Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 957

 

 

Ц.Бэгзсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00391 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Бэгзсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйл ажиллагааг тогтоолгох, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах, албадан дуудлага худалдаанд оруулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Батхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3143 дугаар захирамжаар “Санни нүхт” ХХК-иас 43 795 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 376 925 төгрөгийг гаргуулж “Сувдан тамир” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд “Санни нүхт” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хэд хэдэн хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч А.Солонго явуулсан байдаг. Битүүмжлэгдсэн хөрөнгийн нэг нь манай гэр бүлийн хөрөнгө болох Нүхт гудамж, 17/7 тоот хаягт байрлах барилга юм. Уг хөрөнгийг анх “Санни нүхт” ХХК-тай гэрээ байгуулж уг барилгыг бариулсан, гэрээний дагуу төлөх барилгын мөнгөө бартерын гэрээгээр бараа материал нийлүүлж, үлдэгдэл мөнгийг нь “Санни нүхт” ХХК-ийн данс руу шилжүүлж мөнгөө бүрэн төлж дуусгасан. Гэтэл “Санни нүхт” ХХК-ийн 43,0 сая төгрөгийн төлбөрт миний бариулсан барилгыг битүүмжилж хураан авч улмаар албадан дуудлага худалдаанд оруулсан байна. Шийдвэр гүйцэтгэгч А.Солонго нь албадан дуудлага худалдаанд оруулах хүртэлх бүхий л үе шатанд надад болон энд амьдарч байгаа манай гэр бүлийн гишүүд болох 7 иргэнд мэдэгдээгүй, танилцуулаагүй, албадан дуудлага худалдаанд оруулахдаа надаас үнийн санал аваагүй, миний 1,5 тэрбумын хөрөнгийг дур мэдэн 70 хувь бууруулж 385,0 сая төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулсанд гомдолтой байна. Ц.Бэгзсүрэн нь 2016 оны 9 сард үнийн саналыг зөвшөөрөхгүй дахин үнэлгээ хийж өгнө үү гэж гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариугаа авч чадахгүй байна. Гомдол гаргаснаас хойш албадан дуудлага худалдаанд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр оруулахаар зарлаад байгаа бөгөөд 50 хувь буюу 275 000 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар зэхэж байна. Энгийн хүн орон гэртэй болохын тулд 8 хувийн зээлэнд орж дааж давшгүй өртэй болдог гэтэл шүүхийн шийдвэрээр 43,0 сая төгрөгийн авлагатай хүнд 1,0 тэрбумын үнэтэй хөрөнгийг шилжүүлж болдог гэж үү. “Санни нүхт” ХХК нь Гангар инвест хотхон болон олон барилгыг барьсан байдаг. Гэтэл 43,0 сая төгрөгийг барагдуулахын тулд 7-8 ам бүлээрээ ороод 6-7 жил амьдарсан айлын ариун гал голомтыг зарах гэж улайрч байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйл ажиллагааг тогтоолгох, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах, албадан дуудлага худалдаанд оруулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 3143 тоот шийдвэрээр “Санни нүхт” ХХК-иас 43 795 000 төгрөгийг гаргуулж “Сувдан тамир” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч “Санни нүхт” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025556 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам, 17/7 тоотод байрлах 250 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад үнийн санал өгөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 512 027 778 төгрөгөөр үнэлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь болох 358 419 445 төгрөгөөр, Иргэний хуулийн 177.4-т зааснаар 50 хувь болох 256 013 889 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Бэгзсүрэн нь “Санни нүхт” ХХК болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд хамааралгүй, уг хэрэгт зохигч биш этгээд юм. Харин ч нэхэмжлэгч Ц.Бэгзсүрэн нь “Санни нүхт” ХХК-ийн нэр дээр битүүмжлэгдсэн байгаа амины орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор очсон шийдвэр гүйцэтгэгчийн ажилд саад болж төлбөр авагч “Сувдан тамир” ХХК болон шийдвэр гүйцэтгэгч А.Солонго нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үндэслэлгүйгээр гүтгэсэн байна. “Санни нүхт” ХХК нь шийдвэр гүйцэтгэхээс удаа дараа санаатайгаар зайлсхийж манай компанийг хохироож байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйл ажиллагааг тогтоолгох, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах, албадан дуудлага худалдаанд оруулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Ц.Бэгзсүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.Бэгзсүрэн нь "Алтан-Ус" ХХК-ийн нэрээр "Санни нүхт" ХХК-тай бартераар үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан бараа материал нийлүүлэн, үлдэгдэл төлбөрийг бэлэн хэлбэрээр төлж барагдуулан хоорондын тооцоо дуусан тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах үед Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхлэн уг хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авах боломжгүй болоод байсан. Уг иргэний хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад "Санни нүхт" ХХК нь "Алтан-Ус" ХХК-тай гэрээ байгуулсан тул Ц.Бэгзсүрэн уг асуудалд хамааралгүй, шаардлага гаргах эрхгүй тухай яригдаж эхлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батсайхан "Алтан-Ус" ХХК нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Ц.Бэгзсүрэнгийн нэр дээр гаргуулах тухай "Санни нүхт" ХХК-д хандан тавьж байсан хүсэлтийг шүүхэд гаргаж өгөх боломжтой талаар санал хэлэхэд шүүх түүнийг авч хэлэлцэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Бэгзсүрэн нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны хууль бус үйл ажиллагааг тогтоолгох, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ гаргуулах, албадан дуудлага худалдаанд оруулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 3143 дугаар шийдвэрээр “Санни нүхт” ХХК-иас 43 795 000 төгрөгийг гаргуулж “Сувдан тамир” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.                /хх-42-44 дүгээр тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Санни нүхт” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам 17/7 тоот хаягт байрлах, 250 м.кв талбайтай амины сууцыг 188/14 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 188/04 тоот тогтоолоор хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргаагүй байна.                                                                             /хх-78-79 дүгээр тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийж 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3/26098 дугаар мэдэгдлийг 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй гэж үзнэ.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 140 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Бэсгэ” ХХК-ийг томилж, шинжээч нь уг амины сууцны зах зээлийн үнэлгээг 512 027 778 төгрөгөөр тодорхойлсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасантай нийцжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцны зах зээлийн үнэлгээ болох 512 027 778 төгрөгийн 70 хувь буюу 358 419 445 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10/365 тоот тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 3/30117 тоот мэдэгдлийг тус тус 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төлбөр төлөгчид гардуулж гарын үсэг зуруулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, уг ажиллагаанд гомдол гаргаагүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй нь хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах үндэслэл болох бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Үндэсний сонины 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 179 дугаарт хоёр дахь дуудлага худалдааны зарыг хуульд заасан журмын дагуу нийтэд мэдээлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх амины орон сууцыг 512 027 778 төгрөгийн 50 хувь буюу 256 013 889 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай төлбөр төлөгчид 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3/33395 тоот албан бичгээр мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцын талаар Ц.Бэгзсүрэнд мэдэгдэх үүргийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хүлээхгүй. Учир нь хэргийн 77 дугаар талд авагдсан өмчлөх эрхийн гэрчилгээнээс үзвэл Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн зам 17/7 аялал жуулчлалын зориулалттай 250 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч “Санни нүхт” ХХК байх бөгөөд тус компаниас Ц.Бэгзсүрэнд түүний нэрийн өмнөөс шүүхэд хандах эрх олгосон баримт байхгүй байх тул тэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны талаар гомдол гаргах эрхтэй этгээд биш тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/00391 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ