Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 049

 

Д.Бахытжаны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаар шийдвэртэй, Д.Бахытжаны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Д.Бахытжан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ержан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сургуулийн математик, мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Гомдол гаргагч Д.Бахытжан би МСҮТөвийн захирлын 2016 оны оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар бүхий тушаалаар тус төвд математик мэдээлэл зүйн багшаар томилогдсон билээ. Ажиллах явцад ямар нэг ажлын алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй билээ. Гэтэл МСҮТөвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаар бүхий тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлттэй холбоотой орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр намайг үндсэн багшийн үүрэгт ажлаас чөлөөлөн цагийн багшаар томилсон билээ. МСҮТөвийн бүтэц орон тоо болон бүх төсвийг Хөдөлмөр хамгааллын яамнаас баталж өгдөг бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд ямар нэг бүтэц орон тоонд өөрчлөлт оруулсан шийдвэр ирээгүй бөгөөд миний ажлын байр хэвээр байгаа атал намайг ажлаас чөлөөлөн цагийн багшаар томилсон нь үндэслэлгүй юм. Миний бие төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй түнхний мултралттай юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрийг тусгайлан зохицуулж өгсөн байх ба 111.1-д "25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил албан тушаалынхаа дөрөв түүнээс дээш хувийн оронд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна" гэж зааснаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д "аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас халах, энэ хуулийн 7.1-д зааснаас бусад тохиолдолд боломжтой ажил, албан тушаалд авч ажиллуулахаас татгалзахыг хориглоно" гэж заасан байна. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд МСҮТөвийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаар бүхий тушаалыг хүчингүй болгож намайг МСҮТөвийн математик, мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: 2016-2017 оны хичээлийн жилд тус төвд элсэн суралцагчдын тоо дээд шатны байгууллагаас баталсан хяналтын тоонд хүрээгүйн улмаас сургуульд элссэн хүүхдийн тоо, анги дүүргэлтээс хамарч багш нарын хичээлийн цаг хорогддог бөгөөд энэ талаар тогтоосон норм, нормативыг сургуулийн захиргаанаас мөрдөж ажиллах журамтай. Энэ жилийн хувьд элсэгчдийн тоо хяналтын тоонд хүрээгүй учраас энэ талаар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн цаг нь хорогдсон зарим багш нарыг цагийн багш болгох, үндсэн багшийн тоог цөөрүүлж ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна." гэж заасан тул хуулийн дээрх шаардлагын дагуу тус сургуулийн ерөнхий эрдмийн математикийн 2 багшийн он удаан жил ажилласан байдал, мэргэжлийн зэрэг, ажлын туршлагыг харгалзан математикийн багш Ризагүлийг үргэлжлүүлэн ажиллуулж, Бахытжаныг ажлаас чөлөөлөхөөр болж энэ талаар хурлын явцад мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна. Миний бие тус МСҮТөвийн захирлаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр томилогдож ирсний дараа нэгэнт захирлын зөвлөлөөс багш нарын тоог цөөрүүлэх шийдвэр гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаартай тушаалаар математикийн багш Бахытжаны хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн цуцлан ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн түүний хувийн байдлыг харгалзан сургалтын төлөвлөгөөний дагуу зохицуулалт хийж математикийн цагийн багшаар томилсон. Нэгэнт 2016-2017 оны сургалтын төлөвлөгөө батлагдаж хичээлийн цаг хорогдсон учраас сургуулийн захиргаа багш нарын тоог цөөрүүлэх арга хэмжээ авахаас өөр зохицуулалт хийх боломжгүй байдалд хүрсэн. Мөн тус төвийн захирлын зөвлөлөөс математикийн үндсэн 3 багшийг 2 болгож Бахытжаныг математикийн багшийн ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн боловч түүний хувийн байдал, хүсэлтийг харгалзан цагийн багшаар томилон ажиллуулж байгаа. Хэрэв элсэгчдийн тоо хяналтын тоонд хүрч хичээлийн цаг нэмэгдэх тохиолдолд Бахытжан үндсэн багшаар ажиллах боломжтой юм. Тус төвийн 1, 2 дугаар курсийн суралцагчдад сургалтын төлөвлөгөөний дагуу ерөнхий эрдмийн математикийн хичээлийн 1602 цагийн хичээл заах ёстойгоос Сүрэнхүү багш 774 цагийг, Ризагүл багш 772 цагийг үлдсэн 56 цагийг Бахытжан багш зааж байгаа. Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2013 оны А/198/215 тоот тушаалаар баталсан Кредитийн журам, мөн Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/251 тушаалаар баталсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журмын дагуу Бахытжан багш 774 цагийн зааж байж үндсэн багшаар ажиллах ёстой. Нэгэнт Бахытжанд оногдож буй цаг нь бага байгаа тул аргагүйн эрхэнд Бахытжаныг цагийн багш болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан учир заах хичээлийн цаг хүрэлцэхгүй багшид үндсэн багшийн цалин олгох боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан түүнийг ажлаас бүрмөсөн чөлөөлөөгүй, тэрээр цагийн багшаар ажиллаж байгааг эрхэм шүүгч анхаарна уу. Иймд нэхэмжлэгч Х.Бахытжаны нэхэмжлэл үндэслэлгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ..

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Бахытжаныг тус төвийн математик, мэдээлэл зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаартай шийдвэрийг хариуцагч талаас эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Д.Бахытжан багшийг хөгжлийн бэрхшээлтэй байдлаас болж ажлаас нь чөлөөлөөгүй. Харин ч түүний энэхүү байдлыг харгалзан цагийн багшаар томилон ажиллуулж байгаа. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр хуулийг хэрэглэх ёстой байтал 2016 оны 2 дугаар сард буюу хүчингүй болоод 1 жил болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль-ийг шүүхийн шийдвэрт үндэслэл болгож Бахытжаныг ажилд эгүүлэн тогтоосон нь ИХШХШТХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан хууль хэрэглэх зарчмыг ноцтой зөрчсөн төдийгүй шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна. 2015-2016 оны хичээлийн жилд тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1, 2 дугаар курсуудад ерөнхий эрдмийн математикийн хичээлийн 2016 цагийг 3 математикийн багш зааж байсан бол 2016-2017 онд 2 дугаар курс төгсөөд явсан 1 дүгээр курст элсэгчдийн тоо буурсан учраас хичээл заах ангийн тоо цөөрч математикийн 1602 цагийн хичээлийг Ризагүл багш 772, Сүрэнхүү багш 774 цагийг зааж үлдсэн цагийг Бахытжан багш заахаар болсон. Манай мэргэжлийн боловсролын салбарт мөрдөгддөг Кредит журмаар 774 цагаас дээш хичээл зааж байж үндсэн багшийн цалин авдаг бөгөөд Д.Бахытжан багшийн цаг нь үүнд хүрээгүй болох нь хэрэгт хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн 2015-2016, 2016-2017 оны ерөнхий эрдмийн хичээлийн хуваариар тус тус нотлогдож байгаа. Ийм учраас математикийн багшийн орон тоог цөөрүүлэхээр шийдвэрлэж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 1 сарын өмнө мэдэгдэх хуудсаар мэдэгдэн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаартай тушаалаар Бахытжан багшийг математик, мэдээлэл зүйн багшийн ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн чөлөөлж түүний хүсэлтийг харгалзан математикийн цагийн багшаар томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Компьютерын гүнзгийрүүлсэн мэргэжлийн хичээл болон ерөнхий эрдмийн мэдээлэл зүйн хичээл нь агуулгаараа газар тэнгэр шиг ялгаатай юм. Өөрөөр хэлбэл мэдээлэл зүйн хичээл бол монгол хэл, англи хэл, математикийн хичээлтэй адил ерөнхий эрдмийн хичээлийн багцад хамаардаг байтал шүүх компьютерын мэргэжлийн ангийн программ хангамж график дизайн гэх мэт мэргэжлийн багш заадаг цагийг мэдээлэл зүйн хичээлтэй адилтган үзэж Д.Бахытжан багш заах боломжтой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Ажил олгогчийн зүгээс орон тоо цөөрүүлсэн гэх шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримтлан Д.Бахытжан багшийг ажлаас чөлөөлсөн. Харин нэхэмжлэгч үндэслэлгүйгээр миний ажлын байрыг цөөрүүлсэн гэж маргаж байхад шүүх хариуцагчийн орон тоо цөөрүүлсэн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж шүүхээс хэрхэн үнэлж байгаа талаар тусгаагүй мөртлөө хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг гэрээнд зааснаас доордуулсан, ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон үндсэн ажлаас өөр ажил үүрэг хийж гүйцэтгүүлэхээр шилжүүлэн томилсон байна хэмээн хөдөлмөрийн гэрээ цуцлагдаагүй байхад өөр ажилд шилжүүлэн томилсон мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Миний бие хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хуульд зааснаас доордуулаагүй ба Д.Бахытжантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цуцлан, 2017 онд цагийн багшаар шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл математик, мэдээлэл зүйн багшаар байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байхад цуцлагдсан гэрээний нөхцөлийг доордуулах тухай яригдах боломжгүй юм. Д.Бахытжаныг цагийн багшаар ажиллуулахаар талууд харилцан тохиролцож хийсэн хөдөлмөрийн гэрээг шүүхнотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэсэн мөртлөө ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг гэрээнд зааснаас доордуулсан гэж чухам ямар гэрээний нөхцөлөөс доордуулсан үйлдэлд ажил олгогчийг буруутгаж байгаа талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгаагүй атлаа үүнийг ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болгосонд гомдолтой байна. Мөн ажилтныг шилжүүлэх нь ажлаас чөлөөлөхөөс өөр ойлголт бөгөөд Бахытжан багшийг математик, мэдээлэл зүйн багшийн ажлаас өөр ажилд шилжүүлээгүй, орон тоо нь цөөрсөн учраас ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж гэрээний хугацааны талаар мөн адил хөдөлмөрийн гэрээгээр тохиролцдог. Гэтэл хариуцагч талаас гаргаж өгсөн Бахытжантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2016 оны 9-р сарын 01-ний хүртэл математик, мэдээлэл зүйн багшаар ажиллуулахаар гэрээний хугацааны талаар ажил олгогч болон ажилтан тохиролцсон бөгөөд үүнийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэдгээ хүлээсээр байхад шүүх 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай Д.Бахытжаныг ажилд томилсон тушаалд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл томилсон тухай бичигдээгүй хэмээн тушаалд хөдөлмөрийн гэрээний хугацааг бичих ёстой мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд харшилсан гэж үзэж байна. Тушаал бол хөдөлмөрийн гэрээг баталгаажуулан ажил олгогчийн зүгээс өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн гарах эрх зүйн акт. Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээний хугацааг гэрээгээр тохиролцохоос биш тушаалаар тохиролцох талаар заагаагүй юм. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэх заалтыг ажил олгогч зөрчсөн гэжээ. Миний хувьд Бахытжаны хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэлээр цуцалсан болохоос өөрөө дур мэдэн өөрчилсөн асуудал байхгүй ба хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг дур мэдэн ажил олгогч өөрчилснийг тогтоогоогүй байж ажил олгогчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх ёстой. Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлагыг хангаж байна хэмээн хэрэгт нотлох баримтаар хавсаргаж, шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалсан мөртлөө шүүхийн шийдвэр гаргахдаа нотлох баримтын шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна. Тухайн үед шүүгч нотлох баримтаар хавсаргахаас татгалзсан бол хариуцагч талаас хүсэлт гаргаж Хөдөлмөрийн яамны сайдын тушаалуудыг холбогдох яамнаас шүүхийн журмаар гаргуулах боломж байсаар байхад шүүх анхаараагүй мөртлөө шийдвэр гаргахдаа бидний гаргасан нотлох баримтыг үнэлээгүй нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нотлох баримтыг үнэлэх журмын зөрчсөн гэж үзэж байна. Иймд Д.Бахытжаны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй, нотлох баримтанд бүрэн тулгуурласан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Д.Бахытжаны гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баян-Өлгий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн элсэлттэй холбогдуулан тус төвийн математикийн хичээлийн үндсэн багшийн орон тоо цөөрүүлэх болсон тул гэсэн үндэслэлээр багш Д.Бахытжаныг тус төвийн математикийн үндсэн багшаас чөлөөлж, цагийн багшаар томилжээ. Ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримталсан боловч орон тоо хасагдсан гэж үндэслэсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй байна.

Ажил олгогчоос 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Д.Бахытжаныг математик, мэдээлэл зүйн үндсэн багшаар томилсон ба 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар математикийн цагийн багшаар томилсон нь үндэслэлгүй байх тул уг тушаалыг хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр Т.Бахытжаныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ