Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/00669

 

 

 

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/00669

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 42 дугаар байр, 2 дугаар орцонд байрлах, Замчдын хотхон СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 42 дугаар байр, 6 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Алтанхуягийн Зоригоо /РД:УМ89041534/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 252.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: А.Зоригоо нь Замчдын хотхон Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний болон цэвэрлэгээ, лифт, жижүүрийн зардлыг 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуустал буюу 42 сарын нийт 252.200 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Өр төлбөр барагдуулах тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй учир А.Зоригоогоос 252.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 42 дугаар байрны 6 тоотын оршин суугч нь 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрөө төлж барагдуулсан нь үнэн бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойшхи төлбөрийг удахгүй төлөхөөр тохиролцов гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Замчдын хотхон СӨХ нь А.Зоригоогос дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 252.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрөө төлж барагдуулан, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойшхи төлбөрийг удахгүй төлөхөөр тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.216 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Замчдын хотхон СӨХ-ны нэхэмжлэлтэй А.Зоригоод холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 252.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны төлбөрөө төлж барагдуулан, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойшхи төлбөрийг удахгүй төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.216 төгрөгийн 50 хувь болох 4.108 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь болох 4.108 төгрөгийг хариуцагч А.Зоригоогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ