Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,

Шүүгдэгч: О.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бт холбогдох эрүүгийн 2029000000139 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумаас зүүн хойд зүгт хөдөө тал дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүй М.Аззаяагийн дал болон хэвлийд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бт холбогдох эрүүгийн 2029000000139 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Аззаяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн /10-12/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд О.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн /13-15/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дэлгэрбатын өгсөн мэдүүлэг /хх-ийн 17/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дэлгэрдалайн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 18/,

 

  • Хохирогч М.Аззаяагийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 20/,

 

  • Хохирогч М.Аззаяагийн өвчний түүх /хх-ийн 21-34/,

 

  • Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 626 дугаартай дүгнэлт /хх-ийн 35-37/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Батдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх43-46/

 

  • Шүүгдэгч О.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт,  жолоодох эрхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өмгөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 147 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, шүүгдэгч О.Бийн иргэний мэдээлэл, гэрэл зургууд  /хх-ийн 47, 48, 48, 50, 51, 52, 55, 67, 68-69/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумаас зүүн хойд зүгт хөдөө тал дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүй М.Аззаяагийн дал болон хэвлийд хутгалж, эрүүл мэндэд нь “дал, хэвлийд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Аззаяагийн өгсөн: “...Б ах зэрэгцэж сууж байгаад гэнэт мах идэж байсан хутгаараа миний хэвлий хэсэг рүү хутгалчих шиг болсон. Би сандарч босоод ирэхэд миний хэвлийн зүүн хэсгээс цус гараад урсаж байсан...тэгээд би машинд суугаад явж байхад зүүн дал хөндүүрлээд байхаар нь энийг хараадахдаа гэхэд Дээгий гэдэг залуу нь далан дээр чинь бас хутгалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд хэвлийд 7 оёдол, далан дээр 4 оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-рт/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дэлгэрбатын өгсөн: “...Манлай сумын зүүн хойд талд хөдөө шороон замаар явж байтал зам дээр Аззаяа болон Батдэлгэр ах хоёр гараа өргөөд зогсож байхаар нь бид нар зогсоод тэр хоёртой уулзтал Б ах Аззаяа бид хоёр нэгнийгээ жаахан гэмтээчихлээ гэхээр нь би яасан юм гэтэл Аззаяа энэ намайг хутгалчихлаа гэхээр нь би биеийг нь хартал зүүн хэвлий орчмоо цамцаар дарчихсан цус гарсан байдалтай байхаар нь би сандраад шууд машиндаа суулгаад эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-рт/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дэлгэрдалайн өгсөн: “...Аззаяа болон Б ах надтай уулзахад Аззаяагийн гэдэснээс нь цус гарч байгаа бололтой Аззаяа өөрөө нэг бараан өнгийн цамцаар дарчихсан байхаар нь бид нар сандралдаад шууд Дэлгэрбат ахын машины урд нь суулгаад өвчин намдаах эм өгч маарлаар шархыг нь ороогоод Цогтцэций сум руу хөдөлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-рт/,

 

  • Хохирогч М.Аззаяагийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 20/,

 

  • Хохирогч М.Аззаяагийн өвчний түүх /хх-ийн 21-34/,

 

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №626 дугаартай “1.М.Аззаяагийн биед дал, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2.М.Аззаяагийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 35-37-рт/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Бийн өгсөн “Би Даланзадгад суманд гэр зуур байж байгаад Дорноговь аймгийн Мандах суманд алт гарч байна гэнэ гэж сонсоод нутгийн дүү М.Аззаяатай ярилцаж байгаад тийшээ явья гэж шийдээд 2020.11.08-ны өдөр дэлгүүр орж 2 шил 0.75 л Нутаг нэртэй архи бас хүнс авсан. Мөн гэрээсээ гарахдаа гэрт байсан 0.5 л Соёмбо нэртэй архи авсан. Тэгээд М.Аззаяаг гэрээс нь очиж аваад 13-14 цагийн үед аймгаас гарсан...би М.Аззаяаг хутгалсан гэж бодож байна. Өөр хүн байгаагүй. Бид нар мах хэрчдэг жижиг шар иштэй хутга авч явдаг байсан, тэр хутга л байх. Би одоо тэр хутга хаана байгааг мэдэхгүй байна. Бодвол тэр газар хаягдсан байх. Машинд үзэхэд олдоогүй...Би согтуугаасаа болоод дүүгээ хутгалсан байна. Архи уугаагүй бол хэзээ ч түүнийг хутгалахгүй. Үнэхээр харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-46-рт/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос  шүүгдэгч  О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч М.Аззаяагийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №626 дугаартай дүгнэлт/хх-35-37/-ээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн М.Аззаяаг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Шүүгдэгчээс гэм хорын хохиролд 1.164.000 төгрөг төлсөн /хх-75/, хохирогч М.Аззаяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “Мөнхжаргал овогтой Аззаяа миний бие нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн О.Бт хутгалуулсан юм. Миний бие бүрэн эдгэрч хохиролгүй болсон тул хэргийн материал, шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцах шаардлагагүй, мөн шүүх хуралдаанд оролцохгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбараар нотлогдож байна. /хх-70/

 

Иймд шүүгдэгч О.Б нь хохирогч М.Аззаяад гэм хорын хохиролд 1.164.000 төгрөг өгсөн, хохирогч М.Аззаяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч О.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумаас зүүн хойд зүгт хөдөө тал дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэгэн шалтгаангүй М.Аззаяагийн дал болон хэвлийд хутгалж, эрүүл мэндэд нь “дал, хэвлийд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Б хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржгин овогт Охины Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Б нь хохирогч М.Аззаяад гэм хорын хохиролд 1.164.000 төгрөг өгсөн, хохирогч М.Аззаяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН