Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 280

 

Н.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Б.Тэнгис,

            нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Бд холбогдох эрүүгийн 1702000000035 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Б нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Бд худалдаалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Бг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Бг 2 /хоёр/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Бд оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г уг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие 4 сартай жирэмсэн, миний бага хүү 2 нас 10 сартай. Миний хувийн байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаагүй. Шийтгэх тогтоолд дүгнэлт хийхдээ, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хууль буюу Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, 2 жил 10 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт 5-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан, харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан байгаа хэдий ч шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон гэж үзэж байна. Учир нь, тухайн цаг хугацаанд шүүгдэгч Н.Б 3 нас хүрээгүй хүүхэдтэй байсан. Хүүхэд нь 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 3 нас 12 хоногтой байгаа. Мөн цагдан хорих 461 дүгээр ангиас шүүгдэгч Н.Бгийн эрүүл мэндийн тодорхойлолтыг гаргаж өгөхийг хүссэн. Шүүгдэгч Н.Б нь одоогоор 4-5 сартай жирэмсэн байгаа. Хэдийгээр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ял шийтгэлийн доод хэмжээ багассан хэдий ч шүүх бүрэлдэхүүнийг шүүгдэгчийн эрх зүйн байдалд дүгнэлт хийгээсэй гэж хүсч байна. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцлийг харгалзан үзээд Н.Бгийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Н.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй бүхий болсон байна гэж үзэв.

Н.Б нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн Б.Бд худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Бийн “...2017 оны 5 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед Н.Б миний 89895607 дугаарын утас руу 9618... гэсэн дугаараас залгаад “юу байна, мөс сонирхох уу” гэхээр нь “тэгье” гэсэн. “Манай гэр Офицерийн тойргийн хойд талд байдаг, Тэнгэр худалдааны төвийн хашаанд байна, чи хүрээд ир” гэхээр нь очоод уулзсан. Н.Б нь хар өнгийн “Соната 6” загварын автомашинтай, нэг залуу машиныг нь жолоодож, Н.Б ард талд нь суучихсан явсан. Би машинд суугаад 400.000 төгрөг өгсөн. Тэгтэл “хойд талын X Апартмент гээд байрнаас хүнээс авч өгнө” гээд “Соната 6” автомашинтай нь байрны ард талд нь очоод ертөнцийн зүгээр хойд талаасаа ордог дэлгүүрийн хаалгаар орсон. Дэлгүүрээр дамжиж орц руу нь ордог юм. Ингэж X Апартмент байр луу Н.Б ороод 10 орчим минут болоод 1 грамм байгаа гээд зип лок түгжээтэй уутны 3/2 хэмжээтэй мөс гэх мансууруулах бодис гаргаж ирж надад өгсөн. ... Би Н.Бгаас өөр хүнээс мөс авч байгаагүй. Би авсан мөсөө бусдад худалдан борлуулж байгаагүй. Би өөрөө бага зэрэг хэрэглэдэг байсан. Би 2016 оны 4 дүгээр сард Монголд ирсэн. Монголд ирснээсээ хойш хааяа нэг Н.Бгаас худалдан авч татаж байсан. ...” /хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас/,

Н.Бгийн яллагдагчаар өгсөн “...2017 оны 5 дугаар сарын дунд үеэр санагдаж байна. Миний тухайн үед барьж байсан скайтелийн дугаар луу Б.Б Юнителийн дугаараас залгаад мэнд мэдээд уулзах санал тавьж, хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо Солонгос хоолны газарт уулзаж хамт хоол идчихээд тэндээсээ гарч гэр гэртээ харьж байсан. Харин түүний дараа 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б.Б над руу дахин залгаад уулзаж асуух зүйл байна гэхээр нь уулзахад надаас мөс олдох сураг байна уу, сураг тавиад өгөөч гэж хэлэхээр нь би хүнээс асуугаад үзье, олдох байх гэж хэлээд 1 грамм мөс олж өгөхөөр түүнээс 400.000 төгрөг бэлнээр авсан. Ингээд Б.Бийг дагуулаад оффицерийн ойролцоо машинтай очиж, би Базук хочтой нэрийг нь мэдэхгүй, таньж олуулах ажиллагаа явуулах үед зураг нь байсан залуутай утсаар холбогдож түүнээс 1 грамм мөс гэх мансууруулах бодис авахаар Б.Бэс авсан 400.000 төгрөгөө бэлнээр өгсөн. Базукад мөнгө өгөх үед бид хоёроос өөр хүн байгаагүй, Б.Б байрны гадаа хүлээж байсан. Ингээд Базукад мөнгөө өгөхөд Базук намайг гараад хүлээж бай, нэг газар мөсийг чинь тавьчихаад хэлье гэж хэлсэн. Ингээд би буцаж гараад Б.Бтэй хамт Базукыг хүлээхэд цаг гаруй болсон ба утас руу залгахад утсаа авахгүй, гэрт нь очиход хаалгаа тайлахгүй байсан. Ингээд Б.Б надаас мөнгөө буцааж авахаар мөнгөө нэхээд байсан тул хэрэлдээд хоёр тийшээ салсан. ...” /хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

Зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 556 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний хүрэлцэхүйц хэмжээтэй болон бусад зүйлс битүүмжлэлтэй тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон, толгой хэсэг нь байхгүй тарианы байж болох шил, цагаан өнгийн 13,5 см урттай гуурс, 2 талдаа хөвөн мэт зүйлтэй 7,5 см урт хуванцар зүйл тус бүрээс метамфетамин /МАМР/ агууламж илрэв. Шинжилгээгээр илрүүлсэн Б.Б гэж хаяглаж авсан шээсний дээжинд метамфетамин /МАМР/-Ы болон тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж тус тус илрэв. Метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтанд багтдаг. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Н.Б нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч, улмаар Б.Бд  худалдсан үйл баримт тогтоогдож байна.

Н.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь Н.Бгийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул түүний дээрх үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журмалан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Шүүгдэгч Н.Бгаас мансууруулах төрлийн бодис худалдан авсан Б.Б нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх боловч Эрүүгийн хуулиар энэ төрлийн бодисыг хэрэглэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй бөгөөд харин түүний үйлдэл Зөрчлийн хуульд заасан зөрчлийн хэргийн шинжийг агуулсан байгааг дурдаж байна.

Шүүгдэгч Н.Б нь “Б.Б-оос мөс худалдаж авсан, аваагүй” гэж өөр өөр мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлгийг үндэслэн Б.Б-ыг хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн гэж үзэв.

Н.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Н.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан түүнд 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Гэвч шүүгдэгч Н.Б нь “... Миний бие 4 сартай жирэмсэн, миний бага хүү 2 нас 10 сартай. Миний хувийн байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргаж, гэм буруугаа зөвшөөрч байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.