Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/139

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч: С.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавь Боржигон овогт Сайнгэрэлийн Бт холбогдох 2029000000105 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчим Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант 3 дугаар багийн нутаг Бүйлст хүрэн гэх газарт хувийн таарамжгүй харьцаанаас болж Д.Ажиршгүйгийн зүүн чих, нуруун тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: 2020 оны 07 дугаар сарын 09-ны үдээс хойш  хонь алга болчхоод эрээд явж байсан. Овоон дээр сууж байсан чинь адуу элдсэн хүн гараад ирсэн. Давхиад очсон Ажиршгүй гуай намайг шилбүүрээр шавхарсан. Тэгээд мотоциклоосоо бууж ирээд чамайг ална гээд баруун чихнээс чихдээд авсан. Тэгэхээр нь би яаж байна аа та чинь гэсэн чинь чи даварч байгаа. Энэ хаваржингаа хонио манайх руу явуулсан. Адуугаа манайх руу шөнө болгон хөөдөг гэсэн. Надад тэгсэн зүйл байхгүй би хэдэн хонь алга болчхоод эрээд явж байна гэж хэлсэн. Чамайг одоо ална гээд мотоциклоос татаж унагаасан. Та чинь одоо яаж байгаан ямар хаашаа юм гээд бид хоёр түлхэлцэж байгаад мотоцикл даваад ойчсон. Мотоцикл дээрээс давж унаад би дараад хэвтэж байсан чинь ахыгаа босгочих гэсэн. Тэгээд босгосон чинь юм яръя, юм яръя гэсэн. Тэгэхээр нь би тантай юу ярьдаг юм гэсэн. Хавар 5 сард манай хүүхдийг шилбүүрээрээ шавхраад явуулсан байсан. Тэгэхээр нь би та  манай хүүхдийг шилбүүрдээд явуулсан байсан ямар ухаантай юм гэсэн чинь яи ер нь даварлаа гээд намайг шанаадсан. Давраад байх юу байдаг юм гээд өөрийнхөө шилбүүрийг аваад нуруун дундуур нь гурав шавхуурдсан. Тэгсэн чамайг шөнө оронд чинь очиж буудаж ална гэж хэлсэн. Тэгэхээр би тэгж л байхгүй юу? гээд яваад өгсөн гэв. гэв.

Хохирогч Д.Ажиршгүйгийн: “...адууны эзэн Бөхбаяр мотоциклтой ирээд шууд хажууд зогсоод муу пизда минь яах гээд адуу элдээд байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би танай адуу манай гэрийн гадаа ирчихсэн байна шүү гэж хэлтэл манай адуу танай гэрийн гадаа очихоор яадаг юм яахаараа чи муу нүүдэггүй юм чи эндээс хурдан нүүж холд гэж хэлээд баруун гараараа миний зүүн чих рүү цохисон. тэгээд би мотоциклынхоо баруун талруугаа өнхрөөд унасан. Тэгтэл миний зүүн гартаа барьж байсан шилбүүрийг татаж аваад намайг зодсон. Миний ар нуруу далны хэсэг рүү цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх-н 10-13-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 407 дугаартай “1. Д.Ажиршгүйн биед тархины доргилт, зүүн чихний зулгаралт, цээжний ар баруун хажуу хэсэг, зүүн гуя, шилбэний цус хуралт гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 24-27-р хуудаст/,

Яллагдагч С.Бын: “...Ажиршгүй намайг шилбүүрдэж шанаадсан тэгэхээр нь уурандаа 3 удаа барьж байсан шилбүүрээр нь шилбүүрдсэн. Би Ажиршгүйн нурууны хэсэг рүү далны хэсэг рүү өөрийнх нь барьж явсан ирменен шилбүүрээр 3 удаа шилбүүрдсэн” гэх мэдүүлэг /хх-н 34-37-р хуудаст/,

Шүүгдэгч С.Бын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 40-43, 66-74 -р хуудаст/,

С.Бын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл / хх-н 58-63-р хуудаст/,

С.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 75-р хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Нэг. Гэм буруугийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчим Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант 3 дугаар багийн нутаг Бүйлст хүрэн гэх газарт хувийн таарамжгүй харьцаанаас болж Д.Ажиршгүйгийн зүүн чих, нуруун тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Д.Ажиршгүйн биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.Б хохирогчийн зүүн чих, нуруун тус газар нь гараараа болон шилбүүр мэт зүйлээр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүхээс шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Хохирол, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хохирогч Д.Ажиршгүйн биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 407 дугаартай шинжээчийн “1. Д.Ажиршгүйн биед тархины доргилт, зүүн чихний зулгаралт, цээжний ар баруун хажуу хэсэг, зүүн гуя, шилбэний цус хуралт гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх-н 24-27-р хуудас/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Д.Ажиршгүй нь шүүгдэгч С.Баас 1.500.000 төгрөг /баримтгүй/ нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж зохих баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлын хамт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “... анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б нь урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 75-р хуудас/

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Шавь Боржигон овогт Сайнгэрэлийн Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Энэ хэрэгт шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Бын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шавь Боржигон овогт Сайнгэрэлийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Бөхбаярын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ажиршгүй нь шүүгдэгч С.Бөхбаяраас 1.500.000 төгрөг /баримтгүй/ нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж зохих баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлын хамт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Бт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд С.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ