Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/MA2022/0517

 

Л.Ч-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 362 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, Ц.Б

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

Хэргийн индекс: 128/2022/0106/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Ч-ээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 362 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг баримтлан Л.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Иргэн Л.Ч нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Залуус хорооллын баруун талд байрлах газрын эзэмших эрхийг улсын бүртгэлийн Ү-2201012970 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хамт иргэн Ц.У-аас шилжүүлэн авч, нийслэлийн Засаг даргын 2011 оны 292 дугаар захирамж гарсан байдаг.

Улмаар 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/450 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 000623053 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.

Ийнхүү газар эзэмших эрхтэй болсон цагаас хойш хууль, газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж, газрын төлбөрийг тогтоосон хувь хэмжээгээр төлж, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг хийлгүүлж, газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласаар ирсэн.

Иргэн Л.Ч-д газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн захирамжид дурдсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан, хугацаа сунгуулах хүсэлтийг нийслэлийн Засаг даргад гаргасан боловч хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийг сунгаж өгөөгүй эс үйлдэхүй гаргасан тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байдаг.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...автозогсоолын зориулалтаар ашиглаж буйгаа гэрээнд заасан үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа хэмээн тайлбарласныг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иргэн Л.Ч нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 292 дугаартай захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Залуус хорооллын баруун талд байрлах 162 м.кв газрыг эзэмших болсон цагаас эхлэн үл хөдлөх барилгыг өмчлөн газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан бөгөөд тухайн газар дээр үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар холбогдох зөвшөөрөл, баримт материалуудыг бүрдүүлэн эрх бүхий байгууллагуудаас санал дүгнэлт, техникийн нөхцөлүүдийг аван ажиллаж, 2021 онд тухайн газар дээрх өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг буулгасан байдаг.

Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Залуус хороолол нь оршин суугчид ихтэй, автомашины зогсоолгүй тул ойр орчмын иргэд машин замын зорчих хэсэгт тээврийн хэрэгслээ байршуулдагаас зохиомол түгжрэлийг бий болгох, зам тээврийн аваар осол гарах тохиолдол элбэгшсэн.

Иргэн Л.Ч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө буулгасны дараа Залуус хорооллын иргэд, оршин суугчдын хүсэлтийн дагуу үйлчилгээтэй орон сууцыг барих хүртэл хугацаанд өөрийн эзэмшлийн маргаан бүхий газар 55 000 000 төгрөгийн хөрөнгөөр хашаа барьж, зам засаж, засвар үйлчилгээ хийж, автомашины зогсоол барьж, иргэд, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хамгаалах үйлчилгээ явуулж эхэлсэн.

Автозогсоолын үйлчилгээ гэдэг нь нэг талаас иргэдийн автомашин, тээврийн хэрэгслийг гал, ус, үер, ус, хулгай, тохиолдлын шинжтэй аюул эрсдэлээс хамгаалан харуул хамгаалалт бүхий орчинд байлгах, нөгөө талаас өдрийн хөлс төлөх үүрэг бүхий нэг төрлийн үйлчилгээ юм.

Гэтэл анхан шатны шүүхээс автозогсоолын зориулалтаар ашиглаж буй нь ямар учраас газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээнд заасан үйлчилгээний зориулалтад хамаарахгүй талаар огт дүгнэлт хийгээгүй. Харин анхан шатны шүүхээс “...тухайн газар дээр үйлчилгээтэй орон сууцны 5 давхар барилга барихаар 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 234/2013 дугаартай барилгын ажлын зөвшөөрөл авч, 2016 онд барилгын эскиз зургийг батлуулж, 2017, 2018 онд холбоо, дулаан, цэвэр ус, цахилгааны холболт хийх техникийн нөхцөл авсан хэдий ч тухайн газарт үйлчилгээний зориулалттай барилга баригдаагүй, одоогоор автозогсоолын зориулалтаар төмөр хашаагаар хашаалан ашиглаж буй ... 2013 онд үйлчилгээтэй орон сууцны барилгын зөвшөөрөл авч, холбогдох зургийг батлуулан, техникийн нөхцөлүүдийг авч байсан, энэ зориулалтаар 2021 оныг хүртэл хугацаанд ашиглаагүй болох нь ийнхүү тогтоогдож байна” гэж хэрэгт хамааралгүй, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 000623053 дугаартай газар эзэмших гэрчилгээ болон 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээнд заагаагүй зориулалтаар ашиглаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын 4-д “Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” гэдэгт бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, номын сан, биеийн тамир, спорт, соёл урлагийн байгууллага, тэдгээрийн барилга байгууламж, оффис, нэгдсэн төлөвлөлтийн дагуу баригдаж буй орон сууцны барилга, үйлдвэрлэл-үйлчилгээ зэрэг холимог зориулалтаар ашиглагдаж буй газар, худалдааны төв, дэлгүүр, зочид буудал, амралт-зугаалга, биеийн тамир, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай газар, амралт, сувиллын газар, шатахуун түгээх станц, нефтийн бүтээгдэхүүний агуулах, авто гараж, нисэх буудал, авто зогсоол, нийтийн тээвэр, агуулах, зоорь, аялал жуулчлалын үйлчилгээний зориулалттай газар, нам, төрийн бус байгууллага, шашин, сүм хийдийн зориулалттай газар, дулаан, холбоо, эрчим хүчний өртөө, антенны доорх газар, оршуулгын газар болон бусад” ойлгоно гэж газрын зориулалтын талаар тайлбарлахдаа автозогсоолын хэлбэрээр ашиглах нь үйлчилгээний зориулалтад шууд хамаарах юм.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/450 дугаар захирамжийг үндэслэн олгосон 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 000623053 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмшүүлэх гэрээнд үйлчилгээний зориулалттай гэж заасан болохоос орон сууцны, барилга барих зориулалттай гэж заагаагүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг барилга бариагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

2013 оны барилга эхлүүлэх зөвшөөрлийн бичиг, 2016 оны барилгын эскиз зураг, 2017, 2018 онд холбоо, дулаан, цэвэр ус, цахилгаан холболт хийх техникийн нөхцөл нь газар эзэмших эрхийн зориулалт биш бөгөөд тухайн газар дээрээ барилга барихаар холбогдох баримт бичгийг авахаар хөөцөлдөж байсан үйл баримт юм.

2016 оны барилгын эскиз зураг, 2017, 2018 онд холбоо, дулаан, цэвэр ус, цахилгаан холболт хийх техникийн нөхцөлийг үндэслэн Үйлчилгээтэй орон сууцны барилга барих шийдвэр эцэслэн батлагдсаны дараа барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч, улмаар газар эзэмших гэрээ, гэрчилгээнд өөрчлөлт орж Орон сууц барих зориулалтаар газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргаас олгох ёстой.

Гэтэл ийм үйл баримт болоогүй байхад анхан шатны шүүхээс дээрх үйл баримтыг буруугаар ойлгон дүгнэлт хийж, барилга барих зориулалтаар газар эзэмшсэн гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн байна.

3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй тухайд:

Иргэн Л.Ч-ээс өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Залуус хорооллын баруун талд байрлах газрын эзэмших эрхийг сунгуулах хүсэлтээ 2021 оны 05 дугаар сарын 20-ы өдөр Нийслэлийн Засаг даргад гаргасан боловч одоог хүртэл Нийслэлийн Засаг даргаас ямар нэгэн албан ёсны хариуг ирүүлээгүй.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах эсэх асуудлаар хүсэлт гаргасан этгээдэд хариуг өгөх ёстой.

Иргэн Л.Ч-ээс 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаснаас хойш одоог хүртэл Нийслэлийн Засаг дарга ямар нэгэн хариу өгөөгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс “Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 03-06/6123 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-06/7061 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03-06/76 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгүүдээр хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгсөн мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

Газар зохион байгуулалтын алба болон Мэргэжлийн зөвлөлд газар эзэмших эрхийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх хуулиар олгогдоогүй бөгөөд энэ эрх зөвхөн Засаг даргад байдаг. Хэрэв Засаг даргаас уг эрхээ шилжүүлсэн болон энэ талаар Мэргэжлийн зөвлөл, Газар зохион байгуулалтын албанд олгосон итгэмжлэл, захирамж зайлшгүй байх ёстой юм. Гэтэл ийм албан ёсны шийдвэр гараагүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас иргэн Л.Ч-ийн газар эзэмших эрхийг сунгах эсэхтэй холбоотой албан ёсоор шийдвэр, хариу ирүүлээгүй байхад Нийслэлийн Засаг даргыг төлөөлөх эрхгүй Газар зохион байгуулалтын албаны хариу албан бичгүүдийг хариуцагч Нийслэлийн Засаг даргын хариу мэтээр дүгнэлт хийж процессын ноцтой алдаа гаргасан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 362 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

2. Дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангав.

2.1. Нэхэмжлэгч Л.Ч-ээс “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.2. Анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 541 дүгээр захирамжаар иргэн Ц.У-д Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд авто сэлбэгийн дэлгүүрийн зориулалтаар 350 м.кв газрыг эзэмших эрх олгож, 2009 оны 671 дүгээр захирамжаар газрын хэмжээг 162 м.кв болгон өөрчилжээ.

2.3. Нэхэмжлэгч Л.Ч-ийн хувьд 2011 онд маргаан бүхий газар болон газар дээр байрлах 147 м.кв талбай бүхий 1 давхар Ү-2201012970 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлэн авч, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 292 дугаар захирамжаар уг газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/450 захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгасан байна.

2.4. Нэхэмжлэгчээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр буюу газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг гаргажээ.

2.5. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 03-06/6123 дугаар албан бичгээр “....Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Мэргэжлийн зөвлөл”-ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар таны хүсэлтийг хэлэлцүүлсэн бөгөөд тус хурлаас “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул, эс зөвшөөрсөн шийдвэр гарсан” гэсэн хариуг өгчээ.

2.6. Анхан шатны шүүх “...газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгогдсон байх бөгөөд, энэ зориулалтаар эзэмшиж ашиглахаар газар эзэмшигч нь 2013 онд үйлчилгээтэй орон сууцны барилгын зөвшөөрөл авч, холбогдох зургийг батлуулан, техникийн нөхцөлүүдийг авч байсан, энэ зориулалтаар 2021 оныг хүртэл хугацаанд ашиглаагүй, ... нэхэмжлэгч тал зориулалтын дагуу ашиглаагүй энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж маргаагүй бөгөөд авто зогсоолын зориулалтаар ашиглаж буйгаа гэрээнд заасан үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа хэмжээн тайлбарласныг хүлээн авах боломжгүй тул захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох “гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй” ... гэж үзсэн нь үндэслэлтэй, хугацаа сунгуулах хүсэлтийг эс зөвшөөрсөн хариуцагчийн шийдвэрийн энэ үндэслэл Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д ... заасныг зөрчөөгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

2.7. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид “үйлчилгээний” зориулалтаар олгож, уг зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээг байгуулж байжээ. Тодруулбал, зөвхөн “үйлчилгээтэй орон сууц барих” зориулалтаар газар эзэмших эрх олгосон үйл баримт тогтоогдохгүй байна.

2.8. Мөн нэхэмжлэгчээс үйлчилгээтэй орон сууцны 5 давхар барилга барихаар 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 234/2013 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч, 2016 онд барилгын эскиз зургийг батлуулж, 2017, 2018 онуудад холбоо, дулаан, цэвэр, ус, цахилгааны холболт хийх нөхцөлүүдийг авчээ.

2.9. Маргаан бүхий газарт байрлах өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбайтай, Ү-2201012970 дугаар үл хөдлөх хөрөнгийг буулгаж, газраа 55 000 000 төгрөгийн хөрөнгөөр хашаалж, зам засаж, авто зогсоолын зориулалтаар ашиглаж буй талаарх баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

2.10. Эдгээрээс дүгнэвэл, нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт үйлчилгээтэй 5 давхар барилга барихаар холбогдох зөвшөөрлүүдийг авсан боловч уг барилгаа бариагүй, дээр нь байрлаж байсан үл хөдлөх хөрөнгийг нурааж, тухайн газарт зохих хэмжээгээр хөрөнгө оруулж, барилгын зөвшөөрөл, техникийн нөхцөл авч, өөрийн эзэмшлийн үйлчилгээний зориулалттай газраа авто зогсоолын зориулалтаар ашиглаж байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгах боломжгүй.

2.11. Гэтэл нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө Нийслэлийн Засаг даргад хүсэлтээ гаргасан байхад хариуцагч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж заасны дагуу хүсэлтийг шийдвэрлэлгүй татгалзсан болох нь тогтоогдож байна.

2.12. Анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд зөв дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан  шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 362 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Ч-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан нийслэлийн Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН