| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07585/И |
| Дугаар | 102/ШШ2017/00757 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2017/00757
| 2017 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/00757
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран, 18 дугаар гудамж, 27 тоот хаягт оршин суух, Шар боржигон овогт Төмөрхуягийн Зандраасүрэн /РД:НЗ92071528/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршоолол, 14 дүгээр гудамж, 6 тоот хаягт оршин суух, Хашаат овогт Өвгөнбаатарын Отгонбаатар /РД:ЗЕ90082310/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Зандраасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Зандраасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Ө.Отгонбаатартай танилцаж, улмаар хамтран амьдрах хугацаанд 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдөр охин О.Ариунцэцэг төрсөн. Охиноо төрөх үед би 18 нас хүрээгүй байсан тулд гэрлэлтээ батлуулж чадаагүй байсан. Хамтран амьдарч байгаад 2012 онд өөр хүнтэй амьдрахаар болсон гээд Ө.Отгонбаатар явсан. Тэр хүнээсээ хүүхэдтэй бөгөөд тэр нь нас барсан. Одоо өөр хүнтэй сууж байгаа гэсэн. Түүнээс хойш бид нар уулзаж ярилцсан удаа байхгүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Ө.Отгонбаатараас охин О.Ариунцэцэгт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Отгонбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Охин О.Ариунцэцэг нь миний хүүхэд мөн бол тэтгэлэг төлөхөд татгалзахгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Зандраасүрэн нь хариуцагч Ө.Отгонбаатараас хүүхдийн эцэг тул тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт эцэг, эх нь үр асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 35 дугаар зүйлд эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.8-д зааснаар эцгээс нь хүүхдээ тэжээн тэтгэхийг шаардаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дор дурьдсан үйл баримтууд тогтоогдож байна.
Зохигчид 2008 онд танилцаж, улмаар тэр үеэсээ хамтран амьдарсан ба 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдөр охин О.Ариунцэцэгийг төрүүлсэн байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч хүүхдийг эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан байна.
Хариуцагч хэрэв охин миний хүүхэд мөн бол тэтгэлэг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарласан хэдий ч шинжээчийн дүгнэлт гаргуулахаас татгалзсан, охин нь эцгээрээ овоглосон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин О.Ариунцэцэгийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Хашаат овогт Өвгөнбаатарын Отгонбаатараар /РД: ЗЕ90082310/ тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас /Үндэсний статистикийн хорооноос 2017 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Улаанбаатар хотын хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 185.300:2=92.650, 92.650х12=1.111.800 төгрөг/ 1.111.800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 31.234 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Ө.Отгонбаатарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тул хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.8 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Хашаат овогт Отгонбаатарын Ариунцэцэгийг 11 нас хүртэл тухайн хүүхдүүдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Хашаат овогт Өвгөнбаатарын Отгонбаатараас /РД: ЗЕ90082310/ гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31.234 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ