Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/150

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханхэнтий овгийн Баянмөнхийн Бд холбогдох 2029001860120 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд баг, Харгана гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Пүрэвдагватай хувийн таарамжгүй харьцаанаас буюу “өвөлжөө, бууц олж өг” гэх шалтгаанаас маргалдаж улмаар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн 7, 8-р хавирганы зөрүүгүй хугарал, нуруу, баруун бугалга, шуунд шарх, зүүн бугалга, нуруунд цус хуралт, баруун, зүүн чих, цээж, баруун бугалгад зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Харгана гэх газар хэрэг болсон. Архи уугаад хүнийг архины шилээр цохиод биед нь гэмтэл учруулсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Цаашдаа архи уухгүй гэв.

Хохирогч Д.Пүрэвдагвагын өгсөн “...Тэгээд байж байтал 15 цагийн үед Ганбаатарын малд мал нийлүүлнэ гээд нэг машинтай хүн ирээд явахдаа 0.75 литрийн Ерөөл архи өгчхөөд явсан. Түүнийг Ганбаатар, Б бид 3 хувааж ууж байсан чинь Ганбаатар согтоод тасраад унтаад өгөхөөр нь Б бид хоёр нөгөө архийг ууж дуусгаад бэлчээр яриад сууж байсан. Би тухайн үед их согтсон байсан гэнэт миний толгой руу Б нөгөө ууж байсан архины шилээр цохьсон, шил хагарсан, хагараад би сууж байгаад газар унасан, нуруу хүйт даагаад юм урсаад байх шиг болохоор нь би гараараа тэмтрээд үзсэн чинь цус гарч байсан. Тэгээд би унтах ч биш тархи толгой өвдөөд ухаан алдсан юмуу сайн мэдэхгүй байна. Тэгээд би Ганбаатарыг дуудаад болсон зүйлийн талаар хэлээд түргэн дуудсан тэгээд би эмнэлэгт ирсэн.”  гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/

Гэрч Т.Ганбаатарын өгсөн “...Тэр бүдүүн архи уугаагүй дороо яваад өгсөн. Бүдүүний өгсөн архийг Пүрэвдагва, Б бид гурав хувааж ууж байгаад би тасраад унтаад өгсөн. Би тэр архийг дуустал нь уугаагүй унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь Пүрэвдагвагын нуруу, хүзүүнээс цус гарсан, “түргэн дуудаадах” гэж хэлэхээр нь би эхнэр Оюунчимэгрүү утсаар залгаад “түргэн дууд Пүрэвдагвагаас цус нөж гоожоод хэцүү боллоо” гэж хэлсэн. Тэгээд түргэн 22-23 цагийн орчимд ирсэн байх.”  гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

Б.Бы гэрчээр өгсөн “...Тэгээд дахиад 0.75 литрийн архи гаргаж ирээд уугаад сууж байтал талд нь орж байтал Ганбаатар согтоод унтаж байсан үгүйг нь мэдэхгүй байна би бас нэлээн согтсон Пүрэвдагва надаас “чи энэ хавиар хонд хоргол их гэсэн чамайг мэддэг гэсэн Ганбаатар бид хоёрт өвөлжөө олж өг” гэж хэлэхээр нь “би мэдэхгүй” гэж хэлээд  “хонд хоргол байх нь байгаа л байх миний мэдлийн гэж юу байхав” гэж хэлсэн чинь  “чи л энэ хавийг мэддэг” гэж хэлээд байн байн асуугаад даапаалаад байх шиг инээгээд байхаар нь уур хүрээд архины шилээр толгой дундуур нь цохсоноо  мэдэж байна. Түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн Ганбаатарын гэрийн баруун талд бутан дунд унтаж байсан. Тэгсэн өглөө үүрээр даарсан босоод харсан Ганбаатарын гэр ойрхон байхаар нь алхаад гэрт нь орсон чинь гэрийн зүүн хойд талаар цус болсон байхаар нь би гэрийн баруун талд ороод унтсан. Тэгээд өглөө босоод Ганбаатар “Пүрэвдагва цус нөж тогтохгүй байхаар нь түргэн дуудаад явуулсан” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харьсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

Гэрч Д.Өлзийсайханы өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний шөнө ойрын дуудлагын жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 21 цаг өнгөрөөгөөд нэг дугаараас жижүүрийн утсанд дуудлага өгөөд хаягаа мэдэхгүй байна. Хүн хутгалуулсан байна гэж хэлээд салгасан. Тэгээд би хаана юу болсон юм бол гэж бодоод өөрийнхөө дугаараас нөгөө дугаар луу залгаад юу болсон гэж асуусан чинь хүмүүс хоорондоо маргалдсан юм байна. Эмч авч явна гэхээр нь Болдцэрэн эмчийг алсын дуудлагад явуулаад 23 цаг өнгөрч байхад Пүрэвдагва гэх хүнийг аваад ирэхэд би анхны үзлэг хийлцэхэд нурууны баруун дээд хэсэгт 5-6 см орчим зүсэгдсэн, баруун, зүүн чихэнд урагдсан, баруун гарын тохойн дотор талд зүсэгдсэн шархтай, цус их алдалттай ирсэн. Тэгээд рентгенд хараад, оёдол тавиад цус тогтоох эмчилгээ, цус нөхөх эмчилгээ, тархины цусан хангамж сайжруулах эмчилгээнүүд хийгдсэн.”  гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/

Гэрч Р.Оюунчимэгийн өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний шөнө 21 цаг өнгөрч байхад манай нөхөр Ганбаатар 88749780 гэсэн өөрийнхөө дугаараас миний 80749780 гэсэн дугаар луу 21 цаг 30 минутын орчимд залгаад маш яаралтай түргэн дуудахгүй бол Пүрэвдагваас их хэмжээний цус алдаад байна гэхээр нь заза одоохон гэж хэлээд утсаа таслаад машин асаагаад гараад Пүрэвдагвын эхнэр Одгэрэл, хүү Анхбаяр хоёрт хэлсэн. Тэгээд эмнэлэгт түргэний машиныг дагаад бид 3 очсон...”  гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/

Гэрч Н.Одгэрэлийн өгсөн “...Би 2020 оны 08 дугаар асрын 24-ний шөнө 21 цаг 30 миунт өнгөрч байхад Оюунчимэг эгч манай гэрт ирээд Ганбаатар утсаар ярьлаа. Пүрэвдагва цус алдсан гэхээр нь би түргэн дуудаад, түргэний эмчийн хамтаар Ханбогд сумын төвөөс баруун хойд зүгт 30 км зайд Харгана гэх газар Пүрэвдагвын байгаа гэрт очиход Пүрэвдагва гэрийн хойд талд зүүн тийш хараад хэвтсэн, Ганбаатар толгойг нь өвдөг дээрээ тавьсан сууж байсан. Пүрэвдагвын нуруу, болон, гар, баруун, зүүн чихнээс цус гараад гэрийн хойд дэвсгэр нэлэнхийдээ цус болсон байсан. Тэгээд эмч Пүрэвдагвад анхан шатны тусламж үзүүлээд эмнэлэгт авч ирэн, хэвтэн эмчилсэн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 478 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/

Яллагдагч Б.Бы мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/

         Шүүгдэгч Б.Бы хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Б.Бы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р хуудас/,

Шүүгдэгч Б.Бы иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа  /хх-ийн 52-55-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Д.Пүрэвдагвын биед “7, 8-р хавирганы зөрүүгүй хугарал, нуруу, баруун бугалга, шуунд шарх, зүүн бугалга, нуруунд цус хуралт, баруун, зүүн чих, цээж, баруун бугалгад зулгаралт”  гэмтэл учруулсан Б.Бы  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг хангасан байна.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д” гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу /удаан/” мөн журмын 2.3.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр /15-30%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсноор хохирогч Д.Пүрэвдагвын  биед учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байна.  

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Д.Пүрэвдагвад хохирол төлбөрт 795 754 төгрөг төлсөн бид харилцан тохиролцож эвлэрсэн гэх хүсэлт /хх-ийн 93-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн шатанд шүүгдэгч нь хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна  гэж үзэв.

-Улсын яллагчаас Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж ,  1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1.500.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Б.Быг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох  шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ханхэнтий овгийн Баянмөнхийн Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд  1 500 /нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  1 500 000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 795 754 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА