| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2020/0139/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/159 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн,
Иргэний нэхэмжлэгч: “Хуажун Вэйэ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганбаяр,
Иргэний нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын уул уурхай, байгаль орчны мэргэжилтэн Б.Алтангэрэл,
Шүүгдэгч: Б.Л /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох эрүүгийн 2029001870126 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Л нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг Цагаан хад гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл 5 жилийн хугацаагаар түүж бэлтгэхийг хориглосон бараа болох 10 боодол бүхий 205.9 кг Монгол орны ховор ургамал Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндэсийг “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 99-84 АЧ дугаартай чиргүүлд нуун Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох эрүүгийн 2029001870126 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ:
Би 99-84 АЧ дугаартай чиргүүлтэй, “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооддог, миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “НБ транс” ХХК-ийн гаалийн хяналтын бүсээс 07-19 УНЗ болон 07-46 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд ачилт хийлгэсэн. Тэгээд эхлээд 07-19 УНЗ улсын дугаартай “Хунгян” загварын тээврийн хэрэгслийг жолоодон урагшаа хил рүү яваад очерын төгсгөлд 18 цагийн үед Хайрханы харалдаа очоод зогсоол руу шахаж байрлуулаад тэгээд буцаад 07-46 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахаар НБ транс руу явсан. Тэгээд НБ транс ХХК-ийн гаднаас 07-46 УНЗ тээврийн хэрэгслийг авч хил рүү яваад шалган нэвтрүүлэх 4-р постоор гарч Хайлаастын тохой өнгөрөөд тэндээ машиндаа хоносон. Тэгээд маргааш нь машиндаа байж байтал Очирбат залгаад та машиныг урагшаа оруулаад буулгачхаад гараад ирээ би тусгаарлалтад орох учраас урагшаа орж болохгүй байна би таны 07-46 УНЗ улсын дугаартай машиныг очерыг шахаад байж байя гэхээр нь за гээд хил ороход 7 орчим км зайтай байсан 07-43 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон урагшаа орж буулгаад тэр өдөртөө буцаж гарч ирээд машиныг нь Очирбатад өгчихөөд тэгээд 07-46 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон урагшаа БНХАУ-ын Ганц мод боомт руу ороод тэндээ хоноод маргааш нь буюу 08 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн үед БНХАУ-ын ганц боомтоос Монгол Улсын хилээр орж ирээд тэгээд Хайрхан харалдаа зогсоол дээрээс 07-19 УНЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гаалийн манифистний хашаа ороход намайг зогсоож машиныг шалгаад 99-84 АЧ чиргүүлийн урд хэсгээс хар ууттай зүйл байсныг гаргаж ирсэн. Тэгээд гаалийн байцаагч тэр хар ууттай зүйлийг задалж үзэхэд дотроос нь модорхуу зүйл байсан. Миний чиргүүлээс яагаад хориотой бараа гарч ирснийг, хэн хийснийг би мэдэхгүй. 99-84 АЧ дугаарын чиргүүлтэй, 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний хариуцан жолооддог тээврийн хэрэгсэл, 07-43 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Очирбатын гуйлгаар жолоодож, урагшаа хил гарч ачааг буулгасан, 07-46 УНЗ тээврийн хэрэгслийг Оюунцэцэгээс хувиараа мөнгийг нь авч жолоодон урагшаа хил гаргаж ачааг буулгахаар тохиролцсон байсан. Компаниас 99-84 АЧ дугаарын чиргүүлтэй 07-19 УНЗ тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөл өгсөн, уг тээврийн хэрэгсэл болон дээр нь ачсан зүйлийн бүрэн бүтэн байдлыг би өөрөө хариуцна. Тухайн тээврийн хэрэгслийг Хайрханы харалдаа зогсоол руу шахаж байрлуулж 2 хоног хонуулж ажлын хариуцлага алдсанаас ийм хэрэгт холбогдчихлоо. Байгаль орчны байцаагчийн нэхэмжлээд байгаа 51.475.000 төгрөгийг төлөхгүй, харин ажлын хариуцлага алдсаны улмаас компанид учирсан 2.452.000 төгрөгийн хохирлыг маргахгүйгээр ажлаа хийж байгаа учраас нотлох баримттай баримтгүй төлнө гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газрын уул уурхай, байгаль орчны мэргэжилтэн Б.Алтангэрэл гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Шүүгдэгч Б.Л нь Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан ховор ургамал буюу Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоол, Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж, хавсралтаар баталсан ховор ургамлын жагсаалтын дэс дугаарт 350-т эрэмбэлэгдсэн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс тээвэрлэсэн байна. Гэмт хэргийн улмаас ургамлын аймагт хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх заалт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаар тушаалын хавсралтын 399 дугаартай дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ 1 кг-ийн үнэ нь 50,000 төгрөг байхаар заасан байна. Дээрх хуулийн заалтуудын дагуу байгаль орчинд үүссэн хохирлыг тооцоход 51,475,000 төгрөгийг хохирол учирсан байна. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг байгаль орчны улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна гэж заасны дагуу 51.475.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт “Хуажун Вэйэ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганбаяр гаргасан тайлбар дүгнэлтдээ:
Шүүгдэгч Б.Лхамсүрэн нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслээр “НБ Транс” ХХК-ийн нүүрс ачих талбайгаас ачаад улсын хил рүү зорчих хөдөлгөөн үйлдэх явцдаа ийм асуудалд холбогдсон гэж мэдүүлж байна. Манай компанийн хувьд 2020 оны 08 дугаар сарын 27-ноос 09 дүгээр сарын 16-ыг хүртэл тээврийн хэрэгсэлд мөрдөгчийн үзлэг хийх хоногийн хугацаанд тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байсан. Энэ хугацаанд тээвэрлэгч манай компани, ачаа тээвэрлүүлэгч “НБ Транс” ХХК-ийн хооронд байгуулсан ачаа тээвэрлэх, гүйцэтгэх гэрээ зөрчигдсөн, бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй. Үүний улмаас нийт 217,067 тонн нүүрс буюу 3 рейсын ачааны эргэлт, бизнесийн ашиг, орлого саатсан байдаг. Үүнтэй холбоотойгоор жишиг тооцоо гаргаж ирсэн ба 5,019,096 төгрөгийн хохирол учирсан гэх жишиг тооцоо гаргаад үүнээс 2,100,000 төгрөгийг, тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байсан 19 хоногийн 352,000 төгрөг, нийт 2,452,000 төгрөгийг Б.Лээс нэхэмжилж байна гэв.
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-11/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-15/,
-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын
Прокурорын газрын прокурорын “Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-18/,
-Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-20/,
-07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-22/,
-99-84 АЧ улсын дугаартай чиргүүлийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-23/,
-Шүүгдэгч Б.Лийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-28-29/,
-Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын
Прокурорын газрын прокурорын “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-30/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Хуажун Вэйэ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Ганбаярын өгсөн мэдүүлэг /хх-40-42/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Түвшинжаргалын өгсөн мэдүүлэг /хх-45-46, 53-54/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ганбаярын өгсөн мэдүүлэг /хх-50-52/,
-Шинжлэх ухааны академи Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлт /хх-59/,
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ-820/23 дугаартай “Үнэлгээний дүгнэлт” /хх-62-65/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Лийн өгсөн мэдүүлэг /хх-68-72/,
-“Хуажун Вэйэ” ХХК-ийн шүүгдэгч Б.Лг ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тээврийн хэрэгсэл болон хяналт тавих хуудас, “НБТранс” ХХК-ийн пүүний баримт, гадаад паспортын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний мэдээлэл /хх-76-78, 81-83, 86, 89-94, 136/,
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн а/43 дугаартай “Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай” тушаал, хавсралт /хх-116-125/,
-Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай “Экологийн эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаал, хавсралт /хх-127, 130/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Б.Л нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг, Гашуун сухайт хилийн боомтоор 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл 5 жилийн хугацаагаар түүж бэлтгэхийг хориглосон бараа болох 10 боодол бүхий 205.9 кг Монгол орны ховор ургамал Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор буюу гадаад улс руу гаргах зорилгоор, холбогдох байгууллагын зөвшөөрөл, лицензгүйгээр “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 99-84 АЧ дугаартай чиргүүлд нуун тээвэрлэж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
1. Шүүгдэгч Б.Лийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг, Гашуун сухайт хилийн боомтоор 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 99-84 АЧ дугаартай чиргүүлд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх бараа нь:
Шинжлэх ухааны академи, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлт “1. Уг ургамлын дээж нь Манай оронд тархсан Майлзтан (Apiaceae Lindley 1836) овгийн Жиргэрүү (Saposhnikovia schischkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү (Saposhnikovia divaricate Schischkin 1951) гэх зүйл ургамлын үр мөн болно. 2. Монгол Улсын Байгалийн ургамлын тухай (1995, 2004) хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно”-ээр гэжээ.
Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамал нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-ын 350-т эрэмлэгдсэн ховор ургамал байна.
Энэ ургамлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар “...устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосон” болно.
Дэрэвгэр Жиргэрүү /1211.90.90/ гэх ургамал нь Засгийн газрын “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон барааны жагсаалт /ЗГ-ийн 2016.01.11-ний өдрийн 32-р тогтоолоор өөрчлөлт оруулсан/-д багтсан ховор ургамал тул түүнийг судалгаа шинжилгээний зориулалтаас өөрөөр улсын хилээр гаргахыг хориглосон бараа юм.
1973 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Вашигтон хотноо байгуулсан “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” конвенцийн хавсралтад бүртгэгдсэн 74 төрлийн амьтан, ургамлын жагсаалтад ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүү ургамал багтсан ба Монгол Улс нь 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Конвенцид нэгдэн орох тухай хуулиар дээрх конвенцид нэгдэн орсон болохыг дурьдах нь зүйтэй байна.
2. Шүүгдэгч Б.Л нь дээр дурдсан Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор буюу гадаад улс руу гаргах зорилгоор, холбогдох байгууллагын зөвшөөрөл, лицензгүйгээр “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 99-84 АЧ дугаартай чиргүүлд нуун тээвэрлэж, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг, Гашуун сухайт хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн болох нь:
-Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “уг тээврийн хэрэгслийн зүтгүүр хэсэг нь улаан өнгөтэй 07-19 УНЗ улсын дугаартай, улаан Фотон маркийн тээврийн хэрэгсэл байх ба ....тухайн тээврийн хэрэгслийн чиргүүл нь улаан өнгөтэй, 3 хаалгатай, дээрээ нүүрс ачсан, чиргүүлийн урд хэсэгт бага зэргийн нүүрсээр булсан хар өнгийн уутанд хийж скочидсон байдалтай 10 ширхэг боодолтой зүйл хийсэн байв. 10 ш боодолтой зүйлийг чиргүүл дээрээс буулган 1 ш хар ууттай зүйлийг задалж харахад хатсан ургамлын үндэс мэт зүйл байв...” гэх тэмдэглэл, 4 ширхэг гэрэл зураг /хх-13-15/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл “...205.9 кг ургамлын үндсийг хураан авав. Гэрэл зургийн аргаар 2 кадр зураг бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, 2 ширхэг гэрэл зураг /хх-28-29/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Түвшинжаргалын өгсөн “...Би 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гашуун сухайт хилийн боомтын нүүрс гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад нүүрс тээврийн машин гарах чиглэлээр 07-19 УНЗ тээврийн хэрэгсэл орж ирсэн тэгээд тухайн тээврийн нэвтрүүлэх гэтэл зөрчлөөс мэдээлэлтэй тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд тухайн машиныг зогсоон нягтлан шалгахад тухайн машин нь 99-84 АЧ улсын дугаартай чиргүүл дээрээ нүүрсэн дунд хар өнгийн боодолтой зүйл байсныг хараад жолоочоор тухайн зүйлийг гаргуулж ирэхэд 10 ширхэг хар өнгийн уутанд хийсэн боодолтой зүйл байсан. Түүнээс нэгийг нь задалж харахад ургамлын үндэс байсан...” гэх мэдүүлэг /хх-45-46/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Түвшинжаргалын өгсөн “...би 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Гашуун сухайт хилийн боомтод нүүрсний гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Би 07-19 УНЗ тээврийн хэрэгслийг Гашуунсухайт боомтын гаалийн хяналтын бүсэд шалгаж тээврийн хэрэгслийг саатуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл нь гаалийн хяналтын бүс рүү ороод ирсэн тохиолдолд улсын хилээр нэвтэрсэн гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хх-53-54/,
-Б.Лийн хилээр орсон, гарсанг харуулсан гадаад паспортын хуулбар /хх-93/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Улсын хилээр хууль бусаар хориглосон бараа /ховор ургамал Дэрэвгэр Жиргэрүү/ нэвтрүүлсэн гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар эсхүл гаалийн үзлэгээс нуун далд, тухайн эд зүйлийн нэр төрөл тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар тухайлан заасан эд зүйлсийг улсын хилээр эсвэл Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.9-т “гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргасан үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан болно.
Шүүгдэгч Б.Л нь “Хуажун Вэйэ” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, 99-84 АЧ дугаартай чиргүүлтэй, “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцан жолооддог, тухайн тээврийн хэрэгсэл болон түүнд ачсан зүйлийн бүрэн бүтэн байдлыг хариуцдаг болох нь “Хуажун Вэйэ”ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 041/Д2019 дугаартай “Ажилтан авах тухай” захирлын тушаал, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тээврийн хэрэгсэл болон жолоочид хяналт тавих хуудас болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймээс шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
1. Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газар, уул уурхай, байгаль орчны мэргэжилтэн Б.Алтангэрэлийг тогтоожээ. /хх-34/
Тус суманд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, хэлтэс, тасаг байдаггүй бөгөөд Байгаль орчин хариуцсан 1 мэргэжилтэнтэй бөгөөд тэрээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газарт харьяалагддаг, Мэргэжлийн хяналтын улсын Ерөнхий байцаагчаас Ханбогд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосон үнэмлэхтэй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.Алтангэрэлийн гаргасан тайлбар, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох тухай” б/07 дугаартай тушаал, Ханбогд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосон 16-04-324 дугаартай үнэмлэх зэргээр тогтоогдож байна.
Иймээс иргэний нэхэмжлэгчээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газар, уул уурхай, байгаль орчны мэргэжилтэн Б.Алтангэрэлийг тогтоосныг үндэслэлтэй гэж үзсэн болно.
Иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч Б.Лээс нийт 51.475.000 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/282 дугаар тушаалын хавсралтын 399 дугаартай Дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ 1 кг-ийн үнэ нь 50,000 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” байхаар тус тус тогтоосон байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчийн тээвэрлэж явсан тээврийн хэрэгслээс нийт 205.9 кг “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлын үндсийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл”-ээр хураан авсан болох нь тогтоогдож байгаа ба экологи эдийн засгийн үнэлгээний тооцоог гаргахад 51.475.000 төгрөг /205.9 кг *50.000 төгрөг *5 дахин =51.475.000 төгрөг/ болж байна.
Иймд шүүгдэгч Б.Лээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи эдийн засгийн хохиролд 51.475.000 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчны уур амьсгалын санд оруулахаар;
2. Мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр “Хуажун Вэйэ” ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаярыг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иргэний нэхэмжлэгч “Хуажун Вэйэ” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Ганбаяр нь шүүгдэгчээс тээвэрлэлтийн гэрээ зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 2.100.000 төгрөг, 19 хоног тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байсны төлбөрт 352.000 төгрөг нийт 2.452.000 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүгдэгч Б.Л нь “иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2.452.000 төгрөгийг миний буруутай үйл ажиллагаанаас болж тээврийн хэрэгсэл журмын хашаанд орж, тээвэрлэлт саадсан учир үл маргах журмаар, нотлох баримттай баримтгүй төлнө” гэсэн тайлбар гаргасан учраас түүнээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 2.452.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Хуажун Вэйэ” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.Л нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг, Гашуун сухайт хилийн боомтоор 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл 5 жилийн хугацаагаар түүж бэлтгэхийг хориглосон бараа болох 10 боодол бүхий 205.9 кг Монгол орны ховор ургамал Дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор буюу гадаад улс руу гаргах зорилгоор, холбогдох байгууллагын зөвшөөрөл, лицензгүйгээр “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 99-84 АЧ дугаартай чиргүүлд нуун тээвэрлэж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Л нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-94/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Л нь гэмт үйлдэхдээ 99-84 АЧ дугаартай чиргүүлтэй, “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж хуулиар хориглосон Дэрэвгэр Жиргэрүү гэх ховор ургамлын үндсийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байх тул гэмт хэрэг үйлдэхдээ 99-84 АЧ дугаартай чиргүүлтэй, “Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.
“Хунгян” загварын 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 99-84 АЧ дугаартай чиргүүл нь “Хуанжун Вэйэ” ХХК-ийн өмч болох нь Автотээврийн үндэсний төвийн “Тээврийн хэрэгслийн лавлагаа”-гаар, мөн 07-19 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 25.000.000 төгрөг, 99-84 АЧ дугаартай чиргүүл нь 18.000.000 төгрөг нийт 43.000.000 төгрөгийн үнэтэй болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ТХҮ-820/23 дугаартай “Үнэлгээний дүгнэлт”-ээр тус тус тогтоогдож байна. /хх-22-23, 62-65/
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “Хунгян” загварын улаан өнгийн 07-19 УНЗ улсын дугаартай чирэгч толгой болон 99-84 АЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийн үнэд 43.000.000 төгрөгийг гаргуулан уг орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан “Хуажун Вэйэ” ХХК-ийн эзэмшлийн “Хунгян” загварын улаан өнгийн 07-19 УНЗ улсын дугаартай чирэгч толгой, 99-84 АЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийг эд мөрийн баримтаар хураасан мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч “Хуажун Вэйэ” ХХК-д буцаан олгохоор, мөн 205.9 кг Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Лхамсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Л нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баянхудаг овогт Бөхөөгийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ялтан Б.Лхамсүрэнгээс Дэрэвгэр жиргэрүү ховор ургамлын экологи-эдийн засгийн хохиролд 51.475.000 төгрөг /205.9 кг*50.000*5=51.475.000 төгрөг/-ийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчны уур амьсгалын санд оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 205.9 кг Дэрэвгэр жиргэрүү өвсний үндсийг улсын орлогод оруулж, шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хунгян” загварын улаан өнгийн 07-19 УНЗ улсын дугаартай чирэгч толгой болон 99-84 АЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийн үнэд 43.000.000 төгрөгийг гаргуулан уг орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан “Хуажун Вэйэ” ХХК-ийн эзэмшлийн “Хунгян” загварын улаан өнгийн 07-19 УНЗ улсын дугаартай чирэгч толгой, 99-84 АЧ улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийг эд мөрийн баримтаар хураасан мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч “Хуажун Вэйэ” ХХК-д буцаан олгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч “Хуажун Вэйэ” ХХК-ийн нэхэмжилсэн 2.452.000 төгрөгийг шүүгдэгч нь үл маргах журмаар төлөхийг шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн тул түүнээс гаргуулж иргэний нэхэмжлэгч “Хуажун Вэйэ” ХХК-д олгосугай.
9. Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН