| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/00539/И |
| Дугаар | 691 |
| Огноо | 2016-03-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 691
| 2017 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/00691 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж хаягт байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Эрдэнэсуварга төвд байрлах, “Могойн гол энержи” ХХК
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 10.445.255 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Могойн гол энержи” ХХК нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 6.963.503 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 63 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу “Хэт” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 6.963.503 төгрөг хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан 3.481.751 төгрөг, бүгд 10.445.255 төгрөгийг “Могойн гол энержи” ХХК-иас гаргуулж, шимтгэлийн өрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Могойн гол энержи” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 10.445.255 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “Могойн гол энержи” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 6.963.503 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул “Могойн гол энержи” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Могойн гол энержи” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 10.445.255 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Могойн гол энержи” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Могойн гол энержи” ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 10.445.255 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА