| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00746/И |
| Дугаар | 594 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 594
| 2017 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/00594 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс
Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 18 гудамж, 99 тоот хаягт дүү Л.Отгонцэцэгийнд түр оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ам бүл 1, 1962 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, Чонос овогт Лхүндэвийн Энх-Амгалан /РД:УО62053174/
Албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Бат-Ирээдүй, гуравдагч этгээд Л.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Ирээдүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 18 гудамж, 99 тоотод оршин суух, Л.Энх-Амгалан нь байнга архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан хэрүүл зодоон үүсгэн, агсам согтуу тавьж, иргэдэд түгшүүр төрүүлдэг. Л.Энх-Амгалан нь танхайран зөрчил гаргаж улмаар 20 удаа саатуулагдаж, өмнө нь 3 удаа архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй бөгөөд эмнэлгийн комиссын дүгнэлтээр эмчилгээнд хамруулж болохоор заасан.
Иймд Л.Энх-Амгаланг Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Л.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2005 оноос хойш 12 жил архи ууж байгаа ба 20 гаруй удаа саатуулагдаж, 3 удаа албадан эмчилгээнд явж байсан. Хамгийн сүүлд албадан эмчилгээнд 2016 оны 10 дугаар сард явж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарсан ба уулзаагүй удсан найз нөхөд тааралдаад архи уусан. Надад эхнэр хүүхэд, гэр орон байхгүй учир дүүгийндээ амьдардаг ба архи уусан үедээ хамт уусан найз нөхөд айлдаа унтчихдаг. Архинаас гарах талаар боддог ч өөрөө гарч чадахгүй, мөн нийлдэг найз нөхөд архи уухаар уучихаад байдаг. Өмнө нь албадан эмчилгээнд 3 удаа явсан, дахин албадан эмчилгээнд явахад татгалзахгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь Л.Энх-Амгаланг албадан эмчилгээнд давтан явуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагч байгууллагын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Л.Энх-Амгалан нь байнга архидан согтуурч, хэрүүл зодоон үүсгэн танхайрах зөрчил гаргаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, захиргааны зөрчлийн лавлагаа, гуравдагч этгээдийн ар гэрийн тайлбар, хүсэлт, архинд донтох өвчний 3 дугаар зэрэг оношоор эмчилгээнд хамруулах шаардлагатай тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбарласан тайлбар, түүнийг асуусан тайлбар, шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн тайлбарласан тайлбар, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Бат-Ирээдүйн илтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.
Иймд Л.Энх-Амгаланг архины албадан эмчилгээнд явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Чонос овогт Лхүндэвийн Энх-Амгалан /РД:УО62053174/-г захиргааны журмаар албадан эмчлэх газар явуулж албадан эмчилсүгэй.
2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Л.Энх-Амгаланг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацаа нь эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА