Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/MA2022/0559

 

“Б Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 114/2022/0007/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Б Ө” ХХК-иас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан Х.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Дархан сумын газрын төлбөр Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08/01дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан бөгөөд 2019 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Тус тооцоо нийлсэн актад дурдахдаа 2019 оны газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн гэрээ байгуулах үүргийг газар эзэмшигч хүлээнэ гэж тусгаж оруулсныг шүүхээс үнэлээгүй байна.

3.2. “Б Ө” ХХК нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019/221 дүгээр Газрын тооцоо нийлсэн актын дагуу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 20 440 310 төгрөгийг газар эзэмшлийн хугацаанд газрын төлбөрт төлсөн бөгөөд 2018, 2019, 2020, 2021 онуудад газрын төлбөрийг огт төлөөгүй болох нь шүүхийн явцад тодорхой байна.

3.3. Газрын төлбөр төлсөн тухайн дансанд 2018, 2019 онуудыг төлөх боломжтой байсан. 2020 оноос эхлэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газрын төлбөрийн ногдол, нэхэмжлэлийг үүсгэн Татварын удирдлагын нэгдсэн цахим системд илгээдэг болсон ба “Б Ө” ХХК-ийн 2020, 2021 оны төлбөр болох 49 056 752 төгрөгийн 8 ширхэг нэхэмжлэхийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үүсгэсэн. Газрын төлбөрийн нэхэмжлэл үүссэн тохиолдолд иргэн, хуулийн этгээд нь Татварын нэгдсэн систем etax.mta.mn системд нэвтэрч авах бүрэн боломжтой байдаг.

3.4. Анхан шатны шүүхийн шийдвэрт 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 49 000 000 төгрөг төлсөн гэх боловч энэ нь газрын Кадастрын мэдээллийн сангийн төлбөр хэсэгт бүргэгдэж орж ирээгүй, үүссэн нэхэмжлэлүүдийг шалгаж үзэхэд өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаар захирамж гараад шүүхийн шатанд буюу шүүх хуралдаанд тус төлбөрийг хийж байгаа нь шүүгч нотлох баримтад авч үнэлж, шийдвэрээ гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

3.5. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан зөрчлүүд нь дараахаар тогтоогдож байгааг шүүхээс бүрэн шинжлэн судлаагүй, бодитой дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Үүнд: 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаар захирамж гарснаас хойш 4 сарын хугацааны дараа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг, үүний дараагаар шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар анх олгосон газар эзэмших эрхийг сэргээснээс хойш /хүчингүй байсан хугацааны хувьд 3 сарыг хасаад/ 2 жил 3 сарын хугацаа өнгөрсөн тул Төрийн аудитын дүгнэлтээр 2019 оны 06 дугаар сарын 05-ны 41/14 дүгээр албан шаардлагаар газраа 2 жил дараалан ашиглаагүй аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон.

3.6. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/13 дугаар албан шаардлагаар 2018-2019 онуудад газрын төлбөрийг, мөн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 40/13 Аудитын албан шаардлагаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүдийг давхар зөрчсөн гэдгийг тогтоосон байдаг.

3.7. Төрийн аудитын газрын албан шаардлагын биелэлтийг хангуулах зөрчил арилгуулах хугацаанд үүрэг даалгаврыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд биелэлтийг хариуцаж ажиллах хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 503 дугаар мэдэгдлээр газрын төлбөрийг тооцоо нийлсэн акт, зөрчил арилгуулах тухай албан шаардлагын хамт хүргүүлсэн.

3.8. Тухайн үед манай албатай 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрээ байгуулахад хуулийн этгээдийн байнгын хаяг нь 2018 оны улсын бүртгэл дээрх Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 6 дугаар байр, 42 тоот, мөн Газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр дээрх хаягтай байсан. Хуулийн этгээдийн байнгын хаягт 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Монгол шуудангаар хүргүүлсэн ч, хаяган дээрээ байхгүй гээд буцсан, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 9 дүгээр багийн Засаг дарга бүртгэлгүй байна  гэсэн албан бичгийг ирүүлсэн, татварын албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 609 дүгээр албан бичгээр төлбөр төлөлтөд хяналт тавих чиглэлээр хамтран ажиллах тухай хандсан албан бичгүүдийг шүүхэд нотлох баримт болгон хүргүүлж баталгаажуулсан байдаг. Улсын Дээд Шүүхээс хуулийн этгээдийн албан ёсны баталгаат хаягаар шуудангаар хүргүүлснийг мэдэгдсэнд тооцно гэх ойлголтыг шүүхээс түүний хэрэг хянан хэлэлцэх явц болон шийдвэртээ захиргааны байгууллага захиргааны актыг мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй буюу биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.9. Шинэ хаягийн дагуу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 217 дугаар албан бичгээр “Б Ө” ХХК-д сонсох ажиллагаа хийсэн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариу тайлбар болон бусад материалыг ирүүлснээс үзэхэд тухайн газартай холбоотой захиргааны ажиллагаа хийгдэж байгааг мэдээгүй гэх буюу мэдэгдээгүй гэж үзээхээргүй байна.

3.10. Аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт болон хавсралт материал ирүүлсний дагуу Улсын бүртгэлийн гэрчилгээнд хаягийн өөрчлөлт хийгдэж 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дахин олгосон байсныг тэр үед мэдсэн. Анх газрын гэрээ, гэрчилгээ бичигдэж байсантай давхцаж байна. Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан тухайгаа бусад төрийн байгууллагад мэдэгдэх нь хуулийн этгээдийн өөрийн хүлээх үүрэг байдаг, газар эзэмших эрхийн гэрээг байгуулах үед хаягийн бүртгэлийг өөрчилсөн тухай мэдэгдэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

3.11. Захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “газар эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэдгийг шүүхээс нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.12. Тухайлбал, гэрээний гол нөхцөлд юуг тусгаж оруулсныг анхаарах: 2.2-т жилд газрын төлбөрт 16 352 250 төгрөгийг 1,2,3,4  улиралд тэнцүү хэмжээгээр 190000943 дугаар дансанд төлсөн байна. 2.4-д Засаг даргын шийдвэр гарснаас хойш төлбөр хийх хугацааг тооцно. 2.5-д төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхөд шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар эзэмшигч хүлээнэ гэсэн болзлуудыг тусгасан.

3.13. Гэрээний төлбөрийн хэсэгт хамаарах заалтаас 3.6-д төлбөрийн хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх, газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх үүргүүдийг зөрчсөн гэдгийг хяналт тавих эрх бүхий байгууллага тогтоосон нь бичиг баримтуудаар нотлогдож байна.

3.14. Улсын Дээд Шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарласны дагуу Удаа дараа гэдэг нь 2 буюу түүнээс дээш зөрчсөн гэдгийг ойлгоно. 2018, 2019, 2020, 2021 онуудад төлөөгүй нь удаа дараа гэсэнтэй нийцэж байна. Газар эзэмшигчид гэрээгээр тус тус үүрэгжүүлсэн заалтыг мэдээгүй болон мэдэгдээгүй гэх нь үндэслэлгүй болно. Тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тогтоох шаардлагаар маргаан бүхий газарт шүүхээс үзлэгээр очсон, тус газарт 4 жил өнгөрсөн байхад газар эзэмших гэрээний нөхцөл, болзол, зориулалтаар ашиглаагүй гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон. Анх төсөл сонгон шалгаруулалтаар авахдаа төсөлд арьс шир боловсруулах цогцолборын хүрээнд үйлдвэр болон дагалдах барилга байгууламжууд баригдана гэж шалгарч төсөл дэмжигдэн байдаг ч бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй байсан.

3.15. Газар ашиглалтын ойлголтыг шүүхээс газар эзэмших гэрээний дагуу хугацаатай хамааралтай ойлголт биш байтал тус захирамжийн эзэмших эрхийн хугацааг дурдаж шийдвэрт тусган ашиглаж байсан гэж буруу дүгнэсэн гэж үзэхээр байна.

3.16. Гол нь гэрээ хийгдсэн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд тухайн газар дээр зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж, хэмжиж, тоолж болохуйц обьект бий болоогүй байхыг ойлгодог. Тухайн газрыг эзэмшдэг гэх ямар нэгэн зурвас хамгаалалт хашаа гэх зүйл ч байхгүй байгаа нь ашиглаагүйд тооцох үндэслэлтэй байна.

3.17. Аудитын дүгнэлт гарах хүртэлх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа ашиглаагүй нь тогтоогдсоныг шүүхээс үнэлээгүй байна. Энэ хугацаанд давагдашгүй хүчин зүйл болоогүй, бусдаас шалтгаалсан хамаарал бий болоогүй байсан гэж үзэхээр байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимаас авсан давагдашгүй хүчинд өртсөн болохыг нотолсон “гэрчилгээ” нь сүүлд бий болсон нөхцөл байдалд хамааруулсныг шийдвэр гаргахад тусгасан байна.

3.18. Аймгийн Засаг даргын 2017 оны А/81 дүгээр захирамжаар газар эзэмших эрх сэргэсэн нь анх олгосон Засаг даргын шийдвэр хэвээр үлдээж, мөн өмнөх гэрээ ч хэвээр үлдэнэ. Учир нь газрыг шинээр болон хугацаа сунгуулах, зориулалт өөрчлөх, эрх шилжих шаардлага бий болоогүй тул дахин гэрээ байгуулах шаардлагагүй болно. Дээрх гомдлын дагуу шүүхээс 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүдээр хүчингүй болгосон захиргааны акт хуульд нийцээгүй байна гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзээд нотлох баримтыг дутуу үнэлсэн, агуулгад бүрэн бодитой дүгнэлт хийгээгүй, хэрэгт цугларсан нотлох баримт байна. Анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9 дүгээр шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч “Б Ө” ХХК-иас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Анх Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Э-ийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” А/272 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Үйлдвэрийн район, Дархан-2 төмөр замын өртөөний урд талд байрлах төмөр замын ачиж буулгах талбайн зориулалттай 545 075 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар “Б Ө” ХХК-д эзэмшүүлсэн байна.

2.3. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/440 дүгээр захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.4. Улмаар аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/81 дүгээр захирамжаар “Аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай 2016 оны ... А/440 ... захирамжийн ... “Б Ө” ХХК-д ... холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна.

2.5. Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан ““Б Ө” ХХК нь 2016-2021 он хүртэлх хугацаанд газрын төлбөр 94 025 442 төгрөгийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, гэрээний 2.3, 3.1, 3.5, 3.8-д заасан үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

2.6. Нэхэмжлэгч компаниас “...Дархан-Уул аймгийн газрын асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтны зүгээс шинэчлэгдсэн үнэлгээгээр төлбөрийг ногдуулаагүй, гэрээний үнэд өөрчлөлт оруулаагүй учир бидний хувьд үүнээс хойш газрын төлбөрийг чухам хэдий хэмжээгээр хэрхэн төлөх нь тодорхойгүй үлдсэн, ... 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 49 000 000 төгрөгийг 2020, 2021 оны газрын төлбөрт төлж шүүхэд баримтыг хүргүүлсэн ба төлбөр төлөөгүй шалтгаан нь ганц манай байгууллагаас шууд шалтгаалаагүй” гэж маргасан байна.

2.7. Анхан шатны шүүхээс “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Б Ө” ХХК-д газрын төлбөр төлөх, гэрээ байгуулах талаар 2019 оны 503 дугаар албан бичгээр мэдэгдсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Шуудангийн байгууллагаас хаягтаа байхгүй тул буцаав” гэсэн тэмдэглэгээгээр нэхэмжлэгчид дээрх албан бичиг хүргэгдээгүй болох нь, мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 609 дүгээр албан бичиг, Татварын хэлтсийн татварын удирдлагын нэгдсэн системийн программаас Газрын албанаас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 49 056 724 төгрөгийн газрын төлбөрийн нэхэмжлэл ирүүлсэн нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байх ба нэхэмжлэгч тал 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2 удаагийн шилжүүлгээр 2016, 2017 оны газрын төлбөрт 20 440 310 төгрөг, 2020, 2021 оны газрын төлбөрт 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 49 000 000 төгрөг, нийтдээ 69 440 310 төгрөг төлсөн байна” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.8. Учир нь Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны “Зөрчил арилгуулах тухай” 40/13 дугаар албан шаардлагаар хоёроос дээш жил газрын төлбөр төлөөгүй 259 100 000 төгрөгийн өр хуримтлагдсан 850 иргэн, хуулийн этгээдийн дотор нэхэмжлэгч “Б Ө” ХХК багтжээ.

2.9. Мөн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2019/221 дүгээр Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 2016 оны 3, 4 дүгээр улирлаас 2019 оныг дуустал хугацааны газрын 36 762 565 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх ба уг актаар Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08/01 дүгээр тогтоолоор Дархан сумын газрын төлбөрийн хэмжээ 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн батлагдсан тул 2019 оны газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн байгуулах үүргийг газар эзэмшигч хүлээх талаар тодорхой тусгасан байна.

2.10. Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 503 дугаар албан бичгээр “Б Ө” ХХК-д “2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2019 оныг дуустал хугацаагаар газрын төлбөрийн тооцоог гаргахад газрын төлбөрт 36 792 565 төгрөгийн дутуу төлөлттэй, газар эзэмших гэрээгээ дүгнүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” талаар нэхэмжлэгч компанийн Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн байх боловч тухайн хаягт бүртгэлгүй гэсэн үндэслэлээр буцаагдсан байна.

2.11. Хавтаст хэрэгт авагдсан 4506700250 дугаар нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” 04501-2016/19992 дугаар гэрээнээс үзэхэд “Б Ө” ХХК-ийн байнгын хаяг нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 6 дугаар байр, 42 тоот гэх хаягт бүртгэлтэй байжээ.

2.12. Өөрөөр хэлбэл, газрын төлбөр төлөхтэй холбоотойгоор захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид албан бичиг хүргүүлсэн байх боловч нэхэмжлэгч компаниас бүртгэлтэй хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад тэмдэглүүлээгүй байгаа энэ тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй.

2.13. Нөгөөтээгүүр, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ... аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул газрын төлбөрийн хэмжээ шинэчлэн батлагдсан нь тухайн газрыг эзэмшигч, ашиглагч газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

2.14. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулаагүй буюу атраараа байгаа нь анхан шатны шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар мөн тогтоогдож байна.

2.15. Тодруулбал, нэхэмжлэгч Төмөр замын ачих буулгах талбай, үйлдвэрлэл, гаалийн баталгаат агуулахын барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулахад зориулсан инженер геологийн судалгааны дүгнэлт гаргуулсан, “ДАШЦ” ХХК-тай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа”-ны гэрээ байгуулсан, Зам тээврийн хөгжлийн яамнаас “Дагнасан хэрэглээний салбар зам барих техникийн нөхцөлийн дүгнэлт барих техникийн нөхцөлийн дүгнэлт гаргуулсан, Улаанбаатар төмөр замын зураг төслийн төвтэй “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хороонд байгуулсан гэрээ” байгуулсан, “ДАШЦ” ХХК-тай Хамтын ажиллагааны бодлогын гэрээ зэргийг байгуулсан нь зэрэг нь нэхэмжлэгч “Б Ө” ХХК-ийн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэж үзэхээргүй, газраа ашиглаж эхлээгүй буюу хашаалаагүй, бодитоор хөрөнгө оруулалт хийсэн, бүтээн байгуулалт хийсэн үйл баримт тогтоогдсонгүй.

2.16. Түүнчлэн нэхэмжлэгч компаниас маргаан бүхий акт гарснаас хойш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2020, 2021 оны газрын төлбөр болох 49 000 000 төгрөгийг төлж, шилжүүлгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснийг анхан шатны шүүх шүүх үнэлсэн нь буруу байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б Ө” ХХК-ийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр  сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН