| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00266/И |
| Дугаар | 102/ШШ2017/00746 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/00746
| 2017 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/00746
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 13 дугаар гудамж, 309 тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ПЭ61102918, 55 настай, эрэгтэй, Сүхтэйнхэн овогт Баастын Гэрэлийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Гэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гэрэл нь 1961 онд төрсөн. 56 настай. Хөдөлмөрийн тухай хуулиар хүнд хортой нөхцөл байдалд ажиллаж байсан хүнийг 55 насаар тэтгэвэр тогтоодог. Б.Гэрэл нь 1980 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, мөн 1985 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд шаварчин, барилгачин, өрлөгчнөөр, харин 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Өргөө пүүст барилгачин, шаварчин, өрлөгчин гэх 3 мэргэжлээр ажиллаж байсан. Сүүлд байгууллагын нэр л өөрчлөгдсөн болохоос яг тухайн байгууллага болох Өргөө пүүс компанид мөн шаварчин, барилгачин, өрлөгчнөөр ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээр нормчин гэж үг байдаг. Энэ үг нь одоогийн хууль журмаар байхгүй байдаг бөгөөд одоогийн хэрэглэдэг агуулгаар нь тогтоолгох хүсэлтэй байна. Хөдөлмөрийн дэвтэр дээр Баастын Гэрлээ гэж бичсэн. Одоо ажиллаж байсан байдлаа Б.Гэрэл гэж тогтоолгох хүсэлтэй байх учир нэрний өөр бичигдсэн байдал нь ач холбогдолгүй гэж гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Гэрэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2, 135.2.6-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал гэж заасны дагуу өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг болох нь оршин суугаа хорооны тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай гэж өөрчилсөн тул шүүхээс нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагын хүрээнд дүгнэлт хийн шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн ажилд орсон гарсан тушаал дээр нэр овог зөрсөн, хөдөлмөрийн дэвтэр засвартай байгаа нь ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ.
Нэхэмжлэгч Б.Гэрэл нь 1980 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1985 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга Угсралтын трестэд өрлөгчин, шаварчнаар, 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн үйлдвэрлэл, худалдааны Өргөө пүүст өрлөгчин, шаварчнаар ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна.
Үүнд: Заамарын Хөдөө Аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас 1978 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн барилга Угсралтын конторын даргын 1980 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 202 тоот ажилд томилох тухай тушаал, Ховд аймгийн Үйлдвэрлэл, худалдаа, зуучлалын Өргөө пүүсийн захирлын 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхйи газрын Улсын бүртгэлийн төв архивын Ховд аймгийн Барилга угсралтын трест нь 1991 оноос Ховд аймгийн үйлдвэрлэл, худалдааны Өргөө пүүс гэж нэр өөрчилж бүртгүүлсэн талаарх лавлагаа, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Хэлтсийн Тус аймгийн барилга угсралтын трест нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, Тус аймгийн Өргөө хоршоо нь 1992-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болно гэсэн тодорхойлолт, гэрч А.Нарантуяагийн Би 1978 онд Ховд аймгийн Барилга угсралтын конторт шавар будгийн засалчнаар ажилд орсон. Б.Гэрэл нь миний дараа манай бригадад ажилд орсон. Манайх 10 бригадтай байсан бөгөөд би 3 дугаар бригадад ажиллаж байсан. Б.гэрэл Өргөө пүүсийн бригадад ажилд орсон. Би Б.Гэрэлтэй 1995 он хүртэл хамт ажилласан. 1995 оноос хойш барилга өөрчлөгдөж би хуучин дарга айсан Пүрэвдоржийг дагаж ажилласан гэсэн мэдүүлэг, гэрч Б.Дагийсүрэнгийн Би 1987 онд сургуулиа төгсөөд нэгдэл дундын үйлдвэрт барилгын засалчнаар ажилд орсон. Намайг барилга трестэд ажилд ороход Б.Гэрэл нь шавар будагчин хийдэг байсан. Бид 1995 он хүртэл хамт ажилласан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Б.Гэрэлийг 1980 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1985 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга Угсралтын трестэд өрлөгчин, шаварчнаар, 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн үйлдвэрлэл, худалдааны Өргөө пүүст өрлөгчин, шаварчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхтэйнхэн овогт Баастын Гэрэлийг 1980 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1985 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Ховд аймгийн Барилга Угсралтын трестэд өрлөгчин, шаварчнаар, 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн үйлдвэрлэл, худалдааны Өргөө пүүст өрлөгчин, шаварчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ