Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 154

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “АБИ” ХХК 

Хариуцагч: ХСУХАТАҮЗЗ

Нэхэмжлэлийн шаардлага: “ХСУХАТАҮЗЗ2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож, үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал, оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцон “бохир усны үйлчилгээний төлбөр”-ийг ТЗЭ-дэд ялгавартайгаар тогтоохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ж.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

“АБИ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Г.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 онд баригдсан “Шинэ өргөө” хорооллын зургаан тэрбум төгрөгийн өртөг бүхий инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн хууль ёсны өмчлөгч нь манайх бөгөөд УСУГ болон оршин суугчидтай байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэглэгчдийг цэвэр усаар хангах болон хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах ажлыг хариуцан ажиллаж ирсэн. 

Харин уг хороолол нь газар зүйн байршлыг хувьд төвийн шугамаасаа доор байрладгаас шалтгаалан бохир усны өргөлтийн насос станц байнга ажиллуулах шаардлагатай бөгөөд хэрэв ажиллуулахгүй тохиолдолд бохир ус худгаас хальж орчныг бохирдуулахаас гадна Туул гол руу шууд урсан орох сөрөг үр дагавартай юм. Ийм учраас үндэслэл бүхий байдлаар тооцоог боловсруулан, гарч буй зардал дээрээ тариф тогтоолгох саналыг ХСУХАТАҮЗЗ /цаашид “Зохицуулах зөвлөл” гэх/-д 2016.02.19-нд 194, 2016.04.12-нд 232 тоот албан бичгээр, 2018 оны 2 дугаар сард биечлэн хандсан ч шийдвэр гарсангүй. 

Гэтэл Зохицуулах зөвлөлөөс “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ, бөөний тариф батлах” тухай 34 дүгээр тогтоолыг 2018.03.30-нд баталсан байх ба уг тогтоолын 4 дэх заалтад “... бохирын насос станцын төлбөрийг хэрэглэгчдээс тусад нь авахаа зогсоохыг төлбөр авч байгаа ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай” хэмээн тогтоосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах үйл ажиллагаатай холбогдон зардал гарах тул түүнийг “бохир усны үйлчилгээний төлбөр” гэнэ хэмээн “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д заажээ. 

Тэгэхээр хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг бусдаас авах нь шударга ёсонд нийцнэ. Харин бохир устай холбоотой гарсан зардлыг буюу үйлчилгээний тарифыг тогтоох  үүргийг Зохицуулах зөвлөлд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар хүлээлгэсэн байна. 

Гэтэл уг байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба гаргасан өргөдлийг маань шийдвэрлэхгүй байгаа нь эс үйлдэхүй юм.

 2. Бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах үйл ажиллагаанд хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх бөгөөд үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцох үүргийг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.2-т зааснаар Зохицуулах зөвлөлд хүлээлгэсэн байна. 

Гэтэл хамгийн бага өртгийн зарчмыг баримтлаагүйгээс гадна оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцохгүй байгаа нь Үндсэн хуульд заасан “хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрх”-ийг зөрчсөн байна. 

Иймд манай эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байх тул 34 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохоор тус шүүхэд хандан ЗХШХШТХ-ийн 14 дүгээр зүйлийг 14.5-ыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. 

Нэхэмжлэлийн шаардлага: Зохицуулах зөвлөлийн 2018.03.30-ны 34 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах зардал, оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцон “бохир усны үйлчилгээний төлбөр”-ийг ТЗЭ-дэд ялгавартайгаар тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү. хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж тус шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүгчийн 2018.11.22-ны 7785 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон байх тул уг захирамжид заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна. 

1. Захирамжид “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна” гэжээ.

Нэхэмжлэлдээ “Үндсэн хуульд заасан “Хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эрх”-ийг зөрчиж байна” хэмээн бичсэн байгаа.

Ер нь бол үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцох үүргийг Зохицуулах зөвлөлд “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1, 10.2.2-т зааснаар хүлээлгэсэн тул нэхэмжлэгчийн зүгээс буюу “АБИ” ХХК нь уг зардлаа хуульд заасны дагуу нөхөн авна хэмээн тооцоолсон тул их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл нэхэмжлэлд дурьдсан тогтоолын 4 дэх заалтаар уг зардлыг гаргуулан авахыг хориглосон тул эрх зөрчигдөж байна хэмээн үзсэн болно. 

2. Захирамжид “34 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтыг илт хууль бус болохыг тооцуулахыг хүсч байгаа нь тодорхойгүй байна” гэжээ.

ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн “106.3.2.захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоох” хэмээн заасан тул хуульд байгаа үгийг авч “Зохицуулах зөвлөлийн 2018.03.30-ны 34 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож” хэмээн бичсэн байгаа бөгөөд ЗЕХ-ийн 47 дугаар 47.1.6-д заасан “хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэснийг хууль зүйн үндэслэлээ болгож байгаа. 

3. Захирамжид “... нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргах шаардлагатай байна” гэжээ.

Нэхэмжлэгч нь өөрт байгаа л баримтыг хавсаргасан ба байхгүй баримтыг хавсаргах боломжгүй бөгөөд эрх зөрчигдсөн талаар анх гаргасан нэхэмжлэлдээ тайлбарласан ба энэхүү тайлбарын 1-т мөн бичсэн байгаа” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““АБИ” ХХК-иас 2017.08.08-ны өдөр Танай шүүхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх, ажиллагааны явцад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /цаашид “Зохицуулах зөвлөл” гэх/ -ийг төлөөлөн дараахь тайлбарыг гаргаж байна. 

Нэг. Зохицуулах зөвлөлийн тухай товчхон

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу Засгийн газрын 2012.02.15-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Зохицуулах зөвлөлийн дүрмийг баталж, мөн оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183-р тогтоолоор бүтэц, орон тоог баталснаар тус Зохицуулах зөвлөл үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

Тус Зохицуулах зөвлөл нь Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тариф тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бие даасан байгууллага юм. 

Хоёр. Шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл

Монгол Улсын аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.5-т “нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авна”, мөн, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1-д “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.” гэж  заасны дагуу “АБИ ”ХХК нь 2015.03.24-ны өдөр ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар тус Зохицуулах зөвлөлөөс авсан. 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.6-т “Хангагч нь үйлчилгээний тариф хэмжээ тогтоох саналыг боловсруулж, Зохицуулах зөвлөлөөр батлуулж, мөрдөх үүрэгтэй” гэж заасны дагуу

Тус Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2018.03.30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Улаанбаатар хот үйл ажиллагаа явуулж буй ус хангамж, ариутгах татуургын засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын “Ус сувгийн удирдах газар”-тай цэвэр ус худалдан авах, бохир ус татан зайлуулах бөөний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг тус тус баталсан.

Гурав. “АБИ” ХХК-ийн бөөний тарифыг баталсан тухай

Тус зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд, тариф тогтоох үндсэн зарчмуудыг баримтлан “АБИ” ХХК-ийн бөөний тарифыг Улаанбаатар хотын хэрэглэгчийн тарифын өөрчлөлттэй уялдуулан шинэчлэн тогтоосон байна. 

Зохицуулах зөвлөлийн 2018 оны 34-р тогтоолоор нийт 84 компанийн бөөний тарифыг шинэчлэн баталсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын бодит зардалд суурилан, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д заасны дагуу аль нэг этгээдэд давуу байдал олгохгүй байхаар, ижил төстэй чанарыг харгалзан үзэж, 4 бүлэг болгон бөөний тариф баталсан болно. Үүнд газарзүйн байрлалын хувьд бохир усны өргөх насос зайлшгүй ашиглах шаардлагатай тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын ирүүлсэн зардлын тооцоонд үндэслэн бөөний тарифын хамгийн бага хэмжээгээр буюу цэвэр ус 0.44 төг/л, бохир ус 0.23 төг/л байхаар тогтоосон. 

Энэ нь тус компанид бусад ТЗЭ-тэй харьцуулахад 1 л ус тутамд 0.1-0.19 төгрөгөөр илүү орлого олох боломжтой тариф тогтоосон гэсэн үг бөгөөд энэхүү орлогоор бохир усны насос станцын бодит зардлаа нөхөх боломжтой гэдэг тооцоо гарсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь адил төстэй буюу адилхан бохирын насос хариуцан ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн дундажилсан зардлаас илүү өндөр зардал гаргаж байгаа тохиолдолд зардлаа хэмнэж ажиллах шаардлагатай болно.

Ийнхүү тус компанийн өөрийнх нь ирүүлсэн тооцоо судалгаанд үндэслэн бөөний тарифыг тогтоосон бөгөөд тарифыг тухай компанийн үйл ажиллагааны шат дамжлага бүрээр тусгайлан тогтоох боломжгүй, компанийн ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг цогцоор нь авч үздэг болно. 

Зүй ёсны монополь байдалтай ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйлчилгээний үнийн өсөлтийг хэт өсгөх нь хэрэглэгчдэд дарамт учруулж, усны үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлан, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөх нөхцөл үүсэх боломжтой. 

Тус Зохицуулах зөвлөл болон ШӨХТГ-т хэрэглэгчдээс энэхүү нэмэлт төлбөр авч байгаа тухай гомдол удаа дараа ирүүлж байсан тул ийнхүү бөөний тарифт зохицуулалт хийхээр шийдвэрлэж, улмаар тус Зохицуулах зөвлөлийн хянаж, батлаагүй тариф хэрэглэх, хэрэглэгчдийг төөрөгдүүлэх асуудлыг зогсоох зорилгоор 2018 оны 34 дүгээр тогтоолын 4-т “Бөөний тарифт зохицуулалт хийсэнтэй холбогдуулан бохирын насос станцын төлбөрийг хэрэглэгчдээс тусад нь авахаа зогсоохыг төлбөр авч байгаа ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт тус тус үүрэг болгосугай.” гэсэн заалтыг оруулсан. 

Зохицуулах зөвлөл нь 2016.12.23-ны өдрийн 01/6112 тоот “Тодруулга хүсэх тухай” албан бичгээр цэвэр, бохир  усны бөөний тарифыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх эсэх асуудлыг тодруулан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017.02.26-ны өдрийн 1-4/763 тоот албан бичгээр “Зохицуулах зөвлөлийн баталдаг тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд мөрдөх цэвэр, бохир усны тооцоо хийх тариф нь ...нийтээр дагаж мөрдөх шинжийг агуулаагүй байх тул улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй.” гэсэн агуулгатай хариуг өгсөн. 

Дөрөв. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай

Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар хүлээсэн чиг үүрэг, олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, “АБИ” ХХК-ийн ирүүлсэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, тэдээлэлд үндэслэн 2018 онд 34 дүгээр тогтоолыг батлан гаргасан. 

Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг судлан үзэж, “АБИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “Ажбогд инженеринг” ХХК  нь “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /цаашид Зохицуулах зөвлөл гэх/-ийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож, үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал, оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцон “бохир усны үйлчилгээний төлбөр”-ийг ТЗЭ-дэд ялгавартайгаар тогтоохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

ХСУХАТАҮЗЗ2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Тусгай  зөвшөөрөл эзэмшигчдийн борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ, бөөний тариф батлах тухай” дугаар 34 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн УСУГ-аас цэвэр ус худалдан авах, бохир ус татан зайлуулах бөөний тарифыг баталсан байх ба мөн тус тогтоолын 4 дэх заалтаар бөөний тарифт зохицуулалт хийсэнтэй холбогдуулан бохирын насос станцын төлбөрийг хэрэглэгчдээс тусад нь авахаа зогсоохыг төлбөр авч байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт тус тус үүрэг болгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... аль нэг этгээдэд давуу байдал олгохгүй байхаар, ижил төстэй чанарыг нь харгалзан үзэж, 4 бүлэг болгон бөөний тариф баталсан болно. Үүнд газарзүйн байрлалын хувьд бохир усны өргөх насос зайлшгүй ашиглах шаардлагатай тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын ирүүлсэн зардлын тооцоонд үндэслэн бөөний тарифын хамгийн бага хэмжээгээр буюу цэвэр ус 0.44 төг/л, бохир ус 0.23 төг/л байхаар тогтоосон. Энэ нь тус компанид бусад ТЗЭ-тэй харьцуулахад 1 л ус тутамд 0.1-0.19 төгрөгөөр илүү орлого олох боломжтой тариф тогтоосон гэсэн үг бөгөөд энэхүү орлогоор бохир усны насос станцын бодит зардлаа нөхөх боломжтой гэдэг тооцоо гарсан... тус компанийн өөрийнх нь ирүүлсэн тооцоо судалгаанд үндэслэн бөөний тарифыг тогтоосон ... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Учир нь ХСУХАТАҮЗЗ2018 оны дугаар 34 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар “АБИ” ХХК-ийн цэвэр ус худалдан авах тарифыг литр тутамд 0,44 төгрөг, бохир ус татан зайлуулах тарифыг литр тутамд 0,23 төгрөг байхаар тогтоосон байх ба уг тогтоолын нэгдүгээр хавсралтаас үзэхэд “АБИ” ХХК-д тогтоосон тариф нь бусад 80 тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тогтоосон тарифаас бага болох нь тодорхой харагдаж байна.

Дээрх тогтоолын 1 дүгээр хавсралтаас үзэхэд ““АБИ” ХХК-д тогтоосон үнэ буюу тариф нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тогтоосон тарифаас бага, ялгамжтай тул уг зөрүүгээр усны насос станц ажиллуулсаны бодит зардлаа нөхөх боломжтой” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар үндэслэлтэй байна.

Иймд Зохицуулах зөвлөлийн дээрх дугаар 34 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаас үзэхэд нэхэмжлэгчид тогтоосон үнэ буюу тариф нь бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тогтоосон тарифаас бага, ялгаатай, ялгавартай байх тул нэхэмжлэгчийн “...үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал, оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцон “бохир усны үйлчилгээний төлбөр”-ийг ТЗЭ-дэд ялгавартайгаар тогтоохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Зохицуулах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.1.1-д “цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх” гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цэвэр ус худалдан авах, бохир ус татан зайлуулах тарифыг хянаж батлах бүрэн эрхийг Зохицуулах зөвлөлд хуулиар олгосон болох нь тодорхой байх тул Зохицуулах зөвлөлийн 2018 оны дугаар 34 тоот тогтоолын 4 дэх заалтыг шүүхээс илт хууль бус захиргааны актад тооцох боломжгүй.

Тодруулбал Зохицуулах зөвлөлд цэвэр, бохир устай холбоотой үнэ, тариф тогтоох бүрэн эрх хуулиар олгогдсон бөгөөд уг хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Зохицуулах зөвлөл дээрх дугаар 34 тоот тогтоолыг гаргасан байх тул Захиргааны ерөнхий 47 дугаар зүйлийн 47.1.6-д “...хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг шүүхээс илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр Зохицуулах зөвлөлийн 2018 оны дугаар 34 тоот тогтоолын 4 дэх заалтыг илт хууль бусад тооцох ёстой” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Үүнийг тайлбарлавал:

Хууль тогтоогчоос илт хууль бус гэж тодотгон хуульчилсан ба захиргааны акт илт хууль бус болох үндэслэлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж, нэрлэж заасан байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй бол захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож болохгүй. 

Илт хууль бус захиргааны акт гэдэг нь хэн ч харсан (хуульч биш хүн харсан ч) илт, илэрхий хууль бус захиргааны актыг ойлгоно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээс үзэхэд Зохицуулах зөвлөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цэвэр ус худалдан авах, бохир ус татан зайлуулах тарифыг хянаж батлах бүрэн эрх хуулиар олгогдсон, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д тусгайлан тоочиж заасан илт хууль бус актад тооцох үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Зохицуулах зөвлөлийн 2018 оны дугаар 34 тоот тогтоолын 4 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан “ХСУХАТАҮЗЗ2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолын 4 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож, үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал, оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцон “бохир усны үйлчилгээний төлбөр”-ийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд ялгавартайгаар тогтоохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий “АБИ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “АБИ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             М.Б