Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 199

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б,

Хохирогч Б.К-, Ж.Д-, Х.К-,

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч С.А,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-,

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.А-,

Шүүгдэгч Ш.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ш-н С-, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.т овогт Д-ийн А- нарт холбогдох эрүүгийн 2013002400182 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын харьяат, 1996 оны 9 сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дун боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 2, эгч Сакений хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Х овогт Ш-н С-, регистрийн дугаар БЮ........,

2. Монгол Улсын харьяат, 2002 оны 10 сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дун боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 3, аав, ээж нарын хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй, Ш.т овогт Д-ийн А-, регистрийн дугаар БМ.............

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.С- нь:

- 2020 оны 6 сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Х.К-ын фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан “худгийн насос худалдаж авна” гэх зарын дагуу холбогдож түүнд 120,000 төгрөгөөр насос нийлүүлэхээр болж итгүүлэн урьдчилгаанд 120,000 төгрөгийг иргэн Д.Ж-гийн ХААН банк дахь 5077346386 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

-2020 оны 5 сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн иргэн Т.Б-ы фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан “Унадаг дугуй худалдаж авна” гэх зарын дагуу холбогдож түүнд Улаанбаатар хотоос 120,000 төгрөгөөр хямдхан дугуй захиалан авч өгнө хэмээн итгүүлэн урьдчилгаанд 60,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

-2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Ж.М-гийн фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан “Тоёота естима маркийн машины сэлбэг худалдаж авна” гэх зарын дагуу холбогдож түүнд 80,000 төгрөгөөр хотоос захиалан авч өгөхөөр итгүүлэн урьдчилгаанд 40,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

- Мөн насанд хүрээгүй хүүхэд Д.А-ыг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргүүдэд,

Яллагдагч Ш.С-, насанд хүрээгүй шүүгдэгч яллагдагч Д.А- нар бүлэглэн:

- 2020 оны 6 сарын 27-ны өдөр фейсбүүк цахим орчныг ашиглан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн Х.М-ад Улаанбаатар хотоос “Зонгшен” маркийн шинэ мотоциклийг 650,000 төгрөгөөр нийлүүлэхээр хуурч мэхлэн мотоциклийн урьдчилгаа мөнгөнд 300,000 төгрөгийг авч залилсан,

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн Т.С-д Улаанбаатар хотоос 100,000 төгрөгөөр “Iphоnе 6” маркийн гар утас авхуулж өгнө хэмээн цахим орчин ашиглан Т.С-ээс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гар утасны урьдчилгаа мөнгө 50,000 төгрөг авч залилсан,

-2020 оны 6  дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Ж.Д-ы фейсбүүк цахим сүлжээнд байрлуулсан “Верна аксент” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил худалдаж авна гэх зарын дагуу холбогдож түүнд хотоос 60,000 төгрөгөөр салхины шил нийлүүлэхээр итгүүлэн урьдчилгаанд 60,000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.С- шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ: Улсын яллагчийн танилцуулсан бүгд үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хүмүүсээс авсан гэх мөнгө бүгд үнэн зөв. Бүх хохирлыг төлж барагдуулах болно гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.А- шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ: “Улсын яллагчийн танилцуулсан бүгд үнэн. Хохирлыг бүгдийг нь төлж өгсөн гэв” 

Хохирогч Б.К- шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ:  Миний Б гэх хүүхэд Ш.С-аас дугуй авах гээд урьдчилгаа болгож 60.000 төгрөг өгсөн байсан. Хүүхэд маань онц сурдаг хүүхэд байсан учир дугуй авч өгөхөөр болоод тахир дутуугийн тэтгэмжийн мөнгөнөөсөө 60.000 төгрөгийг  өгсөн. Тухайн үед аав бид хоёр нь чамайг залилчихвал яах юм нотариатаар баталгаажуулж ав гэж хэлээд нотариатаар баталгаажуулж авсан. Хүүхэд маань 60.000 төгрөгөө буцаан авах гээд нэлээн зовсон. Шүүгдэгч Ш.С-аас 60.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Ж.Д- шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ: Зөвхөн 60.000 төгрөгөө л нэхэмжилж байгаа. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Х.К- шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ: Би Ш.С- гэх хүүхдийг танихгүй. Фейсбүүкт насос авна гээд зар нийтлэхэд олон хүмүүс холбоо барьж байсан ба Ш.С- насосыг өөрсдөө очиж суурилуулж өгнө, эвдэрсэн тохиолдолд засвар үйлчилгээнд хамруулж өгнө гэж хэлэхээр нь захиалсан. Мөнгийг нь яаж төлөх үүгэхэд данс өгнө, тэр данс руу хийж болно гэж хэлсэн. Би хүн өвдөөд тийшээ явах гэж байна. Байж байгаад явуулъя гэхэд, хотоос машин гарах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь лансыг нь аваад шилжүүлэх гэдэг Ж-а гэх нэр  гараад ирэхээр нь энэ талаар асуухад миний охин дүүгийн данс гэсэн. Би өмнө нь Ж-а гэдэг хүүхдийг таньдаг байсан. Ямар нэгэн асуудал гарвал Ж-тай холбогдоод авах байх гэж бодоод шилжүүлсэн.Тэгээд өнөөдөр ирнэ, маргааш ирнэ, 4 дэх өдөр ирнэ, ням гарагт ирнэ гэж хэлдэг байсан. Дараа нь ирсэн эсэхийг нь асуухад машин эвдэрсэн байна гэж хэлсэн. Тэгвэл чи учир байдлаа манай нөхөрт ирээд хэл гэсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа ирж манай нөхөртэй ирж уулзаж машин эвдэрсэн байна ямар ч байсан авчирч өгнө гэж хэлсэн. Бүтэхгүй санагдаад эхлэхээр нь миний мөнгийг цуцааж өг гэж хэлсэн. Миний бие Ш.С-аас 120.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

1. Шүүгдэгч Ш.С-ы хохирогч Т.Б-ыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

- Хохирогч Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /1-р хх-ийн 15-18/

“...би 2020 оны 05 дугаар сарын эхээр өөрийн Fасеbоок хаягнаас Баян-Өлгий аймгийн зарын группт унадаг худалдаж авна гэж зар тавьсан. Serekjan shika гэсэн fасеbоок хаягаас над руу дугуй зарна 120,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би талбай дээр уулзаад гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулаад тэгээд 3 хоногийн дотор дугуйгаа өгнө гээд надад эхлээд 60% болох 60,000 төгрөгийг өг гэсэн. Тэгэхээр нь би бэлэн мөнгөөр 60,000 төгрөг өгсөн. Тэгээд 3 хоног өнгөрөөд дугуйгаа асуухад маргааш нөгөөдөр гээд хэд хоног болсон. Тэгээд сүүлдээ гар утас нь холбогдохоо больсон.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Б.К-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /1-р хх-ийн 26- 30-рх/

“Би урьд нь энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн бөгөөд хүү маань одоо Улаанбаатар хотод хичээлтэй байгаа тул надад итгэмжлэл олгож, энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа юм. Манай хүү Ш.С-д унадаг дугуйн урьдчилгаанд гээд бэлнээр 60.000 төгрөг өгсөн бөгөөд уг мөнгийг одоогоор буруутай этгээдээс гаргаж өгөөгүй тул уг 60.000 төгрөгийг Ш.С- гэх хүнээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

- Шүүгдэгч Ш.С-аас хохирогч Т.Б-д унадаг дугуй худалдаж авахаар болж тохирч нотариатаар батлуулсан гэх баримт /1-р хх-ийн 25-рх/,

- Нотариатч Т.З-н бүртгэлийн дэвтэрт үзлэг хийж шүүгдэгч Ш.С-аас хохирогч Т.Б- унадаг дугуй худалдан авахаар тохирч гараар бичсэн баримтаа нотариатаар батлуулсныг тогтоосон тухай тэмдэглэл, бүртгэл болон баримтын хуулбар /1-р хх-ийн 19-22-рх/,

- Нотариатч Т.З-н гаргасан тайлбар /хх-ийн 23-рх/,

- Гэрч Б.К-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /1-р хх-ийн 30-31-рх/,

“Манай хүү Т.Б- нь 2020 оны 05 дугаар сарын эхээр надад фейсбүүкт 120.000 төгрөгөөр унадаг дугуй зарна гэсэн зар явж байна, Ш.С- гэдэг залуу зарна гэж байна, 120.000 төгрөгөөр хямдхан зарна гэж байна гэсэн. Тухайн үед манай хүү 12 дугаар ангиа төгсөх гэж байсан, сонгонд явахад гэр хол ядарч байна гээд байсан тул зөвшөөрч, наад залуутайгаа холбогдоод унадаг дугуйгаа ав гэсэн. Би түүнд өөрөөсөө 60,000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Манай хүү түүнтэй уулзахад дугуйг Улаанбаатараас ачуулсан байгаа, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр чамд хүлээлгэж өгнө, чи надад урьдчилгаа 60.000 төгрөгөө өг гэсэн байна. Манай хүү тэгвэл хоёулаа нотариат хийлгэе, тэгээд би танд 60.000 төгрөгөө өгье гэхэд тэгье гээд баримт бичиж нотариатаар батлуулсан байна. Тэгээд манай хүү түүнд 60.000 төгрөгийг бэлнээр өгсөн байна. Улмаар тэр өдрөөс хойш манай хүүд Ш.С- одоо хүртэл дугуйгаа авч ирж өгөөгүй, бид нарыг хохироож, залилан мэхэлж байна.” гэх мэдүүлэг,

- Гэрч Т.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /1-р хх-ийн 32-33-рх/

“2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хоёр залуу орж ирсэн, бид хоёр нотариат хийлгэх хэрэгтэй байна, би энэ залуугаас дугуй худалдаж авах гэж байна, Улаанбаатар хотоос надад авч ирж өгөхөөр болж байна, би тэрэнд урьдчилгаа болох 60.000 төгрөгийг өгөхөөр болсон, дугуйг 120.000 төгрөгөөр худалдаж авч байгаа, миний захиалсан дугуй ирсний дараа би үлдэгдэл 60.000 төгрөгийг өгөхөөр тохирч байна гэсэн. ...Улмаар би тухайн гарын баримтыг нотариатаар баталж өгсөн. Нотариатаар батлан өгсөн талаарх тэмдэглэлүүд нь манай нотариатын бүртгэлийн дэвтрүүдэд тэмдэглэгдсэн байгаа” гэх мэдүүлэг,

  • Шүүгдэгч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 235-239-рх/

“... Хамгийн анх 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн Т овогтой Б гэх иргэн фейсбүүк хуудсанд өөрийнхөө фейсбүүкээр дамжуулаад унадаг дугуй худалдаж авна гэсэн зар тавьсны дагуу би зарын дугаараар нь холбогдоод би түүнд 120,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос унадаг дугуй авхуулж өгье, урьдчилгаанд 60,000 төгрөг өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Т.Б-тай аймгийн төвд Өлгий сумын 5 дугаар багт байрлах Хөгжмийн драмын театрын хажууд биечлэн уулзаж, уг иргэнээс урьдчилгаанд гээд 60,000 /жаран мянган/ төгрөгийг бэлнээр авсан. Тухайн үед би Т.Б-тай ганцаараа очиж уулзсан бөгөөд түүнээс авсан 60,000 төгрөгийг өөрөө хувьдаа зарцуулсан. Уг нь анх миний бие Т.Б-д Улаанбаатар хотоос унадаг дугуй авхуулж өгнө гэж худлаа хэлж, мөнгийг нь авсан байсан. Улаанбаатар хотод надад дугуй авч өгөөд явуулах хүн байхгүй. Мөнгөний хэрэг болоод Т.Б-ы тавьсан байсан 120,000 төгрөгөөр унадаг дугуй авна гэх зарыг хараад түүний хуурч, мөнгийг нь авах санаатай холбогдсон байсан. Иргэн Т.Б-аас авсан 60,000 төгрөгийг одоогоор буцааж өгөөгүй байгаа. Миний бие одоо Сагсай явах зам дагуу иргэн Ш- гэх иргэний зуны байшинг хөлсөөр барьж өгч байгаа бөгөөд дараа долоо хоногийн эхээр иргэн Ш-аас байшин барьсан хөлс 650,000 төгрөгөө авна. Тухайн үед бүх хохирогч нарын мөнгийг нь өгч, хохирлыг нь барагдуулах болно." гэх мэдүүлэг,

2. Шүүгдэгч Ш.С-ы хохирогч Х.К-ыг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

- Хохирогч Х.К-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 143-145/

“...би 2020 оны 06 дугаар сарын эхээр Баян-Өлгий аймгийн зарын группүүдэд худгийн насос, насосын баллон авна гэж зар тавьсан байсан. 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Syerikzhan Shika” гэх үл таних залуугаас миний өөрийн “Kandidat Khalim” фейсбүүк хаягт баллон хэдээр авах вэ гэхээр нь чи хэдээр зарах юм, зураг нь байна уу гэхэд насос, баллоны зураг явуулсан, асуудалгүй би өөрөө суурилуулж өгнө гэсэн. Насос нь 120,000-200,000 төгрөгийн үнэ ханштай байна, танай гэрт 120,000 төгрөгийн насос болох байх гэхээр нь би итгээд насосыг 120,000 төгрөгөөр авахаар болсон, ...тэгээд надад 5077346386 гэх данс өгсөн. Би тэр даруйд мөнгийг мобайл банкаар шилжүүлээд хөдөө явсан. Уг данс нь Ж- гэх хүний данс байсан. Би Д-ийн Ж-г таньдаг, итгэлтэй хүн байна гэж бодсон. Намайг залилна гэж бодоогүй. Тэгээд хөдөөнөөс ирээд 3 хоногийн дараа нөгөө залуутай фейсбүүкээр холбогдож насос ирснийг асуухад ирээгүй байна, одоо авч очно, маргааш очно, би өөрөө очиж суурилуулж өгье, удахгүй тань руу би залгая хэмээн худлаа хэлээд өнөө хүрлээ.” гэх мэдүүлэг,

- Депозит дансны хуулга /хх-ийн 110-рх/,

-  Иргэн Д.Ж-гаас гаргаж өгсөн Ш.С- дансыг нь асууж авсан талаар казах хэл дээр бичсэн мессежний хуулбар, түүний орчуулга /хх-ийн 111-140-рх/,

- Гэрч  Д.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 149-151/,

“...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байх, 14 цагийн орчимд Ш.С- над руу фейсбүүкээр чи дансаа өгөөч барьцаалан зээлдүүлэх газраас утсаа авах гэж байна, тэр мөнгийг чиний дансанд хийлгүүлэн авч болох уу, надад карт байхгүй болоод байна, Хаан банкны картаа хэрэглүүлээч, дансны дугаараа өгчих, над руу мөнгө хийхээр гаргаж аваад буцаагаад картыг чинь өгье гэсэн. Тэгээд би дансны дугаараа түүнд мессежээр явуулсан юм. Дансанд удалгүй “насос” гэсэн утгатай 120,000 төгрөгийн орлого орсон байсан. Тэгээд Ш.С- над руу залгаж мөнгө орсон уу гэж асуухад 120,000 төгрөг орлоо, утгыг нь насос гэж бичсэн байна, ямар учиртай вэ гэхэд зүгээр л утгыг нь тэгээд бичсэн байлгүй гэсэн. ...Ш.С- ганцаараа ирээд миний картыг аваад АТМ-ээс 120,000 төгрөг картнаас аваад надад картыг буцааж авчирч өгөөд явсан. Х.К- нь миний фейсбүүк хаяг руу Ш.С-ы фейсбүүк хаягийг явуулж, энэ хүнийг таних уу, чиний данс руу насос худалдана гэж 120,000 төгрөг хийлгүүлж аваад намайг залилаад алга боллоо гэсэн." гэх мэдүүлэг,

-  Шүүгдэгч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 235-239-рх/

“Дараа нь 2020 оны 06 дугаар сарын сүүлээр байх, яг сайн санахгүй байна. Ямар ч байсан сонгуулийн өмнөх өдөр байсан санаж байна. Өлгий сумын иргэн Халым овогтой Кандидат гэх иргэн мөн фейсбүүк сүлжээнд худгийн насос худалдаж авна, хайж байна гэх зарыг нь хараад, эхлээд түүнтэй чатаар холбогдоод дараа нь түүний зар дээр байсан 95158881 гэх дугаар луу нь хүний утсаар залгаж, түүнд “та худгийн насос хайж байгаа юм уу, би хотоос шинийг 120,000 төгрөгөөр авхуулж өгч болно” гэж хэлэхэд тэр иргэн зөвшөөрсөн. Тэгээд би өөрийнхөө таньдаг Ж- гэх найзын дансаар дамжуулан 120,000 төгрөгийг авсан байгаа. Мөнгө шилжиж ирсний дараа Ж-гаас Хаан банкны виза картыг нь гуйж байгаад мөнгийг АТМ-ээс өөрөө очиж гаргаж аваад 120,000 төгрөгийг хувьдаа зарцуулж, хоол унд идсэн. Уг үйлдэлд Д.А-ын оролцоо байхгүй.” гэх мэдүүлэг,

3. Шүүгдэгч Ш.С-ы хохирогч Ж.М-г залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

- Хохирогч Ж.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /2-р хх-ийн 70-72-рх/

“...2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр миний эзэмшлийн “Тоёото естима” маркийн тээврийн хэрэгсэл маань эвдэрч улмаар би фейсбүүк “gavar oshar" нэртэй бүлгэмд эвдэрсэн сэлбэгийг худалдаж аван гэх зар байршуулсан. Тэгээд би зар байршуулаад сууж байхад “Sуеrikzhаn shikа" нэртэй фейсбүүк хаягтай хүн над руу чатаар захиа бичиж асаалтын палат хэдээр авах вэ гэж асуусан. Тэгэхээр нь би чамд байгаа юм уу 80,000-90,000 төгрөгийн хооронд авна гэж хэлсэн ба тэр надад хэрэв чи авах гэж байгаа бол би хотоос захиад авхуулж өгч болно, чиний машин хэдэн оных вэ гэж асуусан. Би түүнд машин 2004 оных гэж бичээд яг миний машинд чиний захих гэж байгаа сэлбэг таарах юм уу гэхэд тэр таарна, авна гэж байгаа бол 80,000 төгрөгөөр ав гэж хэмээн бичсэн. Тэгээд би түүнтэй 2020 оны 8 сарын 05-ны өдөр орой 22:30 цагийн үед хажуудаа ах болох Жамбыл гэдэг хүнийг дагуулан очоод түүнд урьдчилгаанд 40,000 төгрөг бэлнээр “Дастархан” үйлчилгээний төвийн тэнд аваачиж өгсөн. Ш.С- надад яаралтай мөнгөө авч ирж өгөөрэй, маргааш өглөө хотоос машин эрт гарах гэж байна гэхээр нь би шөнө дунд хажуудаа ахыгаа дагуулж очоод мөнгө өгсөн. Тэр хотоос өөрийнхөө машинд урд талын их гэрэл захиж авхуулж байгаа, хамт авхуулж өгье гэж хэлээд өнөөдрийг хүртэл захиж авхуулсан сэлбэггүй, буцааж өгсөн мөнгө ч үгүй намайг залилан мэхэлсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч  Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /2-р хх-ийн 73/

“...2020 оны 8 сарын эхэн үед орой 22 цагийн үед байх Ж.М- надад машинаараа намайг нэг газарт хүргээд өгөөч, би нэг хүнд машиныхаа асаалтын паладыг захиж авхуулах гэсэн юм, уг сэлбэгийн мөнгийг хүргээд өгөөд ирье гэж хэлэхээр нь би машинаараа Ж.М-г түүний хэлснээр “Дастархан” үйлчилгээний төвийн хажууд хүргэж өгсөн. Бид хоёр машин дотор сууж байхад Ж.М- Ш.С- руу залгаж улмаар тэр ирж миний машинд орж ирээд тэд хоорондоо ярьж тохирч Ш.С- хотоос асаалтын паладыг 80,000 төгрөгөөр авахуулж өгөхөөр болж урьдчилгаанд Ж.М- түүнд 40,000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Ж.М-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Sуеrikzhаn shikа" гэх фейсбүүк мессенжерээр харьцсан казах хэл дээрх захианууд /мессеж/, тэдгээрийн орчуулга /2-р хх-ийн 52-58-рх/,

- “Sуеrikzhаn shikа" гэх фейсбүүк хаягт үзлэг хийж шүүгдэгч Ш.С-ы хаяг болохыг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-рхх-ийн 59-60-рх/,

- Хохирогч Ж.М-гаас гаргаж өгсөн “Sуеrikzhаn shikа" гэх фейсбүүк мессенжерээр ирсэн захиа, орчуулга /2-рхх-ийн 61-67-рх/,

- Шүүгдэгч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /2-р хх 79-81-рх/,

“...Ж.М- гэх хүний фейсбүүкт тавьсан зарыг харж уг сэлбэгийг хотоос 80,000 төгрөгөөр авхуулж өгөхөөр болж 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр орой 22 цагийн орчимд “Дастархан” үйлчилгээний төвийн хажууд уулзаж түүнээс сэлбэгийн үнийн урьдчилгааны мөнгө гэж 40,000 төгрөгийг залилж авсан. Надад мөнгө хэрэг болоод уг мөнгийг залилж авсан болно." гэх мэдүүлэг,

4. Шүүгдэгч Ш.С-, өсвөр насны шүүгдэгч Д.А- нарын хохирогч Ж.Д-ыг залилсан, шүүгдэгч Ш.С-ы насанд хүрээгүй хүүхэд Д.А-ыг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

- Хохирогч Ж.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 171-173/

“...би Верна аксент маркийн тээврийн хэрэгсэлтэй бөгөөд миний дээрх тээврийн хэрэгслийн урд салхины шил нь хагарсан юм. ...дүү болох Ж.А-ийн фейсбүүк хаягаар 2020 оны 06 дугаар сарын 14-ний үеэр аймгийн зарын группүүдэд Верна аксент маркийн тээврийн хэрэгслийн салхины шил авна гэж зар тавиулаад, ...над руу 89407689 дугаараас та вернагийн шил авах гэж байгаа юу, зарын дагуу ярьж байна, би Улаанбаатар хотоос авахуулж өгье, манай ах маргааш хотоос наашаа гарна, тэр хүнээр авхуулаад өгье гэсэн. Тэгээд би хэдэн төгрөгийн захиалгаар ирэх вэ гэхэд 80,000 төгрөг, та урьдчилгаа 60,000 төгрөгийг одоо өгчих, шил ирсний дараа 20,000 төгрөгөө өгч болно гэсэн, ...шилийг захиалахаар болж аймгийн спорт цогцолборын хажууд 20 орчим насны хоёр залуу ирсэн ба нэг нь бордуу царайтай, 170 см өндөртэй туранхай залуу, нөгөөх нь 175 см өндөртэй туранхай шар залуу ирсэн. Шар царайтай залуу нь өөрийгөө Д.А- гэж танилцуулаад, та урьдчилгаа 60,000 төгрөг өгчих, би Улаанбаатар хотоос таны машины шилийг ахаар авхуулах гэж байна гэхээр нь би 60,000 төгрөгийг бэлнээр өгч, захиалсан шилээ 2 хоногийн дараа авахаар болсон. Шил ирсний дараа Д.А- над руу залгахаар болсон.” гэх мэдүүлэг,

- Шүүгдэгч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 235-239/

“ Дараа нь он сарыг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 06 сарын сүүлээр гэж бодож байна. Д.А- бид хоёр хамт сууж байгаад фейсбүүкээс зар хайж байтал иргэн Ж.Д- гэх хүн фейсбүүк “Верна машины урд салхины шил худалдаж авна” гэх зарын дагуу зар дээр байсан дугаар луу нь А- залгаад тэр хүнд “Верна машины урд салхины шил байгаа, хэдээр авах юм, хотоос авхуулж өгье” гэж хэлээд уулзахаар болсон. Тэгээд Д.А- бид хоёр Ж.Д- гэх хүнтэй уулзахаар болоод 1 дүгээр сургуулийн хажууд очиж, иргэн Ж.Д-тай уулзаж, салхины шилний урьдчилгаа гээд бэлнээр 30,000 төгрөг авсан. Уг мөнгийг Д.А- бид хоёр хэрэглээндээ цуг зарцуулсан. Дараагийн өдөр нь миний бие Ж.Д-тай уулзаад үлдсэн 30,000 төгрөгийг бэлнээр авсан. Анх Ж.Д-тай уулзахдаа 60,000 төгрөгөөр салхины шил авхуулж өгнө гэж тохирсон байсан юм. Тухайн үед Ж.Д-ы 95779496 гэх дугаар луу нь холбогдсон байсан. Сүүлд авсан 30,000 төгрөгийг би өөрөө хэрэглээндээ зарцуулсан. Тухайн үед Д.А- байгаагүй. Иргэн Ж.Д-ыг Д.А- бид хоёр бүлэглэн, худал хэлж, хуурч мэхэлсэн” гэх мэдүүлэг,

- Өсвөр насны шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 240-243/

“... Хамгийн анх 2020 оны 06 сарын 14-ний өдрийн үеэр Ш.С- бид хоёр хамт сууж байгаад фейсбүүкээс зар хайж байтал иргэн Ж.Д- гэх хүн фейсбүүк “Верна машины урд салхины шил худалдаж авна” гэх зарын дагуу зар дээр байсан дугаар луу нь би өөрөө залгаад тэр хүнд “Верна машины урд салхины шил байгаа, хэдээр авах юм, хотоос авахуулж өгье” гэж хэлээд уулзахаар болсон. Тэгээд Ш.С- бид хоёр Ж.Д- гэх хүнтэй уулзахаар болоод 1 дүгээр сургуулийн хажууд очиж, иргэн Ж.Д-тай уулзаж салхины шилний урьдчилгаа гээд бэлнээр 30,000 төгрөг авсан. Уг мөнгийг Ш.С- бид хоёр хэрэглээндээ цуг зарцуулж дуусгасан.” гэх мэдүүлэг,

5. Шүүгдэгч Ш.С-, өсвөр насны шүүгдэгч Д.А- нарын хохирогч Т.С-ийг залилсан, шүүгдэгч Ш.С-ы насанд хүрээгүй хүүхэд Д.А-ыг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

- Хохирогч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 217-220/

“...2020 оны 06 сарын 15-ны өдөр би өөрийн “Sуеrikzhаn shikа" гэх хаягаар аймгийн зарын группт гар утас худалдаж авна гэж зар тавьсан. Гэтэл “Sуеrikzhаn shikа" гэх хаягнаас нэлээд оройхон “сайн уу, ямар утас авах гэж байгаа юм, Iрhоnе-6 маркийн гар утас байна, хэдэн төгрөгт гар утас авах юм” гэсэн мессеж ирсэн. Би хариуд нь 100,000 төгрөгт авна гэхэд барьж байсан Iрhоnе-6 маркийн гар утас байна, Улаанбаатар хотоос 100,000 төгрөг авхуулж өгч болно, маргааш захиалбал 1 дэх өдөр ирнэ, нэг сарын баталгаа өгнө” гэхээр нь захиалга өгье гэхэд 95425434 гэсэн дугаар явуулсан ба маргааш холбогдож ярья гэсэн. Улмаар нэлээд хэд хоногийн дараа 2020 оны 06 сарын 25-ны өдөр “Sуеrikzhаn shikа" хаягнаас 84407689 гэсэн дугаарыг үлдээсэн байсан. Хаана байна уулзаж байгаад ярья, утсаа өмнөх үнээр 100,000 төгрөгт өгнө биз дээ гээд ярьсан. Би нөхөр болох Ш.М-ий хамт уулзахаар болсон. Хаана уулзах вэ гэхэд хилийн цэргийн 0165-р ангийн хойд талд хүрээд ир гэсэн, ...тэгээд нөхөр бид хоёр машинтай очсон. Тухайн үед оройн 22 цаг болж байсан ба нөхөр бид хоёр очиход бор царайтай, намхандуу, нүүрэндээ нэлээд батгатай залуу байсан. Өөрийгөө Е- гэж танилцуулаад утсыг чинь Улаанбаатар хотоос авхуулна, 3 хоногийн дараа ирнэ, урьдчилгаа 50,000 төгрөгөө өгчих гэсэн, ...тэгээд бэлнээр 50,000 төгрөг түүнд өгөөд явсан. Тэгээд тэрнээс хойш 3 хоногийн дараа 2020 оны 06 сарын 28-ны орой нөгөө утас руу залгаж утас яасан бэ гэхэд утас ирээгүй байна, маргааш ярьж гэсэн.” гэх мэдүүлэг,

- Гэрч Ш.М-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 229-230/

“...Хилийн цэргийн 0165-р ангийн ард талд ирээд залга гэсэн. Улмаар эхнэрийн хамт машинтайгаа Хилийн цэргийн 0165-р ангийн ар талын гудмаар өгсөж очоод ирлээ гэдгээ хэлсэн. Удалгүй бордуу царайтай, 165 см орчим өндөр нуруутай, бараан өнгийн хувцас өмссөн 18-20 орчим насны эрэгтэй гарч ирсэн. Тэр залуу утас захиалах гэж байгаа хүмүүс та нар уу гэхэд тийм гэхэд тэр залууг машиныхаа арын суудалд суулгаж утас чинь хэзээ ирэх вэ гэхэд өнөөдөр 5 дахь өдөр 1 дэх өдөр ирнэ гэсэн. Би иргэний үнэмлэх чинь байгаа юу гэхэд гэрт байгаа, би чатаар зургийг нь явуулъя гэсэн. За тэгвэл чи надад баримт бичиж өг, би чамд бэлнээр 50,000 төгрөг өгье гээд түүнд бэлнээр 50,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,

- “Би М, Е, М гэдэг хүнээс 50 мянган төгрөг авсан. БЮ0923010" гэж казах хэл дээр бичсэн гар баримт, орчуулга /хх-ийн 202-рх/,

- “Sуеrikzhаn shikа" гэх фейсбүүк мессенжерээр Т.Серикгүптэй харьцсан казах хэл дээрх мессежнүүд, орчуулга /хх-ийн 203-214-рх/,

-Шүүгдэгч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 235- 239/

“...Дараа нь бас 06 дугаар сард байх, иргэн Т.С- нь фейсбүүк сүлжээнд “гар утас худалдаж авна” гэсэн зар тавьсан байсныг хараад өөрийнхөө фейсбүүк хаягаар холбогдоод түүнд Улаанбаатар хотоос “Iрhоnе-6” маркийн гар утсыг 100,000 төгрөгөөр авхуулж өгнө гэж худлаа хэлээд түүнээс урьдчилгаа авах гээд уулзахаар болоод Д.А-ын 89407689 гэх дугаарыг бичиж явуулсан. Дараа нь Д.А- түүнтэй уулзаж, гар утасны урьдчилгаа гээд 50,000 төгрөг авсан байна лээ. Уг нь анх Д.А- надад тэр эмэгтэйгээс 30,000 төгрөг авсан гээд надад 10,000 төгрөг авчирч өгсөн байсан. Би 10,000 төгрөгөөр нь хоолонд орчихсон байсан. Харин сүүлд Д.А- бид хоёр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхлэхэд Д.А- нь Т.С-д тухайн үед өөрийгөө Е- гэж танилцуулан урьдчилгаанд 50,000 төгрөг авсан байна. Т.С-ийн зарыг хараад түүнтэй чатаар холбогдох үед Д.А- миний хажууд байсан бөгөөд тэр надад наад хүнд миний дугаарыг өгчих гэхээр нь би Д.А-ын дугаарыг өгч явуулсан юм. Үнэн хэрэг дээр иргэн Т.С-д хотоос 100,000 төгрөгөөр гар утас авхуулж өгнө хэмээн хуурч, худал хэлсэн байсан. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу“ гэх мэдүүлэг,

- Өсвөр насны шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 240-243/

“...Дараа нь он сарыг нь санахгүй байна ямар ч байсан иргэн Т.С- нь фейсбүүк сүлжээнд “гар утас худалдаж авна” гэсэн зар тавьсан байсныг Ш.С- өөрийнхөө фейсбүүкээр холбогдоод түүнд Улаанбаатар хотоос “Iрhоnе-6” маркийн гар утсыг 100,000 төгрөгөөр авхуулж өгнө гэж худлаа хэлээд түүнээс урьдчилгаа авах гээд уулзахаар болоод миний 89407689 гэх дугаарыг бичиж явуулсан. Дараа нь би Т.С-тай уулзаж, гар утасны урьдчилгаа гээд 50,000 төгрөг авсан юм. Уг мөнгөний 10,000 төгрөгийг Ш.С-д өгөөд үлдсэн 40,000 төгрөгийг би хэрэглээндээ зарцуулж дуусгасан. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг, 

6. Шүүгдэгч Ш.С-, өсвөр насны шүүгдэгч Д.А- нарын хохирогч Х.М-ыг залилсан, шүүгдэгч Ш.С-ы насанд хүрээгүй хүүхэд Д.А-ыг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 71- 74, 76-рх/,

“...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэрийн дүү болох Ж.Н-ийн “Jardemhan Nurlibek” гэх фейсбүүк хаягаараа мотоцикл худалдаж авна гэж Баян-Өлгий зар мэдээ фейсбүүк группт мэдээлэл оруулсан. Тухайн үед би мотоцикл худалдаж авах гэж байсан ба фейсбүүкээр мотоцикл хайвал хямд мотоцикл олдох байх гэж бодсон юм, ...тэгээд манай дүүг фейсбүүк хаягтаа ороход М.Е- гэх нэртэй фейсбүүк хаягнаас хөх өнгийн мотоциклийн зурагнууд явуулсан байсан. Тэгээд фейсбүүкээр мотоциклээ манай дүүгийн фейсбүүк хаяг руу М.Е- гэх фейсбүүк хая груу хэдэн төгрөгөөр зарах вэ гэхэд 1 000 000 төгрөг гэсэн, өнөөдөр авах хүнд 700 000 төгрөгөөр өгнө, мотоцикл 1 700 000 төгрөгийн мотоцикл юм гэсэн, ...тэгээд манай дүүтэй холбогдсон 89407689 дугаар луу холбогдож уулзахаар тохирч очиход саарал өнгийн жижиг машинтай 2 залуу байсан. Уулзаад бид яарч байна та нар бэлэн 300 000 төгрөг өгчих, би 3 хоногийн дараа мотоциклийг танд хүлээлгэж өгнө, би мотоциклээ Улаанбаатараас ачуулах гэж байгаа, мотоциклийг ачаад ирсний дараа та нартай холбогдож мотоциклийг өгч, үлдэгдэл 350 000 төгрөгөө авъя гэсэн, ...улмаар манай хадам ээж болох Ш.М-ийн данснаас 310 000 төгрөгийг авч гараад машинд суугаад түүнд 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн, ...би чи хаана ажилладаг вэ гэхэд би СУАТ ХХК-д ажилладаг гэж хэлсэн. Саяхан хэд хоногийн өмнө аймгийн төвд ирэхэд нөгөө надаас мөнгө авсан гэх өөрийгөө Е- гэж танилцуулсан залуу надад 150 000 төгрөг гаргаж өгсөн. Тэр Е- гэх залуугийн жинхэнэ нэр нь Д.А- юм байна, танай цагдаагийн байгууллагад ирээд түүний жинхэнэ нэрийг нь мэдлээ. Үлдэгдэл 150 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

- Фейсбүүк хуудсаар харьцсан мессежнүүд, мотоциклийн зураг, мессежний орчуулга /хх-ийн 52-60, 65-66-рх/,

- Е- гэх хүн мотоцикл зарахаар болж Нурланбекээс 300.000 төгрөг авсан тухай казах хэл дээр бичсэн гар баримт, түүний орчуулга /хх-ийн 61, 64-рх/,

- Насанд хүрээгүй гэрч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 86-87-рх/,

“Манай хүргэн ах М-, түүний эхнэр С нар 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мотоцикл худалдаж авах гэж байна, Фейсбүүк зарын группт мотоцикл худалдах хүмүүс байвал тэр талаар зарын группт байршуулж өгөх үү гэж хэлсэн юм. Тус өдрийн 12 цагийн орчимд өөрийн “Сансунг жи-2” гар утсаараа фейсбүүк рүү ороод “Баян-Өлгий зар" гэх группт мотоцикл худалдаж авахаар холбоо барих дугаар дээр ээжийнхээ 99212053 дугаарыг бичиж пост оруулсан юм. Харин маргааш нь буюу 2020 оны 06 дугаар 28-ны өдрийн оройн 18 цагийн орчимд ээжийн дугаар руу 89407689 дугаараас залгаж мотоцикл худалдаж авах гэж байна уу надад худалдах мотоцикл байгаа, фейсбүүк чат руу чинь худалдах мотоциклийн зургийг нь явуулчихсан гэж хэлсэн. ...Хаан банкны АТМ руу очоод ээжийнхээ данснаас 300 000 төгрөгийг эгч Саягүл гаргаж аваад мотоцикл худалдах гэж байгаа ахад бэлнээр өгсөн. Тэр үед өнөөх ах гараар бичээд бэлдчихсэн байсан баримтаа машин дотор эгч Саягүлд өгөөд мотоцикл маргааш Улаанбаатар хотоос ачаад гарч байгаа, нөгөөдөр ирчих байх, тэр үед залгаад дуудах болно, үлдсэн мөнгөө авч ирээд мотоциклээ аваарай гэж хэлээд бид гурвыг гүүрийн хойд талд байрлах Хаан банкны АТМ-ын урд аваачиж буулгаад явсан. Би мотоцикл худалдах гэж буй ахын фейсбүүк хаяг руу орж чадаагүй, залилуулсныхаа дараа орох гэсэн боловч намайг блоколсон уу, эсвэл фейсбүүкээ хаасан уу бүү мэд, өөр хаягаар орж үзэх гэсэн боловч уг фейсбүүкээ устгасан юм шиг байсан” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Шынболатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 88-30-рх/

“Тэгээд аймгийн Хаан банкны төв дээр ирсэн. Банканд нөгөө хүн буугаад банк руу орж АТМ-ээс мөнгө аваад буцаад машинд ирж суусан. Тэдгээр хүмүүс намайг таксинд авсан залууд 300.000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Тэр үед такси авсан залуу баримт бичээд тэдгээр хүмүүст өгч байсан. Баримт бичих үед надаас цаас авч бичсэн. Харин өөрт нь бал байсан байна лээ.” гэх мэдүүлэг,

- Шүүгдэгч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 235-239/

“Сүүлд нь 06 дугаар сарын 27-ны өдөр байсан иргэн Х.М- нь фейсбүүк сүлжээнд “мотоцикл худалдаж авна” гэж зарыг нь хараад би скрийншот хийгээд Д.А-ын “М.Е-" гэх хаяг руу нь явуулаад “ийм зар яваад байгаа юм байна шүү, холбогдоорой” гэсэн. Тэгээд уг хүнтэй Д.А- очиж уулзаад 300,000 төгрөг авсан бөгөөд үүний 150,000 төгрөгийг нь надад өгсөн. Би уг мөнгөөр хувьдаа, хэрэглээндээ зарцуулсан. Харин А- нь иргэн Х.М-тай очиж уулзахдаа хотоос шинэ мотоциклийг 650,000 төгрөгөөр авхуулж өгнө гээд урьдчилгаанд 300,000 төгрөг авсан байна лээ.” гэх мэдүүлэг,

- Өсвөр насны шүүгдэгч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 240-243/

“... Сүүлд нь 06 дугаар сарын 27-ны өдөр байсан иргэн Х.М- нь фейсбүүк сүлжээнд “мотоцикл худалдаж авна” гэж зарыг нь Ш.С- скрийншот хийгээд над руу, миний ашиглаж байсан “М.Е-” гэх хаяг руу явуулаад холбогдоорой гэсэн. Тэгээд уг хүнтэй миний бие дээрх хаягаараа чатаар холбогдоод интернэтээс зараас татаж авсан байсан шинэ мотоциклийн зургийг явуулаад Х.М-ад Улаанбаатар хотоос 650,000 төгрөгөөр шинэ мотоцикл авхуулж өгөхөөр болж тохирсон. Тэгээд иргэн Х.М-тай орой 23 цагийн үед Өлгий сумын 6 дугаар багт, зам дагуу байрлах Хаан банкны салбарын урд уулзаад түүнээс мотоциклийн урьдчилгаанд 300.000 төгрөг авсан бөгөөд үүний 150,000 төгрөгийг нь Ш.С-д өгсөн. Би өөрөө 150,000 төгрөгийг хэрэглээндээ зарцуулж дуусгасан. Анх одоогоос 4 жилийн өмнө манай нэг найз Ш.С-аас “Iрhоnе-5” маркийн гар утас худалдаж авсан бөгөөд тухайн үед Ш.С-тай танилцаж байсан. Түүнээс хойш байнгын харилцаатай байгаа. Дээрх хуурамч хаягийг миний бие өөрөө нээсэн бөгөөд миний санаж байгаагаар 2020 оны 05 дугаар сард нээсэн санаж байна. Одоо уг хаягийг хааж, устгасан байгаа” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч Ш.С-, өсвөр насны шүүгдэгч Д.А- нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ш.С- нь Д.А-ыг насанд хүрээгүй хүүхэд гэдгийг мэдсээр байж залилах гэмт хэрэг үйлдэхэд өөрөө санаачлан татан оруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул хяналтын прокуророос шүүгдэгч Ш.С-ы дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь тохирч байна.

Залилах гэмт хэрэг нь “хуурч, эсвэл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Ш.С-, өсвөр насны шүүгдэгч Д.А- нар нь  цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 5 дугаар сараас эхлэн 2020 оны 08 дугаар сар хүртэл үргэлжилсэн 6 удаагийн үйлдлээр иргэн Х.К-, Т.Б-, Ж.М-, Х.М-, Т.С-, Ж.Д- нарын зургаан хүнээс нийт 630,000 төгрөг залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Ш.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн,

Өсвөр насны шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шүүгдэгч Ш.С- нь хохирогч Х.М-ад учруулсан 300,000 төгрөгөөс 150,000 төгрөг, хохирогч Т.Б-д учруулсан 60,000 төгрөг, хохирогч Ж.Д-д учруулсан 30,000 төгрөг, хохирогч Х.К-ад учруулсан 120,000 төгрөг, хохирогч Т.С-д учруулсан 50,000 төгрөгийн хохирлоос 10,000 төгрөгийн, хохирогч Ж.М-д учруулсан 40,000 төгрөгийг төлөөгүй байна. Харин өсвөр насны шүүгдэгч Д.А- нь шүүх хурлын шатанд хохирогч Досжанд 15000 төгрөгийн хохирлыг төлж өгсөн ба хохирч нь өөр төлүүлж авах хохиролгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “ Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

Иймд шүүгдэгч Ш.С-аас 150.000 төгрөг гаргуулан Х.М-ад, 60.000 төгрөг гаргуулан Т.Б-д, 30.000 төгрөг гаргуулан Ж.Д-д, 120.000 төгрөг гаргуулан Х.К-ад, 10.000 төгрөг гаргуулан Т.С-д, 40000 төгрөг гаргуулан Ж.М-д тус тус олгож, өсвөр насны шүүгдэгч Д.А- нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Хоёр. Шүүгдэгч Ш.С-, өсвөр насны шүүгдэгч Д.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.С-, өсвөр насны шүүгдэгч Д.А- нарын дээрх үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.

Мөн шүүгдэгч Ш.С-, өсвөр насны шүүгдэгч Д.А- нар нь дээрх гэмт хэргийг санаатайгаар нэгдэж гүйцэтгэсэн байх тул тэднийг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.   

  Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.С-, өсвөр насны шүүгдэгч Д.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг мөн өсвөр насны шүүгдэгч Д.А- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл бүлэглэж үйлдсэн”-г хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Өсвөр насны шүүгдэгч Д.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний “эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /2-р хх-ийн 24 дүгээр хуудас/

Харин шүүгдэгч Ш.С- нь урд мөн адил Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дугаар шийтгэх тогтоол /2-р хх-ийн 26/, “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /2-р хх-ийн 83 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.С-, өсвөр насны шүүгдэгч Д.А- нар нь залилах гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн, мөн шүүгдэгч Ш.С- нь гэмт хэргийг зохион байгуулсан байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-т “ Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ш.С-ыг энэ гэмт хэргийн гүйцэтгэгч, зохион байгуулагч, харин өсвөр насны шүүгдэгч Д.А-ыг энэ гэмт хэргийн бүлэглэн гүйцэтгэгч гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т “ Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.С-, өсвөр насны шүүгдэгч Д.А- нарыг уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзлээ.

Шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ш.С-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 6 сарын хорих ял шийтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хорих ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.С-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Ш.С-ы хувийн байдлыг шалгаж үзэхэд урьд Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” үйлдэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна. Гэтэл шүүгдэгч Ш.С- нь уг үйлдлээ ухамсарлахгүйгээр дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзэж оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Д.А- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй болох нь Д.А-ын суралцагчийн хувийн хэрэг /2-р хх-ийн 01-12/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 248/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 250/ зэргээр тогтоогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

Өсвөр насны шүүгдэгч Д.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, сэтгэцийн онцлог, ерөнхий боловсролыг бүрэн эзэмшсэн, цаашид мэргэжил эзэмших зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.А-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эцэг нь Б.Д-эд, Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.С-, өсвөр насны шүүгдэгч Д.А- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, тэдний хувийн баримт бичиг шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Шүүгдэгч Ш.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолж, өсвөр насны шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон    

1. Шүүгдэгч Х овогт Ш-н С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах”  гэмт хэрэг үйлдсэн,

Өсвөр насны шүүгдэгч Т овогт Д-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим хэрэгсэл ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2.4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Ш.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.А-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч эцэг нь Б.Д-эд, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгасугай.

8. Шүүгдэгч Ш.С-, өсвөр насны шүүгдэгч Д.А- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.С-аас 150.000 төгрөг гаргуулан Х.М-ад, 60.000 төгрөг гаргуулан Т.Б-д, 30.000 төгрөг гаргуулан Ж.Д-д, 120.000 төгрөг гаргуулан Х.К-ад, 10.000 төгрөг гаргуулан Т.С-д, 40,000 төгрөг гаргуулан Ж.М-д олгож, өсвөр насны шүүгдэгч Д.А- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

10. Өсвөр насны шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.ДАУРЕНБЕК