Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 323

 

“Одконсалтинг ХЗТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Одконсалтинг ХЗТ” ХХК-ийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал М.Наргил, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Маралмаа, хариуцагч татварын улсын байцаагч Ц.Энхнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Х.Алтанхүү нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 376 дугаар магадлалтай, “Одконсалтинг ХЗТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Үржинсүрэн, Ц.Энхнаран нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр шийдвэрээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасныг тус тус баримтлан “Одконсалтинг ХЗТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 210201545 дугаартай актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 376 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдсэн байна.

Нэхэмжлэгч “Одконсалтинг ХЗТ” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал М.Наргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь хэргийн нотлох баримтуудыг бүрэн судлаагүй, хавтаст хэрэгтээ бүрэн танилцаагүй болох нь илт харагдаж байгаа бөгөөд бүрэн дүн шинжилгээ хийгээгүйн үүднээс хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдсэн гэж үзэж байна.

1. Шүүх хянахдаа манай компани 2012 оны 12 дугаар сард бичигдсэн “Скай Инфра групп” ХХК-ийн 204.556.550 төгрөгийн нэмэгдсэн өтгийн албан татварын падааныг 2015 оны 2 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын тайландаа тусгах нь үндэслэлгүй. Учир нь 2015 оны 2 дугаар сард “Одконсалтинг ХЗТ” ХХК нь “Скай Инфра групп” ХХК-ийн данс руу 162.559.650 төгрөгийг шилжүүлсэн байгаа нь уг падааны дүнтэй тохирохгүй байна гэж үзжээ.

Шүүхийн уг үндэслэл нь улмаас буруу билээ. Учир нь “Скай Инфра групп” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны дүн болон манай компанийн 2015 оны 2 дугаар сард төлсөн үнийн дүн хоёр хоорондоо яагаад зөрүүтэй байгаа тухай бид Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын тайлбарт хариу тайлбар өгөх тухай албан бичигтээ маш тодорхой, задаргаатай нь хүргүүлсэн билээ.

Мөн уг үнийн дүн яагаад зөрүүтэй байгаа талаар манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хурлын үеэр хэлсэн бөгөөд энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Манай компанийн “Скаи Инфра групп” ХХК-тай хийсэн 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх тооцоо нийлсэн актад хоёр компанийн хоорондох өр, авлага 0 гэж харилцан баталсан бөгөөд уг актын арын нүүрэнд “Одконсалтинг ХЗТ” ХХК нь “Скай Инфра групп” ХХК-д хэзээ хэдэн төгрөгийн төлбөр шилжүүлсэн болох нь тодорхой харагдаж байгаа.

2. Шүүх мөн үндэслэлдээ “2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 283 тоот тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журмын 7.3-т “худалдан авалтын журналд бичигдсэн зээлээр хийсэн худалдан авалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөгдөөгүй нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо дансны ДТ-д бүртгэх бөгөөд төлбөр нь хийгдсэн тухай бүр уг дансны КТ-ээс “нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоо” дансны ДТ-д хаана” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч тухайн үед хэдийгээр төлбөрийг төлөөгүй ч гэсэн худалдан авалтын дэвтэрт 0012849704 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бүхий худалдан авалтыг бичих шаардлагатай байжээ” гэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь хэргийн нотлох баримтуудыг бүрэн судлаагүй нь үүгээр нотлогдож байгаа буюу компани нь уг журмын 7.3-т заасан заалтыг нягтлан бодох бүртгэлдээ дагаж мөрддөг буюу 0012849704 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бүхий худалдан авалтыг бичиж ирсэн гэдгийг нотлох баримтаар шүүхэд хүргүүлж байсан болно.

Дээрх үндэслэлүүдийг авч үзвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь нотлох баримтыг дутуу болон буруу авч дүгнэсний үндсэн дээр шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байгаа учир бидний гомдлыг хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч Ц.Үржинсүрэн, Ц.Энхнаран нар нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын “Одконсалтинг ХЗТ” ХХК-ийн “нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг 14,276,594.0 төгрөгөөр баталгаажуулсан 350000003 дугаар акт, үүнийг буцаан олгуулах санал”-ыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасны дагуу хянан үзэж, илүү төлөлтийг дахин шалгаад 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан” 210201545 дугаар актыг үйлдэж, 4,319,455.6 төгрөгийн татвар төлөх үлдэгдэлтэй болохыг баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч “Одконсалтинг ХЗТ” ХХК  нь “зээлээр хийсэн худалдан авалтанд ногдох НӨАТ-ыг холбогдох журмын зохицуулалтын дагуу бүртгэж тайлагнасан” гэж, хариуцагч Татварын улсын байцаагч нар нь “2012 оны 0012849704 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь 2015 оны 2 дугаар сарын тайлангийн хугацаанд хамаарах ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ биш, мөн бараа ажил, үйлчилгээний дүнтэй тохирохгүй байна” гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, “Одконсалтинг ХЗТ” ХХК нь 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “инженерингийн зөвлөх ажил үйлчилгээ авах”-аар “Скай Инфра Групп” ХХК-тай нэмэгдсэн өртгийн албан татвар оролцуулан 1,115,163,127.47 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, төлбөрийг 6 хувааж мөн ондоо багтаан төлөхөөр тохиролцож, гэрээний төлбөрт 2012 оны 12 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сарын хооронд 952,603,477.47 төгрөг, 2015 оны 2 дугаар сард 162,559,650.0 төгрөг төлсөн, “Скай Инфра Групп” ХХК нь уг ажил, үйлчилгээний борлуулалтын төлбөрт хамаарах нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын 6 ширхэг падааныг 2012 оны 12 дугаар сард бичиж нэхэмжлэгчид өгсөн зэрэг нь тогтоогджээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно; 14.1.1-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй”, 15 дугаар зүйлийн 15.1.1-д “нэмэгдсэн өртгийн албан татварыг илүү төлсөн албан татвар төлөгч нь түүнийг буцаан авах хүсэлтээ татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр гаргах”, 15.2-т “нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж  тус тус заасан байна.

Нэхэмжлэгч “Одконсалтинг ХЗТ” ХХК-ийн дээр дурдсан гэрээний дагуу худалдан авсан ажил, үйлчилгээ нь тус компанийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд ба өөрийнх нь ажил, үйлчилгээнд зориулагдсан, энэ талаар хариуцагч маргаагүй ба үүнд 2015 оны 2 дугаар сард төлөгдсөн 162,559,650.0 төгрөг нь “Скай Инфра Групп” ХХК-ийн /борлуулагчийн/ бичсэн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0012849704 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд тусгасан ажил, үйлчилгээ, түүний үнэ биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу худалдан авсан ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа бусад 5 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааны дагуу тухай бүрт нь тайлагнаж, “илүү төлөлтөө” Татварын албаар шалгуулж, баталгаажуулалтын актаар тогтоолгон төсвөөс буцааж авсан, “төлөөгүй” байсан төлбөрт холбогдох 2012 оны 0012849704 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг “ашиглаагүй”, харин уг худалдан  авалтыг “худалдан авалтын журнал”-д зээлээр хийсэн худалдан авалтад тусган, төлөгдөөгүй татвараар бүртгэж байсан нь тус тус тогтоогджээ.

Үүнээс үзвэл, нэхэмжлэгч нь төлөгдөөгүй байсан төлбөрийн үлдэгдлийг төлсөн үедээ буюу 2015 оны 2 дугаар сард тухайн НӨАТ-тай худалдан авалтаа тайлагнасан нь Сангийн сайдын 2009 оны 283 дугаар тушаалаар батлагдсан “нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын зохицуулалтад нийцсэн байхад 2012 оны 0012849704 дугаартай НӨАТ-ын падаанд тусгасан 18,596,050.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн худалдан авалтад төлсөн татвар биш гэж хариуцагч үзсэн нь буруу юм.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтыг “тогтоогдоогүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, “...үлдэх төлбөрийг төлж дууссанаар НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах талаар хүсэлт гаргах эрхийг энэхүү магадлал  хязгаарлахгүй” гэж гэрээтэй холбоотой төлбөрийн маргаангүй байхад энэ асуудлаар дүгнэлт хийхдээ буруу дүгнэсэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон боловч, нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэж байгаагаа магадлалын “тогтоох” хэсэгт тусгалгүй орхигдуулсан, маргааны үйл баримтад холбогдуулан тухайн маргаантай харилцаанд хамааралтай Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 376 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                             Ч.ТУНГАЛАГ