| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0185/Э |
| Дугаар | 194 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 194
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******,
Шүүгдэгч М.С- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С-д холбогдох 2013003340238 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1983 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин гэх, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар баг, Өмнөголд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С овогт М-гийн С-, РД: БЕ.............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.С- нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орой 20 цагийн үед архидан согтуурсан үедээ Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өмнөгол” гэх газарт намаржиж байсан тус багийн иргэн Н овогт Н-ийг толгойн болон баруун талын нүдэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С- мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
Эрүүгийн 2013003340238 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Хохирогч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 12-13/
“...2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн үед миний бие Буянт сумын 3 дугаар баг “Өмнөгол” гэх газарт байрлах Нү- гэх хүний гэрт очиход Нү-ийн эхнэр Б.С- байсан. Тухайн айлд цай уугаад сууж байх үед М.С- гэх залуу согтуу байдалтай ирээд Нү-ийн гэрт цай уугаад сууж байгаад миний бие тэр айлаас гараад явах гэхэд М.С- хамт явъя гэж хэлээд миний мотоциклоор яваад “Өмнөгол” гэх газарт байрлах манай гэрт ирсэн. Тэрээр М.С-тэй хамт манай гэрт очиход М.С- нь надаас хамрын тамхиа өгч байгаач Баянмөнхийн гэрт очиход мэндлээд ирье гэж хэлээд миний хамрын тамхийг аваад явсан. Тэрээр 19 цагийн үед М.С- нь буцаад манай гэрт ирсэн ба энэ үед нэлээн согтуу байдалтай гэрт орж ирэхэд манай эхнэр түүнд цай хийж өгөөд М.С- нь цай уугаад бид хоорондоо юм яриад сууж байгаад би түүнд “Ерөөл” нэртэй 350 мл-ийн жижиг шилтэй архи хийсэн. М.С- уг архийг уугаад сууж байгаад надад хандаж “чи миний дүү О-гийн хүүхдийн 49 хоногт аавтайгаа хамт ирээгүй” гэх мэт зүйл хэлээд миний мөр хэсэг рүү зүүн талын гараараа цохиж, миний дээлийн энгэрээс татаж газарт унагаагаад гараараа миний толгойн нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж байхад миний эхнэр В.Ё- нь М.С-г салгаж болиулсан.” гэх мэдүүлэг
2. Гэрч Б.Сумьягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 17-19/
“...Миний бие тэр өдөр гэртээ байсан ба орой 18 цагийн үед Н.Н- мотоциклтэй ганцаараа манай гэрт ирээд ганц хоёр аяга цай уугаад сууж байтал гаднаас нэг залуугийн мотоциклтэй М.С- манай гэрт халамцуу байдалтай орж ирсэн. Тэгээд би цай хийж өгсөн ба Н.Н- М.С- хоёрт шимийн архи аяглаж өгсөн. М.С- нь миний хийж өгсөн архийг ууж чадахгүй буцаад гадаа гараад бөөлжиж байсан. Тэгээд цаг орой болж байсан тул би тугал малаа эргүүлэх гэж гэрээс гараад явсан. Тэр үед надтай хамт Н.Н- ч гэрээс гарсан ба М.С-г мотоциклийн хойно суулгаж аваад яваад өгсөн. Тэр хоёр анх тус тусдаа мотоциклтэй ирсэн. Харин манай гэрээс явахдаа хамт Н.Н-ийн мотоциклтэй явсан юм. Тэр хоёр манай гэрт сууж байхдаа хоорондоо маргалдсан асуудал гаргаагүй зүгээр байсан. Маргааш нь буюу манай “Өмнөгол” багт оршин суух айлуудын хүмүүс М.С-, Н.Н- хоёр тэдний гэрт маргалдаж, улмаар М.С- нь Н.Н-ийг зодож, цагдаад шалгагдаж байна гэж сонссон.” гэх мэдүүлэг,
3. Гэрч В.Ё-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 20-23/
“...Нөхөр болох Н.Н- нь тэр өдөр өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклтэй ойр орчмын айлуудаар хувийн ажлаар явсан байсан. Гэтэл тэр өдөр орой 20 цагийн үед манай багийн иргэн М.С- гэдэг ахыг мотоциклийн хойд талд суулгаж авч манай гэрт ирсэн юм. М.С- нь нэлээн согтуу байдалтай байсан ба би түүнд цай хийж өгсөн. Тэгээд манай нөхөр надаас шимийн архи асуухад би байхгүй гэж хэлээд ”Ерөөл” нэртэй архины 0.35 мл-ийн гаргаад өгсөн юм. Тэр архийг М.С- өөрөө ганцаараа ууж дуусгасан ба архи ууж сууж байхад М.С- гуай манай нөхөр Н.Н-т гомдол яриад маргаан үүсгэсэн. Тэрээр “миний төрсөн дүүгийн хүүхэд нь нас бараад 49 хоног болох хүртэл чи очоогүй, яагаад очиж болоогүй, яасан хогийн новш бэ гэж хэлж байснаа шууд Н.Н-ийн дээлийн захнаас заамдаж аваад хэд хэдэн удаа гараараа манай нөхрийн толгой нүд хэсэг рүү нь цохисон. Тэгэхэд би М.С-г салгаж авсан.” гэх мэдүүлэг,
5. Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 385 дугаартай: “...иргэн Н.Н-ийн биед тархины доргилт, дух болон нүүрэнд бүхэлдээ олон тооны замбараагүй тархмал цус хуралт, духанд хавдар, баруун нүд ба зүүн нүд хавдар, цус хуралттай, зүүн хацарт шарх, дээд эрүүний баруун талд цус хуралт, баруун нүүр хавантай, цээжинд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл 1-10 хоногт үүсэх гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад нөлөөлөхгүй болно. иргэн Н.Н-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2, 4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/
6. Шүүгдэгч М.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 32-33/
“...Манайх Буянт сумын 3 дугаар баг “Өмнөгол” гэх газар намаржиж байгаа. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай гэрт хүмүүс ирсэн ба манайх шимийн архи хийж өгсөн. Тэгээд гэрт ирсэн хүмүүсийг явуулчхаад 17 цагийн үед ганцаараа гэрээс гарч яваад, нэг мотоциклтэй залуутай тараад Нү- гэдэг айлд хүргүүлж авсан. Тэр айлд очиход манай багт оршин суух Н.Н- гэдэг залуу тухайн айлд цай уугаад сууж байсан. Тэгээд тэр айлын эзэн болох Нү- гуай өөрөө байхгүй, эхнэр нь Б.С- байсан. Надад цай хийж өгч, дараа нь шимийн архи аяглаад Н.Н- бид хоёрт өгсөн. Миний бие Нү-ийн гэрт очихоос өмнө нэлээн согтсон болохоор Б.С- эгчийн хийж өгсөн шимийн архинаас ууж чадахгүй байсан ба гадаа гараад бөөлжсөн. Тэгэхэд миний араас Н.Н- гараад ирсэн ба таныг гэрт чинь хүргээд өгье гэж намайг Н.Н- өөрийн унаж явсан мотоциклийн хойно суулгаж авч замдаа тэдний гэрт орсон. Тэгээд Н.Н-ийн эхнэр цай хийж өгсөн ба Н.Н- эхнэрээсээ шимийн архи асуухад байхгүй гэж хэлээд “Ерөөл” нэртэй 350 мл-ийн архи гаргаж задалж хийсэн. Тэр архийг Н.Н- уугаагүй, би ерөнхийдөө ганцаараа уусан. Би Н.Н-ийн гэрт ирэхэд жаахан халамцуу байсан ба тэдний гэрт архи ууж сууж байхад Н.Н-т гомдол ярьснаа сайн мэдэж байна. Н.Н- бид хоёр хоорондоо худууд болохоор өөрийн гомдож явсан зүйлээ ярьсан. Учир нь 2019 онд миний дүү М.О-гийн хүүхэд нь нас барах үед ирээгүй, дараа нь 49 хоног болоход бас ирээгүй яагаад ирж болоогүй юм бэ гэж гомдсон зүйлээ ярьж сууж байснаа, Н.Н-ийн мөр хэсэг рүү зүүн талын гараараа цохиж, дараа нь дээлийн захнаас татаж газар унагааж, гараараа толгой нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж байхад түүний эхнэр В.Ё- салгаж авсан. Тэгээд намайг яв гэж гэрээс гаргаад явуулсан байна. Би тэгээд гэртээ ирээд унтаж байхад Н.Н- миний араас өөрийн машинтай манай гэрт ирээд манай эхнэрт “намайг М.С- ах зодчихлоо” гэж хэлээд явсан байна лээ. Тэгэхэд би согтуу байсан болохоор унтаж байсан гэсэн. Маргааш нь өглөө 07 цагт босоод Н.Н-ийн гэрт ирж, өөрийн буруутай үйлдлийг хэлээд Н.Н-ээс уучлалт гуйсан. Би архи ууж согтсон үедээ Н.Н-ийн эрх чөлөөнд халдаж зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- “Иргэн М.С- /БЕ............/-ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 35/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон РД:БЕ............, овог:С, эцэг /эх/-ийн нэр:М, нэр:С, яс үндэс:Урианхай, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1983/08/22, төрсөн газар:Баян-Өлгий, Буянт, хаяг: Баян-Өлгий, Буянт, 3-р баг, Өмнөгол, бүртгэлийн дугаар:831902481815, хүчинтэй хугацаа:2028/08/22, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/,
- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36/,
- БЕ............ регистрийн дугаартай, С овогтой М-гийн С нь Баян-Өлгий, Буянт, 3-р баг, Өмнөголд оршин суудаг” гэх оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ болон хэрэгт авагдсан буС нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүгдэгч М.С- нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр орой 20 цагийн үед архидан согтуурсан үедээ Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өмнөгол” гэх газарт намаржиж байсан тус багийн иргэн Н овогт Н-ийг толгойн болон баруун талын нүдэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-19/, гэрч В.Ё-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-23/, шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 385 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26/, шүүгдэгч М.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Н.Н-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.С-гийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Н.Н-ийн “Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багт оршин суух хаягтай Н овогт Н- миний бие 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тус багт оршин суух хаягтай М овогтой С бид хоёр хооронд үл ойлгосны улмаас, М.С- нь намайг зодож, эрүүл мэндэд минь хөнгөн гэмтэл учруулсан болно. Үүнээс хойш М.С- нь надаас 3 удаа ирж уучлалт гуйсан ба би М.С-г уучилсан. Иймд М.С- бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн ба цаашид ямар нэгэн эд материалын болон мөнгөтэй холбоотой гомдол санал маргаангүй болсон тул яллагдагч М.С-д холбогдох энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй болно. Уг хүсэлтийг хохирогч Н.Н- би өөрийн хүсэл зоригийг илэрхийлж бичсэн болно.” гэх хүсэлт /хх-ийн 46/-г үндэслэн шүүгдэгч М.С-г хохирогч Н.Н-т төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.С-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.С- урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.С-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.С-гийн үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4.БуС асуудлаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.С- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч М.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт М-гийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.С-г 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч М.С- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч М.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК