Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/142

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

 Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

 Улсын яллагч: Б.Амармөрөн,

 Хохирогч: М.Мөнхтуяа,

 Шүүгдэгч: Т.Г  /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Амармөрөнгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян-Өндөр овгийн Төмөрбаатарын Гт холбогдох эрүүгийн 2029000000109 дугаартай  хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Т.Г нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян 4 дүгээр баг Баян Хөөврийн 22-44 тоот 2020 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян 4 дүгээр баг Баян хөөврийн 22-47 тоот хашаанд М.Мөнхтуяад агсам тавьж нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын  дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г нь мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч М.Мөнхтуяагийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 31-ний шөнө хүүхдүүдтэйгээ унтаж байсан чинь гаднаас манай нөхөр Г согтуу орж ирээд та нар намайг хүндэлж хоол унд өгсөнгүй гэх мэтээр хэл амаар доромжилж агсарч байгаад гараараа миний уруул хэсэгт нэг удаа цохиж уруул язарч хавдсан ...миний тархи толгой өвдөж байна миний уруул руу гараараа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №443 дугаартай шинжээчийн:

  1. М.Мөнхтуяагийн биед тархины доргилт, дээд болон доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,

Яллагдагч Т.Гийн өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад гадуур найзтайгаа архи уугаад нэлээн согтуу ганцаараа гэртээ орж ирээд эхнэртэйгээ маргалдсан чинь над руу хашигчаад дайраад байхаар нь би нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан. Бид хоёр үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж би бие эрх чөлөөнд нь халдсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 31-34-р хуудас/,

Шүүгдэгч Т.Гийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Т.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/,

  Шүүгдэгч Т.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, арилжааны банкнуудад харилцах данс эзэмшдэг эсэх талаар лавлагаа /хх-ийн 43,46-52-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Т.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч М.Мөнхтуяа нь мэдүүлэхдээ: “...надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/ байх тул шүүгдэгч Т.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх санал гаргаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг 6 сарын хугацаанд хязгаарлах арга хэмжээ авхуулах саналыг  гаргасан байна.

Шүүх шүүгдэгч  Т.Г нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын саналыг  харгалзан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар  6 сарын хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баян-Өндөр овгийн Төмөрбаатарын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

            3. Шүүгдэгч Т.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон  албадлагын арга хэмжээг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Т.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА