Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 584

 

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/00584

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19 байр хаягт байрлах, “Саруул номгон” ХХК /РД:3736814/

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Тээвэрчдийн гудамж, Үйлдвэрийн төвийн бүс хаягт байрлах, “Од групп” ХХК /РД:5376319/

Гэрээний үүрэгт 3.111.888 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Саруул номгон” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани 2016 онд Од групп ХХК-д 95380 тонн хүнсний улаан буудай тушаасан. Улсаас гурилын үйлдвэрүүдэд буудайн тонн тутмын үнийг 500.000 төгрөгөөс буулгаж болохгүй гэж чиглэл өгсөн ч буудай чийг, цавуулаг, тарианы хольц гэх мэтээр дээрхи үнийг 420.000 төгрөг болгож тонн тутмаас 80000 мянган төгрөг бүгд 7.640.000 төгрөг хасуулсны дээр будааны чийг, гадны хольц гэж 3.84 тонн будааг давхар хасч нийт тушаасан будааг 91.54 тонн гэж тооцож 38.419.624,12 төгрөгийг авч өгөхөөр тохиролцсон 2016 оны 10 сарын 28-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэн, “Хүнсний улаан буудай худалдах, худалдан авах гэрээ” нөхөн хийснээр 2 тал авч өгөх будааны үнэ, төлбөрийн дүнгээ тохиролцсон. “Од Групп” ХХК тооцоо нийлээд 3 хоногийн дараа мөнгөө шилжүүлнэ гэсэн боловч мөнгөгүй байна гэдэг шалтаг заасаар бүтэн 1 сарын дараа буюу 11 сарын 30-ны өдөр 36.460.324 төгрөг шилжүүлэн өгсөн нь гэрээгээ зөрчиж, гэрээний  дүнгээс 1.959.300 төгрөг дутуу шилжүүлсэн. Шалтгааныг асууж тодруулахад “Од групп” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Э.Баяргэрэл: “удирдлагуудаас өгсөн үүрэг, гэрээнд заасан зарим заалтын дагуу чийгтэй будаа хатаах зардлыг суутган хассан, мөн гэрээний 1.4.1-д акт үйлдэнэ гэсэн бид тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Будаа нийлсэн жагсаалт хийсэн. Тэр акт биш учир хасах эрх бидэнд бий” гэж тайлбарласан. Гэрээнд хавсаргасан тариа хүлээн авалтын жагсаалтын доод талд: “тооцоо нийлсэн: “Од групп” ХХК-ийн талаас” гээд “Гүйцэтгэх захирал Бат-Оргил, Ерөнхий нябо Баяргэрэл, Ерөнхий технологич Энхтуяа” гэж гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан нь актыг орлох албан ёсны бичиг баримт гэж манай талаас үзэж байна. Гэрээ дүгнэж нийт тушаасан будаанаас чийгийн хорогдлын жин гэж 3 тонн 840 кг будааг хасаж тооцсон хэрнээ, гэрээнд огт дурьдаагүй тохиролцоогүй хатаалгын зардал гэж дахин 1.959.300 төгрөг хасч байна. Бусад гурилын үйлдвэрүүд болох Алтан тариа ХХК хорогдолд тооцож хассан будааг тэжээлийн будаанд тооцон тонн тутамд 180.000 төгрөгөөр үнэлж мөнгийг буцаан өгдөг, Улаанбаатар Гурил ХХК мөн хорогдолд тооцож хассан будааг өөрсдийн будааг явуулж авахуулсан машиныхаа хөлсөнд тооцон компанийг хохиролгүй болгодог. Иймд “Од групп” ХХК-иас 2 тал харилцан тохиролцож хийсэн гэрээний 1.3-д болон гэрээний салшгүй хавсралт хэсэг болох Тариа хүлээн авалтын жагсаалт актад заасан үнээс хасч шилжүүлсэн 1.959.300 төгрөг, гэрээнд талууд ижил тэгш үүрэг, хариуцлагатай оролцох ёстой учир төлбөрөө төлөлгүй хоцроосон 30 хоногт, хоног тутмын 0.1 хувийн алдангийг оногдуулсан 1.152.588 төгрөг нийт 3.111.888 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч “Саруул номгон” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1.152.588 төгрөгөөс татгалзаж, 1.959.300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Од групп” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор “Саруул номгон” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

              

Хариуцагч “Од групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Саруул номгон” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 1.152.588 төгрөгөөс татгалзаж, 1.959.300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Од групп” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Саруул номгон” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 1.152.588 төгрөгөөс татгалзаж, 1.959.300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Од групп” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор “Саруул номгон” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Саруул номгон” ХХК нь хариуцагч “Од групп” ХХК-д холбогдуулан 3.111.888 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1.152.588 төгрөгөөс татгалзаж, 1.959.300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Од групп” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор “Саруул номгон” ХХК-д төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Саруул номгон” ХХК, хариуцагч “Од групп” ХХК нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64741 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Од групп” ХХК-иас 46299 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “Саруул номгон” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 1.152.588 төгрөгөөс татгалзаж, 1.959.300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Од групп” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64741 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Од групп” ХХК-иас 46299 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Саруул номгон” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА