Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 200

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч Б.А,

Улсын яллагч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч И.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт И-ы Х-ад холбогдох эрүүгийн 1813003170022 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Х овогт И-ы Х-, 1987 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, нийтийн аж ахуйн үйлчилгээний “СУАТ” ХХК-д слесариар ажиллаж байсан, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, урьд 2017 онд 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар БЙ............

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И овогтой Х- нь ажилд орохын тулд “СУАТ" ХХК-ны гүйцэтгэх захирал Ж.А-т 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн найз Ө.Б-ээр дамжуулан 3 сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч И овогтой Х- нь ажилд орохын тулд “СУАТ" ХХК-ны гүйцэтгэх захирал Ж.А-т 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн найз Ө.Б-ээр дамжуулан 3 сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч И.Х- мэдүүлэхдээ: “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэв.

- Мөрдөн шалгах ажиллагаанд эрүүгийн 1813003170022 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтууд. Үүнд:

1. Гэрч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

 “...И.Х- надад хэлэлгүйгээр 3 сая төгрөгийг миний данс руу хийсэн байсан. ... намайг 2017 оны 6 сарын эхээр Улаанбаатар хотод ажлаар явж байх үеэр И.Х- над руу утсаар залгаад би ажилд томилогдчихлоо. Ж.А- даргад баярласнаа илэрхийлээд мөнгө өгмөөр байна, Ж.А-ийг чамаас өөр таньдаг хүн надад байхгүй, чи энэ мөнгийг дамжуулаад өгөөч гэж хэлсэн. Би түүнд тийм зүйл байхгүй, чи мөнгө өгөх шаардлага байхгүй, чи мөнгө өгөх хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 6 сарын 12-ны өдөр Эрээн хот руу хувийн ажлаар явахаар вагонд суусан байх үед гэнэт миний данс руу 3 сая төгрөг орж ирсэн. Би И.Х-ыг мөнгө шилжүүлснийг мэдээд түүн рүү залгаж чи яагаад зөвшөөрөлгүй миний данс руу мөнгө хийсэн юм бэ, би энэ мөнгийг чинь өгч чадахгүй, би одоо Улаанбаатараас Эрээн хот руу явж байна, буцаж ирээд энэ мөнгийг чинь буцааж өгнө, одоо шилжүүлэх боломж байхгүй байна гэж хэлсэн. Би И.Х-ын над руу явуулсан мөнгийг Ж.А-т өгөөгүй....Түүний мөнгө шилжүүлсэн үйлдэл нь Ж.А-т өгөх санаа зорилготой байсан юм байна гэж ойлгогдохоор байгаа.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 110-111/,

2. Гэрч И.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“..тэгээд цалингийн зээл гаргуулж Алтай сумын Хаан банкны салбараас өөрийн данснаас төрсөн ах И.Х-ын Хаан банкан дахь данс руу нь 3 сая төгрөг шилжүүлсэн үнэн болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 175-рх/

3. И.Х-ын ХААН банк дахь 5187151109 дугаартай харилцах данснаас Ө.Б-ийн ХААН банк дахь 5058020875 дугаартай дансанд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 08 минутад 3 сая төгрөг шилжүүлсэн, орж ирсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 126, 233/,

4. И.Х-ыг ажилд томилсон тухай “СУАТ” ХХ-ийн захирал Ж.А-ийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 54 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 75-рх/,

5.Утасны ярианы бичлэгийн монгол хэл дээрх орчуулга /хх-ийн 99-рх/,

6. Гэрч И.Г-ын данснаас И.Х-ын данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /2-р хх-ийн 43-44-рх/,

7. Шүүгдэгч И.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“..Тэгэхэд Ө.Б- надад би наад мөнгийг чинь Ж.А-т хүргэж өгч чадахгүй, наадах чинь хуульд харш гэж хэлсэн. Тэгэхдээ чиний мөнгийг одоо буцааж өгч чадахгүй БНХАУ-ын Эрээн хот руу явж ирээд буцааж өгөх болно гэж хэлсэн юм. Уг хоёр хүн надаас хахууль өгөхийг шаардаагүй. ...уг мөнгийг Ө.Б- надад буцааж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 202/  зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч И.Х-ын гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч И.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч И.Х-, түүний өмгөөлөгч С.Т нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, гэрч нарыг байцаахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу тус хэргийн хүрээнд дүгнэлт гаргалаа.

Хууль бус зорилгоо гүйцэлдүүлэх эсхүл гүйцэлдүүлсний төлөө албан тушаалтанд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээг хахууль гэж ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн  үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч И.Х- нь “СУАТ” ХХК-ний гүйцэтгэх захиралд ажилд авсан гэж 3.000.000 төгрөгийг бусдаар дамжуулан өгөхөөр Ө.Б-ийн данс руу шилжүүлсэн боловч Ө.Б- уг мөнгийг дамжуулж өгөхөөс татгалзсанаар энэ гэмт хэрэг шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас  төгсөөгүй байх тул түүнийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

Энэ үйлдэл нь 2017 оны 6 дугаар сарын 12-нд буюу 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед болсон байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу шүүгдэгч И.Х-ын үйлдлийг гэмт хэрэг мөн эсэхийг тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар тодорхойлно.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д хээл хахууль өгөх гэмт хэргийн үндсэн шинжийг “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол...” гэж тодорхойлсон байна.

Шүүгдэгч И.Х-ын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн...” гэж заасан гэмт хэргийг үйлдэхээр завдсан шинжийг хангаж байгаа бөгөөд энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхээр завдсан шинжид хамааруулан хуульчилсантай дүйцэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлийг тодорхойлжээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх, завдахыг төгсөөгүй гэмт хэрэг гэнэ”, 30.3-д “Төгсөөгүй гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн 31, 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн зохих зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 60 дугаар зүйлийн 60.3-д “Гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж тус тус заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2-т “Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж тус тус хуульчилсан байна.

2015 оны Эрүүгийн хуульд энэ гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, тус хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч И.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т заасан “хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүнээс гаргуулах хохиролгүй болно.

            2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч И.Х-ад үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч И.Х-ыг нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан  хөрөнгө, орлогыг хураах талаар тусгайлан санал гаргаагүй,

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар санал гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 Шүүгдэгч И.Х-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэсэн нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ялын дээд хэмжээг заасан бөгөөд доод хэмжээг тогтоогоогүй байна.

Гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд оногдуулах ялын хэмжээ нь тухайн төрлийн төгс үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байх зарчмыг баримтлан шүүгдэгч И.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгох ялын доод хэмжээнээс бага хэмжээний торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч И.Х- нь “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхөөр завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэргийг шийдвэрлэхэд шүүгдэгч И.Х- нь Монгол хэл мэдэхгүй тул Казак хэлээр мэдүүлэг өгч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Казак хэлний орчуулагчаар хилийн албаны ажилтан. эрх зүйч мэргэжилтэй, хилийн 0245 дугаар ангийн авто техникийн албаны дарга ажилтай С.Ж-ийг томилон шүүх хуралдаанд оролцуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар орчуулагчид төлөх зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулахаар хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална" гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.4-д “...орчуулагчид олгох урамшууллын зардлыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж заажээ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 2500 төгрөг байхаар тогтоосон байгааг тус тус үндэслэн орчуулагч С.Ж-ийн шүүх хуралдаанд 7 цаг орчуулагчаар оролцсоны хөлс 175.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүгдэгч И.Х-аас гаргуулан орчуулагч С.Ж-т олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч И.Х- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч И.Х- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн хамт шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт И-ы Х-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуул өгөхөөр завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч И.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан  болон битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч И.Х- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Х-аас орчуулагчийн зардалд 175000 төгрөг гаргуулан орчуулагч С.Ж-т олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч И.Х-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            А.ДАУРЕНБЕК