Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 281

 

Н.Б, Б.А нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Н.Пүрэвтогтох,

            шүүгдэгч, хохирогч Б.А,

            нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 09 дугаартай эсэргүүцлээр Н.Б, Б.А нарт холбогдох эрүүгийн 1710009960009 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.А нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 178 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг худалдааны төвийн үүдэнд иргэн Н.Бтай маргалдан, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг худалдааны төвийн үүдэнд иргэн Б.Атай маргалдан, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Б, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А, Н.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А, Н.Б нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.А, Н.Б нарт мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.А, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Пүрэвтогтох бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 29 дүгээр шийтгэх тогтоолын тогтох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.А, Н.Б нарт мэдэгдсүгэй” гэж заасан боловч торгох ялыг ямар хугацаанд хэсэгчлэн төлөхийг заагаагүй, өөрөөр хэлбэл шүүхээс хугацаа тогтоож өгөөгүй орхигдуулсан байна. Ийнхүү торгох ялыг ямар хугацаанд төлөхийг шийдвэрлэж, хугацаа тогтоож өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” талаар тусгах заалтыг зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах, эсхүл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т “...шүүхээс тогтоосон хугацаанд...” гэснийг хасуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.А “Тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбаргүй” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Н.Б, Б.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг худалдааны төвийн үүдэнд иргэн Н.Бтай маргалдан, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг худалдааны төвийн үүдэнд иргэн Б.Атай маргалдан, улмаар түүнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Н.Бын хохирогчоор өгсөн “... Тухайн үед 14 цагийн орчим халтуур хийгээд явж байхад зүс таних хоёр залуу болох Отгонмөнх, Болдоо гэх залуучуудтай ... Яармаг худалдааны төв ороод төмс, ногоо, мах зэргийг аваад байж байсан чинь Отгонмөнх манаач залуутай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очиж салгачихаад авсан зүйлсийг нь авч гараад машиндаа оруулчихаад буцаж орж ирсэн. Худалдааны төвийн үүдэнд хүмүүс бужигналдаж байсан. Тэгэхээр нь би голоор нь ороод салгах гэж байхад Яармаг худалдааны төвийн захирлын жолооч ... Б.А гэх залуу миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Тэгээд намайг куртикнээс бариад авахаар нь би Б.Аыг куртик барьчихсан байсан болохоор нь салгах гээд тэр залуугийн бас нүүр хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохьсон. Миний амнаас цус гарч, үүдэн шүд хугараад уначихсан байсан. ... Б.А намайг цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа нүүр хэсэг рүү нь цохьсон юм. Тэгэхэд нүүр хэсэгт учирсан гэмтлүүд үүссэн байх. ...” /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,

Б.Аы хохирогчоор өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...Н.Б гэх ах 2 залуутай хамт гурилын түрээслэгч, нэрийг нь сайн мэдэхгүй эрэгтэйтэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би тухайн залуучуудыг салгаад үүд хэсэг рүү гаргах гээд байж байхад ... Н.Быг би нүүр хэсэг рүү нь цохьчихсон юм. Тэгсэн чинь Н.Б намайг зөрүүлж миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохьсон. ...Энэхүү гэмтлүүдийг би цохиж учруулсан. Н.Б бид 2 харилцан бие биенийхээ биед гэмтэл учруулсан. ...” /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,

гэрч Х.Одгэрэлийн “... Тэгэхэд махны лангуун дээр очоод 2 залуу нь хоорондоо ойлголцохгүй болохоор нь би хэлж өгсөн чинь над руу дайраад миний толгой руу цохихоор нь “чи яагаад харуулын биед хүрээд байгаа юм бэ, та гарна уу” гээд араас нь түлхээд худалдааны төвөөс гаргах гэхэд “юу гээд байна аа, бацаан минь” гээд намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би биеэ хамгаалаад зөрүүлж заамдаж авахад нөгөө согтуу залуу нь намайг татаад заамдаад авсан. Тэр үед би уг хоёр хүний нүүр болон бие рүү нь цохиогүй газар унагаасан. Тэгэхэд хяналтын камераар манай худалдааны төвийн жолооч Б.А хараад салгах гээд ирсэн байсан. Тэгэхэд худалдааны төвийн түрээслэгч нар салгах гээд маргаан дунд орж ирсэн боловч маргаан, зодоон салахгүй байсан. Удалгүй худалдааны төвийн дарга Нармандах ирж зодооныг салгасан. Зодоон салах үед Б.Аы нүд нь хөхөрчихсөн байсан. …” /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

Гэрч Х.Нармандахын “...Манай ажлын газрын харуул орж ирээд “хүмүүс хэрүүл, маргаан үүсгээд байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай жолооч Б.А харуултай хамт манай өрөөнөөс гарсан. ...Би араас нь гарсан чинь хэн хэнийгээ цохьсон юм бүү мэд. Ямар ч байсан зодооныг нь салгасан. ...” /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Б, Б.А нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14691 дугаартай “...Н.Бын биед дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний булгарал, зүүн нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14677 дугаартай “...Б.Аы биед зүүн нүдний доод зовхи, дотор булан, зүүн хацар, хамрын нуруу, баруун хөмсөгний гадна булан, хүзүүнд цус хуралт, баруун гарын 5 дугаар хуруунд зулгаралт, баруун, зүүн зулай, дагзны хуйх, зүүн нүдний доод зовхи, дотор булан, баруун хацар, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Б, Б.А нарын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг худалдааны төвийн үүдэнд хоорондоо маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.Б, Б.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А, Н.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулан тэдэнд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарын торгуулийн ял биелүүлэх хугацааг тогтоож өгөөгүй атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол...” гэж бичсэн нь буруу байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаас үзэхэд торгох ялыг биелүүлэх хугацааг шүүх заавал тогтоож байх утгыг илэрхийлээгүй гэж үзнэ.

Хэрэв шүүх ялтанд торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тогтоож өгөөгүй тохиолдолд ялтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор … биелүүлэх үүрэгтэй” гэж,

мөн зүйлийн 160.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж,

мөн зүйлийн 160.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 160.2-т заасан дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж тус тус заасныг баримтлан торгох ялыг биелүүлж болохоор хуульчилжээ.

Иймд прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 9 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулав.