Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/154  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Б.М /өөрийгөө өмгөөлсөн/,

Шүүгдэгч: С.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, С.Б нарт холбогдох эрүүгийн 2029001230100 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайн хашааны гадна талд Л.Бямбадорж нь Хово загварын 82-59 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсний хучлага хучих ажил гүйцэтгэж байхад хөдөлгөөн зохицуулагч ажилтай яллагдагч С.Б нь Хово загварын 82-59 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр хүн байгааг шалгалгүйгээр жолооч Б.Мд хөдөлгөөн эхлүүлэх дохио өгч яллагдагч Б.М нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаахдаа дуут дохио нэг удаа, хөдөлгөөн эхлэхдээ дуут дохиог 2 удаа өгч хөдөлгөөн эхлүүлэх журам зөрчиж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Л.Бямбадорж нь өндрийн бүсэндээ зүүгдэж 04-71 БЧ улсын дугаартай чиргүүлд цохигдож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М, С.Б нарт холбогдох эрүүгийн 2029001230100 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт Л.Бямбадоржийн гаргасан өргөдөл /хх-14/,

 

-Хохирогч Л.Бямбадоржийн гаргасан тайлбар /хх-17/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Бямбадоржийн өгсөн мэдүүлэг /хх-18-20/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Бямбадоржийн өгсөн мэдүүлэг /хх-29-30/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Оршихын өгсөн мэдүүлэг /хх-31-32/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батбаярын өгсөн мэдүүлэг /хх-33-35/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Алтангэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-36-38/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Бат-Оргилын өгсөн мэдүүлэг /хх-39-43/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Алтанжаргалын өгсөн мэдүүлэг /хх-44-45/,

 

-Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Сайнтуяагийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-48-49/,

 

-Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаартай дүгнэлт /хх-55-56/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-65-67/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-69-71/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч хохирогч Л.Бямбадоржийн гаргаж өгсөн зүүн талын мөрний үений соронзон резонанст томографийн шинжилгээ, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ, яаралтай тусламжийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эм тариа, шатахууны баримт /хх-75-109/,

 

-Шүүгдэгч Б.Мийн жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-114-126/,

 

-Шүүгдэгч С.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-127/

 

-“Энержи Ресурс” ХХК-ийн Гаалийн хяналтын талбайд, онцгой нөхцөл байдалд ажиллах журам” ХХК /хх-144-152/

 

-Хохирогч Л.Бямбадорж, шүүгдэгч С.Батжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх-168-178, 2-р хавтас хх-35-38/,

 

-Осол мэдэгдэх маягт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас, гэрэл зургууд /хх-202-213/,

 

- “Энержи Ресурс” ХХК-ийн Ложистикийн хэсгийн үйл ажиллагааны журам /2-р хавтас хх-40-50/,

 

-“Энержи Ресурс” ХХК-ийн Замын хөдөлгөөний журам /2-р хавтас хх-51-65/,

 

-Журам, зааварчилгаа танилцуулсан баримт /2-р хавтас хх-71-73/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайн хашааны гадна талд Л.Бямбадорж нь Хово загварын 82-59 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсний хучлага хучих ажил гүйцэтгэж байхад хөдөлгөөн зохицуулагч ажилтай шүүгдэгч С.Б нь Хово загварын 82-59 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр хүн байгааг шалгалгүйгээр жолооч Б.Мд хөдөлгөөн эхлүүлэх дохио өгч, шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаахдаа дуут дохио нэг удаа, хөдөлгөөн эхлэхдээ дуут дохиог 2 удаа өгч хөдөлгөөн эхлүүлэх журам зөрчиж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлж “Энержи Ресурс” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/20 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ложистикийн хэсгийн үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-ийн 1-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Л.Бямбадорж нь өндрийн бүсэндээ зүүгдэж 04-71 БЧ улсын дугаартай чиргүүлд цохигдож эрүүл мэндэд нь “тархины доргилт, толгойн дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол, “зүүн гарын шууны богтос ясны сэртэн хугарал” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт Л.Бямбадоржийн гаргасан өргөдөл /хх-14/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Бямбадоржийн өгсөн “...Би 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” ХХК-ийн ээлж хариуцсан мастер Б.Батбаяраас хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа 07 цагийн үед аваад гарын үсэг зураад нүүрс тээврийн машины хучлага хучих тавцан дээр ирээд хучлага хучих ажлаа эхэлсэн. Тэгээд 11:40 цагийн орчим нүүрс тээврийн 82-59 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн машины урд талын чиргүүл дээр хучлага хучаад байж байтал нүүрс тээврийн 82-59 ӨМӨ улсын дугаартай машины хучлагын арын хоёр уяа орооцолдоод зангирсан байхаар нь би чиргүүл дээр суугаад шүдээрээ зангирсан уяаг нь тайлах гээд байж байтал нүүрс тээврийн 82-59 ӨМӨ улсын дугаартай машин дуут дохио өгөлгүй гэнэт хөдөлгөөн хийхээр нь би сандарсандаа өндрийн бүсээ тайлах гэтэл татагдаад тайлж болохгүй би бүсэндээ зүүгдээд татагдаад нүүрс тээврийн 82-59 ӨМӨ улсын дугаартай машины арын 04-71 БЧ дугаартай чиргүүл мөргөөд би бүсэндээ татагдаад арын чиргүүл дээр гартал нүүрс тээврийн машин зогссон” гэх мэдүүлэг /хх-18-20/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Оршихын өгсөн “...Л.Бямбадорж нүүрс тээврийн 82-59 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр хучлага хучиж байхад хөдөлгөөн зохицуулагч С.Б нь хөдөл яв гэсэн дохио өгөөд 82-59 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.М хөдөлгөөн хийж хөдлөхөд нүүрс тээврийн машины нэгдүгээр чиргүүл дээр байсан Л.Бямбадорж өндрийн бүсэндээ татагдаж савагдаад нүүрс тээврийн машины хоёрдугаар чиргүүл мөргөөд хоёрдугаар чиргүүл дээр хэвтэж байсан. Нүүрс тээврийн машин хөдөлгөөн хийхээс өмнө хөдөлгөөн зохицуулагчийн заавар дохиогоор хөдөлгөөн хийх ёстой байдаг юм нүүрс тээврийн машин хөдөлгөөн хийхээс өмнө “Энержи ресурс” ХХК-ийн ОNSE.ER 101 дотоод журамд заасны дагуу жолооч хөдөлгүүрээ асаахдаа нэг удаа дуут дохио өгөх хөдөлгөөн эхлүүлэхээс өмнө 2 удаа, ухрахдаа 3 удаа дуут дохио өгөөд 15 секунд хүлээсний дараа хөдлөх ёстой байдаг юм тухайн өдөр 82-59 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.М дуут дохио өгөлгүй хөдөлгөөн хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-31-32/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батбаярын өгсөн “...Л.Бямбадорж нүүрс тээврийн 82-59 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр хучлага хучиж байхад хөдөлгөөн зохицуулагч С.Б хөдөл яв гэсэн дохио өгөөд 82-59 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.М хөдөлгөөн хийж хөдлөхөд нүүрс тээврийн машины нэгдүгээр чиргүүл дээр байсан Л.Бямбадорж өндрийн бүсэндээ татагдаж савагдаад нүүрс тээврийн машины хоёрдугаар чиргүүл мөргөөд хоёрдугаар чиргүүл дээр гарсан байсан. Нүүрс тээврийн машин хөдөлгөөн хийхээс өмнө “Энержи ресурс” ХХК-ийн ONSE.ER 101 дотоод журамд заасны дагуу жолооч хөдөлгүүрээ асаахдаа нэг удаа дуут дохио өгөх хөдөлгөөн эхлүүлэхээс өмнө 2 удаа, ухрахдаа 3 удаа дуут дохио өгөөд 15 секунд хүлээсний дараа хөдлөх ёстой байдаг юм тухайн өдөр 82-59 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.М дуут дохио өгөлгүй хөдөлгөөн хийсэн байсан” гэх мэдүүлэг /хх-33-35/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Бат-Оргилын өгсөн “...12 цаг болох гээд би ажлаасаа буугаад цайндаа орохоос өмнө нүүрс тээврийн 82-59 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн машины нүүрс тээврийн арын чиргүүлийн хойд талын лацны троссыг чангалаад эргээд цайндаа орох гээд алхаж явтал нүүрс тээврийн 82-59 ӨМӨ улсын дугаартай машин дуут дохио өгөхгүй хөдлөөд эхэлсэн. Тэгтэл нүүрс тээврийн машин дээр хучлага хучих тавцан дээр байсан П.Алтанжаргал орилоод нүүрс тээврийн машин дээр хүн байна наад машинаа зогсоо гээд орилохоор нь би хажуугаар нь гүйж очоод гараа өргөөд зогсоосон. Тэгтэл Л.Бямбадорж өндрийн бүсэндээ зүүгдээд савлаад гарчихсан байсан. Нүүрс тээврийн машины жолооч хөдөлгүүр асаахдаа нэг удаа дуут дохио өгөх, хөдлөхдөө 2 удаа дуут дохио өгч хөдлөх ёстой байдаг тухайн үед 82-59 ӨМӨ улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Б.М дуут дохио өгөлгүй шууд хөдлөөд явчихсан...нүүрс тээврийн машины хучлага хучаад дууссаны дараа хөдөлгөөн зохицуулах ажилтны дохиогоор нүүрс тээврийн машин хөдөлгөөн хийж хөдлөх ёстой байдаг тухайн өдөр хөдөлгөөн зохицуулагч С.Б 82-59 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улаан модоор хөдөл гэсэн дохио өгсний дараа 82-59 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн машин хөдлөөд явсны дараа Л.Бямбадорж нүүрс тээврийн машин дээр байсан” гэх мэдүүлэг /хх-39-43/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Алтанжаргалын өгсөн “...Л.Бямбадорж нүүрс тээврийн машин дээр юм хийгээд байхаар нь би Бямбадоржоос юу хийгээд байгаа юм бэ гэж асуусан чинь Бямбадорж надад энэ хучлагны уяа зангирчихсан байна гэж хэлэхээр нь наад уяагаа тайлах хэрэггүй гэж хэлтэл Бямбадорж нүүрс тээврийн машин дээр сууж байснаа өндийж байгаа харагдсан. Тэгээд би тавцан дээр өндрийн бүсээ тайлах гээд байж байтал гэнэт Л.Бямбадорж бид хоёрын зогсож байсан машин хөдлөөд явсан. Тэгтэл Л.Бямбадорж өндрийн бүсэндээ зүүгдээд 82-59 ӨМӨ улсын дугаартай Хово загварын машины урд чиргүүлийн дугаар нь 23-33 ГЧ чиргүүл дээрээс өндрийн бүсэндээ зүүгдээд нүүрс тээврийн машины 04-71 БЧ дугаартай арын чиргүүл мөргөж байхад нь би дээр хүн байна нүүрс тээврийн машинаа зогсоо гэж хэлтэл доор байсан хүмүүс М гээд залуу жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсоосон...тухайн үед Бямбадорж бид хоёрын хучлага хийж байсан тээврийн хэрэгсэл ямар нэгэн дуут дохиогүй гэнэт хөдлөөд явчихсан” гэх мэдүүлэг /хх-44-45/,

 

-Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Сайнтуяагийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн “а.Л.Бямбадорж нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гэмтэж осолдсон байх тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1 ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед заалтын дагуу үйлдвэрлэлийн осолд тооцох үндэслэлтэй байна. Б. Хөдөлгөөн зохицуулагч ажилтай С.Б нь хучлага бүтээгч Л.Бямбадоржийг тэвшнээс бүрэн буусныг шалгалгүйгээр жолооч Б.Мд хөдөлгөөнийг эхлүүлэх дохио өгсөн бөгөөд жолооч Б.М дуут дохио өгөөгүй хөдөлгөөнийг эхлүүлсэн зэрэг үйлдлүүдээс болж үүссэн осол байна. В. “Энержи ресурс” ХХК-ийн алба хаагч нар “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг салбарын захирлын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/20 дугаар тушаалын хавсралт Ложистикийн хэсгийн үйл ажиллагааны журмын заалт зөрчигдсөн байна. Г. “Энержи Ресурс” ХХК-ийн ажилтан хөдөлгөөн зохицуулагч С.Б нь хучлага бүтээгч Л.Бямбадоржийг тэвшнээс бүрэн буусныг шалгалгүйгээр жолооч Б.Мд хөдөлгөөнийг эхлүүлэх дохио өгсөн нь осол болоход нөлөөлсөн байна. Энэ үйлдэл нь Энержи ресурс ХХК-ийн үйл ажиллагаандаа мөрддөг дүрэм журамд тодорхой тусгагдаагүй байна. Хүнд даацын автомашины жолооч Б.М нь тээврийн хэрэгслээ хөдөлгөхдөө дуут дохио өгөөгүй хөдөлгөөнийг эхлүүлсэн нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/20 дугаар тушаалын хавсралт Ложистикийн хэсгийн үйл ажиллагааны журмын 4.1.1. НАБТ-д тээврийн хэрэгслийг асаахдаа 1 удаа, хөдлөхдөө 2 удаа, ухрахдаа 3 удаа дуут дохио өгч 15 секунд хүлээсний дараа хөдөлгөөнийг эхлүүлнэ заалтыг зөрчсөн байна” /хх-48-49/,

 

-Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаартай шинжээчийн “1.Л.Бямбадоржийн биед зүүн гарын шууны богтос ясны тохойн үе дэх махир сэртэн хугарсан, тархины доргилт, толгойн дээд хэсэгт зөөлөн гэмтэл үүссэн байна. 2.Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4.Л.Бямбадоржийн зүүн гарын шууны богтос ясны сэртэн хугарсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Л.Бямбадоржийн биед учирсан тархины доргилт, толгойн дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Асуултад дурдагдаагүй, өөр нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх дүгнэлт /хх-55-56/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Батжаргалын өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би “Энержи ресурс” ХХК-ийн ээлж хариуцсан мастер Б.Батбаяраас хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваад гарын үсэг зураад 07:00 цагийн үед нүүрс тээврийн машины хөдөлгөөн зохицуулах ажлаа хийгээд байж байгаад цайны 12:00 цаг болох гэж байхад би 82-59 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн машины хучлага хучаад дууссан гэж бодоод дээр нь байсан хучлага хучаад байж байсан хүнийг шалгалгүйгээр буусан гэж бодоод нүүрс тээврийн 82-59 ӨМӨ улсын дугаартай машин жолоодож явсан жолооч Б.Мд хөдөл яв гэсэн дохио улаан модоор өгсөн. Тэгтэл нүүрс тээврийн 82-59 ӨМӨ улсын дугаартай машин хөдлөнгүүт хүмүүс орилоод явчихаар нь 82-59 ӨМӨ улсын дугаартай машин дээр яваад очтол нүүрс тээврийн машины хучлага хучиж байсан Л.Бямбадорж гэдэг залуу нүүрс тээврийн 82-59 ӨМӨ улсын дугаартай машины хоёрдугаар чиргүүл дээр ёолоод хэвтэж байсан...би тухайн үед хучлага хучиж байсан хүн буусан гэж бодоод шалгалгүй нүүрс тээврийн машин дээр жолоодож явсан Б.Мд хөдөл яв гээд дохио өгсөн. Би тухайн үед нүүрс тээврийн машин дээр хүн байгааг шалгасан бол ийм зүйл болохгүй байсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-66-67/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Мийн өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 26-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайгаас өөрийн барьж явсан нүүрс тээврийн 82-59 ӨМӨ улсын дугаартай машинаа бариад нүүрс ачиж буулгах талбайгаас би ойролцоогоор 11:00 цагийн үед нүүрсээ ачуулаад гарч ирээд нүүрс тээврийн машины хучлага хучих тавцан доор нүүрс тээврийн машины хучлага хучуулах гээд ирээд хучлагаа хучуулаад нүүрс тээврийн машин дотроо суугаад хүлээгээд байж байтал миний барьж явсан 82-59 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн машины араас хөдөлгөөн зохицуулагч С.Б улаан модоор хөдөл яв гээд дохио өгөхөөр нь би сигнал дуут дохио өгөлгүйгээр нүүрс тээврийн машинаа хөдөлгөөд толиндоо хараад явж байтал миний араас хөдөлгөөн зохицуулагч гараараа зогс гээд орилоод эхлэхээр нь би өөрийн барьж явсан нүүрс тээврийн машинаа зогсоогоод юу болсон талаар асуухад миний барьж явсан нүүрс тээврийн 82-59 ӨМӨ улсын дугаартай машины нэгдүгээр чиргүүл дээр хучлага хучиж байсан хүн буугаагүй хоёрдугаар чиргүүл мөргөөд дээр нь гарчихсан гээд надад хөдөлгөөн зохицуулагч надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-69-71/,

 

-Осол мэдэгдэх маягт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас, гэрэл зургууд /хх-202-213/,

 

-“Энержи Ресурс” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/20 дугаар тушаалаар баталсан “Ложистикийн хэсгийн үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр хэсгийн 4.1-ийн 1-д “НАБТ-д тээврийн хэрэгслийг асаахдаа 1 удаа, хөдөлгөхдөө 2 удаа, ухрахдаа 3 удаа дуут дохио өгч 15 секунд хүлээсний дараа хөдөлгөөнийг эхлүүлнэ” гэсэн заалт /2-р хавтас хх-40-47/,

 

-ХАБЭА-н сургалтад хамрагдсан, журам, зааварчилгаа танилцуулсан баримт /2-р хавтас хх-66-73/ зэргээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн “Энержи Ресурс” ХХК-д шүүгдэгч С.Б нь хөдөлгөөн зохицуулагч, шүүгдэгч Б.М нь жолооч ажилтай болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор /хх-170-178, 2-р хавтас 35-38/, тэд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайд ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь 3-р хэсгийн ростерын ажлын ирцийг харуулсан хүснэгт /хх-163/, ХАБЭА-ны сургалтад хамрагдсан, ХАБЭА-ны зааварчилгаа авсан, Ложистикийн хэсгийн үйл ажиллагааны журамтай танилцсан болох нь 1-р хавтас хх-165-167, 2-р хавтас хх-66-73-р хуудсанд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  С.Б, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч С.Б, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Л.Бямбадоржийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 335 дугаартай дүгнэлт /хх-55-56/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Л.Бямбадоржийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Хохирогч Л.Бямбадорж нь Өмнөговь аймаг дахь Ханбогд сум дахь Цагдаагийн тасагт 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасан тайлбартаа: “...”Энержи Ресурс” ХХК нь эмчилгээний зардалд 1.290.880 төгрөг өгсөн. Эмнэлэгт хэвтэх гэж нааш цааш явсан замын зардалд 400.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Миний зүгээс гомдол санал байхгүй” гэсэн тайлбар, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-17, 18-20/ болон замын зардалд шүүгдэгч нараас 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 400.000 төгрөг төлсөн болох нь банкны хуулга /хх-118/-аар тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч нар нь хохирогч Л.Бямбадоржид гэм хорын хохиролд 400.000 төгрөг, “Энержи ресурс” ХХК нь 1.290.880 төгрөг өгсөн, хохирогч Л.Бямбадорж нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайн хашааны гадна талд Л.Бямбадорж нь Хово загварын 82-59 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсний хучлага хучих ажил гүйцэтгэж байхад хөдөлгөөн зохицуулагч ажилтай шүүгдэгч С.Б нь Хово загварын 82-59 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр хүн байгааг шалгалгүйгээр жолооч Б.Мд хөдөлгөөн эхлүүлэх дохио өгч, шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаахдаа дуут дохио нэг удаа, хөдөлгөөн эхлэхдээ дуут дохиог 2 удаа өгч хөдөлгөөн эхлүүлэх журам зөрчиж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлүүлж “Энержи Ресурс” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/20 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ложистикийн хэсгийн үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-ийн 1-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Л.Бямбадорж нь өндрийн бүсэндээ зүүгдэж 04-71 БЧ улсын дугаартай чиргүүлд цохигдож эрүүл мэндэд нь “тархины доргилт, толгойн дээд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол, “зүүн гарын шууны богтос ясны сэртэн хугарал” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Батжаргал, Б.М нар урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-126-127/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж С.Б, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Б, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харсүрэгтэн овогт Сэрээнэнрагчаагийн Б Паалин овогт Батсүхийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.М нарыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.М нарт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Л.Бямбадоржид “Энержи ресурс” ХХК 1.290.880 төгрөг, шүүгдэгч нар 400.000 төгрөг төлсөн. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч С.Б, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Б, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН