Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 164

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Орчуулагч, хэлмэрч Б.А,  

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Хохирогч Ж.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгч Ө.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.а овогт Ө-ы М-д холбогдох эрүүгийн 2013001880159 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их буланд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И.а овогт Ө-ы М-, регистрийн дугаар БЭ........

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Ө.М- нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хажуугийн засмал замаар 21-39 БӨА улсын дугаартай “3ил-130” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож яваад тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн Ж овогтой Э-ыг мөргөж, зам тээврийн осол гаргаж, түүний биед хүнд хохирол учруулан, улмаар жолооч Ө.М- нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ө.М-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Ө.М- нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хажуугийн засмал замаар 21-39 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах  үедээ зам тээврийн осол гаргаж, Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Э-ыг мөргөн, түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, улмаар  жолооч Ө.М- нь хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь  дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Үүнд: Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

 -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10-р хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12-р хуудас/,

-Хохирогч Ж.Э-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 17-18-р хуудас/,

- Хохирогч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”Би тус өдөр зүс таних Э.Э-ын мотоцикль жолоодож Даваа гэх ахын хашаанд хүргэж өгсөн. Тэгээд харих гэтэл Э.Э-, У.Б-, М- нар нэг шил архи ууя гээд дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл архи, 0.5 литрийн 2 лаазтай пиво авахад нь хамт дагаж голын эрэг дээр очин хувааж уугаад дахин М-ын гэрт очоод 0.5 литрийн Ерөөл архи хувааж уугаад орой болчихсон. Тэгээд тэндээс гараад гэртээ харих үед М- надад 1000 төгрөг өгөөд такси аваад харьчих гэсэн ба би Цахилгаан шугам сүлжээний хойд талын зам дагуу такси барих гээд гараа өргөөд явж байсан. Тэгээд такси зогсохгүй болохоор нь замын нөгөө талд гарч алхъя гэж бодоод ирж байсан машинуудыг өнгөрөөгөөд зам гарч байтал миний баруун талаас гэнэт хурц гэрэл гарсныг санаж байна. Тэгээд нэг ухаан ороход эмнэлгийн орон дээр хэвтэж байсан ба дүү Ж.О- намайг сахиж байсан. Эмч нар намайг зам тээврийн осолд орсон гэж хэлсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Ослын улмаас би эрүүл мэндээрээ хохирч аймгийн нэгдсэн эмнэлэгт 16 хоног хэвтэж эмчлүүлсэн. Улмаар яаралтайгаар тархины гэмтлийн улмаас  хагалгаанд орж, одоо эмчийн хяналтад байгаа. Надад учирсан гэмтэл хэзээ бүрэн эдгэрэхийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тухайн үед намайг мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч байнга эмнэлэг дээр сахиж, цай хоол зөөж, хэрэгтэй гэсэн эм тариаг бүгдийг нь авч өгч байсан. Ослын үеэр миний гар утас шидэгдэж эвдэрсэн. Хэргийн улмаас надад хэдэн төгрөгийн бодит хохирол учирсныг хэлж мэдэхгүй байна. Учир нь энэ хугацаанд гарсан эмчилгээний зардал болон бусад зардлыг Ө.М- бүрэн төлж барагдуулсан. Гар утасны хохирлыг ч төлж барагдуулсан. Өнөөдрийг хүртэл надаас нэг ч төгрөгийн зардал гараагүй. Цаашид би хагалгааны шарх эдгэртэл эндээ эмчлүүлж байгаад Улаанбаатар хотод очиж дахин хагалгаанд орж магадгүй байгаа, цаашид эмчлүүлэх зардалд  ойролцоогоор 6 сая төгрөг гарах тооцоотой байгаа. Уг хохирлыг тухайн үед нь Ө.М-аас нэхэмжилнэ. Би осолд орохоос өмнө Хэнтий аймгийн Баянхайрхан суманд “Ган” хур ХХК-д ажиллаж байсан ба одоо эрүүл мэндийн хувьд ажил хийх боломжгүй болж хохирсон. Одоогийн байдлаар надад Ө.М-аас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, нэгэнт санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг болохоор санал гомдол байхгүй. Хохиролд Ө.М- надад 1.680.100 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-75-р хуудас/,

- Гэрч Х.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2010 онд Ө.М- гэдэг залуутай танилцаж, тэрнээс хойш түүний ЗИЛ-130 машинаар айлын хог, элс ачиж буулгах ажлыг хийж ирсэн. Тухайн өдөр би Ө.М-, И.Н- нартай хамт өглөө 11 цагийн үед Өлгий сумын 6-р багийн нутагт айлын хог ачиж, хогийн цэгт буулгаад дараа нь Бугат сумын нутгаас очиж айлын худгийн доторлогооны чулуу ачиж, Сагсай сум руу явах замд айлын хашаанд буулгасан. Түүний дараа “Бес арыс” ломбардын хогийг ачиж буулгаад буцах замдаа би гэртээ буусан. Тэгээд маргааш өдөр нь Ө.М- над руу утсаар залгаад би өчигдөр харьж байгаад замдаа хүн мөргөөд цагдаа дээр шалгагдаж байна, чамаас бас байцаалт авна гэсэн гэж хэлсэн. Ө.М- огт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/,

- Гэрч А.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд маргааш өглөө 5 цагт бид нар мөн чулуу ачихаар болсон байсан ба 2020 оны өглөө 05 цагийн үед Ө.М- над руу утсаар залгаж өнөөдөр ажилд гарч чадахгүй юм байна, өчигдөр харьж байгаад замдаа хүн мөргөчихсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,

- Гэрч Д.А-гийн: “Тухайн өдөр намайг ажлаас буугаад ирэхэд манай нөхөр Ж.Э- байхгүй байсан ба шөнийн 00 цагийн үед манайд цагдаагийн машин ирж, танай нөхөр эмнэлэгт байна гэж хэлээд намайг дагуулаад явсан. Эмнэлэг дээр очиход манай нөхөр Ж.Э- сэхээний тасагт ухаангүй хэвтэж байсан ба зам тээврийн осол орсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 05 сарын 22-ны өдрийн №208 дугаартай “...Иргэн Ж.Э-ын биед тархины битүү гэмтэл, тархины няцралт, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан баруун тал хэсгийн цусан хураа, чамархай болон суурь ясны хугаралт, тархины хаван гэмтэл тогтоогдлоо.Иргэн Ж.Э-ын дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн, гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно, дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн амь биед аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/,

- Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т-ын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн №06 дугаартай “...Жолооч Ө.М- нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3ил-130 маркийн 21-39 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. Үүнд: жолооч Ө.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.5. “Замын тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ”, ...3.5.а тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, ...3.5.6 Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газарт буцаж ирэх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь жолооч Ө.М нь хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ аваагүй тул зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,

- Авто тээврийн төвийн Авто тээврийн хяналтын улсын байцаагч Т.С-ийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №03 дугаартай “...Шинжилгээнд хүргүүлсэн 21-39 БӨА улсын дугаартай “3ил-130” маркийн тээврийн хэрэгсэлд ослын улмаас ямар нэгэн эвдрэл, гэмтэл үүсээгүй байна, ...шинжилгээнд хүргүүлсэн 21-39 БӨА улсын дугаартай “3ил-130” маркийн тээврийн хэрэгсэлд шинжээчийн үзлэг хийхэд ямар нэгэн эвдрэл, гэмтэл илрээгүй,эд анги нь зам тээврийн ослын улмаас гэмтээгүй байна, 21-39 БӨА улсын дугаартай “3ил-130” маркийн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осолд орохоос өмнө техникийн хувьд баруун талын ойрын гэрэл ажиллагаагүй байсан байна. Ямар нэгэн механик гэмтэл байгаагүй, 21-39 БӨА улсын дугаартай “3ил-130” маркийн тээврийн хэрэгслийн тоормос, дохионууд болон жолооны механизм, дуут дохио нь зам тээврийн ослын өмнө бүрэн ажиллагаатай байсан ба баруун талын ойрын гэрэл нь ажиллагаагүй байна, 21-39 БӨА улсын дугаартай “Зил- 130” маркийн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гарахаас өмнө бүрэн бус, баруун талын ойрын гэрэл ажиллагаагүй байсан байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/

- Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т-ын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №09 дугаартай ”Хохирогч Ж.Э- нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна”  дүгнэлт /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/

- Шүүгдэгч Ө.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “...Миний бие 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаа дуусгаад Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ник” шатахуун түгээх станцын замаар явж байтал урдаас нэг жижиг машин гэрэл шилжүүлэхгүй ирж байсан ба би гэрлээ шилжүүлэхгүй байхаар нь чигээрээ явж байтал гэнэт урд нэг хүн зам дээр явж харагдсан. Тэгээд би уг хүнийг дайрахгүйн тулд жолооныхоо хүрдийг жолооч тал буюу зүүн тал руу чиглүүлж, замаас гарахад нөгөө гэрэл шилжүүлэхгүй байсан машин миний хажуугаар зөрж, би буцаад үндсэн зам руу ороход миний машины хойд хэсгээр мөргүүлж, газарт унасан байсан. Тэгээд би машинаа зогсоож, машинаас буугаад ойр хавийг харж үзэхэд ямар нэгэн хүн байхгүй байсан учир буцаад машиндаа суугаад гэртээ харьсан.Тэгээд гэрт очоод өөрийн 74-22 БӨА улсын дугаартай “Мазда демо” маркийн машинтай уг хүн мөргүүлсэн газарт очиход нэг эрэгтэй хүн замын хажууд шороон дээр хэвтэж байсан, очоод үзэхэд амьсгалж байхаар нь цагдаагийн 7042102 дугаарт дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд намайг гэртээ харьж байгаарай, чамаас мэдүүлэг авна шүү гэж хэлсэн. Тэгээд хариад гэртээ байж байтал 23 цагийн үед цагдаа нар  ирээд  чи машинаар хүн дайрсан байна гээд замын цагдаа Н.Т миний машиныг жолоодон журмын хашаанд оруулж тавиад намайг цагдаа дээр авч ирсэн. Би тухайн үед цочролд орж сандраад шууд дуудлага өгч чадаагүй, тэгээд гэртээ очоод тайвшрах гэтэл чадахгүй санаа зовоод байсан тул буцаад хэрэг гарсан газарт очиход осолд орсон хүн амьсгаатай байхаар нь тайвширч дуудлага өгсөн. Намайг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар гарсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.Би хохирогч Ж.Э-ыг осолд орсон өдрөөс эхлэн эмнэлэгт сахиж, шаардлагатай эм тариа авч өгөн гэрээсээ хоол цай зөөж байсан. Би хохирогчид одоогийн байдлаар 1.680.100 төгрөгийн бодит хохирол төлсөн, цаашид нэхэмжлэх эмчилгээний зардал нь нотлох баримтаар тогтоогдвол  бүрэн төлж барагдуулна.Би зам тээврийн осол гаргаж Ж.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаа, мөн ослын газрыг орхиж зугтаасан үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 дугаар хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Түүнчлэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт холбогдсон этгээдийг хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заасан байна.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ө.М тухайн үед бүрэн бус буюу баруун урд талын ойрын гэрэл нь ажиллагаагүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсны улмаас хохирогч Ж.Э-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 –д заасан гэмт хэргийн шинжийг,

мөн шүүгдэгч Ө.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Замын тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ”, 3.5.а тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 3.5.6 Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газарт буцаж ирэх” гэх заалтыг тус тус зөрчиж, хохирогчид тусламж үзүүлэхгүйгээр хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус хангаж байна. Энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаах гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаарддаггүй, хэргийн газрыг орхиж зугтааснаар төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл буюу тархины битүү гэмтэл, тархины няцралт, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан баруун тал хэсгийн цусан хураа, чамархай болон суурь ясны хугаралт, тархины хаван зэрэг амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь Баян-Өлгий аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдсон, гэмтлийн улмаас хохирогч тархины мэс ажилбар хийлгэсэн нь түүний мэдүүлэг болон  хэрэгт авагдсан Ж.Э-ын өвчний түүх зэрэг баримтаар тогтоогдож    байна.

Дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ө.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан байх бөгөөд харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хор уршиг учруулсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогчид учирсан хүнд гэмтлийн хооронд шалтгаант холбоо байна гэж үзлээ. Харин Ө.М-ы гэмт хэрэг гарсан газрыг орхиж зугтаасан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Ийм байдлаар шүүгдэгч Ө.М-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинж хангагдсан байх тул прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

 Иймд шүүгдэгч  Ө.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогчид гэмт хэргийн улмаас 1.660.100 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хэргийн 66-р талд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба шүүгдэгч Ө.М нь хохирогч Ж.Э-т учруулсан бодит хохиролд 1.680.100 төгрөг төлсөн талаар мэдүүлснийг хохирогч Ж.Э хүлээн зөвшөөрсөн тул Ө.М-ыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.660.100 төгрөг төлж барагдуулсан гэж үзэх нь зүйтэй байна.

Ийм учраас энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.М-аас гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, харин хохирогч Ж.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ө.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ө.М нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх ба Ө.М- нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137-р хуудас/-аар нотлогдож байх тул түүнийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохиролд 1.680.100 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг тухайн үед нь төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд авч үзэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ө.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зохистой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно, 2-д “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 2.1-д торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” хүнд ялд нэмж нэгтгэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтыг баримтлан Ө.М-д оногдуулсан хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван мянган төгрөгийг 1 хоногоор тооцон, 30 хоног хорих ялаар сольж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 жил 1 сарын хорих ялаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснээр хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, Ө.М-д оногдуулсан 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар дугаар зүйлийн 1.1-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, түүнд мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.М- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон Ө.М-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн  үнэмлэх хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн, 29-39 БӨА улсын дугаартай, хуучин, 1988 онд үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгийн 5.500.000 (таван сая таван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/53 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д зааснаар хохирогч Ж.Э- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Ө.М-аас иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И.а овогт Ө-ы М-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ө.М-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1(нэг)  жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ө.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцон 30 хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилээр хасаж, 1(нэг) жил 1(нэг)  сарын хугацаагаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил, 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар тэнсэж түүнд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Ө.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан ирүүлсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй,  Ө.М-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 8. Шүүгдэгч Ө.М нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 1.660.100 төгрөгийг хохирогч Ж.Э-т төлснийг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Шүүгдэгч Ө.М-ы эзэмшлийн ЗИЛ-130 маркийн, 29-39 БӨА улсын дугаартай, 1988 онд үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгийн 5.500.000 (таван сая таван зуун мянга) төгрөгийн үнэлгээ бүхий, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/53 дугаартай тогтоолыг хүчингүй  болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.М-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй,

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БОЛОРМАА