Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/151

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Б.П /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Болоожийн Пд холбогдох 2029001380113 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.П нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 05-06 цагийн орчимд Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байхдаа цэргийн ангийн хуарангийн байрлалд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ доод албан тушаалтан болох 3 дугаар салааны геодезийн инженер Ц.Сүхбаяртай дүрмийн бус байдлаар харьцаж, зодон эрүүл мэндэд нь тархины доргилт, цээж, зүүн бугалга, баруун ташаа, гуя, зүүн гуя өвдөг, шилбэний цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Ц.Сүхбаярын гэрчээр өгсөн: “...Ер нь намайг ажлаа сайн хийж, хичээж ажиллаж байх үед ч урам зоригийг минь үгүйсгэж, ажиллах эрч хүчгүй болгодог  2018 оноос л тус Б.Птэй хамтарч ажиллахад л надад дургүй, миний үзэл бодлыг үгүйсгэдэг нь надад мэдрэгдэж, заримдаа халамцуу ирсэн үедээ агсам согтуу тавьдаг байсан нь нэг хоёр удаагийн үйлдэл биш. Энэ нь удаа дараа үргэлжилсээр өчигдөр 2020 оны 06 дугаар сарын 16-ны өглөөний 05 цагийн үед ротын байрлал дээрээс нэлээн согтуу миний амьдардаг байрлал буюу далан барьдаг 3 дугаар хэсэгт ирсэн. Гэрт орж ирээд л “Сүхээ бос пизда минь” “яасан ах гэхэд” “босоод ир пизда минь” тэгээд орноос нүцгэн босоод очиход “чи пизда минь ажлаа аятайхан хийж чадахгүй байна уу? Тэгэхэд миний хажуу талын орон дээр ахлах дэслэгч Чойжоо унтаж байсан. Чойжоо ахыг босгож ирснээ, “энэ ах чинь дарга хүн чи пизда минь ахыгаа элэг бариад байна уу?” гээд зүүн талын шанаа руу цохисон. “Чи ажлаа олигтой хийж чадах юм уу чадахгүй юм уу” гээд миний зүүн талын шилбэ рүү өшиглөсөн, тонгойход зүүн талын гуя руу өшиглөсөн. Тэгээд би “ажил болж байгаа шүү дээ юу болохгүй байна” гээж асуухад огт хариулаагүй миний цээж рүү цохисон. Орон дээр сууж байхад “босоод ир пизда минь” гээд дуудсан. Тэгээд босоод очиход хүн шиг ажлаа хийл дээ пизда минь” гээд миний шилбэ рүү өшиглөөд, дахиад зүүн талын шанаа руу цохиод, миний цээжний зүүн талын хэсэг рүү гараараа цохисон. тэгээд зайгаа барихад “зогс пизда минь наанаа” чи ямар арчаагүй пизда вэ?” “яасан бэ ахаа юу болов” гэхэд ”Чи муу арчаагүй пизда ажлаа хий л дээ” гээд удаа дараа олон давтамжтай цохисон. Тэгээд би зугтаах гэсэн чинь “зогс пизда минь, чи муу ийм дэг мэдэх үү? Чи муу ийм зодуур үзсэн юм уу” гээд “номхон, зэрэгц” гэсэн. Тэгээд ирээд миний хамар луу цохисон, хамраас цус гараад гараараа дарахад, миний баруун талын шилбэ рүү өшиглөж, тонгойход баруун талын мөрнөөс барьж байгаад баруун талын гуя руу өвдөглөсөн. Ингээд байж байхад ахмад Содгэрэл босож ирээд “боль Пүүжээ” гэж хэлсэн. тэгсэн чинь “би өөрийнхөө хүнийг өөрөө мэдэж байна, би цэргээ зодож байна” гэж хэлээд намайг цаашаа явахад “гэрээс гарвал ална шүү пизда минь” гээж хэлсэн. тэгэхлээр нь би “ойлголоо ах” гэж хариулсан. Тэгээд хүрч ирээд миний 2 чих рүү алгадаж, цээж рүү цохиж, дахиад доод хавирга руу цохин бас зүүн гараараа цээж рүү цохин би ямар ч буруугүй байхдаа “за больё л доо ахаа” гээд уучлалт гуйхад “чи мэддэг юм уу пизда минь өнөөдөр чамайг зодно, маргааш Гомбоог зодно, Буяа ахыг чинь зодохгүй ээ тэр чинь миний он жав би зүгээр л хэлнэ” тэгж хэлээд төмөр сандал аваад намайг цохиход би зүүн гараараа хаагаад орон дээр унасан. Тэгээд миний дээрээс 2 гараараа дараад баруун гараараа миний шилэн хүзүү рүү цохиж, зүүн гараараа миний зүүн талын шанаа руу цохиж нүүр лүү алгадаж дахиад цус гаргасан. Тэгээд би 2 гараараа нүүрээ дараад биеэ татаад чангалаад хэвтсэн. Тэгэхэд миний зүүн талын бөөр, нуруу, дагз, мөр, гуя руу бүхэлд нь цохисон. Тэгээд би “Уучлаарай, улам хичээж ажиллана” гэхэд “чадах уу пизда минь” гэсэн, тэгээд “босоод ир” гээд боссон чинь төмөр сандлаар зүүн талын бөөр лүү зугтаах гэхэд ард талаас цохисон. Тэгээд би зугтаах гэхэд дахиад л намайг “зогс пизда минь” гээд би зогссон. Тэгтэл гаднаас ахмад Баяр-Эрдэнэ орж ирээд “Пүүжээ боль чи” гэхэд “за за онжий би одоо зодохгүй ээ” гэсэн. Тэгээд Баяраа ах намайг “хувцсаа өмсөөд, цусаа угаа” гэсэн. Тэгээд цусаа арилгах гээд гараа угааж байхад зүүн талын хөлийн арын булчин руу өшиглөсөн. Тэгээд гутлаа аваад өмсөх гэтэл “чи ямар удаан өмсдөг пизда вэ?” гэсэн тэгээд надаас “ажлаа аятайхан хийж чадах уу?” гээж асуухад би “чаднаа улам хичээж ажиллана ах” гэсэн. Тэгэхэд “би өнөөдөр чамайг зодно, маргааш Гомбоог зодно, Буяаг би зодохгүй тэр чинь миний он жав” гэж дахиад хэлсэн. Тэгээд “би өнөөдөр ууж болох юм уу? Болохгүй юм уу хөөе пизда минь ээ” гэхэд би огт дуугараагүй. “Хөөе пизда минь дуугар л даа” гэхэд би огт дуугараагүй. “Би өнөөдөр ууна” гэхэд би “ойлголоо” гэж хариулахад, “арчаагүй муу хар шээс минь орой ирэхдээ архи олж ирээрэй би ууна, чамайг зодно ойлгосон уу? гэсэн. Тэгэхлээр нь би “ойлголоо” гэж хариулсан. Тэгээд Баяраа ах гаднаас орж ирээд Сүхээ ахын дүү цусаа угаагаад ажилдаа гар гэж хэлсэн. тэгээд гэрээс гарах гэтэл Пүрэвсүрэн “гэрээс гарвал ална шүү лалраа” гэсэн. Тэгээд би гутлаа аваад л гараад явсан. Тэгээд би ээжтэйгээ утсаар яриад болсон зүйлийн талаар “Би ажиллаж чадахгүй юм байна, энэ хүний гарт нэг өдөр үхэх юм байна, өмнө бол ганц нэг цохиод би юм хэлдэггүй байсан, маргааш нь Пүүжээ ах нь тасарчихжээ ахыгаа уучлаарай гээд байсан, одоо бол төмөр сандлаар цохин намайг зодож нэг л өдөр алах юм байна” гээж утсаар ярьсан” гэх мэдүүлэг  /хх-н 21-22-р хуудаст/,

Хохирогч Ц.Сүхбаярын: “...тэгээд 2020 оны 06 дугаар сарын 16-ны 06 цагийн орчимд байрлал дээрээ амарч байхад ахмад Б.П гэж хүн гаднаас согтуу орж ирээд намайг бос гээд тэгээд зодож эхэлсэн. Би одоо бас яг сайн санахгүй байна. Гэрчийн мэдүүлэг дээрээ би нэг бүрчлэн дөнгөж болоод удаагүй байсан болохоор дэлгэрэнгүй ярьсан” гэх мэдүүлэг /хх-н 18-р хуудаст/,

Б.Пийн гэрчээр өгсөн:  “...би архи уугаад тасраад тэрнээс хойш би юу ч санахгүй байна. Би санахгүй байна. өглөө миний өмд цус болсон байсан. Сүхбаярыг ажлын хэсгийн далангийн ажил бага зэрэг асуудалтай байсан болохоор ажлаа сайн хий гэж зөвлөгөө өгсөн. Тэр үед урдаас тайлбар тавиад тэгэхээр нь би согтуу байсан болохоор ганц нэг цохиод өшиглөсөн нь үнэн. Би гараараа цохисон нь үнэн. Хөл рүү нь өшиглөснөө хүлээн зөвшөөрч байна. гэхдээ огт санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 26-р хуудаст/,

Гэрч Б.Чимэдцэрэнгийн: “...2020 оны 06 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн үед манай хүү болох Сүхбаяр над руу залган “би хүнд алуулах юм шиг байна, зодуулчихлаа” гээд утсаа салгасан. Би буцаагаад залгахад утас нь холбогдох боломжгүй болсон. Тэгээд би Өмнөговь аймгийн Цагаан хаднаас шууд Манлай суманд байрлах 7780 дугаар ангид ирсэн. Тэгээд тус ангийн захирагчтай уулзахад “би Сүхбаярын ээж байгаа юм. өглөө манай хүүг тус ангийн захирагч Б.П гэх хүн зодсон гэдгийг хүүгээсээ сонсоод ирлээ” гэсэн. Тэгээд тус ангийн захирагч Зоригсайхан ахмад Пг дуудуулахад “2 дээр байгаа” гэсэн. Тэгээд “захирагч нь яваад ирье” гээд Б.Пг авч ирэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай нэлээн согтуу байсан. Тэгээд би хүүгээ “алив наад шарх сорвийг чинь үзье” гээд хувцсыг нь тайлж үзэхэд, биеийн зүүн талын хэсэг бүхэлдээ хөхөрсөн байдалтай гуя нь хавдсан байдалтай байсан. Тэгээд “цагдаагийн хэсэг рүү явъя” гээд ирсэн. Манай хүүгийн байрладаг газар нь тус 7780 дугаар ангиас 7-8 километр зайтай байрладаг, тэндээс очиж хувцас хэрэглэлүүдийг нь авахад орон дээр нь цус тогтсон, биологийн мөрнүүд байсан. захирагчаас нь сонсоход манай хүүг зодсон гэх Б.П нь 7780 штаб дээрээ байрладаг ба 7-8 километр явж очин манай хүүгийн байрладаг байсан 2 дугаар бааз дээр очиж зодсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-н 24-р хуудаст/,

Гэрч Р.Баяр-Эрдэнийн: “...2020 оны 06 дугаар сарын 16-нд өглөө 5 цагийн үед намайг сэрэхэд урд талын гэр шуугиан болоод хэрүүл маргаан болж байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд тухайн хэрүүл маргаан болоод байсан гэр лүү ороход гэр дотор цэргийн алба хаагч Содгэрэл, П, Сүхбаяр гурав байсан. Гэрийн зүүн талд Сүхбаяр дээгүүрээ фудволкатай доогуураа нүцгэн байсан. Пүрэвсүрэн Сүхбаярын нүүр лүү алгадаж, гуя руу нь өвдөглөж байхыг харсан. Сүхбаярын хамраас цус гарсан, миний бодлоор ПСүхбаярыг зодсон байдалтай байсан. Би голоор нь орж салгаад, Пг больцгоо гэж хэлээд гараад явсан. Тэгээд би гэрээс гараад 6 цагт ажилчдаа ажилд нь гаргаад тухайн үүрэг чиглэл өгчхөөд буцаж 10 минутын дараа гэрт буцаад ороход хэрүүл хийгээд маргалдаад байсан. Тэгээд би салгаад байж байтал Сүхбаяр хувцсаа өмсөж байсан. тэгээд П орон дээр сууж байгаад унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 32-р хуудаст/,

Гэрч Б.Содгэрэлийн: “...тухайн шөнө үүрээр хүмүүс ажилд гарахын урд  П гаднаас гэрт орж ирээд Сүхбаяртай маргалдаад байсан. Тэгэхээр нь босоод “тэр хоёрыг боль” гэж хэлээд “Чойжоо хүмүүсээ босгоод ажилд нь гарга” гэж хэлсэн. Тэгээд гэрт байж байхад П маргалдаж байгаад Сүхбаярын зүүн шанаа руу нэг шанаадаад, зүүн гуя руу нь нэг өвдөглөж байсан. Тэгээд би Сүхбаярыг “гэрээс гаргаад ажилдаа гар” гэж хэлээд Пг унтуулсан” гэх мэдүүлэг /хх-н 34-р хуудаст/,

Гэрч Л.Мэндбаярын: “...намайг байхад П гуталтай хөлөөрөө Сүхбаярын гуя руу нь нэг удаа өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би боль гэж хэлчхээд гараад явсан” гэх мэдүүлэг /хх-н 43-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 385 дугаартай “1. Ц.Сүхбаярын биед тархины доргилт, цээж, зүүн бугалга, баруун ташаа, гуя, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 50-р хуудаст/,

Шүүгдэгч Б.Пийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 62-72, 76-80, 87-97-р хуудаст/,

Б.Пийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 58-р хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.П нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 05-06 цагийн орчимд Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байхдаа цэргийн ангийн хуарангийн байрлалд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ доод албан тушаалтан болох 3 дугаар салааны геодезийн инженер Ц.Сүхбаяртай дүрмийн бус байдлаар харьцаж, зодон эрүүл мэндэд нь тархины доргилт, цээж, зүүн бугалга, баруун ташаа, гуя, зүүн гуя өвдөг, шилбэний цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Ц.Сүхбаярын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Пийн хохирогчийн цээж, зүүн бугалга, баруун ташаа, гуя, зүүн гуя өвдөг, шилбэ рүү нь гараараа болон гуталтай хөлөөрөө цохиж, өшиглөсөн үйлдлүүдтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Пг дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Хохирогч Ц.Сүхбаярын биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 385 дугаартай “1. Ц.Сүхбаярын биед тархины доргилт, цээж, зүүн бугалга, баруун ташаа, гуя, зүүн гуя, өвдөг, шилбэний цус хуралт, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 48-50-р хуудас/ гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.П хохирогч Ц.Сүхбаярт хохирол төлбөрт 350.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Ц.Сүхбаяр нь гомдол, санал байхгүй гэсэн болохыг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ /хх-н 98, 100-р хуудас/

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Пийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, гэмшсэн байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг шүүх харгалзан үзэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Пд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зааснаар шүүгдэгч Б.Пд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.П нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй,  Б.Пнь 350.000 төгрөгийг хохирогч Ц.Сүхбаяр төлсөн, хохирогч гомдол, санал байхгүй гэсэн болохыг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, Б.Пүийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Болоожийн П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Пд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Б.П нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  Б.П нь 350.000 төгрөгийг хохирогч Ц.Сүхбаяр төлсөн, хохирогч гомдол, санал байхгүй гэсэн болохыг дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, Б.Пийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Пд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАТМӨНХ