Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 168

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч Т.К,,   

Шүүгдэгч Х.Д- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д-т холбогдох 2013001910156 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, 1982 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай У овогт Х-ын Д-, РД:БА82121215.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Д- нь 2019 оны 12 дугаар арын 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан хад” гэдэг газраас (бэлчээрээс) иргэн Ц.Б-ын 1 адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Х.Д-ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутаг “Улаан хад” гэх газраас /бэлчээрээс/ иргэн Ц.Б-ын 1 тооны адуу хулгайд алдагдсан гэх үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Ц.Б-ын 1 тооны адууг шүүгдэгч Х.Д- хулгайлж авсан болох нь:

Хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Миний бие 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаан хадад очиж адуу малаа тоолоход бүгд бүрэн бүтэн байсан. Тэгээд 2020 он гараад Цагаан сарын өмнө байсан байх миний төрсөн ах Улаан хадаас над руу утсаар ярьсан ба “Таны 10 настай шар хээр зүсмийн морь чинь адуун дотор байхгүй байна” гэж мэдэгдсэн юм. Тэгээд сумын төвд 3 ээлжийн ажилтай болохоор ажил төрлөө зохицуулчхаад хөдөө Улаан хад руу очсон. Тэгээд алга болсон морио тэр хавийн айлуудаас сураглаад Алтай сумын 2, 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс 3 сар гаруй хайж олоогүй болохоор Цагдаагийн хэсэгт ирж тэмдэглүүлсэн юм. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Алтай сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр Улаан хадад хаваржаанд байхад манай гэрт ирж “Таны 2020 оны 05 сард тэмдэглүүлсэн шар хээр зүсмийн 10 настай морийг хулгайлж авсан этгээдийг цагдаагийн байгууллага олж илрүүлсэн гэж хэлсэн. Тэр үед миний 1 тооны адууг багын найз Х.Д- хулгайлсан тухай сонсоод би маш их сандарсан. Дараа нь Х.Д- ч надад өөрийн буруугаа хэлж надаас уучлалт гуйсан. Миний адууг шинжээч 1.300.000 төгрөгөөр үнэлснийг Х.Д- хүлээн зөвшөөрч, надад 1.300.000 төгрөг бэлнээр төлж барагдуулсан. Би хохирлоо бүрэн төлүүлж авсан болохоор одоо Х.Д-ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8-12 дугаар хуудас/,

2. Гэрч С.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манайх жил бүр идэшний адуу худалдаж авдаг юм. 2019 оны 12 дугаар сард байх, өдрийг нь санахгүй байна, манай үхрийг хариулдаг байсан Б.Б- гэдэг хүнд идэшний адуу зарах хүн байвал хэлээрэй гэж захисан байсан. Удалгүй 2019 оны 12 сарын дунд үеэр Б.Б- хөдөөнөөс над руу утсаар ярьж “Улаан хад” гэх газарт байдаг Х.Д- гэдэг хүргэн залуу идэшний тарган морь зарна гэж байна, та авах уу гэхээр нь авна гэж хэлсэн. Тэгж байтал Б.Б- над руу дахин ярьж, нөгөө идэшний адуу зарах хүн адуугаа сумын төвд авч ирээд танай гэрийн ойролцоо уячихлаа гэж байна, авч ирсэн хүргэн залуугийн хүүхдийн бие өвдөөд яаралтай аймаг явсан байна. Х.Д- намайг хариуцаад тэр адууг танд үзүүлээрэй гэж байна гэсэн. Тэгээд адууг очиж үзэхэд сэтгэлд нийцсэн тарган адуу байхаар нь идшинд 900.000 төгрөгөөр худалдаж авсан ба, тухайн адууны мөнгө худалдсан залуугийн эхнэрийн данс руу тооцоо хийсэн." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

3. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... С.Н- эгч надад адуу захисан байсан ба Улаан хад багт мал малладаг Х.Д- гэдэг хүргэн залуу над руу утсаар ярьж эхнэр, хүүхэд маань аймгийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орох гээд надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна, өөрийн адуунаас идэшний адуу зарах гэсэн юм, бэлэн мөнгөөр нь авчихаар хүн байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би хүргэн залууд тус болох гэж сумын төвд С.Н- гэдэг наймаа хийдэг миний сайн таньдаг эгч энэ жилийн идэшний адуу сураглаад надад захиад байсан, тэр хүн авч магадгүй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын дунд үеэр, өдрийг нь сайн санахгүй байна, хүргэн Х.Д- над руу утсаар өглөө 9 цагийн үед ярьж худалдах адуугаа сумын төвд өглөө 07 цагт хөтлөөд авч ирж голд уяад тавьчихлаа, нөгөө хүндээ үзүүлээрэй,надад яаралтай ажил гараад аймаг руу явж байна. Хүүхэд маань өвдөж аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээнд орсон байна гэж хэлсэн. Тэгээд С.Н- эгч, хүүхэд нь, бид гурав тэдний гэрийн ойролцоо голд уяад тавьчихсан адууг очиж үзсэн. Тэгээд С.Н- эгч тарган адуу байна авна гэж хэлсэн. Дараа нь надад С.Н- эгч уг адууг Х.Д-ээс 900.000 мянган төгрөгөөр авч үнэ төлбөрийг өгсөн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

4. Шүүгдэгч Х.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар өмнө ч гэсэн үнэн зөвөөр мэдүүлж байсан. 2019 оны 10 дугаар сарын сүүлээр мөнгөний хэрэг гарахаар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор нэг адуу хулгайлж аваад худалдах санаа төрсөн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын эхээр Б.Б- ахад утсаар ярьж “та идэшний адуу мал худалдаж авах хүн байвал сураглаад өгөөч, надад нэг идэшний адуу байна, худалдах гэсэн” гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 12-ний өдөр байх Б.Б- ах миний гар утас руу залгасан ба би утсаа авахад “Алтай сумын төвд С.Н- гэдэг миний сайн таньдаг эгч идэшний адуу худалдаж авах гэж байгаа юм байна, чиний худалдах адуу чинь байгаа юу” гэхээр нь би түүнд худалдах адуу байгаа тухай, мөн өөрийн биеэр сумын төвд хүргэж өгөх тухай хэлсэн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Алтай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Улаан хад” гэх газарт бэлчиж байсан адуун сүрэг дотроос нууцаар нэг морийг аргамжаар барьж авч үзэхэд нас бие гүйцсэн шар хээр зүсмийн морь байсан. Тэгээд уг морийг барьж авсны дараа шөнөжин яваад өглөө үүр цайх гэж байхад 7 цагийн үед Алтай сумын төвд орж ирээд голын эрэгт байж байгаад Б.Б- ах руу дахин утасдаж “би голын эрэгт байна, та энд хүрээд ирэх үү” гэж хэлэхэд нэг их удаагүй байхад Б.Б- ах ирээд уг морийг аваад явсан. Би тэр өдөр сумын төвд явж байгаад өдөр нь хөдөө гэр лүү яваад өгсөн. Дараа нь Б.Б- ах надад утсаар ярихдаа С.Н- гэх хүн уг адууг үзээд 900.000 мянган төгрөгөөр худалдаж авсан шүү гэж хэлсэн. Би уг адууны үнэ болох 900.000 төгрөгийг 3 хувааж бүрэн авсан ба авсан мөнгөө өөрийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

“Ашидбилгүүн” ХХК-ны 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн БӨА-20/28 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Алтай сумын хэмжээнд 2019 оны 12 дугаар сарын байдлаар 10 настай морь 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 79-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Д- нь хохирогч Ц.Б-ын 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 1 тооны, 10 настай адууг хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

  Мал хулгайлах гэмт хэргийн объектив шинж нь бусдын өмчлөх эрх байдаг бөгөөд иргэний өмчлөх эрхийг хуулиар хамгаалдаг. Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус  тус заасан байна.

Шүүгдэгч Х.Д- нь хохирогч Ц.Б-ын дээрх хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний 1 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн С.Н-д 900.000 төгрөгөөр худалдан борлуулж захиран зарцуулсан байх ба түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Х.Д-ийн үйлдсэн мал хулгайлах                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг шаарддаггүй,  хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ба Х.Д- нь хохирогч Ц.Б-ын 1 тооны малыг бэлчээрээс нь хулгайлан, иргэн С.Н-гийн гэрийн ойролцоо аваачин уяж, бусдын өмчийг хууль бусаар өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар хувьдаа ашиг олж мөнгөтэй болох шунахайн сэдэлт нөлөөлсөн байх ба Х.Д- нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн байх тул түүнийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Д-ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Х.Д- нь хохирогч Ц.Б-од 1.300.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүхээс шүүгдэгч Х.Д-ийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд дээрх гэмт хэрэг нь  2019 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө буюу Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн зүйлийн 2-д ”Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан байна.

            Эрүүгийн хуульд 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө үйлчилж байсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,  2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д “Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус зааснаас үзвэл шүүгдэгч Х.Д-т гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан хууль болох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх нь санкцын хувьд түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх ба Х.Д- нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/-аар нотлогдож байх тул түүнийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д “гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн” заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулахаар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх ойлголт юм.

Шүүгдэгч Х.Д- нь бусдын өмчлөлд байсан 1 тооны, 10 настай адууг хулгайлан авч, иргэн М.Н-д худалдан борлуулж, 900.000 төгрөгийг өөртөө ашиг болгон авсан нь гэрч М.Н, Б.Б- нарын мэдүүлэг,  шүүгдэгчийн  өөрийнх нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул уг 900.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж шууд олсон эд хөрөнгө /мөнгө/ гэж үзэж, Х.Д-ээс хураан авч улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Б-ийн “Шүүгдэгч Х.Д- нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй” гэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К-ын: “Шүүгдэгч Х.Д- нь хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, түүнчлэн хувийн байдлын хувьд гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 900.000 төгрөгийг төлөх төлбөрийн чадваргүй, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу өрх тул хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхгүй байхыг хүсье” гэх санал зэргийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага  болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч У овогт Х-ын Д-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Х.Д-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газар сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Д-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 900.000 (есөн зуун мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс гаргуулан хурааж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

6.Шүүгдэгч Х.Д- нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БОЛОРМАА