| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 161/2020/0165/Э |
| Дугаар | 174 |
| Огноо | 2020-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 174
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Орчуулагч, хэлмэрч Б.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Хохирогч А.И-,
Шүүгдэгч А.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А-ий Д-т холбогдох эрүүгийн 2013000000181 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1970 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс казах дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр баг Бүркит, 10 дугаар гудамж, 2 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт А-ий Д, РД: ӨА............
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Д- нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дөл дэлгүүрийн урд талын замаар эхнэр А.Е-ийн жолоодож явсан машинд сууж явах үедээ 49-20 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явсан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сумын 2 дугаар багийн иргэн /Б3............бичиг баримтын дугаартай/ А овогтой И-ийг “зам чөлөөлөхгүйгээр зогсож, түгжрэл үүсгэсэн” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Д- нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дөл” дэлгүүрийн урд талын зам дээр 49-20 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явсан Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын сумын 2 дугаар багийн иргэн А овогтой И-ийг “зам чөлөөлөхгүйгээр зогсож түгжрэл үүсгэсэн” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Тодруулбал: Хохирогч А.И-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 30 минутын үед миний бие өөрийн 49-20 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Дөл” нэртэй дэлгүүрийн урд талд зогсож байх үед миний ар талаас машин сигналдсан. Энэ үед миний бие урагш нь жоохон яваад зам чөлөөлөөд зогсож байх үед миний ар талд явж байсан машинаас үл таних эрэгтэй хүн бууж ирээд миний машины жолооч талын хаалгаар ирээд хаалгыг онгойлгож ямар нэгэн зүйл хэлэлгүй шууд гараараа миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Дахин цохих гэхэд нь миний бие тухайн үл таних хүний гарыг нь бариад авсан юм. Тэрээр намайг зодчихоод 0085 дугаартай машиндаа суугаад яваад өгсөн. Тухайн үл таних хүнийг А.Д- гэдгийг мэдсэн бөгөөд түүнд зодуулсны улмаас доод уруулын дотор талд язарч, дээд талын үүдэн шүд хугараагүй, ёртойгоо унаж гэмтсэн. Тухайн өдрөөс хойш миний толгой, шилэн хүзүүгээр өвдөж, даралт ихсэж, зүрхний хэм алдагдаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Намайг зодсон А.Д- нь надаас нэг удаа уучлалт гуйсан ба би хуулийн дагуу явна гэдгээ хэлсэн. Түүнээс хойш надтай уулзаагүй. Би унасан нэг ширхэг шүдийг Баян-Өлгий аймагт хийлгэх гэсэн боловч тус аймагт байгаа шүдний эмнэлгүүд нь өрөмдөж тогтоох эмчилгээ хийх боломжгүй, Улаанбаатар хотод очиж шүд хийлгэх шаардлагатай гэсэн хариу өгсөн. Улаанбаатар хотод ирж очих хоёр талын зардал 174.000 төгрөг, таних айл байхгүй тул буудалд байрлахад өдрийн 20.000 төгрөгөөр тооцож, 7 хоногийн зардал 140.000 төгрөг, Улаанбаатар хотод байрлах хувийн шүдний эмнэлэгт нэг шүд өрөмдөж тогтоох хагалгаа хийлгэх зардал 3.500.000 төгрөг, хот дотор явах унаа, хоолны зардалд 200.000 төгрөг, толгойны зураг авахуулахад 270.000 төгрөг, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд гаднаас авсан эм тарианы зардал 80.000 төгрөг, нийтдээ 4.364.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Би өөрөө оюутан хүүхэд сургадаг, амьдралын боломж муу учраас мөнгө гарган эмчлүүлэх боломжгүй. А.Д-эд гомдолтой байна” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19, 20/,
Шүүх эмнэлгийн ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 07 сарын 27-ны өдрийн №304 дугаартай шинжээчийн: Иргэн А.И-ийн доод уруулын дотор талд язарсан шарх, дээд эрүүний баруун талын үүдэн нэгдүгээр шүд угаараа хугарч унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/
Гэрч С.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед байсан байх. Миний бие “Дөл” дэлгүүрийн замын эсрэг талд зогсож байх үед тус дэлгүүрийн урд талын зам дээр ногоон өнгийн “Истана” маркийн машин ирээд зогссон. Энэ үед тухайн машины араас хар өнгийн жийп машин ирээд 2-3 удаа сигналдахад “Истана” маркийн машины жолооч машинаа хөдөлгөхгүй байсан юм. Тэрээр хар өнгийн жийп машинд сууж явсан эрэгтэй машинаасаа буусан ба тухайн эрэгтэй нь миний зүс таних “Д” гэх хүн байсан. Тэгээд Д нь “Истана” машины жолоочийн сууж байсан талаар очиж хаалгыг нь онгойлгож хоорондоо юм ярьж байсан харагдаж байсан. Удалгүй Д машиндаа суугаад яваад өгсөн ба энэ үед Истана машины жолооч машинаасаа бууж ирээд надад хандаж “шүд уначихлаа” гэж хэлээд гартаа барьсан 1 ширхэг шүд үзүүлсэн. Миний бие түүнээс юу болсон талаар асуухад хар өнгийн жийп машинаас бууж ирсэн хүн цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Гэрч А.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед би нөхөр А.Д-ийн хамт өөрийн 00-85 БӨА улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгслээр Дөл дэлгүүрийн ойролцоо тууш зам дээр замын хөдөлгөөнд оролцон явж байтал урд талд гэр бүлийн машин явж байгаад зогсож, аваарын гэрлээ татсан юм. Би тухайн машины хажуугаар гарахаар эсрэг урсгал руу орох гэхэд урдаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй байсан. Мөн манай машины ар талаас хэд хэдэн машинууд ирээд сигналдаж эхэлсэн юм. Гэтэл урд зогсож байсан гэр бүлийн машин хөдлөхгүй байсан. Миний нөхөр А.Д- нь жолоочийн хажуу талын суудалд сууж явсан бөгөөд надад хандаж “Энэ замаар битгий яв гэж чамд хэлсэн шүү дээ” гэж хэлээд уурлаад машинаас буусан. Тухайн үед миний бие эсрэг урсгал руу орохоор урд талын машиныг тойрч гарах гээд эсрэг урсгал руу машин хараад байж байсан ба энэ хооронд нөхрөө хаашаа явсныг анзаараагүй юм. Би урд зогсож байсан машины хажуугаар гараад Тирлик захын 3 замын уулзвараар баруун гар тал руу эргээд явж байх үед нөхөр Д буугаад явчихсан ба тухайн үед зам түгжрэлтэй байсан юм. Удалгүй нөхөр А.Д- буцаж машиндаа орж ирээд суусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Шүүгдэгч А.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр, цагийг нь сайн санахгүй байна Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Дөл” дэлгүүрийн урд талын машины замаар эхнэр Е нь миний 0085 БӨА улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Миний бие туслах талын суудалд сууж явсан юм. Энэ үед бидний машины урд талд тууш зам дээр гэр бүлийн машин шиг урт машин явахгүй зогсоод байхаар нь миний бие машинаасаа бууж очиход жолооч нь болох И- сууж байсан. Би түүнийг “машинаа хөдөлгөөд замаа чөлөөлөөд өг” гэж хэлэхэд И- нь “чиний худалдаж авсан зам юм уу” гэж хэлэхээр нь миний уур хүрээд зүүн талын гараараа И-ийн нүүрэн тус газарт нэг удаа цохичихоод буцаж машиндаа суугаад яваад өгсөн юм. Тухайн үед миний бие бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ тууш зам дээр машинаа зогсоогоод түгжрэл үүсгээд байсан ба намайг очиж машинаа хөдөлгөөрэй гэж хэлэхэд урдаас тайлбар тавиад байсан болохоор миний уур хүрээд түүний нүүрэн тус газарт нэг удаа цохисон юм. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Д-ийн гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Д- нь уг гэмт хэргийг болгоомжгүй үйлдээгүй бөгөөд түүний нүүрэн тус газар 1 удаа цохиж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч А.Д-ийг уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч А.Д-ийн үйлдлийн улмаас хохирогч А.И-ын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 304 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул А.Д-ийн А.И-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Иймд шүүгдэгч А.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч А.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.И-ын дээд эрүүний баруун талын нэгдүгээр үүдэн шүд угаараа хугарч унасан гэмтэл тогтоогдсон ба хохирогч нь эмчилгээний зардалд нийт 4.364.000 төгрөг нэхэмжилсэн байна. Өөрөөр хэлбэл хохирогч нь Улаанбаатар хотод очиж, хувийн шүдний эмнэлэгт шүд хийлгэх зардлыг /ирээдүйд гарах зардлыг/ нэхэмжилсэн байх ба энэ талаар шүүхэд ямар нэгэн нотлох баримт гаргаж ирүүлээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бодит байдлаар нөхөн төлөөгүй, тэрээр “Учирсан хохирлыг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон хэмжээнд нөхөн төлөх”-өө илэрхийлсэн байна.
Иймд хохирогч А.И- нь цаашид Улаанбаатар хотод очиж, шүдний эмчилгээ хийлгэсний дараа гарсан бодит зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шүүгдэгчээс гаргуулан авах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Д-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Д- нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон үндэслэлээр түүнийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчмын дагуу А.Д-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/-аар нотлогдож байх тул түүнийг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.И-т гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч А.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байх ба шүүгдэгчийн хөрөнгө, орлого, хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д ”Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж тус тус заасан тул шүүгдэгч А.Д-т хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шүдийг устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт А-ий Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д- нь торгох ялыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн 1 ширхэг шүдийг устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгүүдэд зааснаар хохирогч А.И- нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА