| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 182/2016/01176/И |
| Дугаар | 102/ШШ2017/00596 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/00596
| 2017 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/00596
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 5 дугаар баг, 5 дугаар хэсэг, 072 тоот хаягт бүртгэлтэй, Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, 12 дугаар байр, 2-9 тоот хаягт оршин суух, Цулын тав овогт Цогтоогийн Баярбат /РД:МЭ85081313/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, хд26 дугаар байр, 2 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Батхуягийн Баатарзориг /РД:МЮ79031155/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмөнх, хариуцагч Б.Баатарзориг, хариуцагчийн өмгөөлөгч А.Ганбат /ШТҮД: 0656/, гэрч С.Март, Ч.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баярбатын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Баярбат нь анх Б.Баатарзоригтой 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулж, урьдчилгаа 500.000 төгрөг өгсөн. 4.000.000 төгрөгийн машиныг 8.000.000 төгрөг болгож авах жишээний 10 хувийн хүүтэй төлбөр хийлгэж мөнгө хүүлдэг байсан. Хариуцагч гэрээний нэг хувийг нэхэмжлэгчид өгөөгүй байдаг. Гэрээний дагуу төлбөрийг сард 2 удаа хувааж буюу 200.000 төгрөгөөр 2 удаа төлж, нийт 400.000 төгрөг төлөхөөр тохирсон. Ингээд гэрээний дагуу төлбөрөө төлөөд явж байгаад сүүлийн төлбөрийг төлөлгүй 2 хоног хэтэрсэн байхад машиныг замаас нь унаад алга болсон. Ингээд Ц.Баярбат үлдсэн мөнгийг шилжүүлэхэд гэрээний хугацаа 2 хоног хэтэрсэн ба цагдаагийн байгууллагад хандаад нэмэргүй гэсэн байдлаар дарамталж машиныг авсан байдаг. Гэрчээр асуугдах хоёр хүн нь бэлнээр мөнгө өгч байсан тухай бүх зүйлийг нотолно. Бидний тооцсоноор 1.800.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн тухай баримт байгаа. Хариуцагч машиныг журмын хашаанд оруулснаас болж төлсөн 500.000 төгрөгийг өөрөө төлсөн гэдэг. Харин Ц.Баярбатын ах машиныг согтуугаар барьж яваад журмын хашаанд оруулсан төлбөрийг Ц.Баярбат өөрөө ажил хийж төлсөн юм. Үүнийг мөн гэрчүүд нотолно. Харин хариуцагч тал нь дээрхи мөнгийг өөрөө төлж авсан гэж үндэслэлгүйгээр худал хэлсэн. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг 6.400.000 төгрөг гэж тооцсон. Энэ талаар нарийн тооцсон дэвтэр гэрч С.Мартад байгаа. Нэхэмжлэгч өдөр болгон 30.000 төгрөгийг Аяны шарга ХХК-д төлж байсан тухай баримт байдаг. Бэлнээр төлсөн мөнгийг тооцоход 5.300.000 төгрөг төлсөн байдаг. Мөн Ц.Баярбат нь Аяны шарга ХХК-д өөрийн биеэр ажиллаж өдөрт 30.000 төгрөгөөр тооцож төлбөрөөсөө хасуулж байсан. Бэлнээр урьдчилгаа болгож төлсөн 500.000 төгрөг нь бэлэн өгсөн баримттай байгаа гэх 1.800.000 төгрөгт ороогүй байгаа. Иймээс хариуцагчаас нийт тооцоолсноор 6.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Б.Баатарзориг нь өөрөө Б.Баярбаттай гэрээ байгуулсан гэдгээ хэлж нотолдог. Манай зүгээс энэхүү гэрээг лизингийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Гэрээ хийсэн гэж байгаа бол ямар гэрээ хийсэн тухайгаа тодруулахыг хариуцагчаас хүсч байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн дагуу хариуцагчаас 6.400.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.Баатарзориг шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулагдсан эсэх тал дээр бидний хооронд байгуулагдсан гэрээ нь аль эрт хүчингүй болсон. Учир нь Б.Баярбат гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөрөө цаг тухайд нь төлж байгаагүйн улмаас гэрээ цуцлагдсан байгаа. Дараа нь Б.Баярбат миний машиныг ашиглаж эзэмшиж байсан. Уг машиныг Б.Баярбат нь өөрийн хэрэгцээнд унаж, халтуур хийж мөнгө олж амьжиргаагаа залгаж, гэр бүлээ тэжээдэг байсан бөгөөд үүнийхээ л төлбөрийг төлж байсан. Сүүлд нь би яагаад энэ бүхнийх нь төлөө төлбөр төлөх ёстой болсон гэдгээ ойлгохгүй байна. Хэрэв үнэхээр хохирсон бол яагаад тэр үед нь арга хэмжээ авахгүй сүүлд 6,7 сарын дараа мөнгө нэхэмжилж байгаа юм. Үндэслэлтэй зүйл ярих хэрэгтэй. Арай хэтэрхий байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг маргаан нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурладаг. Хэн нэгний хэлсэн зүйлээр хэрэгт хамааралтай нотлох баримт гэж үзэж байгаа бол энэ өмгөөлөгчийн ажил биш юм. Ажлаа мэдэж хийх хэрэгтэй. Миний үйлчлүүлэгч надад удаа дараа хэлж байсан. Б.Баярбат нь машиныг өөрийн эзэмшилд авсны дараа удаа дараа зөрчил гаргаж тэр бүхнийх нь торгуулийг би төлдөг байсан. Согтуугаар жолоо барьдаг байсан. Өөр хүнд шилжүүлдэг байсан гэх зэрэг хохирол цөөнгүй амссан. Гэхдээ энэ бүхнийг шүүх хурал дээр яриад яах вэ. Хүн чанарын хувьд барьцаа мөнгө болох 500.000 төгрөгийг нь өгье. Үүнээс өөр бусад байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний машинаар гэр бүлээ тэжээж амьдралаа залгуулдаг байсных нь төлөө би төлбөр төлөх шударга биш байна гэдэг. Шүүх хуралдаан өмнө нь олон удаа хойшилж байсан. Шударга ёсны үүднээс талуудыг өөрсдийг нь оролцуулах хэрэгтэй байсан. Энэ хугацаанд талууд эвлэрэх боломж байсан. Гол маргаанд хамааралтай хүмүүс өөрсдөө байхгүй уулзалдахгүй байсан болохоор боломж бүрдсэнгүй. Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн С.Март нь Б.Баярбатын эхнэр нь мөн эсэхийг нотолсон баримт байхгүй байна. Эхнэр нь мөн бол гэрлэлтийн гэрчилгээ байх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үнийн дүнг тодорхой нотлох баримтаар нотлох ёстой. Нарийн тооцоо байх ёстой. Мөн ямар хууль зүйн үндэслэлээр энэхүү мөнгийг нэхэмжилж байгаагаа өөрөө тодорхой нотлох ёстой. Б.Баярбатын шилжүүлсэн мөнгөний бүхий л тооцоо дансны хуулгыг авч ирсэн байгаа. Манай үйлчлүүлэгч хууль зүйн мэдлэггүйн хувьд алдаа гаргасан байж болох юм. Гэхдээ хүн чанарын хувьд өөрийн 2 машиныг нутгийн хүн учир Б.Баярбатад ашиглуулж туслах гэж л ийм зүйл болсон. Түүнээс хойш өчнөөн хугацаа өнгөрсөн байхад яагаад одоо нэхэмжлэл гаргаж байгаа вэ. Б.Баатарзориг урьдчилгаа 500.000 төгрөгийг өгч болно гэж хэлж байсан. Нэхэмжлэгч тал анх аль шүүхэд хандахаа мэдэхгүй л явж байсан. Бид хуульч хүний хувьд шударга зарчмын үүднээс үйлчлүүлэгч нартаа зөвлөгөө өгөх ёстой байдаг. Тиймээс ч бид харъяалал чинь буруу байна үндэслэл чинь буруу байна гэж хэлж байж засуулсан. Тэгээгүй бол тухайн үед энэ хэрэг маргаан хэрэгсэхгүй болох байсан. Энэ бүхнийг харгалзаж үзэх хэрэгтэй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баярбат нь хариуцагч Б.Баатарзоригт холбогдуулан 6.400.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь гэрээ байгуулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Дараах үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Ц.Баярбат нь хариуцагч Б.Баатарзориг нар нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Б.Баатарзоригийн эзэмшлийн 80-75 УНЦ улсын дугаартай, Верна аксент маркийн автомашиныг 500.000 төгрөгийн урьдчилгаа өгч, өдрийн 30.000 төгрөгөөр, 400 хоногийн хугацаатай, түрээслэхээр тохиролцжээ.
Хэдийгээр хэрэгт бичгээр байгуулсан гэрээ гаргаж өгөөгүй боловч зохигчид дээрх нөхцлөөр гэрээ байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд тэдний хооронд санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
Уг гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2015 оны 3 сард гэрээг 2 тал цуцалж, хариуцагч Б.Баатазориг нь 80-75 УНЦ улсын дугаартай, Верна аксент маркийн автомашиныг буцаан авсан болох нь гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбар, Автотээврийн Үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байна.
Дээрх гэрээг цуцалсны дараа 2015 оны 4 дүгээр сараас эхлэн 78-35 УНБ улсын дугаартай автомашинийг хариуцагч Б.Баатарзоригоос өдрийн 25.000 төгрөгийг хоногийн хугацаанд төлөхөөр авч ашигласан байна.
Уг автомашиныг ашиглахдаа бичгээр гэрээ байгуулаагүй талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хугацаа дуусахаас өмнө машинаа үндэслэлгүй авсан тул бүх төлсөн төлбөрөө гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч нь түр ашиглуулсан бөгөөд ямар нэг гэрээ байгуулаагүй учир шаардах эрхгүй гэж маргаж байна.
Хэдийгээр зохигчид гэрээ байгуулаагүй, хариуцагч Б.Баатарзориг нь би автомашинаа туслах зорилгоор зүгээр л ашиглуулж байсан гэх боловч нэхэмжлэгч нь ашиглаж байх хугацаандаа төлбөр төлж байсан гэдгийг үгүйсгээгүй зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтанд эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д Санхүүгийн түрээсийн гэрээг бичгээр хийнэ, 313.3-д Энэ зүйлд заасан журмыг зөрчсөн санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй тул тэдний хооронд үүссэн санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа нь хүчин төгөлдөр бус байна.
Д.Баярын газар эзэмших эрх шилжүүлж авсан гэрээ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй байх тул мөн зүйлийн 128.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Т.Энхбат, Д.Баяр нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Д.Баяр нь газар эзэмших эрхийг гэр бүлийн гишүүдэд буцаан өгөх үүрэгтэй байна.
Гэвч хариуцагч Т.Энхбат нь уг газар эзэмших эрхийг буцаан авахыг шаардаагүй, нэхэмжлэгчид энэ талаар шаардлага гаргах эрх олгоогүй байх тул нэхэмжлэгч С.Пүрэвсүрэнгийн гаргасан нэхэмжлэлээс газар эзэмших эрхийг Т.Энхбатын нэр дээр шилжүүлэхийг даалгуулахаас бусад шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийг хуваан гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 313.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримталж, хариуцагч Б.Баатарзоригоос 1.120.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баярбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.280.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31.430 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Баярбатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ