Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 736

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б******* овогт Б*******ын Г 

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/611 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Г 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/451 тоот захирамжаар Х******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт 650м2 газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээ авсан байна. 2015 оны 05 дугаар сард орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх үед газар эзэмшлийн асуудлаар “Х*******” СӨХ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар маргаан сунжирч хамгийн сүүлд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2016 оны 11 дүгээр сард барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авч барилгын ажлыг дахин эхлүүлэхээр бэлтгэж байтал Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 сарын 04-ний өдрийн А/611 дүгээр захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Миний бие Монгол улсын Газрын тухай хуулийн 40-р зүйлийг ямар нэг байдлаар зөрчөөгүй бөгөөд барилгын ажлыг эхлүүлээгүй байсан явдал нь нэхэмжлэгч “Х*******” СӨХ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж цаг хугацаа алдагдуулсан, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваад удаагүй байхад НЗД, Нийслэлийн газрын алба надад мэдэгдэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон явдалд гомдолтой байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Гын Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/611 дүгээр захирамжийн Б.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна.

Иргэн Б.Г нь Х******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаартай газрыг анх 2004 оны 344 дүгээр захирамжаар эзэмших эрхтэй болсон ба 2010 оны 329 дүгээр захирамжаар орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай, 2015 оны 451 дүгээр захирамжаар орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус сунган эзэмших эрхийн гэрчилгээг авсан байна.

Иргэн Б.Г нь Монгол улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтыг зөрчсөн гэж үзэн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/611 дүгээр захирамжийн Б.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгосон юм. Тус захирамж гарахаас өмнө иргэн Б.Гыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуудаж сонсгох ажиллагаа явуулсан байдаг ба 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/3292 тоот албан бичгээр иргэн Б.Гт 2018 оны А/611 дугаартай захирамжийн талаарх мэдэгдлийг хүргүүлсэн.

Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч, хууль дүрмийн хүрээнд тус захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Б.Г “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/611 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Гт анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” дугаар 344 тоот захирамжаар маргаан бүхий Х******* дүүрэгт байрлах газрыг амины орон сууцын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” дугаар 329 тоот захирамжаар маргаан бүхий Х******* дүүргийн******* хороонд байрлах газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” дугаар А/451 тоот захирамжаар Х******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар А/611 тоот захирамжаар Х******* дүүргийн ******* хороо /хуучнаар******* хороо/-ны нутаг дэвсгэрт контор, үйлчилгээний зориулалтаар 650 м.кв газар эзэмшиж байгаа иргэн Б.Г нь тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Б.Гын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Б.Гт Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр № 425/2014 тоот “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг олгосон байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Хатан туул” СӨХ-ийн “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 329 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-ыг шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний дугаар 6258 тоот захирамжаар Б.Гт эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 329 дүгээр захирамжийн Б.Гт холбогдох хэсгийг “Хатан туул” СӨХ-ны нэхэмжлэлтэй, НЗДд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. 

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын Б.Гт хүргүүлсэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн № 2/885 тоот албан бичигт “ХУД-ийн ******* хороо, Зайсангийн гүүрний баруун талд баригдах 32 айлын орон сууцны 9 давхар барилгад техникийн нөхцөл хүссэн таны хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн техникийн нөхцөл олгох зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Уг байршилд манай харьяаллын шугам сүлжээ байхгүй тул орчны хэрэглэгчидтэй зөвшилцөх шаардлагатай. Мөн шинээр хийгдэж буй Зайсангийн бохир усны шугам ашиглалтанд ороогүй байгаа тул техникийн нөхцөл олгох боломжгүй байна” гэсэн байна.

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын ОНӨААТҮГ-ын тус шүүхэд ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12/2514 тоот албан бичигт “Х******* дүүргийн Зайсангийн аманд үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд сайн дураараа нийлж, дэд бүтцийн асуудлыг шийдэх зорилгоор 2013 онд Зайсан дэд бүтэц холбоог байгуулсан байдаг. Тус холбоо нь ф300-600 мм-ийн бохир усны хуванцар шугамыг өөрсдийн хөрөнгөөр угсарсан боловч одоогийн байдлаар улсын комисс ажиллуулж шугам сүлжээг хүлээлгэн өгөөгүй байна. Гэсэн хэдий ч дээрхи шугаманд холбогдсон УСУГ-тай гэрээтэй 18 иргэд, байгууллага байдаг ба эдгээр нь Зайсан дэд бүтэц холбооноос албан ёсны зөвшөөрөл авсан, шугам сүлжээтэй холбоотой бусад бичиг баримтыг бүрдүүлэн хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах аж ахуйн гэрээг манай байгууллагуудтай хийдэг болно” гэсэн байна.

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын ОНӨААТҮГ-ын Б.Гт хүргүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2/2297 тоот албан бичигт “ХУД-ийн ******* хороо, Зайсангийн гүүрний баруун талд баригдах 32 айлын орон сууцны 9 давхар барилгад техникийн нөхцөл хүссэн танай хүсэлтүүдийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлаар тус тус хэлэлцэж, тухай бүрт нь хурлын шийдвэрийн дагуу албан бичгээр хариу өгч байсан. Тухайн байршилд “Зайсан дэд бүтэц хоблоо” ГҮТББ-ын гишүүн байгууллагуудын хамтарсан хөрөнгө оруулалтаар шинээр хийгдсэн бохир усны ф300-600 мм-ийн шугамыг улсын комисс байнгын ашиглалтанд хүлээж аваагүй байгаа тул одоогоор техникийн нөхцөл олгох боломжгүй байгааг мэдэгдье” гэсэн байна.

 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан байна.

Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

Учир нь нэхэмжлэгчээс өөрөөс нь хамаарах шалтгаанаар биш, харин бусдаас, бусад нөхцөл байдлаас хамаарах шалтгаанаар Б.Г нь маргаан бүхий газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээр байна.

Тодруулбал Ус сувгийн удирдах газраас тодорхой шалтгааны улмаас техникийн нөхцөл олгоогүй болох нь тус газрын дээр дурдсан албан бичгүүдээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхгүй.

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны, оршин суугчдын эсэргүүцлийн улмаас барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй байсан гэсэн агуулгаар нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байх бөгөөд энэ нь хэрэгт цугларсан 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 221 дугаар шүүхийн шийдвэр, 2015 оны 08 дугаар сарын 11-ний дугаар 6258 тоот шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн тайлбар гэх мэт баримтуудаар нотлогдож байна.

Цэвэр, бохир усны шугамын техникийн нөхцлийг авалгүйгээр барилгын ажлыг эхлүүлэх хууль, журамд нийцэхгүй, уг техникийн нөхцлийг авалгүйгээр барилгын ажлыг эхлүүлэх ёсгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Мөн бодит нөхцөл байдлыг нарийвчлан шалган тогтоох үүргээ хариуцагч биелүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд алдаа гаргасан гэсэн агуулгаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч яагаад газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй буюу бодит байдалд барилгын ажлаа яагаад эхлүүлэхгүй байгаа бодит шалтгаан, нөхцлийг судлан шалгах /цэвэр, бохир усны техникийн нөхцөл яагаад олгогдохгүй байгаа шалтгааныг судлан шалгах гэх мэт/, үүнтэй холбоотой нотлох баримт цуглуулах ажиллагаа хийх зэрэг үүргээ хариуцагч биелүүлээгүй байна. 

Мөн тус шүүхээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд очиж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар А/611 тоот захирамжийн төслийн хувийн хэрэгт үзлэг хийж, баримтуудын эх хувиудыг гэрэл зургаар бэхжүүлэн авч хэрэгт хавсаргасан ба уг үзлэгийн дагуу хэрэгт цугларсан Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулахад санал авах хуудсаас үзэхэд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар А/611 тоот захирамж гарсаны дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр холбогдох албан тушаалтнуудаас санал авсан нь нотлогдож байна.

Дээрхээс үзэхэд 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дугаар А/611 тоот захирамжийн гаргахдаа цаг хугацааны хувьд логик зөрчилтэй, шийдвэр гаргах ажиллагааны журам, дараалал зөрчсөн болох нь нотлогдож байх ба энэ талаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” дугаар А/611 тоот захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         М.Б