| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00777/И |
| Дугаар | 612 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 612
| 2017 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2017/00612 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 80-1 хаягт байрлах, “Эбо холдинг” ХХК /РД:2579928/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Найзууд” ХХК, захирал Д.Оюунчимэгийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч “Эбо холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Тэгшбаатар, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Эбо холдинг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Тэгшбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Эбо холдинг” ХХК нь 2014 оноос хойш Польш улсаас гахайн мах, гахайн өөх импортоор оруулж ирдэг болсон. “Найзууд” ХХК нь 15.000.000 төгрөгийн бүтээгдэхүүн аваад түүний үнийн үлдэгдэл төлбөр 9.460.640 төгрөгийг төлөхгүй байсан тул “Эбо холдинг” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Найзууд” ХХК-иас нь 9.460.640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй, компанийн оршин байрлах газар нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд “Найзууд” ХХК болон түүний захирал Д.Оюунчимэгийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Эбо холдинг” ХХК нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Найзууд” ХХК, захирал Д.Оюунчимэгийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШЗ2017/01373 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар “Эбо холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Найзууд” ХХК-д холбогдох 9.460.640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.
Иймд шүүх оршин байрлах хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Найзууд ХХК, захирал Д.Оюунчимэгийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Найзууд” ХХК, захирал Д.Оюунчимэгийг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч “Эбо холдинг” ХХК-тай холбоо барих утас: 70115567, 80005750, 80009911 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч “Эбо холдинг” ХХК-ийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Найзууд” ХХК, захирал Д.Оюунчимэгийг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
2. Хүсэлт гаргагч “Эбо холдинг” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч “Эбо холдинг” ХХК холбоо
барих утас: 70115567, 80005750, 80009911 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА