Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 664

 

 

 

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/00664

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                        

            Нэхэмжлэгч: Дархан Уул аймаг Шарын гол сум Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль

            Хариуцагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 40в байр 60 тоотод оршин суух, 1966 онд төрсөн 51 настай, Боржигин овогт Шаравдоржийн Ариунтуяа /РД-АЗ66061607/

             1.971.000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Б.Батбаяр, хариуцагч Ш.Ариунтуяа, түүний өмгөөлөгч  Б.Даваажав /шүүхэд төлөөлөх эрх-1351/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Дархан Уул аймаг Шарын гол сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал Б.Батбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр томилогдсон. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нар 5 жил ажилласан тутамд 6 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор заасан байдаг. Миний өмнө ажиллаж байсан захиралын үед тэтгэмж авахаар хүмүүс өргөдөл өгсний дагуу асуудал шийдэгдэж 2011 оны 07, 08 сарын төсвөөр хэлэлцэгдэж 2012 оны 01 дүгээр сард төсөв хувиарлагдан орж ирсэн. Нэгэнт төсөв орж ирсэн тул багш нарт өөрийнх нь хүсэлтийн дагуу тэтгэмжийн мөнгийг хувиарлаж өгсөн. Ш.Ариунтуяа багш 2011 оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Дараа нь хотоос ирээд нэгэнт ороод ирсэн мөнгийг та өгчихөөч гэж нэхээд байхаар нь хуулийн заалт зөрчигдсөн, яахав ав дараа нь нэхвэл өгөөрэй гээд 2012 онд тэтгэмжийн мөнгийг өөрийнх нь хүсэлтийн дагуу гэрээ хийж олгосон. Гэрээгээр санхүүгийн мэргэжлийн болон аудитын шалгалтаар акт тавигдвал тэтгэмжээр авсан мөнгийг эргүүлэн төлөхөөр тохирсон. Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн актаар үндэслэлгүй олгогдсон тэтгэмж 5.579.000 төгрөгийг нэр бүхий хүмүүсээр төлүүлэхээр акт тогтоосон. Энэ нэрст Ш.Ариунтуяа багшийн нэр орсон. Багш өөрөө улсын байцаагчийн акттай танилцан зөвшөөрч, байцаагч С.Насанбаттай уулзаж тэтгэмжийн мөнгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн мөртлөө одоог хүртэл төлөөгүй. Сургуулийн захиргаанаас төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэдэг. Актаар мөнгө төлөх багш нар мөнгөө эргүүлж төлж дуусгасан. Хуулинд 5 жил ажилласан бол тэтгэмж олгохоор заасан. Гэтэл Ш.Ариунтуяа багш 4 жил 7 сар ажилласан зөрчилтэй байхад тэтгэмж олгосон нь буруу болсон. Иймд Ш.Ариунтуяа багшаас 1.971.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Ариунтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Б.Даваажав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Ш.Ариунтуяа нь 1990 оноос 2011 он хүртэл Дархан Уул аймгийн Шарын гол сумын 2 дугаар сургуульд тасралтгүй үр бүтээлтэй ажилласан. Тухайн үед хөдөө орон нутагт олон жил ажилласан багш нарт тэтгэмж олгосон. Тэр шаардлагыг хангасан тул тэтгэмж авсан. Хуулинд 5 жил ажилласан тутамд тэтгэмж олгохоор заасан. Багш авъя гэж аваагүй, төрөөс олгосон мөнгийг л авсан. Төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа субъект нь захирал өөрөө. Захирал та энэ үүргээ буруу хэрэгжүүлсэн. Маргааны гол баримт болох баримт нь хэрэгт авагдаагүй. Хэрэгт мөнгө өглөө гэсэн захирлын тушаал алга байна. Нэхэмжлэл нь иргэний шүүхэд харъяалагдахгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           Шүүх хуралдаанааар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад          

                                                         

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль нь хариуцагч Ш.Ариунтуяад холбогдох 1.971.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч Ш.Ариунтуяа нь 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар төсөвт суугдан ирсэн 1.971.000 төгрөгийг авах хүсэлт гарган, сургуулийн захиргаанаас хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар, түүний хүсэлт, хүлээлцэх гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д сум тосгон багийн сургуульд ажиллаж байгаа багшид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгохоор заажээ.

Хариуцагч Ш.Ариунтуяа нь хуулинд заасан 5 жил тутамд нэг удаа олгох 6 сарын тэтгэмж 1.971.000 төгрөгийг авсан боловч тэрээр 2011 оны 08 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн ба багшаар 4 жил 7 сар ажилласан байна.

2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай Мэргэжлийн хяналт хяналт шалгалтын танилцуулга, 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №10/08/029/49 дугаартай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар тус сургуульд монгол хэл уран зохиолын багшаар ажиллаж байсан Ш.Ариунтуяа 2011 оны 08 дугаар сард ажлаас чөлөөлөгдөж багшаар 4 жил 7 сар ажилласан зөрчилтэй байхад тэтгэмж олгосон үйлдэл нь Боловсролын тухай хуулийн 43.1.7-д заасан “сум тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багшид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох” заалтыг зөрчсөн, хугацаанаасаа өмнө багшлах ажлаас чөлөөлөгдсөн байх тул мөнгөн тэтгэмж олгогдох үндэслэлгүй, тэтгэмжээр олгогдсон мөнгийг холбогдох хүмүүсээр төлүүлэн авч барагдуулах ажлыг сургуулийн захирал, нягтлан бодогч нарт актаар хариуцуулжээ.

Хариуцагч Ш.Ариунтуяа уг акттай танилцаж, төлбөрийг төлөхийг зөвшөөрч байсан үйл явдал шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбарласан тайлбар, талууд 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хүлээлцэх гэрээгээр 1.971.000 төгрөгийг хүлээлцэж, санхүүгийн мэргэжлийн болон аудитын шалгалтаар хүлээн зөвшөөрөхгүй акт тавигдах бол уг актыг ар гэрийнхэн хариуцах, сургуулийн захиргаанд гаргасан хүсэлтдээ мөнгөн тэтгэжмийг буцаан төлөх тохиолдолд төлөх бүрэн чадвартай гэсэн  хүсэлтээ илэрхийлж тэтгэмжийн мөнгийг авсан, сургуулийн захиргаанаас мөнгө төлөхийг шаардаж байсан үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тасалдсан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч хэргийг Захиргааны хэргийн шүүх харъяалан шийдвэрлэнэ гэж тайлбарладаг боловч байгууллагаас ажилтанд хууль зөрчин үндэслэлгүй олгогдсон мөнгийг эргүүлэн төлөхийг шаардсан нэхэмжлэл тул хариуцагчийн хаягаар тус шүүх харъяалан шийдвэрлэх хэрэг мөн байна.

Иймд хариуцагч Ш.Ариунтуяагаас 1.971.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд олгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжнаас чөлөөлөгдснийг дурьдаж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв.

           

           Иргэний хэрэг шүүхэд  хянан шйдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Ш.Ариунтуяагаас 1.971.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дархан Уул аймаг Шарын гол сум Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ш.Ариунтуяагаас 46.486 төгрөг гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

                          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.КУЛЬДАНА