Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00782

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00782

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 7 дугаар гудамж, 08 тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ЧД63121761, 52 настай, эмэгтэй, Боржигон овогт Бэгзийн Уранцэцэгийн хүсэлттэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс Улаанбаатар хотын Ахуйн Үйлчилгээний Удирдах Газрын харъяа Хими цэвэрлэгээ Угаалгын Комбинатын будгийн цехэд будагчнаар ажилд орсон. Ажилд орсон тушаал дээр миний нэрийг Бэгзийн Уранцэцэг гэхийг Бэгзийн Уранчимэг гэж сольж бичсэн байдаг. 1995 онд ажлаас гарсан тушаалд Бэгзжавын Уранцэцэг гэж эцгийн нэрийг буруу бичсэн байдаг. Өндөр настны тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилд орсон, ажлаас гарсан тушаал дээр буруу бичигдсэн нэрийг залруулж, ирэхийг шаардсан учраас шүүхэд энэ хугацааны ажилласан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд Ахуйн Үйлчилгээний Удирдах Газрын харъяа Хими цэвэрлэгээ Угаалгын Туул Комбинатын будгийн цехэд будагчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Уранцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2, 135.2.6-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал гэж заасны дагуу өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 16 дугаар хороонд амьдардаг болох нь оршин суугаа хаягийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай гэж өөрчилсөн тул шүүхээс нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагын хүрээнд дүгнэлт хийн шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн ажилд орсон гарсан тушаал дээр нэр овог зөрсөн, хөдөлмөрийн дэвтэр засвартай байгаа нь ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ.

Нэхэмжлэгч Б.Уранцэцэг нь 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Ахуй Үйлчилгээний Удирдах газрын харъяа Химийн цэвэрлэгээ, угаалгын комбинатад будагчаар, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хими цэвэрлэгээ, угаалгын Туул ХК-д будагчнаар ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Сүлжмэлийн үйлдвэрээс 1983 оны 2 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Улаанбаатар хотын Ахуй Үйлчилгээний Удирдах газрын харъяа Химийн цэвэрлэгээ, угаалгын комбинатын даргын 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 315 тоот будагчнаар түр ажилд авсан тушаал, Хими цэвэрлэгээ, угаалгын Туул ХК-ийн ерөнхий захирлын 1995 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 35 тоот ажлаас чөлөөлсөн тушаал, гэрч Д.Даваажавын Би 1976 онд Угаалга, хими цэвэрлэгээний комбинатад индүүчнээр ажилд орсон. 1980-аад оны үед манай байгууллага нь Туул хими цэвэрлэгээ нэртэй болсон. Б.Уранцэцэг нь Туул хими цэвэрлэгээнд будагчин хийдэг байсан. Би Б.Уранцэцэгтэй хамт будагчин хийж байсан. Бид Туул хими цэвэрлэгээ татан буугдах хүртэл хамт ажилласан гэсэн мэдүүлэг, гэрч Т.Октябрийн Би 1974 онд Хими цэвэрлэгээнд индүүчнээр ажилд орсон. Б.Уранцэцэги нь 1980-аад онд будагчнаар ажилд орсон. Бид 1995 он хүртэл хамт ажилласан. 1995 онд манай байгууллага хувьчлагдаж бид өөр өөр байгууллагад ажилладаг болсон гэсэн мэдүүлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын Химийн цэвэрлэгээ, угаалгын комбинат нь 1993 оноос Туул ХК болж өөрчлөгдсөн тухай лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчийн Туул ХК-д 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилласан байдлыг нийгмийн даатгалын дэвтрээр тооцох боломжтой байх тул шүүхээс энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Б.Уранцэцэгийг 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Ахуй Үйлчилгээний Удирдах газрын харъяа Химийн цэвэрлэгээ, угаалгын комбинатад будагчаар, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хими цэвэрлэгээ, угаалгын Туул ХК-д будагчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Бэгзийн Уранцэцэгийг 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Ахуй Үйлчилгээний Удирдах газрын харъяа Химийн цэвэрлэгээ, угаалгын комбинатад будагчаар, 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Хими цэвэрлэгээ, угаалгын Туул ХК-д будагчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 1 дүгээр сарын 01-нээс 1995 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.МӨНХЦЭЦЭГ