| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0187/Э |
| Дугаар | 197 |
| Огноо | 2020-10-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 197
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Хэлмэрч, орчуулагч Б.А,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т,
Хохирогчийн өмгөөлөгч Х.Б,
Шүүгдэгч А.Х- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Х-эд холбогдох 2013001930169 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1978 оны 12 дугаар сарын 17-нд БӨ аймгийн У суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, тус аймгийн У сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, И овогт А-ы Х-, регистрийн дугаар ******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Х- нь БӨ аймгийн Ө сумын 10 дугаар багийн иргэн Х.Т-ээс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан бог, бод малаас 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 23-ны хооронд 50 бог, 4 бодыг бусдад худалдан завшиж нийт 5,690,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Х- нь БӨ аймгийн Ө сумын 0 дугаар багийн иргэн Х.Т-ээс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан бог, бод малаас 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 23-ны хооронд 50 бог, 4 бодыг бусдад худалдан завшиж нийт 5 690,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүмүүсийн малыг итгэмжлэн хариуцаж малладаг малчнаар ажилладаг байсан. Талийгаач Т, Р нар нас барснаас хойш тэдний малыг би хариуцаж маллаж байсан. Нэг малыг 1000 төгрөгөөр үнэлж цалин өгдөг байсан. Миний буруу. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хавтаст хэргийн хүрээнд 5.690.000 төгрөгийг хохирол тогтоогдсон байгаа. Үүнээс 4.000.000 төгрөгийг төлсөн ба үлдсэн 1.690.000 төгрөгийг сар болгон тахир дутуугийн тэтгэмжийн мөнгөөр төлж байхаар тохиролцсон гэв.
Эрүүгийн 2013002430193 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Малд үзлэг хийж битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 20-21, 25- 26, 30-31, 35-40/,
2. Хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 139-140, 144-147, 151-154, 159-164/,
3. Шүүгдэгч А.Х-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 183/,
4. Хохирогч Х.Т-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 72-73/,
“...Миний төрсөн дүү болох Х.Х- бид хоёр У сумын 0 дугаар багийн иргэн А.Х-эд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нийт 127 тооны хонь, үүнээс 30 тооны 6 настай эр хонь, 87 тооны 5-6 насны эм хонь, 10 тооны 3 настай шүдлэн хонь хүлээлгэж өгсөн юм. Мөн 59 тооны 1 настай хурга /2019 оны 10, 11 сард 2 нас хүрч төлөг болсон байгаа/, 1 тооны ишиг хүлээлгэж өгсөн. Мөн нийт 243 тооны ямаа, үүнээс 90 тооны сэрх, 153 тооны эм ямаа /саалийн ямаа/ хүлээлгэж өгсөн. Бас 16 тооны сарлаг үхэр, 1 тугалыг У сумын 3 дугаар багийн иргэн А.Х-тэй амаар хэлэлцэж, харилцан тохиролцож, итгэмжлэн хариуцуулж хүлээлгэж өгсөн юм. 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэн А.Х-ийн У сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өвөлжөөнд ямаа самнахаар очиход нийт 27 тооны хонь байсан, үүнээс 10 тооны эм хонь, 17 тооны төлөг байсан. Мөн 2020 оны төл болох 11 хурга байсан. Мөн 50 тооны ямаа, үүнээс 46 тооны эм ямаа /саалийн ямаа/, 2 тооны сэрх, 2 тооны борлон байсан. Мөн 2020 оны төл болох 40 тооны ишиг байсан. Бас 7-8 насны 3 тооны сарлаг үхэр, 3 тооны 2 настай бяруу байсан. Миний дүү Х.Х- бид хоёр иргэн А.Х-эд итгэмжлэн хариуцуулсан бог малаас 6 тооны 6 настай эр хонь, 32 тооны 1 настай хурга /2019 оны 10, 11 сард 2 нас хүрч төлөг болсон байгаа/, 29 тооны эм хонийг иргэн А.Х- хувьдаа завшсан байна. Мөн 50 тооны сэрх, 18 тооны эм ямаа /саалийн ямаа/, 8 тооны 8 настай бие гүйцсэн /үнээ/ сарлаг үхэр, 1 тооны 3 настай гунж сарлаг үхрийг хувьдаа завшиж, малын ченж болон У сумын 3 дугаар багийн ард иргэдэд худалдсан байна.” гэх мэдүүлэг,
5. Гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 78-79/
“...У сумын 3 дугаар багийн иргэн А.Х- нь 2019 оны 07 дугаар сард У сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Зуслан” гэх газарт талийгаач Х.Ты 3 тооны үхрийг иргэн А.М-ийн 3 тооны тугалтай үхрээр сольж авсан юм. Иргэн А.М- нь А.Х-ээс авсан талийгаач Х.Ты 3 тооны үхрийг Увс аймгаас ирсэн ченж нарт зарсан юм. Иргэн А.М- нь У аймгаас ирсэн ченжид хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг,
6. Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 80-82/
“...Би БӨ аймгийн У сумын 0 дугаар багийн иргэн А- овогтой Х-ээс 2020 оны 02 дугаар сард он, сар, өдрийг нь санахгүй байна, У сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах А.Х-ын өвөлжөөнөөс 1 тооны сэрх, 1 тооны ямаа худалдаж авсан юм. 1 тооны сэрхийг 80.000 төгрөгөөр, 1 тооны ямааг 60.000 төгрөгөөр үнэлж бэлэн мөнгө өгч худалдан авсан юм. Ямар нэгэн бод мал худалдаж аваагүй. Иргэн А.Х-ээс худалдаж авсан 1 тооны сэрх, 1 тооны ямаа миний эзэмшлийн мал сүрэгт явж байгаа. Өөрөөр хэлбэл талийгаач Х.Т-ы туслах малчин нь ба талийгаачийн төрсөн дүү нь Х.Х-, Х.Т- нар хамт ирж цалин хөлс болон хэрэгтэй эд зүйлийг нь өгдөг юм.” гэх мэдүүлэг,
7. Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 83-85/
“Иргэн А.Х- нь 2019 оны 07 дугаар сарын сүүлчээр байх сар, өдрийг нь санахгүй байна, У сумын 3 дугаар баг Хулжаагийн нутаг дэвсгэрт байлах “Зуслан” гэх газарт зусаж байхад миний төрсөн хүү болох М.Е-д талийгаач Х.Ты эзэмшлийн 3 тооны нас бие гүйцсэн үхрийг М.Е-ий эзэмшлийн 3 настай гунж, тугалтай үхрээр сольж авсан юм. Миний хүү М.Е- нь А.Х-ээс сольж авсан талийгаач Х.Ты 3 тооны нас бие гүйцсэн сарлаг үхрийг У аймгаас ирсэн ченж нарт тухайн үед худалдсан юм. Миний хүү М.Е- нь А.Х-ээс сольж авсан 3 тооны нас бие гүйцсэн сарлаг үхрийг Увс аймгаас ирсэн ченж нарт хэдэн төгрөгөөр зарж борлуулсныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг,
8. Гэрч М.Е-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 86-88/
“А.Х- нь 2019 оны 07 дугаар сарын сүүлчээр байх яг өдрийг нь сайн санахгүй байна, талийгаач Х.Т-ы эзэмшлийн 3 тооны нас бие гүйцсэн сарлаг үхрийг миний эзэмшлийн 3 настай гунж 3 тооны тугалтай үхрээр сольсон юм. Би А.Х-ээс авсан 3 тооны нас бие гүйцсэн сарлаг үхрийг тухайн өдөр Увс аймгаас ирсэн малын ченж нарт зарж борлуулсан юм. Би тухайн ченж нарыг танихгүй, 1 тооны үхрийг 600.000 төгрөгөөр 3 тооны үхрийг нийлээд 1.800.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр Увс аймгаас ирсэн малын ченж нарт зарж борлуулсан юм. Харин иргэн А.Х- надаас сольсон 3 тооны тугалтай үхрийг хэнд зарж, борлуулсан талаар мэдэхгүй. Иргэн А.Х- бид хоёр ямар нэгэн зөрүү мөнгө төгрөг, эд зүйл өгч хоорондоо наймаалсан асуудал болоогүй. Иргэн А.Х- нь нас бие гүйцсэн 3 тооны сарлаг үхрийг миний эзэмшлийн 3 тооны тугалтай үхрээр тулж хоорондоо сольсон юм. Иргэн А.Х- надад хэлэхдээ талийгаачтай 3 тооны нас бие гүйцсэн үхрийг, тугалтай үхрээр соль гэж хэлэхээр сольж байна гэж хэлсэн юм. Иргэн А.Х-эд хэнд ямар учраас тугалтай үхрээр соль гэж хэлснийг мэдэхгүй, надад хэлээгүй, би ч асуугаагүй.” гэх мэдүүлэг,
9. Гэрч X.Хасымханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 91-94/
“...Иргэн А.Х- нь талийгаач Х-ын Т, Т-ы Р- нарын бод болон бог малыг итгэмжлэн хариуцаж, туслах малчнаар нь 2018 оны 04 дүгээр сараас эхэлж ажиллаж байгаа юм. Талийгаач Х.Т, Т.Р- нар оны 05 дугаар сард өвчний улмаас нас барж, 4 хүүхдүүд нь өнчин үлдсэн юм. Талийгаач Х.Т, Т.Р- нарын 4 хүүхдүүд нь насанд хүрээгүй болохоор, миний төрсөн ах болох Х- овогтой Тилеген нь талийгаач Х.Т-ы бод болон бог мал, бусад эд хөрөнгийг нэр дээр нь шилжүүлж авсан. Миний төрсөн ах Х.Т- бид хоёр У сумын 3 дугаар багийн иргэн А.Х-эд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нийт 127 тооны хонь, үүнээс 30 тооны 6 настай эр хонь, 87 тооны 5-6 насны эм хонь, 10 тооны 3 настай шүдлэн хонь хүлээлгэж өгсөн юм. Мөн 59 тооны 1 настай хурга /2019 оны 10, 11 сард 2 нас хүрч төлөг болсон байгаа/, 1 тооны ишиг хүлээлгэж өгсөн. Мөн нийт 243 тооны ямаа, үүнээс 90 тооны сэрх, 153 тооны эм ямаа /саалийн ямаа/ хүлээлгэж өгсөн. Бас 16 тооны сарлаг үхэр, 1 тугалыг У сумын 3 дугаар багийн иргэн А.Х-тэй амаар хэлэлцэж харилцан тохиролцож, итгэмжлэн хариуцуулж, хүлээлгэж өгсөн юм. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэн А.Х-ийн У сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өвөлжөөнд ямаа самнахаар очиход нийт 27 тооны хонь байсан, үүнээс 10 тооны эм хонь, 17 тооны төлөг байсан. Мөн 2020 оны төл болох 11 хурга байсан. Мөн 50 тооны ямаа, үүнээс 46 тооны эм ямаа /саалийн ямаа/, 2 тооны сэрх, 2 тооны борлон байсан. Мөн 2020 оны төл болох 40 тооны ишиг байсан. Бас 7-8 насны 3 тооны сарлаг үхэр, 3 тооны бяруу байсан. Иргэн Х.Т- бид хоёр иргэн А.Х-эд итгэмжлэн хариуцуулсан бог малаас 6 тооны 6-7 насны эр хонь, 32 тооны 1 настай хурга /2019 оны 10, 11 сард 2 нас хүрч төлөг болсон байгаа/, 29 тооны эм хонийг иргэн А.Х- хувьдаа завшсан байна. Мөн 50 тооны сэрх, 18 тооны ямаа /саалийн ямаа/, 8 тооны 8 настай бие гүйцсэн /үнээ/ сарлаг үхэр, 1 тооны 3 настай гунж сарлаг үхрийг хувьдаа завшиж, малын ченж, ард иргэдэд зарж борлуулж, ашиг хонжоо олсон байсан. Бид нарын итгэмжлэн хариуцуулсан бод болон бог малаас 9 бод /үхэр/, 135 тооны бог /ямаа, хонь/-ийг иргэн А.Х- хувьдаа завшсан байна.” гэх мэдүүлэг,
10. Гэрч М.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 95-97/
“..У сумын 3-р багийн иргэн А- овогтой Х- нь 2019 оны 10 дугаар сард байх, яг он, сар, өдрийг нь санахгүй байна. У сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Х-ийн өвөлжөөнд 2 тооны тугалтай сарлаг үхрээр миний эзэмшлийн 2 тооны сарлаг үхрээр сольсон юм. Иргэн А.Х-ийн надад өгсөн 2 тооны тугалтай сарлаг үхэр миний үхэр сүрэг дотор байгаа. Харин хөх зүсмийн 1 тооны үхрийн тугал нь 2020 оны 03 дугаар сард үхчихсэн юм. ...Иргэн А.Х- надад дараах үхрийг өгч миний эзэмшлийн үхрээр сольсон юм. Үүнд: бор зүсмийн, эвэргүй, 3 настай гунж үхэр, бор зүсмийн тугалтай сарлаг үхэр ямар нэгэн им, тамгагүй 1, хөх зүсмийн, эвэртэй, 3 настай гунж, хөх зүсмийн тугалтай баруун талын чихэнд давуутай сарлаг үхэр-1, зэрэг 2 тооны тугалтай сарлаг үхрийг миний эзэмшлийн дараах үхрээр сольсон болно. Үүнд: -хар алаг зүсмийн, эвэртэй, 8 настай баруун чихэнд хойноос ухам иштэй, үнээ-1, -хар зүсмийн эвэргүй, 5 настай баруун чих нь гол дуулбар, зүүн талын чих нь ухам иштэй, донж сарлаг үхэр 1 зэрэг үхрээр сольсон юм. Би иргэн А.Х-эд ямар нэгэн зөрүү мөнгө, төгрөг өгөөгүй. Бид хоёр үхэрнүүдээ тулж, хоорондоо сольсон юм. Иргэн А.Х- надад сольсон хар алаг зүсмийн, эвэртэй 8 настай, баруун чих хойноос ухам иштэй үнээ малын ченж С.М-эд худалдсан юм. Мөн иргэн А.Х- малын ченж С.М-эд 2019 оны 10 дугаар сард яг он сар өдрийг санахгүй байна, хоёр тооны сэрх худалдсан юм. Малын ченж С.М-эд хэдэн төгрөгөөр худалдсанаа мэдэхгүй." гэх мэдүүлэг,
11. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 98-99/
“Би иргэн А.Х-ээс 2020 оны 02 дугаар сард яг он сар өдрийг санахгүй байгаа байх миний ах болох С.М- 2 тооны төлөг, 1 сэрх, 2 тооны саалийн ямааг нийт 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний ах С.М- чи очоод А.Х-ээс 2 тооны төлөг, 1 тооны сэрх, 2 тооны саалийн ямааг 300.000 төгрөгөөр худалдаад авлаа, чи очоод авчих гэж хэлэхээр нь У сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах А.Х-ийн өвөлжөөнөөс очоод авч, туугаад явсан юм. ...Тус бог мал минийх биш С.М-ийн эзэмшлийн мал юм. Миний ах С.М- иргэн А.Х-ээс худалдаж авсан. Миний ах С.М- нь иргэн А.Х-ээс худалдаж авсан бог мал нь миний төрсөн аав А.Б-ын мал сүрэг дотор явж байгаа.” гэх мэдүүлэг,
12. Гэрч О.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн100-101/
“Иргэн А.Х- 2020 оны 02 дугаар сарын 23-ний өдөр У сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Шар нохойт” гэх газарт 1 тооны саалийн ямаа, 1 тооны сэрх сугалаанд өгч 4 ширхэг сугалаа авсан юм. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 12 цагийн үед азтан шалгаруулж, сугалаа татахад, иргэн А.Х- цоо шинэ, Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Голд” маркийн мотоцикл хожсон юм. Иргэн А.Х- нь өөр ямар нэгэн бог болон бод өгөөгүй болно. Би иргэн А.Х-ээс авсан 1 тооны сэрх, 1 тооны саалийн ямааг БӨ аймгийн төвд малын ченж нарт худалдсан, хэн гэдэг ченж авсныг мэдэхгүй, хэдэн төгрөгөөр худалдсаныг санахгүй байна.” гэх мэдүүлэг,
13. Гэрч И.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 104-106/
“Миний бие талийгаач Х.Ты нагац ах нь юм. Талийгаач Х.Т, Т.Р- нар 2019 оны 5 дугаар сард тарваганы тахал өвчнөөр өвчилж, нас барж, 4 хүүхдүүд нь өнчир үлдсэн юм. Тэгээд талийгаач Х.Ты хүүхдүүд нь 18 насанд хүрээгүй болохоор талийгаач Х.Т-ы төрсөн ах нь Х.Т- бод болон бог мал, бусад эд хөрөнгийг нэр дээр нь шилжүүлж авсан юм. Дараа нь 2019 оны 5-р сарын 25-ны өдөр Х.Т-, Х.Х- нар У сумын 3-р багийн иргэн А.Х-эд 127 тооны хонь, 59 тооны хурга, 233 тооны ямаа, 1 тооны ишиг, 15 тооны сарлаг үхэр, 1 тооны тугалыг нэг бүрчлэн тоолж өгч итгэмжлэн хариуцуулж туслах малчнаар нь ажиллуулсан юм. Иргэн Х.Т-, Х.Х- нар иргэн А.Х-тэй сарын цалин хэдээр тохиролцсон талаар мэдэхгүй, хоорондоо амаар хэлэлцэж харилцан тохиролцож байсан. Иргэн А.Х- нь Х.Т-, Х.Х- нарын итгэмжлэн хариуцуулсан бод болон бог малыг малын ченж С.М-, С.Д- малчин А.Б- нарт худалдсан гэж У сумын ард иргэд хэлж байна. Гэхдээ миний бие нүдээр үзэж харсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
14. Гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 107-109/
“....Би иргэн А.Х-ээс 2020 онд он сар өдрийг санахгүй байна, 2 тооны сэрх, 3 тооны сэрх, 1 тооны саалийн ямаа, 1 тооны сэрх, 1 саалийн ямаа, 1 тооны төлөг, 2 тооны төлөг, 1 тооны сэрх, 2 тооны саалийн ямаа зэрэг нийт 7 тооны сэрх, 4 тооны саалийн ямаа, 3 тооны төлгийг бэлэн мөнгөөр худалдаж авсан юм. 2 тооны сэрхийг 180.000 төгрөг, 3 тооны сэрхийг 290.000 төгрөг, 1 тооны саалийн ямаа, 1 тооны сэрх 150.000 төгрөг, 1 саалийн ямаа, 1 төлөг 100.000 төгрөг, 2 тооны төлөг, 1 сэрх, 2 тооны саалийн ямааг 300.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би иргэн А.Х-ээс У сумын 3-р багийн нутаг дэвсгэрт иргэн А.Х-ийн өвөлжөөнөөс худалдаж авсан юм. Би 2019 онд иргэн А.Х-ээс сар өдрийг санахгүй байна 1 тооны эм хонь, 2 тооны сэрх, 1 тооны эвэртэй хар алаг сарлаг үхэр, 2 тооны сэрх, 3 настай гунан сарлаг үхэр 1, нийт 2 тооны сарлаг үхэр, 1 тооны эм хонь, 4 тооны сэрх бэлэн мөнгөөр худалдаж авсан юм. Би иргэн А.Х-ээс 2019 онд худалдаж авсан бод болон бог малнуудаа БӨ аймгийн төвд малын ченж нарт худалдсан юм. Мөн А.Х-ээс 2020 онд худалдаж авсаг бог /ямаа, сэрх, төлөг/ У сумын 3 дугаар багийн иргэн А овогтой Б-ын мал сүрэгт бүрэн бүтэн явж байгаа.” гэх мэдүүлэг,
15. Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 110-111/
“Би У сумын 3 дугаар багийн иргэн А.Х-ээс 2019 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй байна, 4 тооны сэрх, 3 тооны эм ямаа /саалийн ямаа/ худалдаж авсан юм. Би иргэн А.Х-ээс 1 тооны сэрхийг 80.000 төгрөгөөр, 1 тооны эм ямаа /саалийн ямаа/-г 50.000 төгрөгөөр үнэлж бэлэн мөнгөөр худалдаж авсан юм. Мөн 1 тооны сэрхийн мөнгийг өгөөгүй ба аймгийн төвөөс А.Х-эд өнгөтэй хавтгай жижиг зурагт авчирч өгсөн юм. Тус зурагтыг аймгийн төвөөс 80.000 төгрөгөөр авч А.Х-эд авчирч өгсөн юм. Би А.Х-ээс өөр бод болон бог мал худалдаж аваагүй. Иргэн А.Х- надад миний өөрийн эзэмшлийн мал гэж хэлээд өгсөн юм. Би иргэн А.Х-ээс худалдаж авсан 4 тооны сэрх, 3 тооны эм ямааг аймгийн төвийн малын ченж нарт худалдсан байгаа. Яг хэдэн төгрөгөөр худалдсанаа санахгүй байна” гэх мэдүүлэг,
16. Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 112-114/
“..Би иргэн А.Х-ээс 2019 оны 11-р сарын үед байх өдрийг нь санахгүй байна, У сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах А.Х-ийн өвөлжөөнөөс өөрийнхөө эзэмшлийн 3 тооны эм хонь, 4 тооны ямаа, 1 тооны нас бие гүйцсэн сарлаг үхэр авсан юм. Иргэн А.Х- нь өөрийн гэсэн эд хөрөнгө мал байхгүй, талийгаач Х.Т, Т.Р- нарын бог болон бод малын итгэмжлэн хариуцаж, малладаг. Яг хэдэн тооны бод болон бог мал итгэмжлэн хариуцаж, хэдэн төгрөгийн цалин хөлс авдаг талаар мэдэхгүй. Миний бие А.Х-эд өөрийнхөө эзэмшлийн 11 тооны ямаа, 3 тооны хонь, 1 тооны сарлаг үхрийг итгэмжлэн хариуцуулж маллуулдаг юм. Би иргэн А.Х-эд ямар нэгэн цалин хөлс өгдөггүй манай хүргэн болохоор хариулж малладаг юм. Би иргэн А.Х-ээс өөр бог болон бод худалдаж авсан асуудал байхгүй. Зөвхөн өөрийнхөө эзэмшлийн 3 тооны эм хонь, 4 тооны ямаа, 1 тооны нас бие гүйцсэн сарлаг үхрийг авч өвлийн идшинд хэрэглэсэн юм. ” гэх мэдүүлэг,
17. Гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 118/
“Би БӨ аймгийн У сумын 3 дугаар багийн иргэн А- овогтой Х-ээс 2019 оны 12 дугаар сард байх, яг өдрийг нь санахгүй байна, 2 тооны төлөг авч, 50 кг-ийн 2 шуудай гурил өгсөн юм. Мөн 2020 оны 02 дугаар сарын сүүлчээр байх яг өдрийг нь санахгүй байна, 2 тооны төлөг авч, 50 кг-ийн 2 шуудай гурил өгсөн юм. Би иргэн А.Х-ээс авсан 4 тооны төлөг ямар им, тамгатай гэдгийг санахгүй байна. Иргэн А.Х- нь миний өөрийн эзэмшлийн мал гэж хэлээд надад өгсөн юм. Иргэн А.Х- нь надад өөр ямар нэгэн бог болон бод мал өгөөгүй болно. Иргэн А.Х-ын надад өгсөн 4 тооны төлөгний 2 тооны төлгийг Ө сумын төвд малын ченж нарт худалдсан юм. Хэн гэдэг ченж нарт худалдсанаа санахгүй байна. Харин 2 тооны төлөг У сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А овогтой Б-ын өвөлжөөнд түүний мал сүрэг дотор байгаа.” гэх мэдүүлэг,
18. Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 122-123/
“Миний бие 2019 оны 3-р сарын 1-ний өдрөөс 2019 оны 4-р сарын 24-ний өдөр хүртэл Х.Т, Т.Р- нарын гэрт байж мал нь бойжих үед малчнаар ажилласан. Дараа нь би цэрэг явахаар болсон үед өмнө нь туслах малчнаар ажиллаж байсан А.Х-эд бүх малыг нэг бүрчлэн тоолж хүлээлгэн өгсөн. Миний эзэмшиж хариулж байсан малыг А.Х-эд хүлээлгэн өгсөн үед Х.Т, Т.Р-, А.Х- нар байсан тэр үед 127 хонь, 233 ямаа, 59 хурга, 1 ишиг, 16 үхэр, 1 тугал, нийт 447 толгой малыг хүлээлгэж өгсөн. Би уг малыг хүлээлгэж өгсний дараа 3 үхэр нь төрж, тухайн малд 3 бяруу нэмэгдэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл нийт 450 мал байх ёстой. Тухайн малыг нэг бүрчлэн тоолж хүлээлгэн өгөх үед Х.Т, Т.Р-, А.Х- бид нараас өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг,
19. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 124-125/
“Тухайн үед удирдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийт тосгоны төрийн сангийн төлөөлөгч Т.А, хэсгийн цагдаа Д.Е, олон нийтийн цагдаа М.А нар болон талийгаач Х.Ты ах нь болох Х.Т-, талийгаач Т.Р-гийн бэр эгч болох А.Бахыт нарыг байцуулан бүх эд хөрөнгийг нэг бүрчлэн тоолж бүртгэсэн. Тухайн үед бид нар эд хөрөнгө тоолж бүртгэсэн газарт ямар нэгэн мал байхгүй байсан. Тэр үед тооллого хийх үйл ажиллагаанд оролцож байсан Т.Т, А.Б нар талийгаач нарын бүх малын Талын толгой гэх газарт байгаа тул амаараа хэлээд бичүүлье гэснээр малын тоог тэд нарын хэлснээр бичсэн. Тэр үед хэлсэн малын тоог хоёр талын төлөөлөл өөрсдөө хүлээн зөвшөөрсөн ба ямар нэгэн маргаангүй гэж гарын үсэг зурснаар бид нар малын тоог тэд нарын хэлснээр бичсэн. Харин тэнд байгаа бусад бүх эд хөрөнгийг нэг бүрчлэн тоолж бүртгэж хүлээлгэн өгсөн байгаа. Анх талийгаач нар нас барсны дараа хоёр талын ар гэрийн хүмүүс талийгаач нарын эд хөрөнгөнд булаацалдаж маргалдаж удаа дараа хэлж байхаар нь тосгоны захирагчийн захирамжаар очиж эд хөрөнгийг тоолж хүлээлгэн өгсөн. Тэгээд мал хөрөнгөнд ямар нэгэн маргаангүй гэсэн тул өөрсдийн зөвшөөрснөөр малын тоог бичсэн. ...Бид нар ямар нэгэн хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй. Газар дээр нь очиж бүх эд хөрөнгийг нэг бүрчлэн тоолж тэмдэглэл үйлдсэн. Мөн цагдаагийн албан хаагч нар зориулалтын хяналтын камераар бичлэг хийж авсан байсан. Харин мал хөрөнгийн хувьд өөрсдөө ямар нэгэн маргаангүй гэж хэлээд бичүүлсэн болохоор бичсэн. Тийм болохоор тухайн үед үйлдсэн тэмдэглэлийг хуурамч бичиг баримт гэж үзэх боломжгүй байгаа.” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч А.Х-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдож байна.
1. Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч А.Х- нь БӨ аймгийн Ө сумын 10 дугаар багийн иргэн Х.Т-ээс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан бог, бод малаас 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарын 23-ны хооронд 50 бог, 4 бодыг бусдад худалдан завшиж нийт 5690,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч А.Х-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Т-д учирсан 5,690,000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч А.Х- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 4,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Харин үлдсэн 1,690,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч А.Х-ээс 1,690,000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Т-д олгох нь зүйтэй байна. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Х-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлыг төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч А.Х- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 176 дугаар хуудас/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн У сумын Засаг даргын Тамгын газарт мод тарих, газар шорооны ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.
Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч А.Х-ийн эзэмшлийн 8905 БӨТ улсын дугаартай “Hyundai excel” маркийн тээврийн хэрэгсэл, мөн улсын дугааргүй “Жи-Пи-150” маркийн цагаан өнгийн мотоцикл, 5 тооны төлөг, 8 тооны сэрх 5 тооны ямааг битүүмжилсэн тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, хохирогчийн хохирол, төлбөр төлүүлэхэд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгчийн эзэмшлийн 8905 БӨТ улсын дугаартай “Hyundai excel” маркийн тээврийн хэрэгслийн №02607439 дугаартай гэрчилгээ 1 ширхгийг тогтоолын хамт БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Х-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-5 дахь хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт А-ы Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ийг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг БӨ аймгийн У сумын Засаг даргын Тамгын газарт мод тарих, газар шорооны ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч А.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Х- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Х.Т-д 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч А.Х-ээс 1,690,000 /нэг сая зургаан зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Т-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч А.Х-ийн эзэмшлийн 8905 БӨТ улсын дугаартай “Hyundai excel” маркийн тээврийн хэрэгсэл, мөн улсын дугааргүй “Жи-Пи-150” маркийн цагаан өнгийн мотоцикл, 5 тооны төлөг, 8 тооны сэрх 5 тооны ямааг битүүмжилсэн тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, хохирогчийн хохирол, төлбөр төлүүлэхэд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч А.Х-ийн эзэмшлийн 8905 БӨТ улсын дугаартай “Hyundai excel” маркийн тээврийн хэрэгслийн №02607439 дугаартай гэрчилгээ 1 ширхгийг тогтоолын хамт БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Шүүгдэгч А.Х-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК