Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/153

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд  

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Н.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бт холбогдох эрүүгийн 2029001880128 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутаг дэвсгэр, Цагаан хад гэх газраас “Ти Си Таймс” ХХК-ийн эзэмшлийн Норд бенз маркийн 48-17 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бт холбогдох эрүүгийн 2029001880128 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Миний буруу гэв.

 

-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11

15/,

-Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-17/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Түмэнжаргалын өгсөн мэдүүлэг

/хх-28-37/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Түмэн-Өлзийгийн өгсөн мэдүүлэг /хх-39-41/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Түмэн-Өлзийгийн өгсөн мэдүүлэг /хх-42-43/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Далайцэрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-44-45/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энх-Амгалангийн өгсөн мэдүүлэг /хх-49-51/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Батзулын өгсөн мэдүүлэг /хх-52-53/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батцэнгэлийн өгсөн мэдүүлэг /хх-54-55/,

 

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ 820/22 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-58-61/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-66-71/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Капитрон банкны тодорхойлолт, Хас банкны тодорхойлолт, Голомт банкны тодорхойлолт, Төрийн банкны тодорхойлолт, Хаан банкны тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар   /хх-75-77, 79, 80, 82, 83, 84, 85-110, 111, 114/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутаг дэвсгэр, Цагаан хад гэх газраас “Ти Си Таймс” ХХК-ийн эзэмшлийн Норд бенз маркийн 48-17 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 22-16 БЧ дугаартай чиргүүлийн хамт завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Түмэн-Өлзийгийн өгсөн “...48-17 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай “Ти Си Таймс” ХХК-ийн нэр дээр байдаг машин. Б.Далайцэрэн нь тээврийн хэрэгслээ бусдад дамжуулах эрх байхгүй. Би машинаа авсан. Машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-рт/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Түмэн-Өлзийгийн гэрчээр өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр манай захирал Содоо над руу мессежээр нэг жолоочийн утасны дугаар явуулаад наад жолооч чинь машинаа алдчихсан гэнээ. Чи ярьж байгаад очоод уулзаадах гэсэн. Тэгээд би жолооч руу яриад жолоочтой уулзахад машинаа алдчихлаа. Нүүрс тээврийн шороон замын хажууд байсан юм гэж хэлсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 43-рт/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Далайцэрэнгийн өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн үед Оюу толгой уулзварын хажууханд нүүрс тээврийн шороон замын хажууд машинаа тавиад өөрөө гэрт орж амрахаар явсан. Тэгээд өглөө 07 цагийн үед сэрээд машиныхаа хийг хураахаар машин дээрээ очиход машин байхгүй болчихсон байсан. Тэгээд тэр хавиар машинаа хайхад байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-рт/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Бын гэрчээр өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний шөнийн 01 цагийн үед Хайрхан багийн Цагаан хад гэх газрын Оюутолгой уулзварын хажууханд байх нүүрс тээврийн шороон замын хажууд байсан цагаан өнгийн норд бенз маркийн тээврийн хэрэгслийг таван толгойн уурхай руу буюу ам руу авч явсан. Тэгээд аман дээр өглөө 11 цагийн үед очоод найз Энх-Амгалан,  Батцэнгэл нар руу залгаад би нэг хужаа тэрэг авсан юм. Яаж аман дээрээс ачуулах вэ? Та хоёр хүрээд ирээч гэж хэлсэн... Тэгээд Батцэнгэлийн танил Батзул гэх хүнтэй таараад эндээс бэлэн мөнгөний ачаа ачих гэсэн юм гэхэд бэлэн мөнгөний ачаа эндээс явахгүй байгаа. Эрдэсээс Чойр руу явж байгаа. Тэндээс нэг ачуулчих гэсэн. Тэгээд энэ машинаараа ороод шууд ачуулж болох уу? гэхэд болохгүй хот хоорондын зөвшөөрөлтэй машин байх хэрэгтэй. За чи надаас нэг явахгүй байгаа хот хоорондын номер аваад яваад ир гэсэн. Тэгээд нүүрсээ Эрдэнээс ачаад Батзул ах бид хоёр Чойр луу явсан. Төв аймгийн нутагт явж байхад Энх-Амгалан, Батцэнгэл нар залгаад чи хаана явж байгаа юм бэ? Чиний унаж байгаа машины зураг фейсбүүк дээр явж байсан. Хулгайн машин энэ тэр гээд тавьчихсан байна гэж ярьсан. Тэгэхээр нь би энэ машиныг эзэнд нь хэлэхгүйгээр авчихсан юмаа гээд хоёр найздаа болон Батзул ахад хэлсэн... тэгээд Чойрын цагдаа бид нарыг шалгасан. Тэгэхээр нь би зөвшөөрөлгүй машин авсан юм гэдгээ үнэнээр нь хэлсэн. Тэгсэн чинь машины эзний дугаарыг манай найз Батцэнгэл цагдаад өгөөд цагдаа нь машины эзнийг дуудсан. Би тухайн машиныг авч уурхайгаас бэлэн мөнгөний ачаа ачуулж, жолооны мөнгөө төлье гэж бодож байсан. Би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Энх-Амгалан, Батцэнгэл нартай уулзаагүй. Намайг хүний машин зөвшөөрөлгүй авч явсан талаар Энх-Амгалан, Батцэнгэл, Батзул нар мэдээгүй. Төв аймагт явж байхад над руу залгаад асуухад нь би үнэнээ хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-рт/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энх-Амгалангийн “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед Батцэнгэл рүү нэг найз нь залгаад Цогтцэций сум руу нүүрс ачдаг ам руу хүрээд ир гэсэн. Тэгээд Батцэнгэл Баагий гэх найзтай уулзахад Баагий бэлэн мөнгөний ачаанд явна гээд нэг машинтай ирчихсэн байсан. Баагий энэ машин хужаа машин байгаа юм. Бичиг баримт байхгүй. Танд бичиг баримт номер байгаа юу гэж асуухад энэ яасан машин юм бэ? Гэж Батзул асуусан. Тэгээд Баагий хужаа машин байгаа юм ганц удаа бэлэн мөнгөний ачаанд явуулчихмаар байна. Та цаг яваад өгөөч гэхэд Батзул за за, нэг удаа яваад өгье 400.000 төгрөг авсан гэсэн... Тэгээд Батцэнгэл гар утсаараа фейсбүүк орж байгаад нэг зар хараад нөгөө Баагийн жолоодож явсан машин байна ш дээ гээд надад харуулахад зарын групп дээр Цагаан хаднаас алдагдсан машин харсан хүн байвал холбоо барина уу гэсэн байсан. Тэгээд бид шууд Баагий руу залгаад хөөе наад машиныг чинь фейсбүүк дээр тавьчихсан байна. наадах чинь ямар учиртай машин юм бэ? гэхэд Баагий Цагаан хаданд зогсож байсан машиныг хэлэхгүй аваад явчихсан гэсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 50-рт/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Батзулын “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед босчихоод байж байхад миний танил Цэнгэл гэх залуу 2 найзын хамт аман дээр ирчихсэн явж байсан. Тэгээд би Цэнгэлийн найз залуу гэх хүнд ам болон Эрдэнээс ямар ч ачилт байхгүй байгаа...Чойрын ачаа ачихын тулд бүртгэлтэй улсын дугаар байх ёстой гэхэд танд бүртгэлтэй дугаар байна уу? гэхээр нь би олдоно гэхдээ номер бичиг баримтаа хүнд өгч явуулахгүй гэхэд та тэгвэл надтай хамт ачаанд яваад өгөөч гэсэн. Тэгээд маргааш нь Төв аймгийн нутагт явж байхад миний 80118994 дугаар руу Цэнгэл 8027-2708 дугаараас залгаад наад манай найзын жолоодож яваа машин алдагдсан гээд фейсбүүк дээр тавьчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цуг явж байсан Баагий гэх залуугаас энэ юу машин юм бэ? ямар учиртай юм бэ? гэхэд Баагий би энэ машиныг хүнд хэлэлгүйгээр бэлэн мөнгөний ачаанд явах гээд авчихсан юм гэж хэлсэн. Тэгээд Чойрт очоод нүүрсээ буулгаад номер, бичиг баримтаа аваад Улаанбаатар хот руу явсан. Би Баагий гэх залууг Цагаан хаднаас зөвшөөрөлгүй хүний машин авсан талаар мэдэхгүй байсан. Батцэнгэл над руу залгаад хэлэхэд би Баагий гэх залуугаас асуугаад мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-рт/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батцэнгэлийн “...2020 оны 08 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай найз Батбаяр залгаад би нэг хужаа тэрэг хүнээс авсан юм. Бэлэн мөнгөний ачаанд явах гэсэн юм. Амнаас яаж ачуулах вэ? Ам нь ачихгүй гээд байх юм. Хүрээд ирээч гэсэн. Тэгээд би найз Энх-Амгалангийн хамт Цогтцэций сум руу нүүрс ачдаг ам гэх газар руу очоод яаж ачуулах талаар яриад зогсож байхад хуучин нэг компанид явдаг байсан Батзул ахтай таарсан. Тэгээд Батбаяр Батзул ахад цалин өгөөд ачаа ачуулахаар болсон. Тэгээд нөгөөдөр нь фейсбүүк орж байгаад зарын групп дээр цагаан хаднаас алдсан тул харсан хүн байвал холбоо барина уу? гэсэн зарыг үзэхэд Бын жолоодож явсан машин байсан. Энх-Амгалан бид 2 Батзул ах руу залгаад Баагийтай ярья гээд Баагийгаас чи ямар машин тэрэг унаад яваад байгаа юм бэ? чи хүний машин авчихсан юм уу? гэхэд Баагий тиймээ. Би бэлэн мөнгөний ачаанд явах гээд эзэнд нь хэлэлгүй зөвшөөрөлгүй авчихсан юм гэсэн. Би Баагийг Цагаан хаднаас машин зөвшөөрөлгүй авсан талаар мэдэхгүй байсан. Би фейсбүүк орж байгаад зар хараад Баагийтай ярьсны дараа би Баагийг зөвшөөрөлгүй хүний машин авч явсныг мэдсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-рт/,

 

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-820/22 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-58-61/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн-11-15/, 

 

-Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-рт/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Н.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

2020 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутаг дэвсгэр, Цагаан хад гэх газраас “Ти Си Таймс” ХХК-ийн эзэмшлийн Норд бенз маркийн 48-17 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 22-16 БЧ дугаартай чиргүүлийн хамт алдсан гэж мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч “Ти Си Таймс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Түмэн-Өлзий мэдүүлж мэдүүлэг өгсөн /хх-39-42/ боловч 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...Кабин хэсэг цагаан хар өнгөтэй, зүтгүүр нь LBZ446DB4AA032364 гэсэн арлын дугаартай, зүтгүүр хэсэгт 10 ширхэг дугуйтай 2 ширхэг аккумлятортай, чиргүүл нь хүрэн улаан өнгөтэй LVK9GJ3X8A0000866 гэсэн арлын дугаартай чиргүүл хэсэгт 12 ширхэг дугуйтай, 1 ширхэг капас дугуйтай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг “Ти Си Таймс” ХХК-ийн тээврийн менежер Өвөрхангай Архайхээр 3-р баг Дэлгэрэх 12-20 тоотод оршин суух хаягтай Хүрэлбаатар овогтой Түмэн-Өлзий /ЙЮ84081711/-д 2020 оны 09 дүгээр сарын 01-ний 16 цаг 30 минутад хүлээлгэн өгсөн тэмдэглэл үйлдэв” гэсэн тэмдэглэл үйлдэж тээврийн хэрэгслийг хүлээн авч /хх-16/ гомдол саналгүй болжээ.

Мөн “Ти Си Таймс” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн 19/61 дугаартай албан бичигт “...2020 оны 08 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 48-17 УНЦ улсын дугаартай чирэгч (арлын дугаар LBZ446DB4AA032364), 22-16 УНЦ улсын дугаартай  чиргүүл (арлын дугаар LVK9GJ3X8A0000866)-тэй Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэл нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд байрлах Шунхлай колонкийн зогсоолоос алдагдсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр уг тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан иргэн Нэргүй овогтой Батбаяр (РД:УИ96042939)-т гомдолгүй болно” гэснийг дурдах нь зүйтэй байна. /хх-74/

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-820/22 дугаартай дүгнэлтээр: “зах зээлийн бодит үнэ цэнийг 2020 оны 11 дүгээр сарын байдлаар хуучин Норд Бенз 2010/2010, нийт элэгдэл тооцсон үнэ 30.000.000 төгрөг /1ширхэг/, хуучин Чиргүүл Норд Бенз 2010/2010, нийт элэгдэл тооцсон үнэ 18.000.000 төгрөг” гэсэн болно.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Н.Батбаяр нь “ Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах”   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.  

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч “Ти Си Таймс” ХХК нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН