Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/138

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Буян-Өлзийгийн Эт холбогдох 2029001620110 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Шар довын 4-23 тоотод эхнэр Б.Баярцэцэгтэй маргалдан нүүр, нүүр нуруун тус газар цохиж хохирогч Б.Баярцэцэгийн эрүүл мэндэд тархины доргилт эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, 2 гар болон биеийн ар хэсэг баруун гуя, шилбэний цус хуралт, баруун чихний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 2029001620110 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Б.Баярцэцэгийн: “...Манай нөхөр бид хоёр 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үл ялих зүйлээс болж маргалдаад манай нөхөр миний нуруун дундуур кабелийн утсаар 2-3 шавхраад авахаар нь би уурандаа цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудаст/

Б.Эн гэрчээр өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймаг Ханбогд сум Жавхлант, 5-р баг, Шар дов 4-23 тоотод гэртээ байж байтал эхнэр орой Оюу толгойгоос ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би эхнэрийг надад бэлгийн замын өвчин авчирч өгсөн гэж маргаан болоод хүүхдүүдийн хажууд маргалдахгүй гээд гэрийн гадаа гарч маргалдаад эхнэр Баярцэцэг надад тийм юм байхгүй чи өөрөө хүнтэй болсон бие гээд над руу дайрч давшихаар нь би нүүр лүү нь 2-3 удаа алгадаад газар унасан. Унахдаа хөл болон шилбээ урсан байсан. тэгээд би цаашаа эргэсэн чинь тасарсан кабелийн утас байхаар нь аваад нуруун дундуур нь хэд хэдэн удаа шавхарсан. Би эхнэр Баярцэцэгийн нуруу хэсэгт кабелийн утсаар хэд хэдэн удаа шавхарч, нүүрэн хэсэгт 2-3 удаа алгадаж, унахдаа гуя болон шилбэ хэсэгтээ зулгарч хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудаст/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 432 дугаартай “1. Б.Баярцэцэгийн биед тархины доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, 2 гар болон биеийн ар хэсэг, баруун гуя, шилбэний цус хуралт, баруун чихний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-р хуудаст/

Яллагдагч Б.Эын: “...Би 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчимд эхнэр Б.Баярцэцэгтэй үл ялих зүйлээс болж маргалдан нүүрэн тус газар нь гараараа алгадаж, кабелийн утсаар нуруун дундуур нь хэд хэдэн удаа шавхарч биед хөнгөн хохирол учруулсан. Би болсон зүйлийн талаар өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Ий үйлдэл гаргасандаа маш их харамсаж, гэмшиж байна. Би Баярцэцэгийн биед учирсан гэмтлийг учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудаст/

Шүүгдэгч Б.Эын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 30-33, 57-58  дугаар хуудаст/,

Б.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 34-р хуудаст/

Б.Эын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 36-45-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, Шар довын 4-23 тоотод эхнэр Б.Баярцэцэгтэй маргалдан нүүр, нуруун тус газар цохиж хохирогч Б.Баярцэцэгийн эрүүл мэндэд тархины доргилт эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, 2 гар болон биеийн ар хэсэг баруун гуя, шилбэний цус хуралт, баруун чихний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Баярцэцэгийн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Эын хохирогчийг нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохисон, кабелийн утсаар нуруун тус газарт нь шавхардсан үйлдэлүүдтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Эыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Б.Баярцэцэгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 432 дугаартай “1. Б.Баярцэцэгийн биед тархины доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, 2 гар болон биеийн ар хэсэг, баруун гуя, шилбэний цус хуралт, баруун чихний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх-ийн 18-р хуудаст/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй хэдий ч энэ хэргийн хохирогч Б.Баярцэцэг нь “... миний бие нөхөр Б.Эт гомдол саналгүй болно. Миний бие том хүүгээ Улаанбаатар хотод МСҮТөвд оруулахаар ядах ажилтай байгаа тул тухайн хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж, Б.Эт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний бие мөн шүүх хуралдаанд суухгүй тул миний эзгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү.” гэж прокурорын шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч Боржигон овогт Буян-Өлзийгийн Э нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Баярцэцэг нь гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Буян-Өлзийгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Буян-Өлзийгийн Эт оногдуулсан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурван/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Баярцэцэг нь гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Эт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.БАТМӨНХ