Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/143

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч Н.Л  /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Нямбаатарын Лд холбогдох 1929001900027 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Л нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар байрлах “Урчуул-Отог” ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд 22 ширхэг дөрвөлжин хэлбэрт боосон нийт 270 кг хаягдал зэсийг 47-53 ӨМҮ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийн багажны хайрцагт нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Л мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, улсын яллагчийн дүгнэлт миний мэдүүлэгтэй таарч байна, нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

Гэрч Ч.Намууны: “2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг 20 минутын орчимд Урчуул-Отог ХХК-ийн гаалийн хяналтын талбайн ажилтан Ж.Энхбат нь 86111499 дугаарын утсаар залгаад нүүрс ачилтад орох гэж байгаа машинаас их хэмжээний зэс илэрлээ гэсэн тэгээд очиж үзэхэд 47-53 ӨМҮ улсын дугаартай фотон маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн тээшний хайрцагт гадуураа хар өнгийн ууттай дөрвөлжин тоосго шиг хэлбэртэй болгосон нийт 22 ширхэг зэс байсан.Уг зэс утсыг хурааж аваад жинлэж материалжуулан цагдаагийн байгууллагад шилжүүлж байна”гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудаст/

Гэрч Г.Энхбатын: “2019 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 09 цаг 10 минутын үед гаалиас лац ирсний дараа гаднаас машинаа оруулах зөвшөөрөл өгсний дараа манай Урчуул-Отог ХХК-ийн гаалийн хяналтын талбайн харуул хамгаалалтын ажилтан гаалийн хяналтын талбай руу нэвтрэх гээд гадна зогсоолд зогсож байгаа машинуудыг шалгадаг. Намайг фүүн дээр машин оруулж байхад манай харуул хамгаалалтын ажилтан Д.Эрдэнэбат станцаар “гадна байгаа машин багажин дотроо юм хийсэн байна хүрээд ирээч” гэж дуудсаны дагуу намайг очиход фотон маркийн 47-53 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч машиныхаа багажны хайрцагны доод талд нь прэсэлсэн гэмээр хэлбэрт оруулсан зэс дэвсээд дээд талд нь жаахан нүүрс асгаад дээр нь багажаа тавьсан байсан.Үүний дагуу тухайн үед гаалийн хяналтын талбай дээр ажиллаж байсан гаалийн байцаагчийг дуудаж хүлээлгэж өгсөн “гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудаст/

Гэрч Ц.Түвшинжаргалын: “Зэс нь хориглосон бараанд ордог.Засгийн  газрын 2014 оны 378 дугаар тогтоол ,Улсын их хурлын 5 дугаар тогтоолоор хориглосон барааны жагсаалтад орсон.”гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р хуудас/

Яллагдагч Н.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 06-ний өдөр ганц модноос гашуун сухайт хилийн боомтоор “Ульган сар” ХХК-ийн эзэмшлийн 47-53 ӨМҮ улсын дугаартай фотон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож  Монгол руу орж ирсэн.Тэгээд таньдаг Төмөрөө гэх жолоочоос зэс гаргадаг хүний дугаарыг авсан байсан тэр лүү залгаад Төмөрөөгөөс дугаарыг чинь авсан гэхэд хаана байна гэхээр нь Цагаан хаданд байна гэхэд уулзахаар болсон.Тэгээд энержигийн тэнд байдаг айлуудын хажууд ирээд залгаарай гэсэн тэнд нь очоод залгахад эрэгтэй,эмэгтэй 2 хүн ирсэн тэр хүмүүс ганц модруу зэс гаргуулах гэсэн юм 1 ширхэг 100.000 төгрөгөөр тооцож урагшаа орсон хойно нь мөнгийг өгөхөөр тохиролцоод машины доод талын багаажны хайрцагт 22 ширхэг зэс өрж хийгээд дээр нь олгой хаймар багажнуудаа тавьсан”гэх мэдүүлэг /хх-ийн 94-р хуудаст/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4391 дугаартай шинжээчийн “ Шинжилгээнд ирүүлсэн хүрэн улаан өнгийн металл нь зэсийн металл байна” гэх дүгнэлт /хх-ийн 76-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Н.Лхагвасүрэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 105-р хуудаст/,

Н.Лийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 98-99, 102-103-р хуудаст/,

99125182 дугаартай утасны орсон гарсан ярианы дуудлагын жагсаалт /хх-н 100-101-р хуудаст/,

Н.Лийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 107-128-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхээс нотлох баримтаар үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Н.Л нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Цагаан хад гэх газар байрлах “Урчуул-Отог” ХХК-ийн гаалийн хяналтын бүсэд 22 ширхэг дөрвөлжин хэлбэрт боосон нийт 270.2 кг хаягдал зэсийг 47-53 ӨМҮ улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгслийн багажны хайрцагт нууж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Н.Лийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг

Гэрч Ч.Намууны: “2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг 20 минутын орчимд Урчуул-Отог ХХК-ийн гаалийн хяналтын талбайн ажилтан Ж.Энхбат нь 86111499 дугаарын утсаар залгаад нүүрс ачилтад орох гэж байгаа машинаас их хэмжээний зэс илэрлээ гэсэн тэгээд очиж үзэхэд 47-53 ӨМҮ улсын дугаартай фотон маркийн тээврийн хэрэгслийн чиргүүлийн тээшний хайрцагт гадуураа хар өнгийн ууттай дөрвөлжин тоосго шиг хэлбэртэй болгосон нийт 22 ширхэг зэс байсан.Уг зэс утсыг хурааж аваад жинлэж материалжуулан цагдаагийн байгууллагад шилжүүлж байна”гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудаст/

Гэрч Г.Энхбатын: “2019 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 09 цаг 10 минутын үед гаалиас лац ирсний дараа гаднаас машинаа оруулах зөвшөөрөл өгсний дараа манай Урчуул-Отог ХХК-ийн гаалийн хяналтын талбайн харуул хамгаалалтын ажилтан гаалийн хяналтын талбай руу нэвтрэх гээд гадна зогсоолд зогсож байгаа машинуудыг шалгадаг. Намайг пүүн дээр машин оруулж байхад манай харуул хамгаалалтын ажилтан Д.Эрдэнэбат станцаар “гадна байгаа машин багажин дотроо юм хийсэн байна хүрээд ирээч” гэж дуудсаны дагуу намайг очиход фотон маркийн 47-53 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч машиныхаа багажны хайрцагны доод талд нь прэсэлсэн гэмээр хэлбэрт оруулсан зэс дэвсээд дээд талд нь жаахан нүүрс асгаад дээр нь багажаа тавьсан байсан.Үүний дагуу тухайн үед гаалийн хяналтын талбай дээр ажиллаж байсан гаалийн байцаагчийг дуудаж хүлээлгэж өгсөн “гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/

Гэрч Ц.Түвшинжаргал: “Зэс нь хориглосон бараанд ордог.Засгийн  газрын 2014 оны 378 дугаар тогтоол ,Улсын их хурлын 5 дугаар тогтоолоор хориглосон барааны жагсаалтад орсон.”гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р хуудас/

Яллагдагч Н.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 06-ний өдөр ганц модноос гашуун сухайт хилийн боомтоор “Ульган сар” ХХК-ийн эзэмшлийн 47-53 ӨМҮ улсын дугаартай фотон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож  Монгол руу орж ирсэн.Тэгээд таньдаг Төмөрөө гэх жолоочоос зэс гаргадаг хүний дугаарыг авсан байсан тэр лүү залгаад Төмөрөөгөөс дугаарыг чинь авсан гэхэд хаана байна гэхээр нь Цагаан хаданд байна гэхэд уулзахаар болсон.Тэгээд энержигийн тэнд байдаг айлуудын хажууд ирээд залгаарай гэсэн тэнд нь очоод залгахад эрэгтэй,эмэгтэй 2 хүн ирсэн тэр хүмүүс ганц модруу зэс гаргуулах гэсэн юм 1 ширхэг 100.000 төгрөгөөр тооцож урагшаа орсон хойно нь мөнгийг өгөхөөр тохиролцоод машины доод талын багаажны хайрцагт 22 ширхэг зэс өрж хийгээд дээр нь олгой хаймар багажнуудаа тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 94-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4391 дугаартай шинжээчийн “ Шинжилгээнд ирүүлсэн хүрэн улаан өнгийн металл нь зэсийн металл байна” гэх дүгнэлт /хх-ийн 76-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл гаргасан боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөөгүй болох нь шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэв.

Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох бүлэгт хамаарах барааны жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаартай тогтоолд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад “зэс” гэж нэмсэн байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

           Хоёр. Хохирол, төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан боловч шүүгдэгч Н.Лд холбогдох эрүүгийн хэрэгт хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.”, мөн зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заажээ.

Шүүгдэгч Н.Лийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 /хоёр мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналын хүрээнд ял шийтгэж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лд оногдуулсан 2.500.000 төгрөгөөр торгох ялаас урьд цагдан хоригдсон 30 хоног /1 хоног 15 нэгж/ нийт 450 нэгж буюу 450 x 1000=450.000 төгрөгийг хасаж үлдэх торгох ялыг 2.050.000 /хоёр сая тавин мянга/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лд ногдуулсан 2.050.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдэв.

Шүүгдэгч Н.Лд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нийт 22 боодол, 270.2 килограмм жинтэй хаягдал зэсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод хүлээлгэж өгөхийг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Улсын яллагч нь яллах дүгнэлтдээ эд мөрийн баримтаар хураагдсан 22 ширхэг, 270 кг хаягдал зэс гэж дурдсан боловч тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт  22 ширхэг, 270.2 кг хаягдал зэс гэж зөвтгөсөн ба энэ нь холбогдох баримтуудаар  тогтоогдож байна. /хх-ийн 27, 30-35-р хуудас/

Шүүгдэгч Н.Л нь бусдад төлөх төлбөргүй, нийт 30 хоног цагдан хоригдсон хоногтой, эд мөрийн баримтаар 22 ширхэг, 270.2 кг хаягдал зэс хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Лийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Нямбаатарын Лг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лд 2500 /хоёр мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лд оногдуулсан 2.500.000 төгрөгөөр торгох ялаас урьд цагдан хоригдсон 30 хоног /1 хоног 15 нэгж/ нийт 450 нэгж буюу 450 x 1000=450.000 төгрөгийг хасаж үлдэх торгох ялыг 2.050.000 /хоёр сая тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лд ногдуулсан 2.050.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн прокурорын зөвшөөрлөөр эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нийт 22 боодол, 270.2 килограмм жинтэй хаягдал зэсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод хүлээлгэж өгөхийг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Шүүгдэгч Н.Л бусдад төлөх төлбөргүй, нийт 30 хоног цагдан хоригдсон хоногтой, эд мөрийн баримтаар 22 ширхэг, 270.2 кг хаягдал зэс хураагдсан, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, энэ хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Лийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Лд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАТМӨНХ