Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/152

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Н.Э /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эт холбогдох эрүүгийн 2029001950117 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 08 дугаар сарын 31-нээс 2020 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Элгэн” ХХК-ийн ажилчдын амрах байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Т.Батцэнгэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу “цалин мөнгө өгөхгүй байна” гэх шалтгаанаас маргалдан улмаар хутгаар Т.Батцэнгэлийн зүүн далан тус газар хатгаж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эт холбогдох эрүүгийн 2029001950117 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ:

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ахиж ийм алдаа гаргахгүй. Хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй гэсэн болно гэв.

 

  • Яаралтай тусламжийн хуудас /хх-12-13/,

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-19/,

 

  • Хохирогчийн хохирол төлбөр төлсөн баримт /хх-24-30/,

 

  • Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-33-34/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Батцэнгэлийн өгсөн мэдүүлэг /хх

37-39/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Намжирмаагийн өгсөн мэдүүлэг /хх-40-

42/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Тэгшжаргалын өгсөн мэдүүлэг /хх-46-48/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд М.Батзоригийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-49-

50/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Батдэлгэрийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-51

52/,

 

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын

07-ны өдрийн 10061 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-54-55/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.ын өгсөн мэдүүлэг /хх-61-64/,

 

  •   Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-66, 69, 70, 71, 73, 74/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Н.Э нь нь 2020 оны 08 дугаар сарын 31-нээс 2020 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Элгэн” ХХК-ийн ажилчдын амрах байранд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Т.Батцэнгэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу “цалин мөнгө өгөхгүй байна” гэх шалтгаанаас маргалдан улмаар хутгаар Т.Батцэнгэлийн зүүн далан тус газар хатгаж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-Яаралтай тусламжийн хуудас /хх-12-13/,

 

-Хохирогч Т.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 08 дугаар сарын 31-ний орой 23 цаг өнгөрч байхад Э, Батдэлгэр, Батзориг бид нар амардаг контейнер хаусдаа архи уусан тэр үед Батзориг 2 шил 0.75 граммын Хараа архи уусан тэгээд тэр архиа ууж байгаад Батгэрэл орондоо тасраад унтчихсан байсан. Батзоригт унтаж амрах гээд явчихсан байсан юм. Э хувцасаа тайлаад орон дээрээ сууж байсан юм тэр үед би ч бас хувцасаа тайлж байсан тэр үед Э бид хоёр маргалдахад Э түмбүүчигнээс ангийн хутга шиг санагдаж байна хутга аваад над руу далайгаад ирэхээр нь би эргээд харахад миний зүүн далны доод талд хутгалсан тэр үед хутгалаагүй байлгүй гэж бодож байхад нуруу руу халуу оргиод байхаар нь би контейнерээс гараад хажуу контейнерийн цонхон дээр очоод “намайг хутгалчихлаа” гэж хэлэхэд Тэгшжаргал гарч ирээд намайг хутгалсан байхыг хараад ажилчдад хэлж эмнэлэг хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-рт/,

 

  • Гэрч Ү.Намжирмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн өдөр 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 02 цагийн үед би жижүүрт гарч байсан юм. 02 цагийн үед эмнэлгийн ажилтан болох бага эмч Батсоёл гэх эмч хүлээн авах яаралтай тусламж дээр гарч байсан юм. Надад утсаар хэлэхдээ “хутгалуулсан хүн ирчихлээ, буугаад ир” гэж хэлсэн. Тэгээд очоод хутгалуулсан хүн болох Т.Батцэнгэл гэгчийг үзтэл амин үзүүлэлт хэвийн, цус алдалгүй байсан. Эмнэлэг рүү ирэх замдаа цус нь тогтсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд цуснаас дээж авсан. Тэгээд их эмч Өнөрбаяр руу залгаж хамтарсан үзлэг хийж, шархтай хэсэг дээр хэр гүн орсон бэ гэдгийг үзсэн. Тухайн хүн нэлээн согтолттой байсан, шарханд нь анхан шатны тусламж үзүүлж мөн оёдол тавьсан. Тэгээд тухайн хүнийг ажиглалтын өрөөнд хэвтүүлж хянаж хоносон. Тэр шөнөдөө тухайн хүний биеийн байдал тогтвортой ямар нэгэн өөрчлөлтгүй хоносон” гэх мэдүүлэг /хх-40-рт/,

 

-Гэрч З.Тэгшжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... тэгээд намайг унтаж байхад 2020 оны 08 дугаар сарын 31-нээс 2020 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн үед цонхоор намайг “Тэгшээ Тэгшээ” гэж дуудаад “Э намайг хутгалчихлаа” гэж Батцэнгэл хэлсэн. Тэр үе би нойрмог “юу яриад байгаа юм, орж унт” гэж хэлсэн. Тэгсэн Батцэнгэл “чи гарч ирээд хар” гэхээр нь оруулж ирээд яасныг харахад зүүн гарын дал орчимдоо хутгалуулчихсан байсан. Тэгэхээр нь би ажилчдаа сэрээгээд Батцэнгэлийг эмнэлэг рүү явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-рт/,

 

-Гэрч Л.Батдэлгэрийн “... Тэгээд намайг унтаж байхад Эрдэнэболор 02 цаг 30 минутын үед намайг сэрээгээд “та нар архи ууж байж нэгнийгээ алах нь байна шүү дээ чамайг Батцэнгэл дуудаад байхад чи сэрээгүй байна” гэж хэлсэн. Тэгээд намайг босоод өөр газарт унт гэхээр нь би өөр амрах байранд орж унтсан” гэх мэдүүлэг /хх-50-рт/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10061 дугаартай “1.Т.Батцэнгэлийн биед зүүн далны зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 54-рт/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  Н.Эт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Т.Батцэнгэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10061 дугаартай дүгнэлт /хх-54/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Т.Батцэнгэлийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Шүүгдэгчээс гэм хорын хохиролд 3.490.500 төгрөг төлсөн /хх-24-30/, хохирогч Т.Батцэнгэл нь гомдол саналгүй болох нь хохирогчийн “...Н.Э нь эм, эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан болно. Бид 2 эвлэрч энгийн харилцаатай байгаа учир уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн тайлбараар нотлогдож байна. /хх-79/

 

Иймд шүүгдэгч Н.Эрдэнэ-Очир нь хохирогч Т.Батцэнгэлд гэм хорын хохиролд 3.490.500 төгрөг өгсөн, хохирогч Т.Батцэнгэл нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Н.Э нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Э урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-66/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000  /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хар өнгийн гэртэй, ишний урт 11 см, ажлын хэсгийн урт 13 см, нийт 24 см урттай, ахуйн хэрэгцээний 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

шүүгдэгч Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон онги овогт Нэргүйн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /Долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Э нь хохирогч Т.Батцэнгэлд гэм хорын хохиролд 3.490.500 төгрөг өгсөн, хохирогч Т.Батцэнгэл нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар хөх өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон хар өнгийн гэртэй, ишний урт 11 см, ажлын хэсгийн урт 13 см, нийт 24 см урттай, ахуйн хэрэгцээний 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН