| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/0160/Э |
| Дугаар | 175 |
| Огноо | 2020-09-09 |
| Зүйл хэсэг | 117.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бөтакөз |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 175
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, улсын яллагч Б.Б,
Иргэний нэхэмжлэгч М.К-,
Шүүгдэгч Е.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Е-ы А-эд холбогдох эрүүгийн 2013002030165 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харъяат, яс үндэс казах, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0165 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БД8.............., Ж овогт Е-ы А-,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Е.А- нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн үед Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Х овогтой М-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
-2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Хилийн цэргийн 0165 дугаар ангийн хашаанд байрлах 1 гэж дугаарласан авто гражын дотор 3 дугаартай хувцас солих өрөөний хувцасны өлгүүрт хамт ажилладаг жолооч Л.Б-гийн өлгөөстэй байсан гадуур хувцасны халааснаас түүний эхнэр Н.О-гийн “КЗ-06” маркийн, 2 сим карт хийх зориулалттай, IМЕ1 А:358260-08- 293423-1, 1МЕ1 В:358260-08-293424-9 кодтой, нэг ширхэг гар утсыг хулгайлж 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Е.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Е.А- нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн үед Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Х овогтой М-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Тодруулбал, хохирогч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний нөхөр Е.А- нь Хилийн цэргийн 0165 дугаар ангийн шинэ жилийн баярын арга хэмжээнд яваад орой 23 цагийн үед гэртээ ирсэн юм. Тухайн үед нөхөр Е.А- их согтуу ирсэн ба би түүнийг унтаж амар гэж хэлэхэд ямар нэг зүйл хэлэхгүйгээр гараараа миний зүүн талын нүд орчмын хэсэгт 1 удаа цохисон. Энэ үед би газарт унасан. Тэгээд намайг газарт хэвтэж байхад миний дээрээс дарж байгаад толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Энэ үед миний 4 настай хүүхэд уйлаад миний хажууд ирэхэд Е.А- түүнийг барьж аваад гал тогооны өрөө рүү шидсэн. Миний бие гэрээсээ гарах гэсэн боловч намайг гаргаагүй юм. Маргааш нь миний нүд маш их хөхөрсөн байсан. Түүнд зодуулсны улмаас би 2 удаа Улаанбаатар хотод очиж хагалгаанд орсон. Ирэх очихын замын зардал болон эмчилгээний төлбөрт нийтдээ 2.900.000 төгрөг гарсныг миний эцэг эх гаргасан ба уг мөнгийг Е.А-ээс нэхэмжилж байна. Е.А-ийн зүгээс ямар нэгэн мөнгө төлөөгүй. Хоёр хүүхдээ бодоод би түүнийг нэг удаа уучилж байна.“ гэх мэдүүлэг /хх-ийн 54-55, 57-58-рх/,
Иргэний нэхэмжлэгч М.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед охин маань “миний толгой өвдөж байна, Е.А-тэй утсаар ярихад архи уусан байна, би цаашид нөхөртэйгөө хамт амьдарч чадахгүй юм байна” гэж хоёр хүүхдээ дагуулж манай гэрт ирсэн. Тэр үед юу болсон талаар асуухад “2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нөхөр Е.А-эд зодуулснаас болж миний толгой өвддөг болсон. Би тэр үед та нарт хэлээгүй байсан. Одоо хүртэл нүд өвдөж байна” гэж хэлсэн. Миний охин 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнө зодуулсан гэж хэлсэн. Энэ тухай өөрөө сайн хэлж өгсөн байх. Би энэ тухай сайн мэдэхгүй. Гэхдээ охины үгэнд итгэж байгаа. Учир нь он гарснаас хойш охин маань надтай уулзахгүйгээр зугтаж байсан. Харин 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай гэрт ирэхэд нүд нь хөхөрсөн гэмтэлтэй байсан. Тэгээд би юу болсныг асууж лавлахад нөхөр нь цохисон талаар хэлсэн. Ингээд би охиныхоо нүдийг үзүүлж оношилгоо хийлгэхээр 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод очиж шинжилгээ өгөөд 06 дугаар: сарын 14-ний өдөр аймгийн төвд буцаж ирсэн. Удалгүй 06 дугаар сарын 16-ны өдөр над руу Улсын клиникийн 1-р эмнэлгээс залгаж “Охиныг чинь хагалгаанд оруулах шаардлагатай тул аваад ирээрэй” гэхээр нь бид нар Баян-Өлгий аймгийн төвд ирсэн гэдгээ эмчид хэлэхэд 06 дугаар сарын 22-нд хотод бэлэн ирж хагалгаанд орох ёстой гэж хэлснээр дахин Улаанбаатар хот руу очиж хагалгаа хийлгээд 07 дугаар сарын 02-ны өдөр буцаж аймгийн төвд ирсэн. Тухайн үед би хоёр удаа охиноо дагуулж Улаанбаатар хот руу очиж эмчилгээ хийлгэхэд надад ирэх очих үеийн унааны зардал, эм тариа болон бусад зардалд нийт 2,900,000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөгийн зардал гарсан ба энэ тухай бүх баримтыг өмнө мэдүүлэг авсан цагдаад гаргаж өгсөн байгаа. Нөхөр бид хоёр хоёулаа ажилгүй, энд тэнд хар бараан ажил хийж амьдардаг ба бага хүү маань бөөрний хүнд өвчтэй. Охиныгоо хагалгаанд оруулахдаа хүнд өвчтэй хүүхдийнхээ эмчилгээнд хадгалсан мөнгийг хэрэглэж дуусган, хоёр дахь удаагаа явахад мөнгө байхгүй байсан тул аргагүйн эрхэнд “Харажат” нэртэй хадгаламж зээлийн хоршооноос 1,000,000 /нэг сая/ төгрөг зээлж аваад охиныхоо эмчилгээнд зарцуулаад одоо тэр зээлээ сар бүр төлж байна. Мөн бөөрний хүнд өвчтэй хүүхдэд маань өдөр бүр эм тарианы мөнгө хэрэг болж байгаа ба нөхөр бид хоёр ажил орлогогүй, амьдрал маань үнэхээр хүнд байгаа учраас охин Х.М-ийн эмчилгээнд зориулсан 2.900.000 төгрөгийг түүнд гэмтэл учруулсан хүргэн Е.А-ээс нэхэмжлэхээс өөр аргагүй байна. Иймд миний охин Х.М-ийн эмчилгээний зардалд гарсан 2.900.000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөгийн хохирлыг Е.А-ээс гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Е.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Миний ах Е.А- нь эхнэрээ зодож байсныг өөрийн нүдээр харж байгаагүй. Сар өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан шинэ жилийн үеэр байх, өвөл нэг өдөр миний ах болох Е.А- над руу залгаж ажлын газрын гадаа хүрээд ирээч гэхээр нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0165 дугаар ангийн гадна очиход Е.А- намайг хүлээж байсан ба тэр үед надад Е.А- “би шөнө архи ууж очоод эхнэрээ зодсон байна, одоо яах уу” гэхээр нь би түүнд “одоо очоод учир байдлаа ойлгуулж хэлээд уучлалт гуй” гэж хэлсэн. Тэгээд Е.А-ийн хамт гэрт нь очиход бэр эгч болох Х.М-ийн нүдний гадна тал нь хөхөрч, дотор тал нь цус хурсан байдалтай улайсан байсан. Тэр үед би Х.М-д хандаж одоо эмнэлэгт аваачиж үзүүлье гэж хэлэхэд Х.М- надад “миний нүд яагаа ч үгүй, би эмнэлэгт үзүүлэхгүй, хэн нэгэн хүн сонсох юм бол асуудал гарах байх, тэгснээс бид нар танайд очиж хэд хоног хоноод ирье” гэхээр нь гэрт дагуулж очсон. Тэгээд тэд нар манай гэрт ирээд хэд хоноод явсан. Тухайн үед би тэд нарт хэлсэн боловч Х.М- өөрөө ямар нэгэн гомдол гаргахгүй гэснээр хэнд ч юу ч хэлэхгүйгээр орхисон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-рх/,
Гэрч О.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Би сар өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан өвөл байсан. Нэг өдөр манай нөхөр Е.Х- хадам ах болох Е.А- болон түүний эхнэр Х.М- хоёрыг дагуулж ирсэн. Тухайн үед Х.М-ийн нэг нүдний гадна тал нь хөхөрч дотор тал нь цус хурсан байдалтай улайсан байсан. Тэр үед би тэд нараас юу болсон талаар асуухад өмнөх өдөр нь нөхөр нь зодсон гэсэн, дараа нь тэр хоёр хүн хоорондоо эвлэрсний дараа манай нөхөр гэрт дагуулж ирсэн. Тэр үед Х.М- өөрөө хэн нэгэн хүнд мэдэгдэж болохгүй гэж гуйгаад байхаар нь мөс хөлдөөж дарж, гэрийн хүрээнд эмчилгээ хийсэн болоод өнгөрсөн. Тэр үед нэг их зовиур мэдрэгдээгүй байсан ба хоёр хүүхдийн хамт 3-4 хоноод явсан. Харин хэдэн сарын хэдэн, хаана аваачиж, яаж зодсон талаар өөрөө хэлээгүй болохоор би ч нэг их юм асуугаагүй өнгөрөөсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-рх/,
Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “...Иргэн Х.М-ийн биед зүүн талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл, цаг хугацааны хувьд хэзээ учирсан эсэхийг нарийн тогтоох боломжгүй байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 283 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-85-рх/,
Шүүгдэгч Е.А-ийн мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгууллагын шинэ жилийн үйл ажиллагаанд оролцож ирээд эхнэр Х.М-ийн нүд тус газарт цохисон байсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Гэхдээ би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их харамсаж, гэмшиж байна. Миний цохисон үйлдлийн улмаас эхнэр Х.М-ийн нүдний ухархайн яс цөмөрч 2 удаа Улаанбаатар хотод очиж хагалгаанд орж эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд гарсан 2.900.000 төгрөгийг тухайн үед хадам ээж М.К- төлсөн тул би уг төлбөрийг ямар ч маргаангүйгээр бүрэн төлж барагдуулна. Энэ асуудлаас болж эхнэр Х.М- хүүхдээ аваад эцэг эхийнхээ гэрт очсон ба би түүнээс уучлалт гуйсаар байж гэртээ буцаан авч ирээд 2 сар болж байна. Цаашид би архи ууж, эхнэр хүүхдээ зовоохгүй, ажил хийж амьдралаа аваад явж чадна. Иймд надад нэг удаа боломж олгож хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү.” гэх мэдүүлэг, /хх-ийн 97-98-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Е.А- нь хохирогч Х.М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Хохирогч Х.М-ийн эрүүл мэндэд учирсан “...зүүн талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Е.А- түүнийг гараараа нүд тус газарт нь цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Түүнчлэн шүүгдэгч Е.А- нь уг гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.М-ийн эсрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Е.А- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Х.М-ийн нүд тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.М-д зүүн талын нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл учирч, тэрээр өөрийн төрсөн ээж М.К-гийн хамт Улаанбаатар хотод 2 удаа очиж хагалгаанд орон, эмчилгээ хийлгэсэн байна. Эмчилгээний зардалд нийт 2.900.000 төгрөг зарцуулсан нь хэргийн 35-43 дугаар талд авагдсан хохирлын баримтуудаар тогтоогдож байх ба уг төлбөрийг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон /хохирогч Х.М-ийн ээж/ М.К- төлж барагдуулсан болох нь хохирогч Х.М-, шүүгдэгч Е.А-, иргэний нэхэмжлэгч М.К- нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүгдэгч Е.А- нь иргэний нэхэмжлэгч М.К-гийн нэхэмжилсэн 2.900.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 2.900.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.К-д олгох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Е.А-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Е.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Хилийн цэргийн 0165 дугаар ангийн хашаанд байрлах 1 гэж дугаарласан авто гражын дотор 3 дугаартай хувцас солих өрөөний хувцасны өлгүүрт хамт ажилладаг жолооч Л.Б-гийн өлгөөстэй байсан гадуур хувцасны халааснаас түүний эхнэр Н.О-гийн “КЗ-06” маркийн, 2 сим карт хийх зориулалттай, 1МЕ1 А:358260-08- 293423-1, 1МЕ1 В:358260-08-293424-9 кодтой, нэг ширхэг гар утсыг хулгайлж 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:
Хохирогч Н.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Юнителийн салбарт очиж 740,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг 12 сараар хувааж төлөхөөр болж 528,000 төгрөгөөр “LGQ6” маркийн гар утас худалдаж авсан. Тэгээд уг гар утсыг нэг хоёр хоног барьсны дараа миний нөхөр Л.Б- уг гар утсанд өөрийн сим картыг хийж хэд хоног барьсан. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нөхөр маань ажил руугаа явсан ба орой 17 цагийн үед ажлаас гэрт ирэхдээ ажлын газрын тавиулангийн хувцас сольдог өрөөний хувцасны өлгүүрт өлгөж тавьсан хувцасны халааснаас гар утсаа хулгайд алдсан гэж хэлсэн. ...Тухайн үед хамт ажилладаг хүмүүс нь тоглож авсан байх гэж бодоод 2-3 хоног хүлээсэн боловч олдоогүй болохоор цагдаагийн газарт ирж хайрцгийг өгч шалгуулахаар өгсөн. 2020 оны 06 дугаар сарын дунд үед цагдаагийн газраас залгаж “таны хулгайд алдсан гар утас олдсон байна” гэж хэлэхэд нь очиж уулзахад миний гар утсыг манай нөхөртэй хамт ажилладаг Е.А- хулгайлж авсан талаар мэдсэн. ...Е.А- нь өөрийн гаргасан үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан. Мөн надад учирсан хохиролд 900.000 төгрөг бэлнээр төлж өгч барагдуулсан. Тийм болохоор одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52-рх/,
Гэрч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ Миний бие Хилийн цэргийн 0165 дугаар ангид жолооч ажилтай бөгөөд өдрийг нь сайн санахгүй байна ямар ч байсан 2020 оны 01 дүгээр сарын 02-03 өдрүүдийн аль нэгэнд байсан байх, Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0165-р ангид үдийн цайны цагийн дараа тус ангийн “ЗИЛ-130” маркийн тээврийн хэрэгсэлд засвар хийхээр 14:00 цагийн үед ажил дээрээ очсон. Би ажил дээр очмогц гадуур хувцсаа тавиулангийн хувцасны өрөөнд өлгөж карманд нь эхнэр Отгонтуяагийн “LG” маркийн гар утсыг үлдээгээд ажлаа хийж байсан. Тэгээд орой 16-17 цагийн хооронд засварын ажлаа дуусгаж хувцсаа солих гэж тавиулангийн өлгүүрт байсан гадуур хувцсаа авч үзэхэд карманд нь хийсэн байсан гар утас маань алга болсон байсан. Тэгээд би тухайн үед цуг ажиллаж байсан жолооч нараас асууж үзэхэд бүгд аваагүй гээд миний гар утсыг гаргаж өгөөгүй. Улмаар хэн нэг нь тоглож авсан байх, буцааж өгөх байх хэмээн 2-3 хоног хүлээсэн боловч хэн ч гаргаж өгөөгүй тул цагдаагийн байгууллагад ирж имей кодыг нь бүртгүүлээд явсан. Тухайн үед хувцасны карманд байсан утсыг чухам хэн авсан нь тодорхойгүй байсан тул шууд хүн гүтгэхээс болгоомжилж эхний ээлжинд имей кодоор нь шалгуулъя гээд цагдаагийн байгууллагын ажилтанд хэлсэн болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 63-рх/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18-рх/,
Хулгайд алдагдсан гар утасны хайрцганд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 19-21-рх/,
“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн №20/24 дугаартай “LG Q6 маркийн 2 симтэй, 16 gb багтаамжтай гар утас 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийн үнэтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 75-79-рх/,
Аймгийн Цагдаагийн газраас үүрэн телефоны Мобиком, Скайтел, Жи-мобайл, Юнител ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбаруудад хүргүүлсэн 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 27/54 дугаартай “хохирогч Н.О-гийн хулгайд алдагдсан В:358260-08-293424-9 дугаар бүхий Имей кодтой гар утсыг 2019 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш үүрэн телефоны ямар дугаарт хийж ашигласан” талаарх мэдээлэл хүссэн албан бичиг /хх-ийн 22-рх/,
Юнител ХХК-наас 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 05-01/737 дугаартай “Хулгайлагдсан гар утасны IМЕI В:358260-08-293424-9 кодтой сим картын үүрэнд 0221443 дугаарыг 2020 оны 01 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд хийж ашигласан ба уг 0221443 дугаар нь Едилхан овогтой Асалбекийн нэр дээр бүртгэгдсэн утасны дугаар болох нь тогтоогдсон байна” гэх албан бичиг /хх-ийн 22-23-рх/,
Шүүгдэгч Е.А-ийн мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”Би тухайн өдөр засварын ажлаа хийж дуусаад хувцас солих өрөөнд ороод ажлын хувцсаа сольж байтал хамт ажилладаг найз болох Л.Б-гийн хувцас нь өлгүүрт өлгөөтэй байсан ба халаасанд нь байсан гар утас нь дуугараад байхаар очиж авсан. Анх би Л.Б-гийн утсыг тоглож авсан бөгөөд дараа нь манай ангийн тавиулангаас гар утас хулгайд алдагдсан байна гэсэн яриа гарсан тул хамт олондоо хулгайч гэж хэлэгдэхээс ичиж, гар утсыг нь гаргаж өгч чадаагүй юм. Маргааш нь Л.Б-гийн утсыг буцааж өгөхөөр түүний эхнэр лүү залгахад намайг Л.Б-тай нийлж архи уух гэж байна гээд яриулаагүй. Хэрэв яриулсан бол би утсыг нь өгөх байсан. Тэгээд гар утас алга болсон гэх асуудал намжсаны дараа уг утсанд би өөрийн 80221443 дугаартай сим картыг хийж 14 хоног ашиглаж байгаад 2020 оны 2 дугаар сарын дундуур архи ууж байхдаа Л.Б-гийн утсыг чулуугаар цохиж хагалан голын усанд хаясан. Би өөрийн үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч Н.О-гийн гар утасны төлбөрт 900.000 төгрөг бэлнээр төлж өгсөн. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусдын эд зүйлийг хулгайлж, амар хялбар аргаар амьдрах гэсэн шунахай зан байдал шууд нөлөөлсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Е.А-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Е.А-ийг гэмт хэрэг үйлдэгдсэн хувцас солих өрөөнд хууль бусаар нэвтэрч ороогүй учраас түүний үйлдлийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй юм. Учир нь шүүгдэгч Е.А- нь уг ХЦ-ийн 0165 дугаар ангид жолоочоор ажилладаг болох нь тогтоогдож байх ба ажлаа дуусган тухайн хувцас солих өрөөнд хувцсаа солихоор ердийн аргаар нэвтрэн орсныг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй.
Хохирогч Н.О- нь гар утасны хохиролд 900.000 төгрөг бэлнээр төлүүлэн авч гомдол саналгүй болсон нь хавтаст хэргийн 51-52-р талд авагдсан Н.О-гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Е.А-ийг хулгайлах гэмт хэргийн хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Е.А-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Е.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн тул түүнд дээрх зүйл хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх ба Е.А- нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-р хуудас/-аар нотлогдож байх тул түүнийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Н.О-д 900.000 төгрөг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч М.К-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.900.000 төгрөг төлж барагдуулахаа илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэх нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч Е.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч нараас уучлалт гуйснаар хохирогч Н.О- гомдол саналгүйгээ илэрхийлсэн, хохирогч Х.М- түүнийг уучилж, одоо хамтран амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг, иргэний нэхэмжлэгч М.К- охиныг нь зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд гомдолтой байгаагаа илэрхийлсэн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Е.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулах нь зохистой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно, 2-д “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол дор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 2.1-д “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” хүнд ялд нэмж нэгтгэнэ” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтызг баримтлан Е.А-эд оногдуулсан хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялын арван таван мянган төгрөгийг 1 хоногоор тооцон, 1 сар, 10 хоног хорих ялаар сольж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил, 1 сар, 10 хоног хорих ялаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж, хохирогч Н.О-д учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч М.К-д учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, Е.А-эд оногдуулсан 1 жил, 1 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, түүнд мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Е.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Н.О-д 900.000 төгрөг төлснийг дурдаж, Е.А-ээс хохирогч Х.М-ийн эрүүл мэндэд учирсан бодит хохиролд 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.К-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Е.А- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогтой Е-ы А-ийг “Бусдын эд хөрөнгө хулгайлах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-эд 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Е.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцон 1 сар, 10 хоногийн хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил, 1 сар, 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил, 1 сар, 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар тэнсэж, түүнд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Е.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан ирүүлсэн эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Е.А- нь хохирогч Н.О-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 900.000 /есөн зуун мянга/ төгрөг төлснийг дурдаж, Е.А-ээс Х.М-ийн эрүүл мэндэд учирсан бодит хохиролд 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч М.К-д олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Е.А-эд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА