Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0147/З |
Дугаар | 221/MA2022/0534 |
Огноо | 2022-08-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 221/MA2022/0534
Д.П-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 364 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0147/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.П-ээс “Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 364 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/373 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/528 дугаар захирамжаар Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүс-3/16030/ хаягт байрлах, нэгж талбарын 1681210163 дугаарт бүртгэлтэй 345 болон 780 кв.м газрыг 15 жилийн хугацаагаар, аж ахуйн зориулалтаар эзэмшиж байсан иргэн Д.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон байдаг.
3.2. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг үндэслэл болгон иргэн Д.П-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
3.3. Харин Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/373 дугаар захирамж гарах хүртэл тухайн газрыг аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаагүй байдаг. Энэ нь Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргасан холбогдох баримт, хэрэгт хавсаргасан бусад нотлох баримт, мэдээллээр тогтоогддог.
3.4. Тухайн маргаан бүхий газрыг анх Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ сунгах, баталгаажуулах, зориулалт, талбай, байршил өөрчилж байгаа тухай” А/367 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Тээвэр ачлал” ХХК-ийн зүүн талд гэсэн байршилд иргэн Д.Б-д аж ахуйн зориулалтаар хур хог цэвэрлэсэн тул 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон байдаг.
3.5. Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/122 дугаар захирамжаар газрын байршил өөрчлөгдөн гэрчилгээний хугацаа сунгасан нь хууль бус юм.
3.6. Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/169 дугаар захирамжаар Д.Б-ээс Д.Д-т, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/528 дугаар захирамжаар Д.Д-ээс Д.П-д газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжсэн байдаг.
3.7. Дээрх Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/122 дугаар захирамжаар газрын байршил өөрчлөгдсөн нь хууль бус ба түүнээс улбаалан бусад захирамж,шийдвэр нь хууль бус юм.
3.8. Иймд тус хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн нь үндэслэлтэй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 364 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Д.П-ээс “Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.2. Маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Үйлдвэрийн төвийн бүс-3 (16020) хаягт байрлах 1681210182, 1681210183 нэгж талбарын дугаартай, аж ахуйн зориулалттай 345 м.кв, 780 м.кв газрыг эзэмшүүлэх эрх олгосон тус дүүргийн Засаг даргын 2020 оны А/528 дугаар захирамжийн иргэн Д.П-д холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 40 дүгээр зүйлийн 40.1.16-д заасныг үндэслэн хүчингүй болгосон байна.
2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, анх Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх, гэрээ сунгах, баталгаажуулах, зориулалт, талбай, байршил өөрчилж байгаа тухай” А/367 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Тээвэр ачлал” ХХК-ийн зүүн талд 1126 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар иргэн Д.Б-д 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/122 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгажээ.
2.4. Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/169 дүгээр захирамжаар иргэн Д.Б-ээс иргэн Д.Д-т газар эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/323 дугаар захирамжаар маргаан бүхий газрын хэмжээг 780 м.кв болон 345 м.кв болгон өөрчилсөн байна.
2.5. Ийнхүү 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/528 дугаар захирамжаар иргэн Д.Д-оос нэгж талбарын 1681210182 дугаартай 345 м.кв болон нэгж талбарын 1681210183 дугаартай 780 м.кв газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Д.П-д шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна.
2.6. Тодруулбал, нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших эрх 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх бөгөөд үүнээс хойш маргаан бүхий 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамж гарах хүртэл 2 жилийн хугацаа болоогүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
2.7. Хариуцагчаас маргаан бүхий газрыг анх иргэн Д.Б-д эзэмшүүлсэн үеэс хойш газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж тайлбарлаж байх боловч өмнөх эзэмшигч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн цаг хугацаанд нь газар эзэмшигчтэй байгуулсан гэрээгээ дүгнэх замаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжтой байсан боловч энэ талаарх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байх төдийгүй өмнө нь газар эзэмшиж байсан этгээдүүд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан талаарх асуудалд нэхэмжлэгчийг буруутгах нь үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... А/373 дугаар захирамж гарах хүртэл тухайн газрыг аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2.8. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэх, түүнд тайлбар, санал гаргах боломж олгох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
2.9. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна.
2.10. Харин анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүй байх тул зөвтгөж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 364 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН