Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01606

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00743 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1288 дугаар магадлалтай,

Н.Т-ын нэхэмжлэлтэй,

Э.Э-д холбогдох,

23.625.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Э.Э-, өмгөөлөгч С.Сүхболд, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Э.Э-тай зээлийн гэрээ байгуулж, 15.000.000 төгрөгийг түр хугацаанд 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, уг мөнгийг хүлээлгэж өгсөн ба зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Барьцаа хөрөнгөнд түүний өмчлөлийн орон сууцыг барьцаалж зээл олгосон. Э.Э- гэрээний үүргээ биелүүлэхгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн. Иймд хариуцагчаас үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү 750.000 төгрөг,  алданги 7.875.000 төгрөг, нийт 23.625.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Э.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 3 сард зээл чөлөөлөх зарын дагуу н.Мөнхжаргалтай холбогдож, уулзахад Н.Т-тай хамт ирсэн. Миний банк бус санхүүгийн байгууллагад төлөх 15.000.000 төгрөгийг тэд төлсөн өгсөн бөгөөд надад бэлнээр 15.000.000 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй. Дараа нь нотариат орж зээлийн болон барьцааны гэрээг Н.Т-тай байгуулсан. Би Н.Т-д 15.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин бидний хооронд хийгдсэн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байсан. Би мөнгийг бага багаар төлөх сонирхолтой байсан боловч Н.Т- надаас хүү, алданги их хэмжээгээр нэхдэг байсан. Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ бүгд худал тул хүчин төгөлдөр бус юм. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00743 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Э-гаас 23.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 375.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10-79 тоот хаягт байршилтай ГД-0045563, Ү-2203003484 улсын бүртгэлийн дугаартай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.100 төгрөгийн 276.075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 25 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Э.Э-гаас улсын тэмдэгтийн хураамж 274.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1288 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00743 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10-79 тоот хаягт байршилтай, ГД-0045563, Ү-2203003484 улсын бүртгэлийн дугаартай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Н.Т-ын нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 146.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би 2016 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Н.Т-тай 15.000.000 төгрөгийн Зээлийн гэрээг хийсэн. Уг зээлийн гэрээ нь 4 хоногийн хугацаатай, 5%-н хүүтэй хийгдсэн. Барьцааны гэрээ мөн хийгдсэн юм. Барьцаанд Сүхбаатар дүүргийн 3-р хороо 5-р хороолол 10 дугаар байрны 79 тоот орон сууцыг барьцаалсан. Ингээд Н.Т- нь шүүхэд хандан үндсэн зээл 15 сая төгрөг хүү алдангид нийт 8.000.000 нийт 23.000.000 төгрөг шаардаж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлэх тухай шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 23.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Одоо миний бие дээрх 23.000.000 төгрөгөөс хүү алданги болох бөгөөд 8.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг гэрээ 4 хоногийн хугацаатай байгуулагдсан бөгөөд хугацааг сунгаагүй. Иймд 23.000.000 төгрөг гаргуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж 8.000.000 төгрөгийн хүү алдангийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч Э.Э-гаас зээл 15.000.000 төгрөг, хүү 750.000 төгрөг, алданги 7.875.000 төгрөг, нийт 23.625.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд зээлийн болон барьцааны гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс зээл 15.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад шаардлагыг эс зөвшөөрөхдөө гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

Зохигчийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч  нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10-79 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалан нэхэмжлэгчээс 15.000.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 28-ний өдөр хүртэл хугацаанд 5 хувийн хүүтэй зээлэх, төлөгдөөгүй үнийн дүнгийн хоногийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирчээ /хэргийн 4-5 дугаар тал/.

Анхан шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус гэснийг буруутгах боломжгүй боловч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...зээл чөлөөлж өгнө гэсэн зарын дагуу Ш.Мөнхжаргалтай холбогдож, зээлийн гэрээг Н.Т-тай хийсэн...” гэсэн тайлбар гаргаснаа анхан шатны шүүх хуралдаанд дэмжжээ /хэргийн 12, 59 дүгээр тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх ба нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болохоор мөн зүйлийн 42.2-т зохицуулсан.

Зээл чөлөөлөх үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдээс мөнгө зээлсэн тухай хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул түүнийг зээлийн үйл ажиллагаа  эрхэлдэг болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцнэ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3.1.1., 3.1.2.-т тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэж,  тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг тусгай зөвшөөрөл эзэмшигч  гэж тус тус тодорхойлсон ба банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр  эрхлэхээр мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4.-т заасан.

Нэхэмжлэгч зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлдэг болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ тохиолдолд зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-т зааснаар хүчин төгөлдөр бус  тул хүү, алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.-т зааснаар өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус нөхцөлд  барьцааны гэрээ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-т зааснаар мөн адил хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-т “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан тул хариуцагчаас 15.000.000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Дээрх  үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангах боломжтой  гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1288 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00743 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг  нэгтгэн 1 гэж дугаарлан  “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.1.10., 56 дугаар зүйлийн 56.5.-т заасныг баримтлан хариуцагч Э.Э-гаас 15.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-д олгож, нэхэмжлэлээс 8.625.000 төгрөг гаргуулах болон Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 10-79 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “...274200...” гэснийг “...232.950...” гэж тус тус өөрчлөн, 3, 4, 5, 6 дах заалтыг 2, 3, 4, 5 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 142.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ