| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0174/Э |
| Дугаар | 186 |
| Огноо | 2020-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 186
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч Б.А,
Улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,
Шүүгдэгч Х.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х-ын Е-т холбогдох 2013000000204 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, яс үндэс Казах, 1977 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд төрсөн, 42 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг, Хөх хад 2 дугаар гудамж, 43 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Х-ын Е-, РД: ................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Е- нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эхнэр М.Ж-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Е- нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эхнэр М.Ж-ийг тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед зүүн талын зулайн хэсэгт мэс заслын оёдол тавьсан шарх, баруун талын бугалгын хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болох:
- Хохирогч М.Ж-ийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгээд над руу орилж хэлэх хэлэхгүй үгээр доромжлохоор нь би хүүхдүүдийгээ дуудаж авъя гээд гэрээс гарах гээд хаалгыг чиглэн явж байтал миний дагзнаас татаад гэрт оруулаад бөгс нурууны тус газарт минь хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд нь би Х.Е-ыг дахин намайг зодох юм байна гэж бодоод гэрээс гарах гэтэл Х.Е- миний баруун талын гарын булчингийн хэсгээс бариад намайг хойшоо чулуудахад нь би гэрийнхээ гал тогооны шүүгээний ирмэгт нь толгойгоо цохиж авсан. Миний толгойноос цус гарахаар нь би дахин гэрээс гарах гэтэл дахин намайг барьж аваад гэрийн хаалгыг дотор талаас нь уяагаар уячихсан. Би хэсэг толгой манарч байгаад халаасандаа байсан утсыг гаргаад охин Е.Е- руу залгаад намайг аав чинь зодож байна, толгойноос минь цус гарч байна гэж дуудахад Е.Е- удалгүй орж ирсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
- Гэрч Е.Е-ын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би “Ачит Ногооннуур” үйлчилгээний төвд үйлчлэгчээр ажилладаг бөгөөд өдөр бүр ажлаасаа 20 цагийн үед буудаг юм. Өнөөдөр 19 цагийн үед ээж над руу утсаар залгаад аав чинь согтуу ирчихсэн байна, миний толгойг хагалчихлаа, гэрт дүү нар чинь байхгүй, гэрийн дотор талаас цоожилж аваад гаргахгүй байна, хурдан ирээрэй гэхээр нь би микронд суугаад гэртээ очтол гэрийн дотор талаас аав олсоор уячихсан байсан. Дүү нар маань өөр айлын гадаа тоглоод явж байсан юм. Би гэртээ очоод хаалгыг хүчтэй татаад олс болон хадаасыг нь угз татаад гэрт ортол ээжийн толгойноос нь цус гарчихсан, толгой нь хагарчихсан уйлаад сууж байсан, аав цай уугаад сууж байсан. Ээжээс юу болсон талаар асуухад аав чинь хоол хий гэж хэлээд агсам тавьсан. Мах байхгүй болохоор хоол хийх боломжгүй гэж хэлтэл агсам тавьж ээжийн толгой руу цохиж ээж гэрээс гарах гээд явж байтал үснээс нь зулгаагаад хойшоо татахад гал шүүгээний ирмэгийг мөргөсөн гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №353 дугаартай шинжээчийн “Иргэн М.Ж-ийн зүүн талын зулайн хэсэгт мэс заслын оёдол тавьсан шарх, баруун талын бугалгын хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,
- Шүүгдэгч Х.Е-ын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өглөө бид 10 цагийн үед Бугат сумаас ирсэн юм. Хүний хадлан хадаад 100,000 төгрөг авсан бөгөөд 90,000 төгрөгийг эхнэртээ өгөөд 10,000 төгрөгийг өөрөө авч үлдээд архи уусан. Тэгээд 20 цагийн үед би гэртээ архи ууж байтал М.Ж- чи архи уулаа гэж уурлахаар нь би түүнийг түлхсэн. Намайг түлхэх үед М.Ж- газарт унасан ба түүний толгойны арын хэсэг нь хаалганы хажуугийн хоолны шүүгээний ирмэгт хүрээд цус гарсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 39/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Танай өрх Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн” буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас доогуурт багтсан байна.” гэх тодорхойлолт /хх-ийн 42-р хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Тус багийн оршин суугч Х овогтой Ер нь БК....... регистрийн дугаартай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт оршин суудаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй, тус багийн нэн ядуу өрхийн тоонд ордог.” гэх тодорхойлолт /хх-ийн 43-р хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/1178 дугаартай “Х.Е-ын нэр дээр өнөөдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна.” гэх албан бичиг /хх-ийн 44-р хуудас/,
- Шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон хуудас /хх-ийн 47 дүгээр хуудас/,
- 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БК......, овог:Б, эцэг/эх/-ийн нэр:Х, нэр:Е, яс үндэс:казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар:Баян-Өлгий, Улаанхус, төрсөн огноо:1977-11-02, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 9-р баг, Хөх хад, 2 гудамж, 43 тоот, хүчинтэй хугацаа:2022-11-02, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба Х.Е- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч байна.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Х.Е-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
Шүүгдэгч Х.Е- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Е-ын үйлдлийн улмаас хохирогч М.Ж-ийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 353 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч Х.Е-ын хохирогч М.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Гэмт хэрэг гарахад гэр бүлийн гишүүдийн бие биедээ хүндэтгэлгүй хандаж байгаа хандлага, шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд прокуророос шүүгдэгч Х.Е-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Х.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч М.Ж- нь ямар нэгэн нэхэмжлээгүй тул шүүгдэгч Х.Е- нь хохирогчид төлөх төлбөргүй байна. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Е-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Е- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Е-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ 100 ширхэг мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Е- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч Х.Е-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овогт Х-ын Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ 100 ширхэг мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч Х.Е-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК