Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 192

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2013002430193 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И овогт Д-ийн Д-, 1943 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 77 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй өндөр насны тэтгэвэрт, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булан 1 дүгээр гудамж, 10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ТИ..........

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.Д- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сансар” сувиллын урд талын 3 замын уулзварт дугуй унаж явсан Д овогтой М-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сансар” сувиллын урд талын 3 замын уулзварт 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 13 цагийн үед 00-44 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад дугуй унаж явсан Д овогтой М-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн хэрэг гарсан өдөр Алтай сум руу явж байсан. Хүүхдийг мөргөнө гэж мэдээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын болон мөрдөн байцаалтын шатанд учир байдлаа хэлсэн.  Миний бие өөрөө зүрхний өвчтэй, өндөр настай хүн. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хохирогч талд хохирлын мөнгө гээд 2,102,350 /хоёр сая нэг зуун хоёр мянган гурван зуун тавин мянга/ төгрөгийг төлж өгсөн. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

Эрүүгийн 2013002430193 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Нурбол Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.М-ыг оролцуулан 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14 дүгээр хуудас/,

2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 98-100 дугаар хуудас/,

3. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөгчөөс Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

4. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр мөрдөгчөөс унадаг дугуйнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

5. 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.М- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /хх-ийн 21 дүгээр хуудас/,

6. “Ернар” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг /СД/ нимгэн хуурцаганд буулгаж үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

7. Гэрч К.А-ын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр аймгийн төвийн дэлгүүрүүдэд захиалгаа нийлүүлчхээд буцаад цех рүү явж байхад “Сансар” сувиллын уулзвар дээр миний урд явж байсан мөнгөлөг өнгийн 00-44 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл унадаг дугуйтай охин хүүхдийг мөргөчихсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тухайн үед 60 км цагийн хурдтай явж байсан. Миний урд явсан машин 70-80 км цагийн хурдтай явж байсан байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,

8. Иргэний хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Д-ийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Осол болсноос хойш иргэн Д.Д- манайд нэг удаа ирж машин гаргаж өгөхийг зөвшөөрөөч гэж ирээд явсан. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад хоёр удаа ирж охины биеийн байдлыг асуугаад л явсан. Түүнээс хойш нэг ч удаа бидэнтэй холбоо бариагүй, эмчилгээний зардалд ямар ч мөнгө төгрөг өгөөгүй. Ядаж Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явахад болон яваад ирэх хүртэл, одоог хүртэл огт сайн үг хэлж бидэнтэй холбоо барихгүй байгаад их гайхаж байна. Настай хүн гэхэд ямар ч хүн чанаргүй хүн байна, настай хүн байж ядаж юу болж байна гэж нэг удаа асууж болно шүү дээ.

...Эмчилгээнд нийт 2.000.000 сая төгрөг гарсан үүнийг нэхэмжлэх болно. Мөн унадаг дугуйны үнэлгээгээр гарсан 200.000 төгрөгийг нэхэмжлэх болно. Харин “Iрhоnе-5” маркийн утасны үнэлгээгээр гарсан мөнгийг нэхэмжлэхгүй. Өөр ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 101дүгээр хуудас/,

9. Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №284 дугаартай “...Иргэн Д.М-гийн биед тархины хүнд хэлбэрийн няцрал, 2 талын нүдний аяганы дотор хананы хугарал, баруун талын чамархай яс, суурь ясны хугарал, баруун талын алга. 2 талын өвдөгний хэсгийн урагдсан шарх, 2 талын нүдний дээд доод зовхины хэсгийн хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ... амь биед аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

10. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.М-ын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

11. Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Т-, “Алтын көлик” жолооны сургуулийн дүрмийн багш С.Ергали, “Хөх аргамаг” жолооны сургуулийн жолооны багш Б.Аскерхан нарын тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дахин шинжээч томилсон тогтоолоор 2020 оны 09 дүгээр сарын 20- ны өдөр гаргасан №35 дугаартай “...Осол гарах болсон шалтгаан нь жолооч Д.Д- нь хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед зогсоох арга хэмжээ аваагүй, сургууль орчмын бүс дотор хурдаа тохируулж яваагүй нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна” гэх дүгнэлт, /хх-ийн 103 дугаар хуудас/,

12. Шүүгдэгч Д.Д-ы 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Алтай сум руу явж байх замдаа Өлгий сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Сансар” сувиллын урд байрлах 3 замын уулзвар өгсөөд явж байхад миний машины зүүн талаас унадаг дугуйтай эмэгтэй хүүхэд гэнэт гарч ирээд миний машины зүүн талаас ирж мөргөсөн. Би тухайн үед урдах замаа хараад хөдөлгөөнд оролцож байсан ба хүүхэд миний машины зүүн талаас гэнэт гарч ирээд мөргүүлсэн. Тэгээд би тухайн үед ямар ч зогсоох арга хэмжээ авч чадахгүйгээр сандарсандаа замын баруун хөвөө гарч шороон зам дээр зогсоод машинаас бууж уг мөргүүлсэн хүүхэд дээр очиход эмэгтэй хүүхэд ухаан алдсан байдалтай байсан...” /хх-ийн 73-74, 75, 113 дугаар хуудас/,

13. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

 - Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “улсын дугаар 0044 БӨТ, марк: Landrover, модель:freelander, арал дугаар: sallnab11a345372, үйлдвэрлэсэн он: 2001, өнгө: мөнгөлөг, овог: Д, нэр: Д, регистр: ТИ........., хаяг: Баян-Өлгий, Өлгий сум, 4-р баг, утас:99805302” гэх лавлагаа /хх-ийн 126/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1/1119 дугаартай “Д.Д-ы /ТИ........./ нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 79/,

-  2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон “РД:ТИ........., овог: Ители, эцэг /эх/-ийн нэр: Д, нэр: Д, яс үндэс: Казах, хүйс: Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Алтай, төрсөн огноо: 1943/12/21, хаяг: Баян-Өлгий, Өлгий сум, 4-р баг, Их булан, 1  гудамж, 10 тоот, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80/,

-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4/79 дугаартай “Өлгий сумын 4-р баг, Их булан, 1-10 тоотод оршин суугч болох Д овогтой Д /ТИ........./ тоот регистрийн дугаартай, ганц бие, өндөр насны тэтгэвэртэн. Д.Д- нь урд өмнө ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу зантай  иргэн мөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 83/,

- Шүүгдэгч урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 76/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч Д.Д- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Д-ы үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ы 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №284 дугаартай “...Иргэн Д.М-гийн биед тархины хүнд хэлбэрийн няцрал, 2 талын нүдний аяганы дотор хананы хугарал, баруун талын чамархай яс, суурь ясны хугарал, баруун талын алга. 2 талын өвдөгний хэсгийн урагдсан шарх, 2 талын нүдний дээд доод зовхины хэсгийн хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ... амь биед аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-51 дүгээр хуудас/-ээр тогтоогдсон.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Х.М-д 2,102,350 /хоёр сая нэг зуун хоёр мянган гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Д.Д- нь уг хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан болох нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д, Д.Ж- нарын нотариатаар батлуулсан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг Х.Д, Д.Ж- бидний охин болох Д овогтой М-г 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Д.Д- автомашинаар явж байгаад осолд оруулсан. Тэрний улмаас Баян-Өлгий аймгийн “Сэхээн амьдруулах” тасагт 5 хоног, “Мэс заслын тасагт” 5 хоног хэвтэж гараад онош тодруулахаар хот яваад ирсэн. Тэрний эмний зардалд гарсан нийт 2,102,350 /хоёр сая нэг зуун хоёр мянган гурван зуун тавин мянга/ төгрөгийг Д.Д-аас 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр бэлэн авсан нь үнэн” гэх баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д- нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 35 дугаар магадалгаагаар насанд хүрээгүй хохирогч Х.М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.3-т заасан “Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно. 16 нас хүрээгүй бол мопед жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг гэмт хэрэг гарах шалтгаан болсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Д- урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 76 дугаар хуудас/ тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.Д-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов. Харин шүүгдэгч Д.Д- нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Д.Д-ыг тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүгдэгч Д.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг нимгэн хуурцгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

 Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д-ы өмчлөлийн “land Rover” маркийн 0044 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн АЯ№0437928 тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, ТА№0029126 автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ 1 ширхэг, татвар төлсөн баримт 1 ширхэг, Авто тээврийн үндэсний төвийн НӨАТ-ийн баримт 1 ширхэг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хуудас 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгож, №984847 дугаартай жолооны үнэмлэхийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овогт Д-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Д-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Д.Д-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг нимгэн хуурцгийг хэргийн хамт хадгалсугай.

8. Шүүгдэгч Д.Д-ы АЯ№0437928 тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, ТА№0029126 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ 1 ширхэг, татвар төлсөн баримт 1 ширхэг, Авто тээврийн үндэсний төвийн НӨАТ-ийн баримт 1 ширхэг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний хуудас 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгож, №984847 дугаартай жолооны үнэмлэхийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Д-ы өмчлөлийн “land Rover” маркийн 0044 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК