Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 313

 

Д.Цт холбогдох

               эрүүгийн хэргийн тухай                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Дэлгэрмаа,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 349 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаартай эсэргүүцлээр Д.Цт холбогдох эрүүгийн 1803000010085 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний орой 22 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны хөтлийн замд “Тоёота Марк-2” загварын 80-26 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-ын “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, ... тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ... ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж, замын хөдөлгөөнд оролцсоны улмаас явган зорчигч Т.Б, Д.О нарыг мөргөж, Т.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулна. ...” гэж заажээ. Мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн этгээдийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ. Тээврийн прокурорын газраас Д.Цт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялаас чөлөөлөх саналыг яллагдагчид танилцуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд прокурорын яллагдагчид хорих ялаас чөлөөлөх талаар энэхүү танилцуулсан саналыг эрүүгийн хариуцлагын талаар хуульд заасан төрөл, хэмжээний хүрээнд саналыг яллагдагчид танилцуулаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл яллагдагчид эрүүгийн хариуцлагын талаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд танилцуулаагүй, хорих ялаас чөлөөлөх буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай саналыг танилцуулсан нь хууль зөрчсөн гэж үзнэ. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Цээс “прокурор хорих ялаас чөлөөлнө гэсэн учраас хорих ялаас чөлөөлөх саналыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд зөвшөөрөхгүй” гэж мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ялаас чөлөөлөх тухай заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээ юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмын” талаар заасан ба тус зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана: 4.4-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, 6 дахь хэсэгт ... эсхүл энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-т заасан заалтыг хангагдаагүй гэж үзэж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаажээ.

Прокурор Б.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна”, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, ...” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялаас чөлөөлөх саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчид танилцуулж, яллагдагч зөвшөөрсөн тул гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлсэн. Гэтэл шүүгч Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчид оногдуулах ялын талаарх дүгнэлтийг гаргаж байхад хууль зөрчин зогсоож, дундуур нь шүүгдэгчээс “...хэрэв та ялаас чөлөөлөхгүй байсан бол оногдуулах эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөх байсан уу” гэж асуун, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаас гадна мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан тусгай журмыг зөрчсөн. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон хэргийг прокурорт буцаах тухай захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаан явагдсан хэрэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх талаарх зүйл, заалтыг баримталсан. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн байтал Сонгинохайрхан дүүргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 349 дүгээр шүүгчийн захирамжид “3. Хэрэгт ... хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүйг дурдсугай” гэж эд мөрийн баримтын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Д.Цт холбогдох хэргийг прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаартай эсэргүүцлээр хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Цт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй нөхцөл байдал байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээсэн, хэргийн талаар ямар нэгэн маргаан гаргаагүй, шүүхэд мэтгэлцэх шаардлагагүй, прокурорын сонсгосон ялын төрөл, түүний хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж яллагдагчаас үзсэн тохиолдолд хялбаршуулсан журмаар шүүх хэргийг хянан шийдвэрлэж болохоор тусгагджээ.

Дээрх байдлуудаас гадна, прокурор нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг нягтлан үзэж, улмаар уг нөхцөлүүд хангагдсан гэж үзвэл хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гээд мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд ялын төрлүүдийг заасан.

Прокурор нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялаас чөлөөлөх...” гэсэн санал гарган яллагдагч Д.Цт танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасныг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх байтал ялаас чөлөөлөх санал гаргасан нь хуульд нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилснаас үзэхэд хорих ялаас чөлөөлөх, тэнсэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 4.6 дахь хэсгүүдэд заасан нөхцөл байдлууд хангагдаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн Д.Цт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээс гадна дараах ажиллагааг хийх нь зүйтэй.

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 17/067164 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Баруун ойрын гэрэл, зүүн холын гэрэл, урд оврын гэрэл, хойд ноймрын гэрэл гэх гэрлүүд тус тус ажиллахгүй байв. ...Баруун ойрын гэрэл, зүүн холын гэрэл асахгүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлж болзошгүй. ...” гэжээ.

Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тээврийн хэрэгслийн хол, ойрын гэрэл ажиллахгүй байсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэх нөхцөл байдалд дүгнэлт хийх нь зүйтэй.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 349 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Дэлгэрмаагийн бичсэн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 7 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Тээврийн прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд Д.Цт холбогдох эрүүгийн хэргийг хүргүүлсэн тухай 5/226 дугаартай албан бичгээс үзэхэд 1 ширхэг СиДи-г хэргийн хамт хүргүүлсэн байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулав.