болохоор нь Очироо миний гар эвгүй болчихлоо байж бай гэсэн тэр үед Быг Энхбаяр, Гантулга ах хоёр салгачихсан байсан. Удалгүй Энхбаяр, Гантулга хоёр гараад явсан хойгуур Б дахин орж ирээд би угаасаа энэ НБИК компаниас чинь зайлж 10 сараас гарах гэж байсан харин чамаас болж эрт явах болчихлоо маргааш явах юм чинь чамайг чирч зайлна ажилгүй болгоно гэж байгаад дахиад зодсон. Тэгэхдээ гараараа баруун нүдийг цохьсон тэгэхэд баруун нүд юм харахаа болиод цус гарч байсан. Тэгэхээр нь Очироо чи намайг орхичих би буруу үг хэлсэн бол уучлаарай чи намайг орхичих гэхэд чамайг ганц охиныг чинь бодоод амьд үлдээлээ бусдаар алчихмаар л байна гэх мэтээр доромжилсон” гэх мэдүүлэг /хх-н 9-12-р хуудаст/
Гэрч Ц.Энхбаярын: “...17 цагт ажлаасаа буугаад хоолондоо орчихоод байрандаа амарч байхад 22 цагийн орчимд Тэмүүжин орж ирсэн удалгүй Бум-Очир араас нь хэрүүл хийж орж ирээд орон дээрээ сууж байсан Тэмүүжингийн гар луу өшиглөх шиг болсон тэгээд тэр хоёр зодолдоод эхлэхээр нь би хорьж Быг гаргачихаад гарч тамхины цэг орж тамхи татчихаад ороод ирсэн чинь нөгөө хоёр дахиад зодолдчихсон. Тэмүүжингийн нүүр нь цус болчихсон нэг гар нь нилээд хавдчихсан байхаар нь салгах гээд дийлэхгүй Б миний өөдөөс дайрч давшлаад эхэлсэн. Тэр үед манай өрөөний Гантулга гаднаас орж ирээд бид хоёр Быг гаргасан. Бын биед нь гэмтэл учраагүй. Харин Тэмүүжингийн гар хугарсан, нүдний доод зовхи язарч цус гарсан байсан аль нүд байсныг нь сайн санахгүй байна. Б ажлын төмөр хамгаалалттай шар гуталтай байсан тэр гутлаараа сууж байхад нь өшиглөсөн тэгэхэд нь гар нь хугарсан байх...” гэх мэдүүлэг /хх-н 16-18-р хуудаст/
Гэрч Н.Гантулгын: “...Б Тэмүүжин 2 зодолдчихсон Энхбаяр салгах гээд байж байсан. Тэгээд Энхбаяр бид 2 Быг салгаж гаргаж явуулсан. Дараа нь харахад Тэмүүжингийн нүүр нь цус болчихсон нэг гар нь нилээд хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-21-р хуудаст/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №7422 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...С.Тэмүүжингийн биед зүүн богтос ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 27-29-р хуудаст/,
Яллагдагч Б.Бын гэрчээр болон яллагдагчаар: “...21 цагийн үед Манлай кемп дээр 6 дугаар байрны гадна байх тамхины цэг дээр ажлын ах Гантулгатай тамхи татаад байж байхад Тэмүүжин, О.Гантулгын хамт ирж ярьж байгаад надад маргааш бид хоёр нэг доор ажиллана ах нь чамайг материаланд гүйлгэнээ гэсэн. Тэгэхээр нь би чи амжихгүй шүү хүн гүйлгэдэг хэн бэ гэж хэлээд маргалдсан. Тэр үед Гантулга бид хоёрыг хорьж Тэмүүжинг аваад явсан би байр луугаа явсан. Тэмүүжин, Гантулга ах хоёр нэг өрөөнд байдаг. Нөгөө О.Гантулга нь Оюут кемп дээр байдаг тэр үед яваад өгсөн. Би байрандаа очиж байж байгаад 23 цаг өнгөрөөд Тэмүүжингийн өрөөнд орж очсон. Тэмүүжин орондоо орчихсон хэвтэж байсан. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад Тэмүүжин хоёулаа гараад эр хүн шиг үзчихье гэж хэлээд хувцсаа өмсөөд орон дээр суусан. Тэр үед нь би өшиглөөд үсдэж барьж авч унагасан. Тэгсэн хажуу орон дээрээс Энхбаяр босч ирээд намайг хорьж салгаад байр луу явуулсан. Тэгээд гадаа гараад удалгүй эргэж орж ирэхэд Тэмүүжин өрөөндөө ганцаараа орон дээрээ сууж байхаар нь шууд очоод нүд рүү нь цохьсон. Би болсон зүйлийн талаар өмнө нь өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн байгаа. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж, гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 22-24, 35-38-р хуудаст/
Шүүгдэгч Б.Бын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 58-64-р хуудаст/,
Б.Бын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 77-82-р хуудаст/,
Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 76-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хоёр. Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч С.Тэмүүжингийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 7422 дугаартай “1. С.Тэмүүжин-н биед зүүн богтос ясны далд хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, баруун зовхины цус хуралт, зулгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” /хх-н 27-28-р хуудаст/, дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Тэмүүжинд 74.660 төгрөгийн төлөх төлбөртэй, шүүгдэгч нь өмнө нь хохирогчид 300.000 төгрөг төлсөн ба талууд энэ талаар маргаагүй болно. Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Тэмүүжинд 2020 оны 08 дугаар сарын 20-ны 600.000 төгрөг /хх-ийн 120-р хуудас/ нийт 900.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Боос 74.660 төгрөгийг гаргуулж хохирогч С.Тэмүүжинд олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч С.Тэмүүжин нь нөхөн төлбөрт 840.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Тэмүүжин нь 840.000 төгрөгийн баримт, цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Гурав.Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчид хохирол төлбөр төлсөн, төлөхийг зөвшөөрсөн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 56 дугаар хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол 8 цагийн нийтэд тустай ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож сольдог болохыг сануулав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Баярсайханы Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол 8 цагийн нийтэд тустай ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Боос хохирогч С.Тэмүүжинд 74.660 төгрөгийг гаргуулж олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч С.Тэмүүжин нь нөхөн төлбөрт 840.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Тэмүүжин нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж 840.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Тэмүүжинд 900.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ